Ноолуурын бодлогыг хятадууд тодорхойлж байна
УИХ-ын гишүүн Ц.Сэдванчигтай уулзаж ярилцлаа.
-Засгийн газраас өргөн мэдүүлсэн НӨАТ-ын тухай хуулийн төслийг УИХ шинэ оноос урьтаж батлахаар яарсан ч чадсангүй, МАН-ын бүлэг завсарлага авчихлаа. Ямар агуулгатай төсөл орж ирчихээд хэлэлцүүлгийн шатанд гишүүдийн дунд дажин үүсгээд байна вэ?
-Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслийн гол агуулга, үзэл баримтлал нь үндэсний үйлдвэрлэлээ дэмжих. Өөрөөр хэлбэл, эх орны хөрсөнд ургуулсан үр тариа, жимс, жимсгэнэ, төмс, мөн үйлдвэрийн аргаар бэлтгэсэн мах, махан бүтээгдэхүүнд НӨАТ ногдуулахыг больж, тэглэе гэсэн юм. Бас төмөр зам, эрчим хүч байгуулах чиглэлээр оруулж ирэх тоног төхөөрөмжийг НӨАТ-аас чөлөөлөхөөр тусгасан байсан. Төсвийн байнгын хорооноос Н.Батбаяр гишүүнээр ахлуулсан ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийнхний хувьд “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гэсэн агуулгаар төсөл орж ирсэн учраас жижиг, дунд үйлдвэр байгуулах чиглэлээр дотоодод үйлдвэрлэж борлуулах тоног төхөөрөмжийг НӨАТ-аас чөлөөлье, харин төмөр зам, эрчим хүч байгуулах чиглэлээр орж ирэх тоног төхөөрөмжийг энэ төрлийн татвараас чөлөөлөх нь үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн бодлого биш юм гэж үзэж, дэмжээгүй.
Харин “Монгол мал” хөтөлбөртэй холбогдоуулж, хүнд байдалд орсон ноос, ноолуурын чиглэлийн том, жижиг үйлдвэрийг дэмжих хүрээнд Монгол Улсад бэлтгэсэн хагас боловсруулсан ноос, ноолуур, утсыг НӨАТ-аас чөлөөлөхөөр санал гаргаж, байнгын хороо дэмжсэн. Гэтэл төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх үед ноос, ноолуурыг НӨАТ-аас чөлөөлөх санал унаж, төмөр, зам эрчим хүч байгуулах чиглэлээр орж ирэх тоног төхөөрөмжийг НӨАТ-аас чөлөөлөх санал дэмжигдсэн. Ингээд зөрчил үүсч, анхны хэлэлцүүлгээр нь батлах боломжгүй болж, хоёр дахь хэлэлцүүлгийг байнгын хороогоор хэлэлцүүлэх шатанд унасан саналууд гуравны хоёрын саналаар дэмжигдэж, чуулганы хуралдаанд оруулсан ч МАН-ын бүлэг завсарлага авсан.
-Ажлын хэсэг ноос, ноолуурыг НӨАТ-аас чөлөөлөх санал гаргасан хэрнээ төмөр зам, эрчим хүч барих тоног төхөөрөмжийг НӨАТ-аас чөлөөлөх шаардлагагүй гэсэн нь ямар учиртай юм бол?
-Хөвсгөл аймгийн Могойн голд барих дулааны цахилгаан станцыг жишээ болгож дэмжээгүй хэрэг. Тэнд аль улсын хөрөнгө оруулалт, эзэмшилтэй дулааны станц барих гэж байгаа билээ, түүний тоног төхөөрөмжийг НӨАТ-аас чөлөөлөх нь үндэсний үйлдвэрлэлийг дэмжсэн бодлого биш, гадаадын компанийг дэмжсэн бодлого болно гэж үзсэн л дээ. Гэхдээ чуулганаар энэ асуудлыг буцаагаад “босгочихсон”. Эндээс юу харагдаад байна вэ гэхээр бид “Үндэсний үйлдвэрлэлийг дэмжинэ” гэж их олон жил ярьж байгаа. Дээрээс нь ажлын байр гэж ярих хэрнээ төрөөс чухам ямар бодлого баривал үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, ямар нөхцөлд ажлын байр нэмэгдэж, бий болгосон ажлын байраа хадгалж үлдэх вэ гэдэг дээр ойлголтын зөрүү гараад байна л даа.
