Ноолуурын бодлогыг хятадууд тодорхойлж байна

УИХ-ын гишүүн Ц.Сэдванчигтай уулзаж ярилцлаа.

-Засгийн газраас өргөн мэдүүлсэн НӨАТ-ын ту­хай хуулийн төслийг УИХ шинэ оноос урьтаж бат­ла­хаар яарсан ч чадсангүй, МАН-ын бүлэг завсарлага авчихлаа. Ямар агуул­гатай төсөл орж ирчихээд хэлэлцүүлгийн ша­танд ги­шүү­дийн дунд дажин үүс­гээд байна вэ?

-Засгийн газраас өргөн барь­­­­сан хуулийн төслийн гол агуулга, үзэл баримтлал нь үндэсний үйлдвэрлэлээ дэм­­­жих. Өөрөөр хэлбэл, эх орны хөрсөнд ургуулсан үр тариа, жимс, жимсгэнэ, төмс, мөн үйлдвэрийн ар­гаар бэлтгэсэн мах, махан бү­­тээг­­дэхүүнд НӨАТ ног­дуу­­лахыг больж, тэглэе гэсэн юм. Бас төмөр зам, эрчим хүч бай­гуулах чиглэлээр оруулж ирэх тоног төхөөрөмжийг  НӨАТ-аас чөлөөлөхөөр тус­­­­га­сан байсан. Төсвийн байн­гын хо­рооноос Н.Батбаяр ги­шүү­нээр ахлуулсан ажлын хэс­­­­­гийг байгуулсан. Ажлын хэс­­­­гийнхний хувьд “Үндэсний үйлд­вэрлэлээ дэмжье гэсэн агуул­гаар төсөл орж ирсэн учраас жижиг, дунд үйлдвэр байгуулах чиглэлээр дотоодод үйлдвэрлэж борлуулах то­ног төхөөрөмжийг НӨАТ-аас чөлөөлье, харин төмөр зам, эрчим хүч байгуулах чиг­лэлээр орж ирэх тоног төхөөрөмжийг энэ төрлийн татвараас чөлөө­лөх нь үн­дэсний үйлдвэрлэлээ дэмжсэн бодлого биш юм гэж үзэж, дэмжээгүй.

Харин “Монгол мал” хөтөл­бөртэй холбогдоуулж, хүнд бай­далд орсон ноос, ноолуурын чиглэлийн том, жижиг үйлд­вэрийг дэмжих хүрээнд Мон­гол Улсад бэлтгэсэн хагас бо­ловс­руулсан ноос, ноолуур, утсыг НӨАТ-аас чөлөөлөхөөр санал гаргаж, байнгын хороо дэмжсэн. Гэтэл төслийн анх­ны хэлэлцүүлгийг УИХ-ын чуул­ганаар хэлэлцэх үед ноос, ноолуурыг НӨАТ-аас чөлөөлөх санал унаж, төмөр, зам эрчим хүч байгуулах чиглэлээр орж ирэх тоног төхөөрөмжийг НӨАТ-аас чөлөөлөх санал дэм­­­­­­­жиг­дсэн. Ингээд зөрчил үүсч, анхны хэлэлцүүлгээр нь бат­лах боломжгүй болж, хоёр дахь хэлэлцүүлгийг байнгын хороогоор хэлэлцүүлэх шатанд унасан саналууд гуравны хоё­рын саналаар дэмжигдэж, чуулганы хуралдаанд оруулсан ч МАН-ын бүлэг завсарлага авсан.

-Ажлын хэсэг ноос, ноо­луурыг НӨАТ-аас чөлөө­­­­­­­­лөх санал гаргасан хэр­­­­нээ төмөр зам, эрчим хүч барих тоног төхөөрөм­жийг НӨАТ-аас чөлөөлөх шаардлагагүй гэсэн нь ямар учиртай юм бол?

