Х.БАТ-ЯЛАЛТ: СОНГУУЛИЙН ҮНЭ ЦЭНЭ ЭРХ МЭДЭЛД Л БАЙДАГ

ИЗНН-ын гишүүн Х.Бат-Ялалттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Хэдхэн хоногийн өмнө таны байгуулсан нам ИЗНН-тай нэгдлээ. Яагаад ийм шийдэлд хүрэх болов. Саналыг хэн нь эхэлж тавьсан бэ?

-Тиймээ бид нэгдсэн. Яагаад гэдгийг цаг хуга­цаа харуулна. Сайн ца­гийг авчирч шударга ёсыг тог­тооно. Төрийн албыг хяна­даг, хариуцлага алд­сан этгээдүүдэд ха­риуц­­лага хүлээлгэдэг бол­но. Одоо­гийнх шиг эрх мэ­дэлт­нүүд нэг нэгнээ хаа­цай­лаад, хуйвалдаад, идэж уугаад нүгэл үйлддэг нөхцлийг үгүй хийнэ. Са­на­лын ту­хайд өнгөрсөн сард “Иргэ­дийн шударга шүүх” ТББ-аас төрийн эрх баригч нарт хүргүүлсэн шаард­лагын талаар С.Оюун гишүүн­тэй уул­зах үеэр харилцан са­нал со­лил­цож байх явцад үүссэн гэж хэлэх байна. Ямар нэг улс төрийн эрх ашгийн үүд­нээс намуудын нэгдэл үүсээгүй. Харин ирээ­дүйд хийх ажлын хү­рээнд нэгд­мэл санаатай байгаа­гаа олж хараад хийх ажлын­хаа төлөө нэгдсэн гэж ойлгож болно. Ирэх  оны сонгуулийн төлөө нэг­дээ­гүй. Гэхдээ бид сон­гуульд ялахын төлөө хүч­тэй, шу­даргаар өр­сөл­­дөх болно.

-Яагаад нам байгуу­лав. “Иргэдийн шударга шүүх” ТББ-аараа үйл ажиллагаа явуулах бо­ломж байсангүй юу?

-Мэдээж хуульгүй­гээр аливаа хэм хэмжээ амьд­ралд хэрэгжихгүй. Улс төргүйгээр хууль тогтоох, эрх мэдэлд саналаа хэлж болохгүй. Тиймээс бид улс төрд өөрсдийн судал­гаан­даа үндэслэн хоёр төрлийн хууль батлуу­лах, амьд­ралд нэвтрүүлэх зорил­гоор улс төрийн нам бай­гуулсан. Нэр нь Монго­лын хүний төлөө нам. Өн­гөр­сөн долдугаар сард бай­гуулаад үүсгэн байгуу­лах хурлаа хийж, хуульд заасан бичиг баримтаа бүрдүүлэн Улсын дээд шүүхэд ханд­сан. Бас л бүртгэ­сэн­гүй. Бизнес эрх­лэг­чид, улс төрчид, төрийн эрх бариг­чид болон төрийн албан хаагчид хуйвалдан нийг­мийн баялгийг тэгш бу­саар хуваарилж баяжих болон өөрт олдсон эрх мэд­лээрээ бусдад хүч чадлаа харуулах гэсэн ашиг со­нир­холд нь саад болохоор зүйл санаа­чилж, ярьдаг болохоор тэд тэгтлээ их дургүйцдэг юм байлгүй дээ. Гэхдээ бүхний хэм­жүүр цаг хугацаа. Хэсэг хугацааны дараа бүх зүйл тодорхой болно гэдгийг баттай хэлье. Төрийн ал­банд ямар ч муу хүн орсон сайн байхаас өөр аргагүй тийм орчныг бүрдүүлэх шаард­лагатай байгаа юм. Одоо энэ байдал эсрэ­гээрээ байгаа шүү дээ. Ямар шударга хүн тө­рийн албанд ажил­ласан муу болохоос өөр аргагүй.

-Ингэхэд улс төрд гурав дахь хүчний орон зай байна уу?

-Миний бодлоор өнөө­­гийн нөхцөл байд­лыг хара­хад Монголын Улс төрд тэргүүлэгч улс төрийн хүчний орон зай байгаа нь харагдаж байна. Ард түмэн ямар улс тө­рийн хүчинд итгэхээ мэдэхээ больсон. Одоо­гийн өөрсдийгөө нэг, хоёр номерын улс төрийн хүчин гэж итгэж байгаа МАН, АН ард түм­ний­ итгэлийг алдсан. Олон удаа хууран мэхэл­сэн. Тиймээс та гуравдагч улс төрийн хүчин гэж асуу­гаад байх шиг байна. Дахин хэлье. Монголд улс төрийн тэргүүлэгч хүчний орон зай байна. Тэр хүчин нь зөв хүмүүсийг нэгтгэ­сэн улс төрийн хүчин, зөв бодлого боловсруулсан Иргэний зориг ногоон нам байх болно гэдгийг хэлье. Үүний төлөө бид тууштай тэмцэх болно.

-Сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байна. МАН, АН энэ хуулийг өөрсдөдөө ашиг­тайгаар батлуулах гэж байна гэсэн шүүмжлэл гарсаар байгаа?

-Сонгууль яагаад ийм үнэ цэнэтэй байгаа юм бэ. Би хааяа өөрөөсөө “Сон­гууль гэж юу юм бэ” гэж асуудаг. Энэ үнэ цэнэ ерөө­сөө л эрх мэдэлд бай­на. Төсөв зарцуулах эрх, бусдыг шийтгэх эрх, бая­лаг хуваах эрх. Мэдээж өнгөрсөн сонгуулиудаас харахад эрх баригч намуу­дын удирдагчид, эрх мэ­дэлд дурлагчид эх орныхоо төлөө юу хийх вэ гэхээсээ илүү яаж сонгуульд ялах вэ гэж бодоод, төлөв­лөөд, мөнгө зараад байх юм. Иргэний хөдөлгөөн, төрийн бус байгуулла­гуудын үйл ажиллагааны үр дүнд улс төрийн намуу­дын мөрийн хөтөлбөрт ямартаа ч шударга ёсны тухай үг орчихоод байгаа. Тиймээс аргагүйн эр­хэнд сон­гуулийн хуульд болом­жийн санаанууд багагүй туссан гэж үзэж байгаа. Хууль ямар байх нь чухал бус яаж хэрэглэх, хэрэг­жүүлэх вэ, хууль зөрчигч­дөд ямар хариуц­лага хү­лээлгэх вэ гэдэг нь чухал. Хуулийн талаар олон юм яримааргүй бай­на. Яагаад гэвэл бидний нөлөө бага. Үхэл, зовлон багатай, шу­дар­га сонгууль болоосой гэж хүсч байна. Эрх мэ­дэлт­нүүд өөрсдий­гөө жаа­хан хянаасай. За­рим та­лаа­раа эх орныхоо эрх ашгийн үүднээс буулт хийж, буруугаа хүлээгээ­сэй гэж бодож байна. Энэ чигээ­рээ эрх мэдлээ хамгаалах гээд улайраад байвал цус урсахгүй гэх баталгаа байхгүйг өнгөр­сөн сон­гуу­лийн мөргөл­дөөн харуулсан.

-Та ирэх сон­гуульд нэр дэвших үү?

-Тэгнэ. Үүнийг би үүрэг гэж бодож байна. Үзэл бодол, итгэл үнэм­шилдээ үнэнч байж, ард түмнийхээ итгэлийг шу­дар­га ёс болгон тогтооно.

Д.ТУЯАЦЭЦЭГ


URL:

Сэтгэгдэл бичих