ОЛОН ОВООТ ШИНЭ ХУВЬ ЭЗЭМШИГЧТЭЙ БОЛЖЭЭ

Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийг УИХ-аар хэлэлцэж буйтай холбогдуулан Олон Овоотын лицензийг зарж борлуулан төсвийн орлогыг бүрдүүлэх саналыг УИХ дахь МАН-ын бүлэг дээр нэр бүхий гишүүд гаргасан. Энэ асуудалд хандаж байгаа байр суурийг тодруулахаарОлон Овоот гоулдХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Энхбаярт хандлаа.

-Олон Овоотын ли­цензийг борлуулбал улсын төсвийн орлогыг 65 тэрбум төгрөгөөр бүрдүүлэх боломжтой гэсэн саналыг УИХ дахь МАН-ын бүл­гийн нэр бүхий гишүүд гаргасан. Энэ хэр бо­ломж­той вэ?

-Олон Овоотын ли­ценз нь Зоос, Анод, Го­ломт, Хадгаламж бан­куудад төлбөл зохих нийт­дээ 150-аад тэрбум төг­рөгийн зээлийн барь­цаанд барьцаалагдсан байгаа. Эдгээр банкуу­даас гадна Олон Овоот татварын байгууллага, хувийн бусад компа­ниу­дад 190-аад тэрбум төг­рөгийн өглөгтэй. Тэгэхээр Олон Овоотын лицензийг хэрэв өнөөдөр 350 тэрбум төгрөгөөр борлуулж чад­вал энэ нь боломжтой байж болох юм. Түүнээс биш Олон Овоотын ли­цензийг 65 тэрбум төгрө­гөөр борлуулаад зөвхөн Зоос банкны зээлийг хаана гэвэл бусад банкууд ч зөвшөөрөхгүй, бас бусад зээлдүүлэгч нар ч хүлээн зөвшөөрөхгүй шүү дээ. Тэгэхээр үүнийг яриад байгаа УИХ-ын нэр бүхий гишүүд боломжгүй зүй­лийг боломжтой мэтээр ярьж хүмүүсийн толгойг эргүүлж байна гэхээс өөр хэлэх үг алга даа.

-Тэгвэл Олон Овоо­тын лицензи 350 тэрбум төгрөгөөр борлогдох бо­ломжтой юу ?

-Яг өнөөдөр бол бо­ломж­гүй, 1-рт, энэ ордын тогтоогдсон нөөц нь 8 тонн л байгаа, 2-рт ийм олон өр төлбөртэй зээл­дүүлэгчтэй төслийг 350 тэрбум төгрөгөөр аваад ямар ашиг олно гэж орох вэ дээ, бодитоор бодоод үзэхэд.

-Олон Овоот энэ их өр төлбөрөө ер нь яаж төлнө гэж тооцоолж байгаа вэ?

-Одоогийн тогтоог­доод байгаа 8 тонн алтаа авч чадахын тулд төлөв­лөсөн хөрс хуулалтаа л хийж чадах эсэх нь л эх­ний асуудал байгаа юм. Энэ хөрс хуулалтын ажил ойролцоогоор 100 гаруй тэрбум төгрөг болно, өөрөөр хэлбэл нэмж энэ хэмжээний санхүүжилт шаардлагатай гэсэн үг. Хэрэв санхүүжилт олдвол 2012 оны эцэс гэхэд хөр­сөө бүрэн хуулж дуусаад 2013 оны дунд гэхэд энэ 8 тонн алтаа бүрэн авчихаж чадах юм. Тэгвэл өр төл­бөрөө бүрэн төлөөд, үнд­сэндээ баланс бариад гарах юм байна гэсэн тооцоотой байгаа. Хам­гийн гол нь уурхайн хөрс хуулалтаа тооцсо­ноороо хийж чадвал шүү дээ, үү­нийг хийхийн тулд бидэнд санхүүжилт шаардлагатай байгаа. Өнөөдөр манай компанид санхүүжилт өгөх нэг ч банкны бай­гуул­лага байхгүй байна шүү дээ, урьд нь Монгол газарт өгсөн зээлүүд нь хүндэрчихсэн учраас. Одоо манай компанийн хувь нийлүүлэгч Жаст группээс л бидэнд сан­хүүжилт өгч байгаа учраас л бид нар үйл ажилла­гаагаа явуулж байна, гэх­дээ энэ өгч байгаа сан­хүүжилт нь уурхай, үйлд­вэрлэлийн хэрэгцээг хангаж чадахгүй байгаа юм.

-Хэрэв Жаст групп ганцаараа дийлэхгүй бай­гаа юм бол өөр хамтрагч олж нийлж болдоггүй юм уу?

-Хамтрагч олдохгүй байсанд л асуудал байгаа юм. Жаст групп энэ Олон Овоотыг авсан цагаасаа л эхлээд гадаад, дотоодын олон байгууллагад хан­даж, хамтарч ажиллах санал тавьсан. За тэгээд гадаад, дотоодын олон ч байгууллага ирж, тооцоо судалгаа хийсэн, баахан л цаг зав, хөрөнгө мөнгө л гарздаад байсан. Харин саяхнаас Алтжин компа­нийхан судалгаагаа хийж дуусаад, Олон Овоотын төсөл дээр хамтарч ажил­лахаар боллоо. Ингэснээр Олон Овоотын үйл ажил­лагаанд шаардлагатай байгаа санхүүжилтийн асуудал шийдэгдэх бо­ломжтой болоод байна. Тэгэхээр бид төлөвлөсөн ажлаа цаг хугацаанд нь амжуулах боломжтой боллоо, өөрөөр хэлбэл энэ олон банк болон бусад зээлдүүлэгч нартаа төлөх өр төлбөрөө тохиролцсон хугацаандаа төлөх боломж бүрдлээ гэж хэлэх байна.

-Тэгвэл танайх шинэ хувьцаа эзэмшигчтэй бол­лоо гэсэн үг үү.

-Тийм, манай ком­пани “Жаст групп” ХХК, “Алтжин” ХХК гэсэн 2 хувь­цаа эзэмшигчтэй болсон.


URL:

Сэтгэгдэл бичих