-Хөвсгөл аймгийн Мо­гойн голд барих дулааны цахилгаан станцыг жишээ бол­гож дэмжээгүй хэрэг. Тэнд аль улсын хөрөнгө оруулалт, эзэмшилтэй дулааны станц барих гэж байгаа билээ, түүний тоног төхөөрөмжийг НӨАТ-аас чөлөөлөх нь үндэсний үйлд­вэрлэлийг дэмж­­­сэн бодло­го биш, га­даа­дын компанийг дэмжсэн бодлого болно гэж үзсэн л дээ. Гэхдээ чуулганаар энэ асуудлыг буцаагаад “бос­гочихсон”. Эндээс юу хараг­даад байна вэ гэхээр бид “Үндэсний үйлдвэрлэлийг дэм­­жинэ” гэж их олон жил ярьж байгаа. Дээрээс нь ажлын байр гэж ярих хэрнээ төрөөс чу­хам ямар бодлого баривал үндэсний үйлдвэрлэлээ дэм­жих, ямар нөхцөлд ажлын байр нэмэгдэж, бий болгосон ажлын байраа хадгалж үлдэх вэ гэдэг дээр ойлголтын зөрүү гараад байна л даа.

-Ойлголтын зөрүү гэ­хээс илүүтэй ашиг со­нирх­­­лын зөрчилдөө хөт­­­­­­­­­лөгдөөд байгаа юм биш үү, гишүүд. Жишээ нь та ноос, ноолуурын салбарыг НӨАТ-аас чөлөөлүүлэхийг дэмжиж байгаа. Гэтэл та­ныг ноолуурын томоо­хон үйлдвэртэй учраас ингэж байна л гэж харна?

-Ноос, ноолуурын салбар­тай холбогдож байсан үе бий. “Говь” компанийн за­хи­­­рал байхдаа хувьцааг нь эзэмшдэг байсан. Одоо ямар ч хамааралгүй болсон. Ха­рин энэ салбарт олон жил ажил­ласан хүний хувьд хэлэ­хэд төрөөс ноос, ноо­луурын сал­барыг дэмжээд сүйд бол­сон зүйл байдаггүй юм. Энэ салбар бор зүрхээрээ явж, Монгол Улсын эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Нэг үе Монголыг ноолуу­раар л дэлхий нийт таньдаг байсан юм шүү. 1992-1994 онд ноолуурыг гадагш нь түү­хийгээр экспортлохыг хо­риг­лосон, 1994-1996 анхан шатны боловсруулалт хийсэн ноолуурыг экспортлох, 1997-2009 онд экспортын түүхий ноолуураас 4000 төгрөгийн тат­вар тогтоож байсныг эс тооцвол энэ салбарыг төрөөс татварын болоод зээлийн эх үүсвэр, урамшууллаар дэмжсэн тохиолдол байдаггүй юм.

-Гэхдээ одоо дэмжлэг үзүүлэх тухай ярьж байна. Хэчнээн үйлдвэр байна вэ?

-Улсын хэмжээнд том, жи­­жиг нийлсэн 40 орчим ноос, ноолуурын үйлдвэр бай­­даг гэсэн судалгаа бий. Том үйлдвэрүүдээ дагасан жи­жиг үйлдвэрүүд нэлээд байдаг. Энэ дотроо өрхийн чанартай үйлдвэрүүд нэлээд хувийг эзэлдэг. Эдгээр жи­жиг үйлдвэрүүд хүнд нөх­цөлд байгаа. Олон жижиг үйлд­вэрүүд дампуурсан байна. Томоо­хон үйлдвэрүүдийн ху­вьд ч ялгаагүй.

-Хүнд үеэ даван туу­лаагүй гэж үү?

-Санхүү, эдийн засгийн хям­рал, манай үйлдвэ­рүү­дийн гадаад маркетингийн сул талтай холбоотойгоор экс­пор­тод гаргадаг бүтээгдэхүүний тоо хэмжээ сүүлийн жилүүдэд их буурсан байна. Мөн түүхий эдийг нь экспортын татваргүй гаргадаг болсноос хойш том үйлдвэрүүд түүхий эдээ авч чадахгүйд хүрч, нөөцгүй болсон. Дээр нь түүхий эдийн үнэ тэнгэрт хадсан. Эд­гээр шалтгаануудын улмаас том үйлдвэрүүд дотооддоо бүтээгдэхүүн борлуулах гэж маш хүчтэй өрсөлдөөнд орж байна. Ажигласан бол сүү­лийн жилүүдэд үйлдвэ­рүүд уралдаж хямдрал зар­лаад байгаа. Бүтээгдэхүүн нь багтаж ядсандаа биш бүтээг­дэхүүнээ зарж амьдрахаас өөр ямар ч аргагүй болсон уч­раас худалдан авагчийг тата­­хын тулд ээлжлэн бүтээг­дэ­хүүнийхээ үнийг унагаж, хямдрал зарлаад байгаа нь тэр. Том үйлдвэрүүд нь дотоод зах зээл дээрээ ингээд уралдахаар жижиг үйлдвэрүүд тэдэндээ няц гишгүүлж байна. Ноос, ноолуурын үйлдвэрүүдэд Мон­­­­­голын 10 мянга гаруй ир­­­­гэн ажиллаж, амьдралаа залгуулдаг. Тэдний ард 4-5 ам бүл бий гээд бодохоор 40 мянган хүний амьдрал энэ салбартай холбогдоно. Дээ­рээс нь 170 мянган малчин өр­хийг оруулбал өргөн хүрээг хамарч байна. Жил бүр энэ салбарт ажлын байр буурч байна. Тухайлбал,  намайг захирлаар ажиллаж байсан 1996-2000, 2005-2006 онуудад “Говь” үйлдвэр 2000 орчим ажилчинтай байсан бол одоо дөнгөж 1000 гаруй л хүн тогтмол биш ажилтай байгаа гэсэн мэдээ бий.  Уг нь энэ нь Монгол Улсын хувьд маш чухал салбар юм шүү дээ.

-Хэрвээ НӨАТ ногдуу­лахгүй гэвэл хэр дэмжлэг болох бол. Таны хэлснээр дээрх салбарт гадаад зах зээл, мөн 2009 онд УИХ-аас ноолуурын экспортын татварыг тэглэх шийд­вэрийг гаргачихсан нь одоо үндэсний үйлдвэ­рүү­дийг түүхий эдийн хомсдолд оруулжээ гэж ойлголоо?

-Харьцуулаад бодъё л доо. Европын алдартай брэнд бүтээгдэхүүн гаргадаг үйлд­­вэ­­­­­рүүд манай ноолуурыг сам­насан хэлбэрээр ямар ч татвар­гүйгээр аваад явдаг. Тэгтэл дотоодын үйлдвэрүүд ноолуур самнаад утас болгоод дотооддоо жижиг үйлдвэрт өгөх­дөө НӨАТ төлдөг, Хя­та­даас самнасан ноолуур, утсаа өндөр үнээр авч байх жишээтэй. Ялгаатай байгаа биз. Бид дотоодын үйлдвэрээ дэмжье гэж ярьдаг хэрнээ хэнийгээ дэмжээд байна вэ гэж зарим үйлдвэр мэддэг гишүүд ярьдаг. Тийм ч учраас ажлын хэсэг хагас боловсруулсан бүтээгдэхүүн, самнасан ноос, ноолуур болон ээрмэл утсыг НӨАТ-аас чөлөөлөх санал гаргасан. Түүнээс нэмүү өртөг шингээж хүний хэрэгцээг хангасан бэлэн бүтээгдэхүүн үйлд­­­­­­­­­вэрлэхэд ногдуулах НӨАТ хэвээр үйлчлэх юм шүү дээ. Ер нь бол том үйлд­вэ­рээ­­­­­сээ утсаа худалдаж авдаг жижиг үйлдвэрүүд, бас экспорт нь буурсан томоохон үйлдвэрүүдэд нэлээд дэмжлэг болно гэж ойлгож болно.

-Ноос, ноолуурын үйлд­­­­­­­­­­­­вэ­рүүд энэ татвараас чө­­лөө­­­­­­­­лөгд­вөл улсын тат­­­варын орлого хэдий хэм­жээгээр буурах вэ?

-Ноос ноолууртай холбоо­той хэсэг нь өчүүхэн. Мах,  үр тариа, гурил, жимс жимсгэнэ энэ татварт хамаарна. Нийт дүнгээрээ хоёр тэрбум орчим төгрөгөөр татварын орлого буурна, зохицуулах бүрэн боломжтой гэж Сангийн яамныхан  тайлбарлаж байгаа.

-Ноос ноолуур ороод уу?

-Би хувьдаа ноос, ноолуур орсон гэж ойлгосон. 1.8 тэрбум нь үр тариа, гурил, маханд хамаарна, жижиг, дунд үйлдвэрийн тоног төхөөрөмж, ноос ноолуурыг оруулахаар хоёр тэрбум л болно гэж. Хэрвээ ноолуурын экспортын татварыг сэргээчихвэл ул­сын төсөвт жилдээ 10-20 ор­чим тэрбум төгрөг орох бололцоотой болно. Нөгөө талаасаа үндэсний үйлдвэрүүд түүхий эдийн гачигдалд орохооргүй болно. Бололцоо бол байна шүү дээ.

-Гэхдээ ноолуурын ү­нэд нө­лөөлж, ханш нь навс уначих юм биш үү, экспортын татвар ног­дуулаад эхлэхээр?

-Манай улстөрчдийн болгоомжилдог зүйл бол энэ л дээ. Би бол хувьдаа дээрх татварыг сэргээснээр ноолуурын ханшид нэг их нөлөөлөхгүй гэж боддог. Яагаад гэвэл хэрэгцээ нь байгаа учраас. Дотоодод 40 орчим үйлдвэр байна. Дээр нь Европ, АНУ, Япон гээд ноолуурын брэндээрээ тэргүүлэгч орнуудын ком­паниудын гол түүхий эд нь манай ноолуур л болдог. Өөрсдөө ашиг олох боломжоо өөр хүний олз болгож олон жил явж ирснээс биш. Хэрвээ энэ тал  дээр олигтойхон төрийн бодлого явуулаад дотооддоо бэлтгэж байгаа бүх ноолуурыг бүтээгдэхүүн болгож, нэмүү өртөг шингээж чадвал тэр хэмжээгээр монгол ноолуурын нэр хүнд өснө. Тэр хэмжээгээр ажлын байр бий болно, тэр хэрээр ноолуураас орох орлого нэмэгдэнэ. Өнөөдөр дэлхийн зах зээлд ноолуурын гол тоглогч нь Монгол Улс, өмнөд хөрш хоёр. Бид дэлхийн ноолуурын 30 орчим хувийг нийлүүлдэг болсон байна. Харин өмнөд хөрш өнөөг хүртэл ямар бодлого явуулж ирсэн бэ гэхээр Монголын ноолуурын бодлогыг тодорхойлж, үнэ ханшийг өөрсдийнхөө хүс­сэнээр хөдөлгөж ирлээ. Тэд манайд ирж, ноолуур худал­даж авч байна, түүгээр зогсохгүй Монголд үйлдвэр байгуулахад төрөөс нь дэмж­лэг үзүүлж байна. Дээрээс нь дэлхийд “Монгол ноолуурын чанар муудаж бай­гаа” гэдэг мессежийг тараах болсон. Тийм учраас өнгөр­сөн оны арваннэгдүгээр сард Бээ­жинд болсон дэлхийн ноолуу­рын  форумд би өө­рийн­хөө зардлаар зорьж очиж, “Монгол ноолуурын чанар” нэртэй илтгэл тавьсан. Дэл­хийн энэ Форумд “Монгол Улс дээд чанарын ноолуур бэлтгэдэг дэл­хийн хоёр дахь орон, Мон­­­гол ноолуурын чанар буу­­­раа­гүй байгаа” гэдгийг чангахан хэлчихээд ирсэн.

-Тухайлбал, ямар үн­дэс­­­­­лэлүүдийг гаргаж тавь­­­­­­­­­­­­­сан бэ?

-Сүргийн бүтэц нь ал­даг­­­­­­­­­даад ноолуурын чанар нь муудчихсан гэж тэд тайл­бар­­ладаг байсан боло­­хоор үү­нийг тодорхой су­дал­­­гаа­гаар гаргаж тавьж, үгүйс­­­­гэсэн. Мөн дотоодын үйлд­­вэр­үүд дампуурчихаагүй, бүтээг­дэ­хүүнээ гадаад, дотоо­дын зах зээлд борлуулж бай­гаа шүү гэдгийг сануулсан. Бас манай ноолуурыг хагас боловсруул­сан байдлаар танай хүмүүс зөөж байгаа шүү гэдгийг ч хэлсэн. Дэлхийн олон орны төлөөлөгч оролцсон учраас Мон­­­­­гол ямааны ноо­луурын чанар алдагдаагүй юм байна гэдгийг мэдэж ав­сан гэж ойлгож байгаа. Ер нь энэ салбарт төр анхаараад тодорхой бодлогоор дэмжлэг үзүүлчихвэл ноолуур хэзээд валют болж хувирч чаддаг бүтээгдэхүүн юм шүү дээ.

-Ноос, ноолуурын сал­барыг хангалттай ярилаа. Газар тариалангийн сал­­­­­бартай холбоотой асууд­лаар нэг зүйл тодруулъя. Тухайлбал, энэ төсөлд эх орны хөрсөнд ургуулсан улаан буудай, жимс, жимсгэнийг НӨАТ-аас чө­лөөл­нө гэж оруулж ир­сэн байтал Төсвийн байн­гын хорооны дарга Д.Хаянхярваа лоббидож байгаад үр тариа гэж өөрчилснөөр өөрийнхөө рапсын үйлдвэрийг тат­вараас чөлөөлүүлэх бо­ломж­той болсон гэж ярих юм. Энэ үнэн үү?

-Үр тариаг улаан буудай л гэж ойлгож байгаа. Гурилыг ч бас чөлөөлнө. Ингэснээр хагас дутуу ажиллаж байгаа гурилын үйлдвэрүүд сэргэж, гаднаас гурил импортоор оруулж ирдгээ зогсоож, үнэ ч тогтворжих юм гэдэг агуулгаар энэ заалтыг оруулж ирсэн гэж ойлгож дэмжиж байгаа. Түүнээс биш лобби явж байгаа гэж ойлгохгүй байна.

-Өнгөрсөн долоо хо­ногт та хоёр гишүүний хамтаар Эрдэс баялаг, эр­чим хүчний сайд Д.Зориг­­­­тыг албан тушаа­лаас нь чөлөөлүүлэх бич­­­­­­гийг УИХ-ын дар­гад өргөн барьсан. Одоо харин Ц.Батбаяр, Ц.Сэд­ванчиг гишүүн хоёр өнөөх бич­гээ татаж авахаар бол­­жээ гэдэг мэдээлэл гарах боллоо. Ийм алхам хий­­­хээр болоо юу?

-Өргөн барьсан саналаа татаж авна гэдэг асуудал байх­гүй. Тэгж Монголын төрөөр тоглож болохгүй гэдгийг ха­туу хэлмээр байна. Ер нь бол тэр бичгийг татуулах сонир­холтой хэсэг байгаа. Тийм боло­хоор дээрх мэдээлэл нь Ц.Сэдванчигаар ч юм уу, Ц. Батбаяраар бичгийг нь татуу­лах сонирхолтой хэсгийн явуул­га явж байна л гэж ойл­голоо. Түүнээс хэн нэгний шахалтаар гурван гишүүн саналаа татахгүй байх. Татвал ёстой элэг доог болно биз дээ. Ер нь бол энэ саналаа эргэж бодохгүй юм уу, сайн тооцсон юм уу, үндэслэл байгаа юм уу гэж тал талаас хэлж байгаа хүмүүс бол бий.

Г.Дарь


URL:

Сэтгэгдэл бичих