Чоно хоморголон устгасан төрийн түшээ Ж.Энхбаяр, Ц.Дашдорж нарыг дахиж УИХ-д дэвшүүлж болохгүй

Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар, “Ал­тайн хөгжил ХХI зуун”, “Ал­тайн эрин сан” хамтарч 273 чоно авласан талаарх манай сонины мэдээлэл олон хүнд хүрчээ.  Тус аймгийн иргэд төв талбайдаа алсан чоно овоолж хүй нэгдлийн хүмүүс шиг арай л тойрон бүжиг­лэсэнгүй. Цус нөж нь асгар­сан чонын  дэргэд зураг хөр­гөө татуулан ихэд баяр хөөр болсон байгаа юм.(Манай редакцид тэр зураг олдсон ч олон нийтэд үзүүлэх нь зохимжгүй юм.)

Хувьсгалын эхэн үед “Дам­бий Жа”-гийн толгойг таслан авч олон нийтэд үзүүлсэн байдаг. Ямар учраас Говь-Алтай аймгийн удирдлага  энэ олон чоныг төв талбай­даа овоолов. Мал руу дайр­вал амиараа төлбөр төлнө гэсэн гэдгийг харуулах гэв үү. Даанч тэд нь ингэлээ гэж ухаарах болов уу. Бодвол За­саг дарга нэгийг тунгаагаа байгаа.

Аймгийн удирдлага төс­вийн 60 сая төгрөгөөр чоно авласан. Үүн дээр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Ц.Даш­дорж нарийн тэргүүлдэг “Ал­тайн хөгжил ХХI зуун”, “Ал­тайн эрин сан” хэмээх төрийн бус байгууллагуудаас ч мөнгө төгрөг гарчээ.  Мөн гишүүдийн нэг тэрбум төгрөгөөс ч үүнд нэлээд зарцуулагдсан гэх яриа байгаа. Тус аймгийн удирдлага “Нутгийнхаа чоныг алсан яадгийм” гэж байгаа сурагтай.

Харин олон нийт “Наад 273 чоно чинь  Говь-Алтай аймгийнх ч биш. Монголын Улсын, цаашлаад дэлхийн чоно” гэцгээсэн юм.  “Байгаль хамгаалах иргэний зөвлөл” хэмээх төрийн бус байгуул­лагын гишүүн С.Дамдинсүрэн “Говь-Алтай аймагт гарсан чонын аллага Монгол Улсад их гай тарих нь дээ. Тэр мэ­дээллийг үзсэн олон улсын байгууллагууд төсөл хөтөл­бөрөө татах яриа гаргалаа. УИХ-ын гишүүд байгаль хам­гаалах тал дээр нэг төгрөг гаргадаггүй хэрнээ амьтны амь хороох асуудалд яасан их хөөрцөглөсөн юм дээ” гэв. 273 чоно хөнөөж цэнгэн хөг­жилдсөний гайгаар НҮБ-ын байгаль хамаалах төслүүд ч зогсож мэдэхээр байна.

Өдгөө бид хүмүүнлэгийн зуунд амьдарч байна. Бай­галь дэлхийгээ хайрлахгүй­гээр хүн төрөлхтөн оршин тогтнохгүй гэдгээ зарлачи­хаад байгаа билээ. Байгаль орчны ямар ямар хууль дү­рэм зөрчсөнийг мэргэжлийн бай­гууллагууд нь тогтоох хэрэг­тэй. Хууль дүрэм зөрч­сөн төрийн түшээдийн асууд­лыг УИХ-ын ёс зүйн хороо­гоор оруулж хэлэлцэх байх гэж найдаж байгаагаа иргэд манайд илэрхийлж байна. Үүнээс улбаалан өгүүлэхэд 1990 оны эхээр Засгийн газар хэдэн бэлтрэг суйлаад гадаад улс руу зарах болсон. Гэтэл дэлхийн байгаль хамгаалах нийгэмлэгээс эсэргүүцэл ирж бэлтрэг зарах нь бүү хэл торгуулах дөхсөн гэдэг.

УИХ-ын гишүүн Ж.Энх­баяр удмын анчин гэж хөөр­цөглөх. Түүний аав, Батлан хамгаалах яамны сайд асан, дэслэгч генерал Ш.Жадам­баа чонын эрлэг байсан. Сайд байхдаа нисдэг тэргээр чоно хөөж яваад  нисдэг тэрэг унагааж түүнээсээ болоод сайдын суудлаасаа мултарч байсан гэсэн яриа байдаг.  Унагаасан нисдэг тэрэгний­хээ төлбөр тооцоог хийсэн гэж дуулдаагүй. Улсын юм ялгүй гээд л өнгөрөө биз. Уул нь тэр ард түмний л өмч байсан даа.

Түүний хүү УИХ-ын гишүүн Жадамбаагийн Энхбаярын тухайд нэмээд хэлэхэд Говь-Алтай аймагт хэд хэдэн уул уурхайтай. Тэгээд дээрээс нь ан амьтныг нь буудна. Дуртай байж болно. Гэхдээ бас хам­жааргатай баймаар. Энэ нө­хөр лав л анчин биш юм. Анчид хэзээ ч ингэж  хомор­голон устгал хийдэггүй. Одоо ингээд эцгээс өвлөсөн хурдан буутай, энэ засгаас авсан төрийн түшээ цолтой гээд амьд байгалиа устгуулаад суух уу энэ хархүүгээр.  Говь-Алтай аймгийн иргэдийн сон­госон Ц.Дашдоржийн тухайд “Монгол тамхи Со” компанийн эзэн.  Монголчуудын уушгийг хордуулж насыг нь хороо­гоод  зогсохгүй  монголчуудын чо­ныг бас хоморголон устгалаа.  Хордуулах устгах юм нь бага­даад байгаа юм уу эдгээр хүмүүст.

Ийм хүмүүнлэг бус ёс зүй­гүй хүмүүсийг МАН-ын удирд­лага дахиж УИХ-д дэвшүү­лэхгүй биз ээ. Яагаад гэвэл МАН өөрийгөө ёс зүйтэй нам гэж зарлаад байгаа биз дээ.  Эдгээр нөхөд төрийн ийм өндөр эрх мэдэлтэй удвал монголчуудын байгаль үгүй­рэн хоосрох нь нүднээ илт байна. Байгалийн нэгэн бод­галийг устгах “мөрийн хөтөл­бөртэй” эрхмүүдийг УИХ-д  дахиж  сонгохгүй байхыг бүх ард түмэнд уриалж байна.

Тийм учраас төрийн бус байгууллагууд нэгдээд тэмцэх цаг болжээ. БОАЖЯ-ны сайд Л.Гансүхээс эхлээд иргэд та бүхэн үгээ хэл. Бид олон нийтэд хүргэе. Ийм аллагын эсрэг үгээ нэгтгэн тэмцэх цаг болсон.  Амьд байгальд ингэж хандаж байгаа юм чинь ард түмний төлөө зүтгэнэ гэдэг бол шал худлаа шүү гэдгийг ухаарах цаг болсон байна.  Чоныг төлбөр төлөлгүйгээр мах идлээ гэж буруутгаж бай­гаа юм.

Хүн тэднээс хэдэн зуу да­хин мах хэрэглэдэг. Үүнд нэг их зарчмын ялгаа байхгүй  л дээ. Уг нь малаа чоноос хам­гаалах малчин гээд мануухай байгаа баймаар. “Уул усны үр сад” кино дээр өвчтэй эх арай ядан өндийгөөд шувууны өндөг хагалсан хүүхдүүдээ “Хайрлахгүй байна уу та нар” гээд сураар ороолгодог хэсэг бий. Түүнтэй адил сонгуулийн бэлтгэл ажил болгон 273 амьт­ны амь тасласан төрийн түшээдийг ороолгох цаг бол­сон.  Тэгээд ч цусаа цувуулан гаслах, амь тавин тийчигнэж буй чоныг  харж инээмсэглэн зогсох төрийн залуу түшээ итгэж болох  хүн мөн үү. Аль эсвэл Монголын төр эдгээр түшээ нар шигээ чулуун зүрх­тэй байгаль дэлхийн дайсан болчихсон юм уу. Т.ЦОГТ-ЭРДЭНЭ


URL:

Сэтгэгдэл бичих