-Ойлголтын зөрүү гэхээс илүүтэй ашиг сонирхлын зөрчилдөө хөтлөгдөөд байгаа юм биш үү, гишүүд. Жишээ нь та ноос, ноолуурын салбарыг НӨАТ-аас чөлөөлүүлэхийг дэмжиж байгаа. Гэтэл таныг ноолуурын томоохон үйлдвэртэй учраас ингэж байна л гэж харна?
-Ноос, ноолуурын салбартай холбогдож байсан үе бий. “Говь” компанийн захирал байхдаа хувьцааг нь эзэмшдэг байсан. Одоо ямар ч хамааралгүй болсон. Харин энэ салбарт олон жил ажилласан хүний хувьд хэлэхэд төрөөс ноос, ноолуурын салбарыг дэмжээд сүйд болсон зүйл байдаггүй юм. Энэ салбар бор зүрхээрээ явж, Монгол Улсын эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Нэг үе Монголыг ноолуураар л дэлхий нийт таньдаг байсан юм шүү. 1992-1994 онд ноолуурыг гадагш нь түүхийгээр экспортлохыг хориглосон, 1994-1996 анхан шатны боловсруулалт хийсэн ноолуурыг экспортлох, 1997-2009 онд экспортын түүхий ноолуураас 4000 төгрөгийн татвар тогтоож байсныг эс тооцвол энэ салбарыг төрөөс татварын болоод зээлийн эх үүсвэр, урамшууллаар дэмжсэн тохиолдол байдаггүй юм.
-Гэхдээ одоо дэмжлэг үзүүлэх тухай ярьж байна. Хэчнээн үйлдвэр байна вэ?
-Улсын хэмжээнд том, жижиг нийлсэн 40 орчим ноос, ноолуурын үйлдвэр байдаг гэсэн судалгаа бий. Том үйлдвэрүүдээ дагасан жижиг үйлдвэрүүд нэлээд байдаг. Энэ дотроо өрхийн чанартай үйлдвэрүүд нэлээд хувийг эзэлдэг. Эдгээр жижиг үйлдвэрүүд хүнд нөхцөлд байгаа. Олон жижиг үйлдвэрүүд дампуурсан байна. Томоохон үйлдвэрүүдийн хувьд ч ялгаагүй.
-Хүнд үеэ даван туулаагүй гэж үү?
-Санхүү, эдийн засгийн хямрал, манай үйлдвэрүүдийн гадаад маркетингийн сул талтай холбоотойгоор экспортод гаргадаг бүтээгдэхүүний тоо хэмжээ сүүлийн жилүүдэд их буурсан байна. Мөн түүхий эдийг нь экспортын татваргүй гаргадаг болсноос хойш том үйлдвэрүүд түүхий эдээ авч чадахгүйд хүрч, нөөцгүй болсон. Дээр нь түүхий эдийн үнэ тэнгэрт хадсан. Эдгээр шалтгаануудын улмаас том үйлдвэрүүд дотооддоо бүтээгдэхүүн борлуулах гэж маш хүчтэй өрсөлдөөнд орж байна. Ажигласан бол сүүлийн жилүүдэд үйлдвэрүүд уралдаж хямдрал зарлаад байгаа. Бүтээгдэхүүн нь багтаж ядсандаа биш бүтээгдэхүүнээ зарж амьдрахаас өөр ямар ч аргагүй болсон учраас худалдан авагчийг татахын тулд ээлжлэн бүтээгдэхүүнийхээ үнийг унагаж, хямдрал зарлаад байгаа нь тэр. Том үйлдвэрүүд нь дотоод зах зээл дээрээ ингээд уралдахаар жижиг үйлдвэрүүд тэдэндээ няц гишгүүлж байна. Ноос, ноолуурын үйлдвэрүүдэд Монголын 10 мянга гаруй иргэн ажиллаж, амьдралаа залгуулдаг. Тэдний ард 4-5 ам бүл бий гээд бодохоор 40 мянган хүний амьдрал энэ салбартай холбогдоно. Дээрээс нь 170 мянган малчин өрхийг оруулбал өргөн хүрээг хамарч байна. Жил бүр энэ салбарт ажлын байр буурч байна. Тухайлбал, намайг захирлаар ажиллаж байсан 1996-2000, 2005-2006 онуудад “Говь” үйлдвэр 2000 орчим ажилчинтай байсан бол одоо дөнгөж 1000 гаруй л хүн тогтмол биш ажилтай байгаа гэсэн мэдээ бий. Уг нь энэ нь Монгол Улсын хувьд маш чухал салбар юм шүү дээ.
-Хэрвээ НӨАТ ногдуулахгүй гэвэл хэр дэмжлэг болох бол. Таны хэлснээр дээрх салбарт гадаад зах зээл, мөн 2009 онд УИХ-аас ноолуурын экспортын татварыг тэглэх шийдвэрийг гаргачихсан нь одоо үндэсний үйлдвэрүүдийг түүхий эдийн хомсдолд оруулжээ гэж ойлголоо?
-Харьцуулаад бодъё л доо. Европын алдартай брэнд бүтээгдэхүүн гаргадаг үйлдвэрүүд манай ноолуурыг самнасан хэлбэрээр ямар ч татваргүйгээр аваад явдаг. Тэгтэл дотоодын үйлдвэрүүд ноолуур самнаад утас болгоод дотооддоо жижиг үйлдвэрт өгөхдөө НӨАТ төлдөг, Хятадаас самнасан ноолуур, утсаа өндөр үнээр авч байх жишээтэй. Ялгаатай байгаа биз. Бид дотоодын үйлдвэрээ дэмжье гэж ярьдаг хэрнээ хэнийгээ дэмжээд байна вэ гэж зарим үйлдвэр мэддэг гишүүд ярьдаг. Тийм ч учраас ажлын хэсэг хагас боловсруулсан бүтээгдэхүүн, самнасан ноос, ноолуур болон ээрмэл утсыг НӨАТ-аас чөлөөлөх санал гаргасан. Түүнээс нэмүү өртөг шингээж хүний хэрэгцээг хангасан бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ногдуулах НӨАТ хэвээр үйлчлэх юм шүү дээ. Ер нь бол том үйлдвэрээсээ утсаа худалдаж авдаг жижиг үйлдвэрүүд, бас экспорт нь буурсан томоохон үйлдвэрүүдэд нэлээд дэмжлэг болно гэж ойлгож болно.
-Ноос, ноолуурын үйлдвэрүүд энэ татвараас чөлөөлөгдвөл улсын татварын орлого хэдий хэмжээгээр буурах вэ?
-Ноос ноолууртай холбоотой хэсэг нь өчүүхэн. Мах, үр тариа, гурил, жимс жимсгэнэ энэ татварт хамаарна. Нийт дүнгээрээ хоёр тэрбум орчим төгрөгөөр татварын орлого буурна, зохицуулах бүрэн боломжтой гэж Сангийн яамныхан тайлбарлаж байгаа.
-Ноос ноолуур ороод уу?
-Би хувьдаа ноос, ноолуур орсон гэж ойлгосон. 1.8 тэрбум нь үр тариа, гурил, маханд хамаарна, жижиг, дунд үйлдвэрийн тоног төхөөрөмж, ноос ноолуурыг оруулахаар хоёр тэрбум л болно гэж. Хэрвээ ноолуурын экспортын татварыг сэргээчихвэл улсын төсөвт жилдээ 10-20 орчим тэрбум төгрөг орох бололцоотой болно. Нөгөө талаасаа үндэсний үйлдвэрүүд түүхий эдийн гачигдалд орохооргүй болно. Бололцоо бол байна шүү дээ.
-Гэхдээ ноолуурын үнэд нөлөөлж, ханш нь навс уначих юм биш үү, экспортын татвар ногдуулаад эхлэхээр?
-Манай улстөрчдийн болгоомжилдог зүйл бол энэ л дээ. Би бол хувьдаа дээрх татварыг сэргээснээр ноолуурын ханшид нэг их нөлөөлөхгүй гэж боддог. Яагаад гэвэл хэрэгцээ нь байгаа учраас. Дотоодод 40 орчим үйлдвэр байна. Дээр нь Европ, АНУ, Япон гээд ноолуурын брэндээрээ тэргүүлэгч орнуудын компаниудын гол түүхий эд нь манай ноолуур л болдог. Өөрсдөө ашиг олох боломжоо өөр хүний олз болгож олон жил явж ирснээс биш. Хэрвээ энэ тал дээр олигтойхон төрийн бодлого явуулаад дотооддоо бэлтгэж байгаа бүх ноолуурыг бүтээгдэхүүн болгож, нэмүү өртөг шингээж чадвал тэр хэмжээгээр монгол ноолуурын нэр хүнд өснө. Тэр хэмжээгээр ажлын байр бий болно, тэр хэрээр ноолуураас орох орлого нэмэгдэнэ. Өнөөдөр дэлхийн зах зээлд ноолуурын гол тоглогч нь Монгол Улс, өмнөд хөрш хоёр. Бид дэлхийн ноолуурын 30 орчим хувийг нийлүүлдэг болсон байна. Харин өмнөд хөрш өнөөг хүртэл ямар бодлого явуулж ирсэн бэ гэхээр Монголын ноолуурын бодлогыг тодорхойлж, үнэ ханшийг өөрсдийнхөө хүссэнээр хөдөлгөж ирлээ. Тэд манайд ирж, ноолуур худалдаж авч байна, түүгээр зогсохгүй Монголд үйлдвэр байгуулахад төрөөс нь дэмжлэг үзүүлж байна. Дээрээс нь дэлхийд “Монгол ноолуурын чанар муудаж байгаа” гэдэг мессежийг тараах болсон. Тийм учраас өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Бээжинд болсон дэлхийн ноолуурын форумд би өөрийнхөө зардлаар зорьж очиж, “Монгол ноолуурын чанар” нэртэй илтгэл тавьсан. Дэлхийн энэ Форумд “Монгол Улс дээд чанарын ноолуур бэлтгэдэг дэлхийн хоёр дахь орон, Монгол ноолуурын чанар буураагүй байгаа” гэдгийг чангахан хэлчихээд ирсэн.
-Тухайлбал, ямар үндэслэлүүдийг гаргаж тавьсан бэ?
-Сүргийн бүтэц нь алдагдаад ноолуурын чанар нь муудчихсан гэж тэд тайлбарладаг байсан болохоор үүнийг тодорхой судалгаагаар гаргаж тавьж, үгүйсгэсэн. Мөн дотоодын үйлдвэрүүд дампуурчихаагүй, бүтээгдэхүүнээ гадаад, дотоодын зах зээлд борлуулж байгаа шүү гэдгийг сануулсан. Бас манай ноолуурыг хагас боловсруулсан байдлаар танай хүмүүс зөөж байгаа шүү гэдгийг ч хэлсэн. Дэлхийн олон орны төлөөлөгч оролцсон учраас Монгол ямааны ноолуурын чанар алдагдаагүй юм байна гэдгийг мэдэж авсан гэж ойлгож байгаа. Ер нь энэ салбарт төр анхаараад тодорхой бодлогоор дэмжлэг үзүүлчихвэл ноолуур хэзээд валют болж хувирч чаддаг бүтээгдэхүүн юм шүү дээ.
-Ноос, ноолуурын салбарыг хангалттай ярилаа. Газар тариалангийн салбартай холбоотой асуудлаар нэг зүйл тодруулъя. Тухайлбал, энэ төсөлд эх орны хөрсөнд ургуулсан улаан буудай, жимс, жимсгэнийг НӨАТ-аас чөлөөлнө гэж оруулж ирсэн байтал Төсвийн байнгын хорооны дарга Д.Хаянхярваа лоббидож байгаад үр тариа гэж өөрчилснөөр өөрийнхөө рапсын үйлдвэрийг татвараас чөлөөлүүлэх боломжтой болсон гэж ярих юм. Энэ үнэн үү?
-Үр тариаг улаан буудай л гэж ойлгож байгаа. Гурилыг ч бас чөлөөлнө. Ингэснээр хагас дутуу ажиллаж байгаа гурилын үйлдвэрүүд сэргэж, гаднаас гурил импортоор оруулж ирдгээ зогсоож, үнэ ч тогтворжих юм гэдэг агуулгаар энэ заалтыг оруулж ирсэн гэж ойлгож дэмжиж байгаа. Түүнээс биш лобби явж байгаа гэж ойлгохгүй байна.
-Өнгөрсөн долоо хоногт та хоёр гишүүний хамтаар Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг албан тушаалаас нь чөлөөлүүлэх бичгийг УИХ-ын даргад өргөн барьсан. Одоо харин Ц.Батбаяр, Ц.Сэдванчиг гишүүн хоёр өнөөх бичгээ татаж авахаар болжээ гэдэг мэдээлэл гарах боллоо. Ийм алхам хийхээр болоо юу?
-Өргөн барьсан саналаа татаж авна гэдэг асуудал байхгүй. Тэгж Монголын төрөөр тоглож болохгүй гэдгийг хатуу хэлмээр байна. Ер нь бол тэр бичгийг татуулах сонирхолтой хэсэг байгаа. Тийм болохоор дээрх мэдээлэл нь Ц.Сэдванчигаар ч юм уу, Ц. Батбаяраар бичгийг нь татуулах сонирхолтой хэсгийн явуулга явж байна л гэж ойлголоо. Түүнээс хэн нэгний шахалтаар гурван гишүүн саналаа татахгүй байх. Татвал ёстой элэг доог болно биз дээ. Ер нь бол энэ саналаа эргэж бодохгүй юм уу, сайн тооцсон юм уу, үндэслэл байгаа юм уу гэж тал талаас хэлж байгаа хүмүүс бол бий.
Г.Дарь
URL: