ОЛОН ОВООТ ШИНЭ ХУВЬ ЭЗЭМШИГЧТЭЙ БОЛЖЭЭ
Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийг УИХ-аар хэлэлцэж буйтай холбогдуулан Олон Овоотын лицензийг зарж борлуулан төсвийн орлогыг бүрдүүлэх саналыг УИХ дахь МАН-ын бүлэг дээр нэр бүхий гишүүд гаргасан. Энэ асуудалд хандаж байгаа байр суурийг тодруулахаар “Олон Овоот гоулд” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Энхбаярт хандлаа.
-Олон Овоотын лицензийг борлуулбал улсын төсвийн орлогыг 65 тэрбум төгрөгөөр бүрдүүлэх боломжтой гэсэн саналыг УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүд гаргасан. Энэ хэр боломжтой вэ?
-Олон Овоотын лиценз нь Зоос, Анод, Голомт, Хадгаламж банкуудад төлбөл зохих нийтдээ 150-аад тэрбум төгрөгийн зээлийн барьцаанд барьцаалагдсан байгаа. Эдгээр банкуудаас гадна Олон Овоот татварын байгууллага, хувийн бусад компаниудад 190-аад тэрбум төгрөгийн өглөгтэй. Тэгэхээр Олон Овоотын лицензийг хэрэв өнөөдөр 350 тэрбум төгрөгөөр борлуулж чадвал энэ нь боломжтой байж болох юм. Түүнээс биш Олон Овоотын лицензийг 65 тэрбум төгрөгөөр борлуулаад зөвхөн Зоос банкны зээлийг хаана гэвэл бусад банкууд ч зөвшөөрөхгүй, бас бусад зээлдүүлэгч нар ч хүлээн зөвшөөрөхгүй шүү дээ. Тэгэхээр үүнийг яриад байгаа УИХ-ын нэр бүхий гишүүд боломжгүй зүйлийг боломжтой мэтээр ярьж хүмүүсийн толгойг эргүүлж байна гэхээс өөр хэлэх үг алга даа.
-Тэгвэл Олон Овоотын лицензи 350 тэрбум төгрөгөөр борлогдох боломжтой юу ?
-Яг өнөөдөр бол боломжгүй, 1-рт, энэ ордын тогтоогдсон нөөц нь 8 тонн л байгаа, 2-рт ийм олон өр төлбөртэй зээлдүүлэгчтэй төслийг 350 тэрбум төгрөгөөр аваад ямар ашиг олно гэж орох вэ дээ, бодитоор бодоод үзэхэд.
-Олон Овоот энэ их өр төлбөрөө ер нь яаж төлнө гэж тооцоолж байгаа вэ?
-Одоогийн тогтоогдоод байгаа 8 тонн алтаа авч чадахын тулд төлөвлөсөн хөрс хуулалтаа л хийж чадах эсэх нь л эхний асуудал байгаа юм. Энэ хөрс хуулалтын ажил ойролцоогоор 100 гаруй тэрбум төгрөг болно, өөрөөр хэлбэл нэмж энэ хэмжээний санхүүжилт шаардлагатай гэсэн үг. Хэрэв санхүүжилт олдвол 2012 оны эцэс гэхэд хөрсөө бүрэн хуулж дуусаад 2013 оны дунд гэхэд энэ 8 тонн алтаа бүрэн авчихаж чадах юм. Тэгвэл өр төлбөрөө бүрэн төлөөд, үндсэндээ баланс бариад гарах юм байна гэсэн тооцоотой байгаа. Хамгийн гол нь уурхайн хөрс хуулалтаа тооцсоноороо хийж чадвал шүү дээ, үүнийг хийхийн тулд бидэнд санхүүжилт шаардлагатай байгаа. Өнөөдөр манай компанид санхүүжилт өгөх нэг ч банкны байгууллага байхгүй байна шүү дээ, урьд нь Монгол газарт өгсөн зээлүүд нь хүндэрчихсэн учраас. Одоо манай компанийн хувь нийлүүлэгч Жаст группээс л бидэнд санхүүжилт өгч байгаа учраас л бид нар үйл ажиллагаагаа явуулж байна, гэхдээ энэ өгч байгаа санхүүжилт нь уурхай, үйлдвэрлэлийн хэрэгцээг хангаж чадахгүй байгаа юм.
-Хэрэв Жаст групп ганцаараа дийлэхгүй байгаа юм бол өөр хамтрагч олж нийлж болдоггүй юм уу?
-Хамтрагч олдохгүй байсанд л асуудал байгаа юм. Жаст групп энэ Олон Овоотыг авсан цагаасаа л эхлээд гадаад, дотоодын олон байгууллагад хандаж, хамтарч ажиллах санал тавьсан. За тэгээд гадаад, дотоодын олон ч байгууллага ирж, тооцоо судалгаа хийсэн, баахан л цаг зав, хөрөнгө мөнгө л гарздаад байсан. Харин саяхнаас Алтжин компанийхан судалгаагаа хийж дуусаад, Олон Овоотын төсөл дээр хамтарч ажиллахаар боллоо. Ингэснээр Олон Овоотын үйл ажиллагаанд шаардлагатай байгаа санхүүжилтийн асуудал шийдэгдэх боломжтой болоод байна. Тэгэхээр бид төлөвлөсөн ажлаа цаг хугацаанд нь амжуулах боломжтой боллоо, өөрөөр хэлбэл энэ олон банк болон бусад зээлдүүлэгч нартаа төлөх өр төлбөрөө тохиролцсон хугацаандаа төлөх боломж бүрдлээ гэж хэлэх байна.
-Тэгвэл танайх шинэ хувьцаа эзэмшигчтэй боллоо гэсэн үг үү.
-Тийм, манай компани “Жаст групп” ХХК, “Алтжин” ХХК гэсэн 2 хувьцаа эзэмшигчтэй болсон.
URL: