Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах гэж оролдвол онц ноцтой гэмт хэрэг гэж үзнэ
УИХ-ын гишүүн Д.Одхүүтэй Сонгуулийн хуулийн талаар ярилцлаа.
-Сонгуулийн хууль дээр таны баримталж буй байр суурь хуулийн төсөлд тусч чадсан уу?
-Би Сонгуулийн хууль дээр бизнес, төр хоёрыг салгах хэрэгтэй гэсэн байр суурийг барьж байгаа. Бизнес, төр хоёр хэтэрхий хутгалдахаар ашиг сонирхлын бүлгүүд бий болж, төрөөс тэрбумтнууд төрдөг. Тэд төрийн эрх мэдлийг хувийн ашиг сонирхолд ашиглаж, авлигыг аймшигтайгаар цэцэглүүлдэг. Тиймээс Сонгуулийн хуулиндаа эхний ээлжинд үзэл баримтлал, оюун ухаан, чадамж, мөрийн хөтөлбөрөөрөө өрсөлддөг байх зарчмыг оруулахыг хичээж байна.
-Сонгуулийн хууль удахгүй батлагдана гэсэн хүлээлт байна. Байнгын хороон дээр эцсийн хэлэлцүүлгийг хийх үеэр та нэлээд шүүмжлэлтэй хандаж байсан. Шүүмжлэх асуудал их гарч байна уу?
-Тогтолцоо бол улстөрийн зөвшилцлөөр явсан. Гэхдээ гол асуудалдаа анхаарал хандуулж шийдчихээд бусад зүйлд алдаа гаргах тохиолдол байдаг. Хуулийн цэг, таслал, үг хэллэг, ойлголт, найруулга их чухал. Энэ нь хуулийн амин сүнс юм уу даа. Нэг цэг, таслал илүү тавихад л утга нь өөр болдог шүү дээ. Ямар ч гоё үзэл санаатай хууль байлаа гэсэн таслалыг нь буруу байрлуулчихад л өөр утга агуулгатай болдог. Ер нь хууль цэг таслалаараа хэрэгждэг.
-Сонгуулийн хуулийн дотоод агуулга, найруулга, цэг, таслалд анхаарлаа хандуулах нь зүйтэй гэж хэлэх гээд байна уу?
Сонгуулийн хуулийн төслийг харахад бүртгэлийн явцад нэрсийн жагсаалтаас хасах тухай зүйл хүртэл явж байна. Тийм ойлголт байхгүй шүү дээ. Бүртгэлийн явцад бол “бүртгэхгүй” гэсэн хариуцлагын тогтолцоо байх учиртай. Иймэрхүү зүйлүүдийг анзаараагүй л явж байна. Хуулийг 10 дахин уншчихаад байхад хүртэл иймэрхүү алдаа гарах нь бий. Тиймээс усыг нь сайн шахах хэрэгтэй. Ер нь УИХ-аар маш олон хууль хэлэлцэж байгаа болохоор үндсэн бодлогыг нь барьж явахдаа хуулийн цэг, таслал, найруулга дээр нь алдаа гаргах тохиолдол байна. Хүн юм болохоор алддаг.
-Иргэд сонгууль будлиангүй, шударга болоосой гэж л хүсдэг. Ийм нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө хууль хэлэлцэж байгаа гэж ойлгож байна. Одоо хэлэлцэж байгаа хуулийн төслөөс үзэхэд сонгууль будлиангүй болох эрх зүйн орчин бүрдэж чадсан уу?
-Иргэд сонгогчдын өгсөн саналыг будлиантуулахыг сонгуулийн будлиан гэж хэлдэг. Үүнийг арилгахын тулд сонгуулийн автоматжуулсан системийг нэвтрүүлэхээр ярьж байна. Энэ бол иргэд сонгогчдын өгсөн сонгох, сонгогдох эрхийг шударга эдлүүлэх процедурын зүйл. Өөрөөр хэлбэл сонгуулийн саналыг шударгаар тоолох зарчим юм.
Будлианаас гадна төрөөс мөнгө хийх зорилгоор УИХ-д орохыг санаархаж байгаа хүмүүсийг хазаарлаж, шударга хүмүүсийг оруулах гэдэг бас нэг зарчим бий. Энэ нь мөнгө цацаад, хахуульдах маягаар сонгуульд ялалт байгуулдаг хүмүүсийн хууль бус ажиллагааг хүчингүй болгож, мөрийн хөтөлбөр, нэр дэвшигчдийг өөрийн чадамж, чин шударга байдал, боловсрол гэсэн шалгууруудаар өрсөлдүүлдэг байх нь сонгуулийн хоёр дахь үндсэн зарчим.
-Сонгууль бүрийн дараа маргаан гарч, шүүх цагдаад хүрэх нь бий. Ийм нөхцөл байдал ирэх сонгуулиар давтагдахгүй гэсэн баталгаа байна уу?
-Иргэд сонгогчид нэг хүчинд саналаа өгчихөөд түүнийгээ ялах ёстой гэж бодож байтал нөгөөх нь ялчихаар булхайтай сонгууль боллоо гэж ярьдаг. Үүнийг засахын төлөө явсан. Хөрөнгөтэй хүн мөнгө цацаж, сонгуульд ялдаг биш, үндсэндээ сайн мөрийн хөтөлбөртэй, чадамжтай хүмүүс УИХ-ын гишүүн болно гэсэн зарчим явж байна.
-Хариуцлагын тогтолцооны асуудал хөндөгдөж байсан. Бусдын сонгох, сонгогдох эрхэд халдсан этгээдэд торгууль оногдуулахаар төсөлд тусгасан байна лээ. Үүнийг тодруулбал?
-Хариуцлагын тогтолцоонд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1-2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль оногдуулахаар хуулийн төсөлд тусгасан байсан. 140-280 мянган төгрөгийн торгуулийг ямар хариуцлага хүлээлгэх гэх вэ дээ. Тиймээс үүнийг өсгөх хэрэгтэй гэж үзэж байна.
Сонгууль будлиантуулах гэж буй, хуульд хориглосон зүйлүүдийг хийх гэж байгаа хүмүүс 280 мянган төгрөгийг юман чинээ тоох уу. Чөлөөтэй хийнэ шүү дээ.
-Тэгэхээр яах ёстой вэ?
-Би сонгуулийн будлианыг хийсэн болон захиалж хийлгэсэн хүмүүст оноох мөнгөн торгууль их байх ёстой гэсэн байр суурьтай байна. Хоёрдугаарт хуульд хориглосон зүйлийг хийсэн албан тушаалтан, төрийн албан хаагч байвал төрийн албанаас халагдана гэсэн хатуу шаардлага тавьж байгаа. Нөгөөтэйгүүр сонгуулийн болон тойргийн хорооны хүмүүс ийм зүйл гаргавал дахиж сонгуулийн болон тойргийн хороонд орох эрхийг нь хасна. Гурван янзын хариуцлагын тогтолцоо яригдаж байна. Эдгээр нь мөнгөн торгууль, албан тушаалаас нь чөлөөлөх, эрүүгийн хариуцлага хүлээлгэх юм.
-Хуулийн төсөлд торгох тухай заалт түлхүү байгаа нь ажиглагдсан. Иймээс бусдын сонгох, сонгогдох эрхэд халдсан этгээд зөвхөн торгуулиад л өнгөрөх вий гэсэн болгоомжлол төрж байна?
-Үгүй. Байнгын хорооны хуралдаан дээр яриад чангаруулахаар болсон. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1-2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгууль оногдуулна гэснийг 2-5 болгосон шүү дээ.
-Бас л торгууль байна шүү дээ?
-Бодлоготойгоор хүний эрхэд халдсан тохиолдолд албан тушаалаас нь буулгана. Харин сонгуулийн үр дүнд шууд нөлөөлөх хэлбэртэй байх юм бол өөрөөр ярина. Шатлалтай байгаа биз дээ.
-Сонгуулийн үр дүнд нөлөөлөх гэсэн оролдлого гарч магадгүй гэж тооцъё. Ийм тохиолдолд торгоод өнгөрөх үү, эсвэл эрүүгийн хэрэг гэж үзэх юм уу?
-Сонгуулийн дүнг будлиантуулах нь зөвхөн бичиг цаас засч байгаа явдал биш. Үүнийг Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах гэсэн оролдлого гэж үзнэ. Тиймээс онц ноцтой гэмт хэрэг гэж зүйлчлэхээр ярьж байгаа. Монгол Улсын төрийн эрхийг УИХ барьдаг. Тэгэхээр УИХ-д сонгогдоогүй хүнийг гаргах гэж оролдоно гэдэг бол Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах гэсэн оролдлого мөн. Яг ингэж зүйлчилж байгаа.
-Сонгуулийн хэсгийн ажилтан санамсаргүй байдлаар нэг хүний сонгогдох эрхэд халдах тохиолдол гарч болзошгүй. Үүнээс гадна санаатайгаар олон хүний сонгох эрхэд халдаж бас болзошгүй. Ийм тохиолдолд хэрхэн ялгаж салгаж, шийтгэл оногдуулах вэ?
-Санамсаргүй байдлаар нэг, хоёр хүний сонгох эрхэд халдсан бол мөнгөн торгууль төлнө гэж ойлгох хэрэгтэй. Харин санаатайгаар нэг хэсэг хүмүүсийн сонгох, сонгогдох эрхэд халдвал нэгдүгээрт албан тушаалтай нь ярина. Хоёрдугаарт нь Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийн авах гэсэн оролдлого гэж үзвэл эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
-Бусдын сонгох, сонгогдох эрхэд санамсаргүйгээр халдсан, эсвэл санаатайгаар халдсан гэдгийг яаж тогтоох юм бэ. Сонгуулийн Ерөнхий хороо үүнийг шалгаж тогтоох хууль эрх зүйн орчин бий юу?
-Бусад улс орон Сонгуулийн Ерөнхий хороонд мөрдөн шалгах маягийн үйл ажиллагаа явуулах эрхийг нь олгодог тухай Ж.Сүхбаатар гишүүн ярьж байсан. Цагдаа, прокурор шиг эрх мэдэл эдлэхгүй ч гэсэн тэдэнд нэлээд дөхөж очсон, сонгуулийн процесстэй холбоотой асуудлаар хянаж шалгах эрх олгодог. Энэ бас хэрэгтэй зүйл. Манай Сонгуулийн Ерөнхий хороо үнэхээр санаатайгаар хүний сонгох, сонгогдох эрхэд халдчихав уу, эсвэл санамсаргүйгээр алдаа гаргасан уу гэдгийг тогтоохын тулд мөрдөн шалгах үйл ажиллагааг явуулах эрхгүй шүү дээ. Гэхдээ үүн дээр Сонгуулийн Ерөнхий хороо өөрсдийнхөө хүрээнд ажиллахаас өөр аргагүй. Гэмт хэргийн шинж чанартай бол шууд хууль хяналтын байгууллагад шилжүүлэх юм.
-Тэгвэл хууль зөрчсөн этгээдэд хариуцлага тооцох эрх нь Сонгуулийн Ерөнхий хороонд байна уу?
-Сонгуулийн Ерөнхий хороо өөрийнхөө шийдэх ёстой зүйл дээр нэрийн жагсаалтаас нь хасах, сонгуулийн хорооны бүрэлдэхүүнээс гаргах, төрийн албанаас халах санал оруулах зэрэг эрх нь нээлттэй байгаа. Энэ асуудал нотлох баримтаар нотлогдвол ямар ч хууль хяналтын байгууллагаар дамжуулалгүй Сонгуулийн Ерөнхий хороо хариуцлага тооцох боломжтой.
-Сонгуулийг 26 тойрог, 48 мандатаар явуулахаар үндсэндээ тохиролцсон. Тэгэхээр зарим мандатыг нийслэл рүү шилжүүлэх зэрэг асуудлыг шийдэх хэрэгтэй болж байгаа гэсэн үг үү?
-Мандатын тоог нь багасгаад, илүү гарсан мандатыг Улаанбаатар болон бусад аймаг руу шилжүүлэх замаар шийдэхээр болсон. Тэгэхээр асуудал их хөнгөн. Тухайлбал Орхон аймаг нэг тойрог, хоёр мандаттай байсан, үүгээрээ л явна. Харин 3-4 мандаттай байсан аймгийнх хоёр болж, илүү мандат нь хот, бусад аймаг руу шилжих юм.
-Хуулиа батлах, эдгээр зохицуулалтыг хийх зэргээр сонгуулийн бэлтгэл хангах хугацаа хангалттай байна гэж үзэж байна уу?
-Хангалттай. Ямар ч асуудалгүйгээр шийдэх боломж байна.
-Тэгвэл орон нутгийн сонгуулиа яах вэ?
-Одоо хамгийн гол шийдэх зүйл бол орон нутгийн сонгуулийн асуудал юм. Орон нутгийн сонгууль, УИХ-ын сонгууль хоёр нэг өдөр болно гээд заачихсан. Тиймээс орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай нийцүүлж нэг өдөр явуулах, тойрог байгуулах ажил байна. Бидэнд байгаа нэг давуу тал бол Орон нутгийн сонгуулийн хуулийг хэзээ ч өөрчилж болно. Харин УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг зургаан сарын өмнө батлах ёстой шүү дээ. Тиймээс орон нутгийн сонгуулийг намрын чуулганы төгсгөлөөр хэлэлцээд баталчих байх.
ugluunii sonin
URL: