МАН-ыг төрөөс чөлөөлөх хөдөлгөөн буюу “Оккупай-МАН” байгуулцгаая
Сонгуулийн хуулийг хэлэлцэх гэж хуучин ху-гийнхан ард түмний толгойг эргүүлж гүйцлээ. Долдугаар сарын 1-ний хэрэг явдлыг УИХ дээр хэлэлцэх үеэс л Сонгуулийн хуулийг өөрчлөх асуудал яригдсан. Хэлэлцэж шийдээд нэг мөр болгох хугацаа өнгөрлөө. Хууль өөрчлөгдсөнгүй. Сайхан худлаа ярьсан хүмүүс. Анхных болох Д.Лүндээжанцан, Лу.Болд хоёрын хуулийн төсөл нь хоёулаа сонгуулийг пропорционалиар явуулахаар орж ирсэн. Үүнийг нь Үндсэн хуультай харшилна гээд буцаасан.
Дараа нь МАН-ынхан 50:26 гэж өөрчилж оруулсан. Мажоритар давамгайлсан хувилбар. Тэгсэн АН нь эсэргүүцэв. Эсэргүүцсэн даруйдаа тэд эргүүлээд 38:38 гэсэн хувилбарыг барив. МАН эсэргүүцлээ. Ингээд 48:28 гэсэн хувилбарыг сая оруулаад ирлээ. Үүн дээр нь АН-ынхан “Одоо байгаа 26 тойргоо жижиглэж бутаргахгүй” гэсэн зарчмын асуудал яриад гэдийж байна. АН-ынхны ингэж эсэргүүцэхийг МАН-ынхан мэдэж л байсан. Мэдэж байсан болохоор оруулж ирэн гацаанд хийж буй хэрэг. Өдөр хоног урсаж байна.
“Өөрчилье, шинэчилье гэсэн чинь АН-ынхан тохирохгүй байна” гэсэн юм ярьсаар цаг авч эхлэв. Энэ бүхний эцэст өнөөдөр юу болж байна гэхээр өөрчилсөн хэдэн тоонууд, пропорциональ, мажоритар гэсэн хоёр үгэнд ард түмний толгой нэгэнт эргэж, залхаж эхлэв. Өнөөдөр иргэн хэнээс нь ч асуусан “Мэдэхгүй мэдэхгүй, толгой нэг мөсөн эргэчихээд байна” гэж хэлж байна. Тэгэхээр ард түмний хараа хяналт нэг мөсөн дайжин холдлоо гэсэн үг. Зарим иргэний яриаг сонсохоор инээд ч хүрмээр. Жишээ нь нийгмийн нэлээн идэвхтэй иргэн болох Т.Цогт ингэж ярьж байгаа юм, сонгуулийн хуулийн талаар. Тэр нэг пор пор… гэсэн нь \хэлэхээсээ ч залхуурдаг болж.сурв\, тэр нэг сажиртаар нь ч бил үү, аль нь ч ашигтай юм. Анхандаа ойлгох аядаад, сонирхдог байлаа. Одоо бүр толгой эргээд сонсохоос ч залхаж байна гэж. Ард түмнийг ингэж л залхаалаа хуучин ху-гийнхан. Залхсан юмаа хүн сонирхохгүй, хаяна. Хэргээр ийм нэг залхаасан зүйлсийг ярьж, нээрэн нэг юм сонгуулийн системд өөрчлөлт шинэчлэл хийх гэж байгаа юм байх гэсэн сэтгэгдлийг нийгэмд төрүүлсээр… Одоо хоёр сар хүрэхгүй хугацааг туулахад “Сонгууль болохоос зургаан сарын өмнө сонгуулийн хуулийг өөрчлөхгүй” гэсэн заалтад хүрнэ. Үүнийг хуучин ху-гийнхан сайн мэдэж байгаа.
Өчигдрөөс юу яриад эхлэв гэхээр “Сонгуулийн хуулийг энэ сард батлах хэрэгтэй. Намын бүлгүүд хуулийн төсөлд санал нэгдэж чадахгүй бол УИХ бүрэн эрхийнхээ дагуу энэ сарын хоёр дахь долоо хоногт гишүүдээр санал хураалт явуулж шийдэх болно” хэмээн Их хурлын дарга нь мэдэгдлээ. Ингээд л бандан пад. Их хуралд хэн олонх билээ, хуучин ху нар буюу МАН-ынхан шүү дээ. Тэд олонхоороо түрээд өнөөдөр шахаад буй 48:28 хувилбараараа шийднэ. Кноп дарж, дарга нь алх цохино.
Ингэснээр 28 нь пропорционалиар, 48 нь жижигссэн мажоритараар явна гэсэн үг. Ухаандаа гурван сум нэг тойрог болж нэг нэр дэвшигчийг сонгох нь. Энэ нь одоо байгаа гишүүдэд хамаагүй хялбар амар байгаа юм. Сүүлийн гурван жил энэ Их хурлын гишүүдэд жил дараалан тус бүр гурван тэрбум төгрөг өгсөн. Бүгдийг нь идчихдэг тэнэг хүн тэр дотор нэг ч байхгүй. Ядаж талаар нь сонгогдох гурван сумынхаа тал хувийг нь бондойлгочихсон байгаа. “Хүн арвайн гурил гаргавал би шар тос гаргана ш дээ” гэсэн зарчим монгол хүний сэтгэхүйд байдаг.
Үүнлүгээ хүний “юм” авчихсан сонгогч Дорж хариуг нь барина биз дээ. Нэрийг нь дугуйлна. Ингэхээр сонгуулийн энэ хувилбараар бол МАН дахин төрийн эрх барих нь тодорхой боллоо. Дахин төрийн дээр суух нөхцлөө ийнхүү сонгуулийн системийг шинэчлэн өөрчиллөө гэсэн нэр хаягийн дор хийчихлээ. Сонгуулийн хуулийг шинэчилсэн үү, шинэчилсэн. Өөрчилсөн үү, өөрчилсөн. Өөр яах юм гээд сууцгаах нь. Тэгэхээр эд нөхөд бол дийлдэхгүй юм байна. Монголын ард түмнээр яаж л бол яаж даажигнах юм байна. Монголын төрийг тэд хувьчлаад авчихсан юм байна. Одоо зурагтаар ярих сонгуулийн хуулийн талаарх ярианд хууртах хэрэггүй, ард түмэн минь. Сонгуулийн хуулийг өөрчилж байна гэсэн жүжиг тавьж цаг нөгцөөж байна гэж шууд ойлгоорой. Холимог юм шиг харагдах хуулийн 48 жижиг тойрог бол хамгийн жижигрүүлсэн мажоритар гэсэн үг шүү.
Харамсалтай нь үүний эсрэг АН-ынхан яаж ч үзээд нэмэргүй. Нэмэргүй ч гэж дээ, нэг талаас нь харахад АН-ынхан үүнд нь дуртай ч байгаа юм шиг. 50 хувийг нь МАН-ынхан, 40 хувийг нь бид, үлдсэн 10 хувийг гудамжинд байгаа нөгөө хэд авбал аваг гэсэн байдалтай. Монголын парламент дотроо ийм хүч султай, өөрсдийгөө дахин сонгогдохыг бодсон шинж чанартай байна. Ядаж Их хуралд гаднаас нь нөлөөлөх хүч алга. Сөрөг хүч гэхээр юм алга. Байгаа нь Баатархуяг, Уянга хоёр л нэг жагсах байх. О.Магнай дуртай юм чинь нэмэгдэх биз. Баасан эгч ч энэ жагсаалд ирэхгүй, “Шалгалт эхэлчихсэн. Хамаагүй улс төрийн тэмцэл хийвэл багш зуучихна” гээд ирэхгүй. Их хуралд байгаа З.Алтайгаар дамжуулж МАХН-ынхан сонгуулийн хуулийн шинэ төслийг дамжуулах юм гэсэн. З.Алтайг тэр зааланд хэн тоодог юм.
Хамтарсан Засгийн газар анх байгуулагдаад амласан хоёр л том ажил бий. Нэг нь 1.5 саяыг ард түмэнд өгөх. Нөгөө нь сонгуулийн системийг өөрчлөх. Гэтэл энэ хоёрыгоо өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлээд эргүүлчихдэг байна шүү. 1.5 саяыг намдаа санал байнга өгдөг тэтгэврийн хөгшдөдөө өгөхөөр болсон. Сонгуулийн хуулийг өөрсдөө дахин сонгогдох хувилбараар батлах нь.
Энэ бүхнээс юу харагдаж байна гэхээр Монголын ард түмэн МАН-ынхныг хоолтой байлгах гэж, эрх мэдлийн суудалд нь мөнхөд суулгах гэж, таван үеэр нь тарган сайхан байлгах гэж татвараа төлж амьдарч байгаа болж таарлаа. Өнгөрсөн дийлэнх хугацаанд энэ нам төр барилаа. Одоо тэгээд хар. Энэ улс орныг. Их гүрнүүдийн түүхий эдийн бааз ч юм шиг. Алт, зэс, нүүрс… өөр олон баялгийг түүхийгээр нь зөөсөөр. Монголын хаана нь энэ бүх баялгийг боловсруулаад байгаа юм. Юмаа өгч буй хүн мэдээж хэдэн төгрөг авна. Тэнэг л биш бол. Тэгж өгч байгаа мөнгийг нь өнөөдрийн эрх баригчид Монгол Улсын хөгжил хэмээн ярьж ард түмний тархийг угаах. Хатуухан хэлье. Шинэ үеийн колони орон болох зам руу Монгол Улсыг МАН-ынхан явуулж байна шүү. Ирээдүй ингэж харагдаж буй учраас Монголын төрөөс МАН-ыг чөлөөлөх хөдөлгөөн өрнүүлэх цаг болжээ. “Occupy Wall Street” буюу “Уолт-Стритийг чөлөөл” гэсэн тэмцэл дэлхийгээр нэг хүчээ авч байна. Энэ тэмцлийн утга учрыг дэлхийн хүмүүс мэддэг болж. Шударга хуваарилалт, нэг хэсэг нөхдийн бусдыгаа шулан амьдардагийг өөрчлөх, дарамтгүй ажиллаж хөдөлмөрлөхийн төлөөх тэмцэл. Каддафийг яагаад бүтэн хоёр цаг тамлаж алсан юм.
Ард түмнийг шулаад, дарлаад, хуураад, дээрлэхээд байхаар нь тэгсэн юм. Дарангуйлагчийн төгсгөл бол Каддафи, Хусейн. Тэгвэл яагаад Монголын ард түмэн наян жил биднийг захираад салахгүй байгаа МАН-ыг толгой дээрээ байлгаж тэжээж байх ёстой гэж. “Оккупай-МАН” гэсэн хөдөлгөөн өрнүүлж эхлэх цаг болчихсон байна. хүмүүсээ. Тэдний ард түмнээрээ тохуурхаж байгаа, биднийг хуурчихаад мушийтал инээж байгаа нь Каддафи шиг санагдахгүй байна гэж үү. Монголчуудаа МАН-ыг төрөөс чөлөөл буюу “Оккупай-МАН” гэсэн хөдөлгөөн өрнүүлье.
udriin sonin
URL: