Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах гэж оролдвол онц ноцтой гэмт хэрэг гэж үзнэ

УИХ-ын гишүүн Д.Одхүүтэй Сонгуулийн хуулийн талаар ярилцлаа.

-Сонгуулийн хууль дээр таны баримталж буй байр суурь хуулийн төсөлд тусч чад­сан уу?

-Би Сонгуулийн хууль дээр бизнес, төр хоёрыг салгах хэрэгтэй гэсэн байр суурийг барьж байгаа. Бизнес, төр хоёр хэтэрхий хутгалдахаар ашиг сонирхлын бүлгүүд бий болж, төрөөс тэрбумт­нууд төрдөг. Тэд төрийн эрх мэдлийг хувийн ашиг со­нир­холд ашиглаж, авлигыг аймшигтайгаар цэ­цэг­­­лүүлдэг. Тиймээс Сон­гуулийн хуулиндаа эхний ээл­жинд үзэл баримтлал, оюун ухаан, чадамж, мөрийн хөтөлбөрөөрөө өрсөлддөг байх зарчмыг оруулахыг хичээж байна.

-Сонгуулийн хууль удахгүй батлагдана гэсэн хүлээлт байна. Байнгын хороон дээр эцсийн хэлэл­цүүл­гийг хийх үеэр та нэлээд шүүм­жлэлтэй хан­даж бай­сан. Шүүмжлэх асуу­дал их гарч байна уу?

-Тогтолцоо бол улстөрийн зөв­шилцлөөр явсан. Гэхдээ гол асуудалдаа анхаарал хан­д­уулж шийдчихээд бусад зүйлд алдаа гаргах тохиол­дол байдаг. Хуулийн цэг, таслал, үг хэллэг, ойлголт, найруулга их чухал. Энэ нь хуулийн амин сүнс юм уу даа. Нэг цэг, таслал илүү тавихад л утга нь өөр болдог шүү дээ. Ямар ч гоё үзэл санаатай хууль байлаа гэсэн таслалыг нь буруу байрлуулчихад л өөр утга агуулгатай болдог. Ер нь хууль цэг таслалаараа хэрэгж­дэг.

-Сонгуулийн хуулийн дотоод агуулга, найруулга, цэг, таслалд анхаарлаа хан­дуулах нь зүйтэй гэж хэлэх гээд байна уу?

Сонгуулийн хуулийн төслийг харахад бүртгэлийн явцад нэрсийн жагсаалтаас хасах тухай зүйл хүртэл явж байна. Тийм ойлголт байхгүй шүү дээ. Бүртгэлийн явцад бол “бүртгэхгүй” гэсэн ха­­риуцлагын тогтолцоо байх учир­тай. Иймэрхүү зүй­лүүдийг анзаа­раагүй л явж байна. Хуулийг 10 дахин уншчихаад байхад хүр­тэл иймэрхүү алдаа гарах нь бий. Тиймээс усыг нь сайн ша­хах хэрэгтэй. Ер нь УИХ-аар маш олон хууль хэлэлцэж бай­гаа болохоор үндсэн бодлогыг нь барьж явахдаа хуулийн цэг, тас­лал, найруулга дээр нь алдаа гар­гах то­хиолдол байна. Хүн юм боло­х­оор алддаг.

-Иргэд сонгууль буд­лиангүй, шударга болоосой гэж л хүсдэг. Ийм нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө хууль хэлэлцэж байгаа гэж ойл­гож байна. Одоо хэлэл­цэж байгаа хуулийн төслөөс үзэ­хэд сонгууль будлиангүй бо­лох эрх зүйн орчин бүр­дэж чадсан уу?

-Иргэд сонгогчдын өгсөн сана­лыг будлиантуулахыг сон­гуу­лийн будлиан гэж хэлдэг. Үүнийг арилгахын тулд сон­гуу­лийн автоматжуулсан сис­­темийг нэвтрүүлэхээр ярьж бай­на. Энэ бол иргэд сонгогчдын өгсөн сонгох, сонгогдох эрхийг шударга эдлүүлэх процедурын зүйл. Өө­рөөр хэлбэл сонгуулийн саналыг шударгаар тоолох зарчим юм.

Будлианаас гадна төрөөс мөнгө хийх зорилгоор УИХ-д орохыг санаархаж байгаа хү­мүүсийг хазаарлаж, шударга хү­мүү­сийг оруулах гэдэг бас нэг зар­чим бий. Энэ нь мөнгө цацаад, хахуульдах маягаар сонгуульд ялалт байгуулдаг хүмүүсийн хууль бус ажиллагааг хүчингүй бол­гож, мөрийн хөтөлбөр, нэр дэв­шигчдийг өөрийн чадамж, чин шударга байдал, боловсрол гэсэн шалгууруудаар өрсөлдүүлдэг байх нь сонгуулийн хоёр дахь үнд­сэн зарчим.

-Сонгууль бүрийн дараа мар­гаан гарч, шүүх цагдаад хү­рэх нь бий. Ийм нөхцөл байдал ирэх сонгуулиар дав­тагдахгүй гэ­сэн баталгаа бай­на уу?

-Иргэд сонгогчид нэг хү­чинд саналаа өгчихөөд түү­нийгээ ялах ёстой гэж бодож байтал нөгөөх нь ялчихаар булхайтай сонгууль бол­лоо гэж ярьдаг. Үүнийг засахын тө­­лөө явсан. Хөрөнгөтэй хүн мөн­гө цацаж, сонгуульд ял­даг биш, үндсэндээ сайн мө­рийн хөтөл­бөртэй, ча­дамж­тай хү­мүүс УИХ-ын гишүүн бол­­но гэсэн зарчим явж бай­на.

-Хариуцлагын тогтол­цоо­ны асуудал хөндөгдөж бай­сан. Бус­дын сонгох, сон­гогдох эрхэд халд­­сан этгээдэд торгууль оног­­дуу­­ла­хаар төсөлд тусгасан байна лээ. Үүнийг тодруулбал?

-Хариуцлагын тог­тол­цоонд хөдөлмөрийн хөлсний доод хэм­жээг 1-2 дахин нэ­мэг­дүүлсэнтэй тэн­цэх хэм­жээний мөнгөн тор­гууль оног­дуулахаар хуулийн тө­­сөлд тусгасан байсан. 140-280 мян­ган төгрөгийн тор­гуу­лийг ямар ха­риуцлага хүлээлг­эх гэх вэ дээ. Тиймээс үү­нийг өсгөх хэ­рэг­тэй гэж үзэж байна.

Сонгууль будлиантуулах гэж буй, хуульд хориглосон зүйлүү­дийг хийх гэж байгаа хүмүүс 280 мянган төгрөгийг юман чинээ тоох уу. Чөлөөтэй хийнэ шүү дээ.

-Тэгэхээр яах ёстой вэ?

-Би сонгуулийн буд­лиа­ныг хийсэн болон захиалж хийл­гэсэн хүмүүст оноох мөн­гөн торгууль их байх ёстой гэсэн байр суурьтай байна. Хоёр­дугаарт хуульд хо­риг­лосон зүй­лийг хийсэн ал­бан тушаалтан, тө­рийн ал­бан хаагч байвал тө­рийн ал­банаас халагдана гэсэн хатуу шаардлага тавьж байгаа. Нөгөөтэйгүүр сонгуулийн болон тойргийн хорооны хү­мүүс ийм зүйл гаргавал да­хиж сонгуулийн болон тойр­гийн хороонд орох эрхийг нь хасна. Гурван янзын ха­риуцлагын тогтолцоо яриг­даж байна. Эдгээр нь мөнгөн торгууль, албан тушаалаас нь чөлөөлөх, эрүү­гийн х­а­риуцлага хүлээлгэх юм.

-Хуулийн төсөлд торгох тухай заалт түлхүү байгаа нь ажиглагдсан. Иймээс бус­дын сонгох, сонгогдох эр­хэд халдсан этгээд зөвхөн тор­гуулиад л өн­гө­рөх вий гэсэн болгоомжлол төрж байна?

-Үгүй. Байнгын хорооны хурал­даан дээр яриад чан­гар­уулахаар бол­сон. Хө­дөл­мөрийн хөлсний доод хэмжээг 1-2 дахин нэмэг­дүүл­сэнтэй тэнцэх хэмжээний тор­гууль оногдуулна гэснийг 2-5 бол­госон шүү дээ.

-Бас л торгууль байна шүү дээ?

-Бодлоготойгоор хүний эр­хэд халдсан тохиолдолд албан ту­шаа­лаас нь буулгана. Харин сон­гуу­лийн үр дүнд шууд нөлөөлөх хэл­бэртэй байх юм бол өөрөөр ярина. Шат­лалтай байгаа биз дээ.

-Сонгуулийн үр дүнд нө­лөөлөх гэсэн оролдлого гарч ма­гад­гүй гэж тооцъё. Ийм то­хиол­долд торгоод өнгөрөх үү, эс­вэл эрүүгийн хэрэг гэж үзэх юм уу?

-Сонгуулийн дүнг буд­лиан­туулах нь зөвхөн бичиг цаас засч байгаа явдал биш. Үү­нийг Үндсэн хуу­лийн бус аргаар төрийн эрхийг авах гэсэн оролдлого гэж үз­нэ. Тиймээс онц ноцтой гэмт хэрэг гэж зүйлчлэхээр ярьж байгаа. Монгол Улсын тө­рийн эрхийг УИХ барьдаг. Тэгэхээр УИХ-д сонгогдоогүй хүнийг гаргах гэж оролдоно гэдэг бол Үндсэн хуу­лийн бус аргаар төрийн эрхийг авах гэсэн оролдлого мөн. Яг ингэж зүйлчилж байгаа.

-Сонгуулийн хэсгийн ажилтан санамсаргүй байд­лаар нэг хү­ний сонгогдох эр­хэд халдах то­­хиол­дол гарч болзошгүй. Үү­нээс гадна са­наатайгаар олон хү­ний сонгох эрхэд халдаж бас бол­зош­гүй. Ийм тохиолдолд хэр­хэн ялгаж салгаж, шийтгэл оног­дуу­лах вэ?

-Санамсаргүй байдлаар нэг, хоёр хүний сонгох эрхэд халдсан бол мөнгөн торгууль төлнө гэж ойлгох хэрэгтэй. Харин са­наа­тайгаар нэг хэсэг хүмүүсийн сон­гох, сонгогдох эрхэд халдвал нэг­дүгээрт албан тушаалтай нь ярина. Хоёрдугаарт нь Үндсэн хуу­лийн бус аргаар төрийн эрхийн авах гэсэн оролдлого гэж үзвэл эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

-Бусдын сонгох, сон­гог­дох эрхэд санамсар­гүй­гээр халдсан, эсв­эл санаатайгаар халдсан гэд­гийг яаж тог­тоох юм бэ. Сон­гуу­лийн Ерөнхий хороо үүнийг шал­гаж тогтоох хууль эрх зүйн ор­чин бий юу?

-Бусад улс орон Сонгуу­лийн Ерөнхий хороонд мөрдөн шал­гах маягийн үйл ажиллагаа явуу­лах эр­хийг нь олгодог тухай Ж.Сүх­­б­аа­тар гишүүн ярьж байсан. Цагдаа, прокурор шиг эрх мэдэл эдлэхгүй ч гэсэн тэдэнд нэ­лээд дөхөж очсон, сон­гуу­лийн про­цесс­тэй хол­боотой асуудлаар хянаж шалгах эрх олгодог. Энэ бас хэрэгтэй зүйл. Манай Сон­гуулийн Ерөнхий хороо үнэхээр са­наатайгаар хүний сонгох, сон­гогдох эрхэд халдчихав уу, эсвэл санамсаргүйгээр алдаа гаргасан уу гэдгийг тогтоохын тулд мөр­дөн шалгах үйл ажиллагааг явуу­лах эрхгүй шүү дээ. Гэхдээ үүн дээр Сонгуулийн Ерөнхий хо­роо өөрсдийнхөө хүрээнд ажил­ла­хаас өөр аргагүй. Гэмт хэргийн шинж чанартай бол шууд хууль хя­нал­тын байгууллагад шил­жүү­лэх юм.

-Тэгвэл хууль зөрчсөн эт­гээ­дэд хариуцлага тооцох эрх нь Сон­гуулийн Ерөнхий хороонд бай­на уу?

-Сонгуулийн Ерөнхий хороо өөрийнхөө шийдэх ёс­той зүйл дээр нэрийн жаг­саал­таас нь ха­сах, сонгуулийн хорооны бүрэл­дэ­хүү­нээс гар­гах, төрийн албанаас ха­лах санал оруулах зэрэг эрх нь нээлттэй байгаа. Энэ асуу­дал нотлох баримтаар нотлогд­вол ямар ч хууль хянал­тын бай­гуул­лагаар дамжуу­лал­гүй Сонгуулийн Ерөнхий хо­роо хариуцлага тооцох бо­ломж­той.

-Сонгуулийг 26 тойрог, 48 мандатаар явуулахаар үнд­­сэн­дээ тохиролцсон. Тэ­гэ­хээр за­рим мандатыг нийс­лэл рүү шил­жүү­лэх зэрэг асуудлыг шийдэх хэ­рэгтэй болж байгаа гэсэн үг үү?

-Мандатын тоог нь багас­гаад, илүү гарсан мандатыг Улаан­баа­тар болон бусад аймаг руу шил­жүүлэх за­маар шийдэхээр бол­сон. Тэ­гэхээр асуудал их хөнгөн. Ту­хайлбал Орхон аймаг нэг тойрог, хоёр мандаттай байсан, үүгээрээ л явна. Харин 3-4 ман­даттай байсан аймгийнх хоёр болж, илүү мандат нь хот, бусад аймаг руу шилжих юм.

-Хуулиа батлах, эдгээр зо­хицуулалтыг хийх зэргээр сон­гуу­лийн бэлтгэл хангах хугацаа хан­галттай байна гэж үзэж байна уу?

-Хангалттай. Ямар ч асуу­далгүйгээр шийдэх боломж байна.

-Тэгвэл орон нутгийн сонгуу­лиа яах вэ?

-Одоо хамгийн гол ший­дэх зүйл бол орон ну­тгийн сонгуу­лийн асуудал юм. Орон нутгийн сонгууль, УИХ-ын сонгууль хоёр нэг өдөр болно гээд заачихсан. Тиймээс орон нут­гийн сонгуулийг УИХ-ын сон­гуультай нийцүүлж нэг өдөр явуулах, тойрог бай­гуулах ажил байна. Бидэнд байгаа нэг давуу тал бол Орон нутгийн сонгуулийн хуулийг хэзээ ч өөрчилж болно. Харин УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг зургаан сарын өмнө батлах ёстой шүү дээ. Тиймээс орон нутгийн сонгуулийг намрын чуулганы төгсгөлөөр хэлэлцээд баталчих байх.

ugluunii sonin


URL:

Сэтгэгдэл бичих