ОУВС эцсийн шийдвэр гаргах эрхгүй
Олон улсын валютын сангийн Монголыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Жеофф Готтлиеб манай улсад хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн гурав дахь шатны үнэлгээг хэлэлцсэнээ өчигдөр танилцуулах үеэрээ ийн хэлсэн юм. Мөн тэрбээр “ОУВС Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлээгүй. Монгол Улсын Засгийн газар хэрэгжүүлж байгаа” хэмээн тодотгосон. Цалин болон түүнтэй адилтгах орлогоос Хувь хүний орлогын албан татварыг дөрвөн шатлалтайгаар нэмэгдүүлэн хураах болсныг 1.5 сая төгрөгөөс дээш цалинтай хүмүүс халааснаас нь хэдэн төгрөг илүү авах гэлээ гэж эсэргүүцсэн.
Ялангуяа харьцангуй өндөр цалинтай уул уурхайн салбарынхан Үйлдвэрчний эвлэлийн холбоогоороо дамжуулан, эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан билээ. Улмаар импортын онцгой албан татварыг хоёр удаа дараалан өсгөснөөр шатахууны үнийг нэмэх шахаанд Засгийн газар орсон. Шатахууны үнэ өсөнгүүт тээврийн зардал талийж, бүх төрлийн барааны үнэ, үйлчилгээний хөлс нэмэгдэх учраас иргэд ихээхэн дургүйцэв. Манай Засгийн газар иргэдийн халаасанд гар дүрэх ямар нэгэн шийдвэр гаргахдаа ОУВС-гийн “даалгавар”-ыг биелүүлж байна гэж тэдэн рүү чихэж байлаа.
Ялангуяа харьцангуй өндөр цалинтай уул уурхайн салбарынхан Үйлдвэрчний эвлэлийн холбоогоороо дамжуулан, эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан билээ
Олон нийт “Хүн амын орлогын албан татвар, шатахууны онцгой албан татварыг нэмнэ гэж яах гэж ОУВС-гийнханд амласан юм бэ” хэмээн Засгийн газрыг буруутгаж эхэлсэн. Гэвч хэргийн эзэн хэнгэргийн дохиураар тодроод байсан ОУВС-гийнхан “Гомдол санал байвал Засгийн газартайгаа яриарай. Бид хамаагүй шүү” гэсэн санаагаа “ОУВС дэмжиж, Засгийн газар шийдвэр гаргадаг” гэсэн боловсон үгээрээ илэрхийлчихлээ. Уг нь аливаа улсын Засгийн газар аль нэг олон улсын түншлэгчээс үл хамааран эцсийн шийдвэрийг гаргадаг баймаар юм.
Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн гурав дахь шатны үнэлгээг танилцуулах хэвлэлийн бага хуралд манай талаас Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг нар оролцов. Сангийн сайд гурав дахь шатны үнэлгээний хэлэлцээрээр ямар шийдлийг ОУВС-гийнхантай тохиролцсоноо танилцууллаа.
Засгийн газар тэдэнтэй ярилцаад хувь хүний орлогын албан татварын хувь, хэмжээг шатлалтайгаар нэмэхээ больжээ. Өөрөөр хэлбэл, бүх хүн хуучин хэвээр 10 хувийн албан татвар төлнө гэсэн үг. Мөн А-80, Аи-92 шатахууны онцгой албан татварыг тэглэж, үнийг нь хэвэнд нь барьсан бодлогоо тэднээр хүлээн зөвшөөрүүлж чаджээ. Хөтөлбөрийн хүрээнд эмэгтэй хүн 60, эрэгтэй нь 65 насандаа тэтгэвэрт гарахаар зохицуулсан байв. Үүнийгээ эргэн харж, тэтгэвэрт гарах насыг сонголттой болгосон байна. Тэтгэврийн насыг ердийн нөхцөлөөр эмэгтэй 55, эрэгтэй 60 насандаа буюу хуучин мөрдөж байснаараа гардаг байхаар шийдвэрлэжээ.
Тэгвэл хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилладаг 45-55 насанд хүрсэн даатгуулагч өөрөө хүсвэл тэтгэврээ тогтоолгож болох нь. Харин үргэлжлүүлэн ажиллах хүсэлтэй даатгуулагчийн тэтгэвэрт гарах насыг жилд гурван сараар нэмэгдүүлэхээр болжээ. Монгол хүний дундаж наслалт жилд хоёр сараар нэмэгдэж буй учраас үүнтэй уялдуулахаар шийдвэрлэсэн байна. Тэтгэвэр тогтоолгоход нийгмийн даатгалаа тасралтгүй таван жил төлөх ёстой байсан бол долоо болгон сунгажээ. Үүгээр зогсохгүй олны анхаарлыг татах нэгэн шийдвэр гаргасан нь төрийн албан хаагчдын цалинг энэ оны сүүлчийн улиралд нэмэгдүүлэх байлаа. Харин хэдэн хувиар нэмэх нь одоогоор тодорхойгүй үлдэв. ОУВС-гийн Монголын хариуцсан ахлагч Жеофф Готтлиеб “Эдийн засгийн гүйцэтгэл төсөөлснөөс сайн гарч байна. Энэ нь дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ өссөнтэй шууд холбоотой.
Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд 5.5 тэрбум ам.долларын санхүүжилт хийнэ. Хөтөлбөрийг 10 сар хэрэгжүүлэхэд нааштай үр дүнгүүд гараад эхэллээ” гэв. Тэрбээр олон улсын зах зээлд гаргасан Хөгжлийн банкны 580, “Чингис” бондын 500 сая ам.долларын өрийг төлсөн, Монгол Улсын валютын нөөц 1.8 тэрбум “ногоон”-оор нэмэгдсэн, Засгийн газрын өр 10 хувиар буурсныг эдийн засгийн тогтвортой орчныг хангах сайн үзүүлэлт болсон гэж дурдаж байв. Түүний хэлснийг Ч.Хүрэлбаатар сайд тодотгон “Валютын орох урсгал нэмэгдсэнээс шалтгаалан ам.долларын ханш бага зэрэг буурлаа. Эдийн засаг тогтворжсон учраас хүүгийн түвшин нэлэнхүйдээ багассан” гэж хэлэв. Жеофф Готтлиеб “Засгийн газар зөв бодлого хэрэгжүүлсэн.
Үүнийгээ үргэлжлүүлэн хэрэгжүүлбэл цаашдаа эдийн засаг тогтворжих нөхцөл улам нэмэгдэнэ. Амжилтад хүрсэн бодлогоо үргэлжлүүлэх хэрэгтэй. Дэлхийн зах зээлд экспортын гол түүхий эдийн эрэлт буурах, газрын тосны үнэ өсөх нь Монголын эдийн засагт сорилт болохоор байгаа. Цаашлаад эдийн засгаа төрөлжүүлэхэд анхаарах хэрэгтэй” гэв. Тэрбээр мөн “ОУВС-д хийж чадах, бас чадахгүй зүйл бий. Хийж чадах зүйлээ Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлэхэд цаашид хичээж ажиллана” гэж онцоллоо. Хэлэлцээрийн дүнд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нийт хүүхдийн 80 хувьд олгохоор болсон тухай яриа гарсан. Ийм яриа хэлэлцээ өрнөсөн ч эцсийн шийдвэр гараагүй гэнэ.
Хэлэлцээрийн дүнд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нийт хүүхдийн 80 хувьд олгохоор болсон тухай яриа гарсан
ОУВС-гийнхан энэ тал дээр халамжийг нийгмийн ядуу буурай хэсэгт хүргэх хэрэгтэй гэсэн байр сууриа баримтлаад, бусад донор байгууллагаас санхүүжилт татах арга зам хайхыг манай Засгийн газарт зөвлөжээ. Ч.Хүрэлбаатар сайд Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн тухайд Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд санхүүжилт авах хоёр байгууллагатай хэлэлцээр хийхдээ “хүүхдийн мөнгө”-ийг тусгасан гэсэн мэдээлэл өглөө. Хэрэв Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт оролцохоо амласан олон улсын түншлэгч байгууллагууд дэмжвэл нийт хүүхдийн 80 хувьд сар бүр 20 мянган төгрөг тараах нь. Мөн хэвлэлийн бага хурлын үеэр банкуудын активын чанарын үнэлгээний дүгнэлтийг хөндөв.
Жеофф Готтлиеб “Активын чанарын үнэлгээний үр дүнг ярилцсан. Зохицуулалт хийж болох үр дүн гарсан гэж үзэж байна” гэсэн бол Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг “Активын чанарын үнэлгээний хөрөнгийн үнэлгээний хэсгийг хийж дуусгасан. Зээлийн эрсдэлийн үнэлгээг нь хийх ажил үргэлжилж байна. Монголбанк тун удахгүй үнэлгээний дүгнэлтийг олон нийтэд танилцуулна” гэв. Монгол Улсын эдийн засаг 2018 онд тав, дараа жил 6.3 орчим хувиар өсөх төлөвтэй байгаа аж. Үүнийг хоёр тал төсөөлснөөс өндөр үзүүлэлт гэж харж буй юм.
Өнөөдөр сонин
URL: