Сонгуулийн хуулийг гацаагсад буюу амлалтаасаа бултагчид
-Нэр бүхий 24 гишүүн ард түмнээсээ уучлалт гуйхгүй гэв-
“Хонх нь дуугарахаар дамар нь таг” гэдэг шиг УИХ дахь хоёр намын бүлгүүд Сонгуулийн тухай хуулийг гацаасаар. Ийнхүү ирэх сонгууль ямар тогтолцоогоор ч явах нь тодорхойгүй байхад төрийн эрх баригч хоёр томоохон хүчин сонгууль эхэлж буйг албан ёсооор зарлалаа. Өөрөөр хэлбэл, МАН Бага хурлынхаа үеэр ирэх сонгуулийн мөрийн хөтөлбөр болох “Хөгжлийн мод” гэх зүйлийн үндсийг тарьж байгаагаа зарласан бол, Ардчилсан намын хувьд Хан-Уул дүүрэгт “Монгол хүн-2020” хэлэлцүүлгийг хаах үеэр АН-ын ЕНБД “Монгол хүн 2020” хөтөлбөрийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, хөтөлбөрөө нэгтгээд, намынхаа мөрийн хөтөлбөрийг гаргаж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ сонгууль эхэлж буйг албан ёсоор зарлав. Нэг ёсондоо эрх баригч хоёр намын удирддлагуудын аль аль нь сонгуулийн гарааны зурхайн дээр ирсэн болохыг нэгэн зэрэг шахуу илэрхийллээ.
Уг нь бол өнөөдрийн парламент анх бүрэлдэн тогтох үед “Сонгуулийн тухай хуулийг боловсронгуй болгохгүй л бол сонгуулийн тогтолцооноос болж долдугаар сарын 1-ний үйл явдал болчихлоо. Тиймээс хуулиа боловсронгуй болгоё” хэмээн хамгийн их дуугарсан нь тэр үеийн МАХН буюу өнөөдрийн МАН гэдгийг улс төрийн хүрээнийнхэн болон ард түмэн мартаагүй. Гэтэл өнөөдөр тэр бүхнийг нь засч залруулах, Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлах амлалт өгч байсан МАН-ынхан хамгийн их гацаасаар. Ёстой л нөгөө “Түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлдөнө” гэгчийг бодитоор нь харуулж байх шиг.
Тэдэнд улс орон гэхээсээ илүү намын, тэр ч байтугай хэн нэгний хувийн эрх ашиг давамгайлсаар байгаа нь нүднээ илт. Тухайлбал, МАХН-ын Таван төгөлдөршлийн нэгэнд орсон пропорциональ тогтолцоогоор оруулж ирсэн хуулийн төсөлд 50:26 гэсэн байсныг МАН 48:28 болгосон. Намын нэрээр дугуйлъя гэсэн байсныг намынх ч гэе. Хүнийх ч гэе хэмээн өөрсдийнхөө шидсэн чулууг толгой дээрээс нь унах вий гэхээс үхтлээ айсан. Тэр ч бүү хэл сонгуулийн хуулиа төгөлдөршүүлье гэсэн зорилгоор хуулийн төсөл санаачилсан бүлгийн даргаа хүртэл суудлаас нь ховхолсон гэхээр МАН-ынхан хэлсэн бүхнээсээ ухарсаар.
Тэдний энэ увайгүй саналыг АН яалт ч үгүй хүлээн авсан боловч 48-аас 28 руу хэрхэн яаж шилжих вэ гэдэг асуудлаар МАН мөн л гацалт үүсгэлээ. Энэ мэтчилэн аар саархан шалтгаанаар гацааж цаг хожиж суух, эсвэл хуулийг хуучин хэвээр явуулах ёстой хугацаанд нь тулгачих санаатай битүүхэн хүсэмжилж суугаа гишүүдийнхээ нөлөөлөлд автаж нэг тойрогт чихэлдэж байгаа гишүүдээ сийрүүлэх арга сүвэгчилсээр. Хэдэн жил нэг тойрогт дархлагдаж, мөнгө цацаж бэлэн ярьж тойргийнхоо гишүүдийг тойглосон гишүүд нь сандлаасаа тас зуурчихаад тавихгүй байгаа нь сонгуулийн тухай хуулийг гацаахад хамгийн том нөлөөлж байгаа аж. Долдугаар сарын 1-ний хар өдрөөс болж сонгуулийн хуулиа боловсронгуй болгоно хэмээн дуугарч байсан намынхан өнөөдөр нэг иймэрхүү байдалтай цаг нөхцөөж сууна. Гэтэл “гал дээр тос” гэдэгчлэн өнөөх долдугаар сарын 1-ний хэрэгтэй холбогдуулан УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Тэмүүжин “Хүний эрхийн талаар авах зарим арга хэмжээ” УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьж хэлэлцүүлсэн нь гишүүдийн хувьд том шалгалт болж чадлаа. Бүхэл бүтэн таван хүний амь нас эрсдэж, олон арван мянган залуусыг “аавын хаалгыг” татуулсныхаа төлөө ар гэр болон энэ явдлын улмаас айдас хүйдэст автсан ард иргэдээсээ Монголын төр уучлал гуйх тухай заалт байв.
Нөгөөтэйгүүр Долдугаар сарын 1-ний үймээний үеэр цагдаагийнхан галт зэвсэг хэрэглэсний улмаас дөрвөн хүн амиа алдаж, зургаан хүн шархдаж, нэг хүн МАХН-ын төв байранд гавлаатай угаартаж нас барсан билээ. Энэ эмгэнэлт явдал онц байдал зарласны дараа цагдаагийнхан үүрэг гүйцэтгэх явцад, цагдаагийнхан ажилласан маршрутын дагуу болсон гэдгийг ч зарласан юм. Хуулийн төслийн энэхүү танилцуулгыг сонссон гишүүд Э.Мөнх-Очироос эхлээд юу юугүй уучлалт гуйлгах гэж байгаа мэт “Х.Тэмүүжин чи өөрөө дуртайгаараа уучлалт гуй. Энэ төслийг унагацгаая” гэх мэтээр гишүүдийг уриалж байгаа нь үнэхээр хачирхалтай.
Түүний унагая гэсэн саналыг санал хураалтад оролцсон 39 гишүүнээс 24 нь татгалзаж, 15 нь тогтоолын төслийг дэмжсэн юм. Нэрсийг дурьдвал П.Алтангэрэл, Д.Баделхан, Э.Бат-Үүл, Н.Ганбямба, Ц.Дашдорж, Х.Жекей, Даш.Зоригт, Ц.Мөнх-Оргил, Х.Наранхүү, Д.Оюунхорол, О.Чулуунбат, М.Энхболд, Д.Арвин, Батж.Батбаяр, Р.Буд, Д.Дондог, Д.Загджав, Э.Мөнх-Очир, Ц.Нямдорж, А.Тлейхан, Ж.Энхбаяр, Ө.Энхтүвшин нар иргэдээс уучлалт гуйх шалгалтад бүдэрч үнэн нүүр царайгаа харууллаа.
Эдгээр гишүүдийн нэрсээс харахад МАН-ын голдуу нөхөд л дургүйцлээ илэрхийлсэн байгаа юм. Хэдийгээр тухайн үеийн МАН-ынхан тэр өдөр хохирсон байж болох ч таван хүний аминаас илүү гарз гараагүй. Харин мөнгө хүчтэй болохыг харуулж тухайн үед халдлагад өртсөн намын байрныхаа оронд тэнгэр баганадсан өндөр байшин босгочихоод сандайлцгааж байгаа юм. Гэтэл хүний амийг тэр хэмжээний мөнгөөр босгоод ирж чадахгүй биз дээ. Эцэст нь Сонгуулийн тухай хууль ч бай, долдугаар сарын 1-нд хохирогсод, ар гэрийнхнээс нь уучлалт гуйх ч гэсэн үнэндээ МАН-ын олонхиороо шийдэх асуудал. Тэд амласан л бол хийх ёстой. Хийе гэвэл их хүч нь ч байна. Учир нь хэрэв хоёр нам хамтраагүй байсан бол тэд хүссэн хүсээгүй л амлалтаа биелүүлсэн болж харагдахыг хүссэндээ энэ бүхнийг хийж таарах л байсан шүү дээ.
Б.Даваа
mminfo
URL: