Чоно хоморголон устгасан төрийн түшээ Ж.Энхбаяр, Ц.Дашдорж нарыг дахиж УИХ-д дэвшүүлж болохгүй
Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар, “Алтайн хөгжил ХХI зуун”, “Алтайн эрин сан” хамтарч 273 чоно авласан талаарх манай сонины мэдээлэл олон хүнд хүрчээ. Тус аймгийн иргэд төв талбайдаа алсан чоно овоолж хүй нэгдлийн хүмүүс шиг арай л тойрон бүжиглэсэнгүй. Цус нөж нь асгарсан чонын дэргэд зураг хөргөө татуулан ихэд баяр хөөр болсон байгаа юм.(Манай редакцид тэр зураг олдсон ч олон нийтэд үзүүлэх нь зохимжгүй юм.)
Хувьсгалын эхэн үед “Дамбий Жа”-гийн толгойг таслан авч олон нийтэд үзүүлсэн байдаг. Ямар учраас Говь-Алтай аймгийн удирдлага энэ олон чоныг төв талбайдаа овоолов. Мал руу дайрвал амиараа төлбөр төлнө гэсэн гэдгийг харуулах гэв үү. Даанч тэд нь ингэлээ гэж ухаарах болов уу. Бодвол Засаг дарга нэгийг тунгаагаа байгаа.
Аймгийн удирдлага төсвийн 60 сая төгрөгөөр чоно авласан. Үүн дээр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Ц.Дашдорж нарийн тэргүүлдэг “Алтайн хөгжил ХХI зуун”, “Алтайн эрин сан” хэмээх төрийн бус байгууллагуудаас ч мөнгө төгрөг гарчээ. Мөн гишүүдийн нэг тэрбум төгрөгөөс ч үүнд нэлээд зарцуулагдсан гэх яриа байгаа. Тус аймгийн удирдлага “Нутгийнхаа чоныг алсан яадгийм” гэж байгаа сурагтай.
Харин олон нийт “Наад 273 чоно чинь Говь-Алтай аймгийнх ч биш. Монголын Улсын, цаашлаад дэлхийн чоно” гэцгээсэн юм. “Байгаль хамгаалах иргэний зөвлөл” хэмээх төрийн бус байгууллагын гишүүн С.Дамдинсүрэн “Говь-Алтай аймагт гарсан чонын аллага Монгол Улсад их гай тарих нь дээ. Тэр мэдээллийг үзсэн олон улсын байгууллагууд төсөл хөтөлбөрөө татах яриа гаргалаа. УИХ-ын гишүүд байгаль хамгаалах тал дээр нэг төгрөг гаргадаггүй хэрнээ амьтны амь хороох асуудалд яасан их хөөрцөглөсөн юм дээ” гэв. 273 чоно хөнөөж цэнгэн хөгжилдсөний гайгаар НҮБ-ын байгаль хамаалах төслүүд ч зогсож мэдэхээр байна.
Өдгөө бид хүмүүнлэгийн зуунд амьдарч байна. Байгаль дэлхийгээ хайрлахгүйгээр хүн төрөлхтөн оршин тогтнохгүй гэдгээ зарлачихаад байгаа билээ. Байгаль орчны ямар ямар хууль дүрэм зөрчсөнийг мэргэжлийн байгууллагууд нь тогтоох хэрэгтэй. Хууль дүрэм зөрчсөн төрийн түшээдийн асуудлыг УИХ-ын ёс зүйн хороогоор оруулж хэлэлцэх байх гэж найдаж байгаагаа иргэд манайд илэрхийлж байна. Үүнээс улбаалан өгүүлэхэд 1990 оны эхээр Засгийн газар хэдэн бэлтрэг суйлаад гадаад улс руу зарах болсон. Гэтэл дэлхийн байгаль хамгаалах нийгэмлэгээс эсэргүүцэл ирж бэлтрэг зарах нь бүү хэл торгуулах дөхсөн гэдэг.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр удмын анчин гэж хөөрцөглөх. Түүний аав, Батлан хамгаалах яамны сайд асан, дэслэгч генерал Ш.Жадамбаа чонын эрлэг байсан. Сайд байхдаа нисдэг тэргээр чоно хөөж яваад нисдэг тэрэг унагааж түүнээсээ болоод сайдын суудлаасаа мултарч байсан гэсэн яриа байдаг. Унагаасан нисдэг тэрэгнийхээ төлбөр тооцоог хийсэн гэж дуулдаагүй. Улсын юм ялгүй гээд л өнгөрөө биз. Уул нь тэр ард түмний л өмч байсан даа.
Түүний хүү УИХ-ын гишүүн Жадамбаагийн Энхбаярын тухайд нэмээд хэлэхэд Говь-Алтай аймагт хэд хэдэн уул уурхайтай. Тэгээд дээрээс нь ан амьтныг нь буудна. Дуртай байж болно. Гэхдээ бас хамжааргатай баймаар. Энэ нөхөр лав л анчин биш юм. Анчид хэзээ ч ингэж хоморголон устгал хийдэггүй. Одоо ингээд эцгээс өвлөсөн хурдан буутай, энэ засгаас авсан төрийн түшээ цолтой гээд амьд байгалиа устгуулаад суух уу энэ хархүүгээр. Говь-Алтай аймгийн иргэдийн сонгосон Ц.Дашдоржийн тухайд “Монгол тамхи Со” компанийн эзэн. Монголчуудын уушгийг хордуулж насыг нь хороогоод зогсохгүй монголчуудын чоныг бас хоморголон устгалаа. Хордуулах устгах юм нь багадаад байгаа юм уу эдгээр хүмүүст.
Ийм хүмүүнлэг бус ёс зүйгүй хүмүүсийг МАН-ын удирдлага дахиж УИХ-д дэвшүүлэхгүй биз ээ. Яагаад гэвэл МАН өөрийгөө ёс зүйтэй нам гэж зарлаад байгаа биз дээ. Эдгээр нөхөд төрийн ийм өндөр эрх мэдэлтэй удвал монголчуудын байгаль үгүйрэн хоосрох нь нүднээ илт байна. Байгалийн нэгэн бодгалийг устгах “мөрийн хөтөлбөртэй” эрхмүүдийг УИХ-д дахиж сонгохгүй байхыг бүх ард түмэнд уриалж байна.
Тийм учраас төрийн бус байгууллагууд нэгдээд тэмцэх цаг болжээ. БОАЖЯ-ны сайд Л.Гансүхээс эхлээд иргэд та бүхэн үгээ хэл. Бид олон нийтэд хүргэе. Ийм аллагын эсрэг үгээ нэгтгэн тэмцэх цаг болсон. Амьд байгальд ингэж хандаж байгаа юм чинь ард түмний төлөө зүтгэнэ гэдэг бол шал худлаа шүү гэдгийг ухаарах цаг болсон байна. Чоныг төлбөр төлөлгүйгээр мах идлээ гэж буруутгаж байгаа юм.
Хүн тэднээс хэдэн зуу дахин мах хэрэглэдэг. Үүнд нэг их зарчмын ялгаа байхгүй л дээ. Уг нь малаа чоноос хамгаалах малчин гээд мануухай байгаа баймаар. “Уул усны үр сад” кино дээр өвчтэй эх арай ядан өндийгөөд шувууны өндөг хагалсан хүүхдүүдээ “Хайрлахгүй байна уу та нар” гээд сураар ороолгодог хэсэг бий. Түүнтэй адил сонгуулийн бэлтгэл ажил болгон 273 амьтны амь тасласан төрийн түшээдийг ороолгох цаг болсон. Тэгээд ч цусаа цувуулан гаслах, амь тавин тийчигнэж буй чоныг харж инээмсэглэн зогсох төрийн залуу түшээ итгэж болох хүн мөн үү. Аль эсвэл Монголын төр эдгээр түшээ нар шигээ чулуун зүрхтэй байгаль дэлхийн дайсан болчихсон юм уу. Т.ЦОГТ-ЭРДЭНЭ
URL: