МАН-ыг төрөөс чөлөөлөх хөдөлгөөн буюу “Оккупай-МАН” байгуулцгаая

Сонгуулийн хуулийг хэлэлцэх гэж хуучин ху-гийнхан ард түмний толгойг эргүүлж гүйцлээ. Долдугаар сарын 1-ний хэрэг явдлыг УИХ дээр хэлэлцэх үеэс л Сонгуулийн хуулийг өөрчлөх асуудал яригдсан. Хэлэлцэж шийдээд нэг мөр болгох хугацаа өнгөрлөө. Хууль өөрчлөгд­сөнгүй. Сайхан худлаа ярьсан хүмүүс. Анхных болох Д.Лүндээ­жанцан, Лу.Болд хоёрын хуулийн төсөл нь хоёулаа сонгуулийг пропорционалиар явуулахаар орж ирсэн. Үүнийг нь Үндсэн хуультай харшилна гээд буцаасан.

Дараа нь МАН-ынхан 50:26 гэж өөрчилж оруулсан. Мажоритар давамгайл­сан хувилбар. Тэгсэн АН нь эсэр­гүүцэв. Эсэргүүцсэн даруйдаа тэд эргүүлээд 38:38 гэсэн хувилбарыг барив. МАН эсэргүүцлээ. Ингээд 48:28 гэсэн хувилбарыг сая оруу­лаад ирлээ. Үүн дээр нь АН-ынхан “Одоо байгаа 26 тойргоо жижиглэж бутаргахгүй” гэсэн зарчмын асуу­дал яриад гэдийж байна. АН-ынхны ингэж эсэргүүцэхийг МАН-ынхан мэдэж л байсан. Мэдэж байсан болохоор оруулж ирэн гацаанд хийж буй хэрэг. Өдөр хоног урсаж байна.

“Өөрчилье, шинэчилье гэсэн чинь АН-ынхан тохирохгүй байна” гэсэн юм ярь­саар цаг авч эхлэв. Энэ бүхний эцэст өнөөдөр юу болж байна гэхээр өөрчилсөн хэдэн тоонууд, пропорциональ, мажоритар гэсэн хоёр үгэнд ард түмний толгой нэгэнт эргэж, залхаж эхлэв. Өнөө­дөр иргэн хэнээс нь ч асуусан “Мэдэхгүй мэдэхгүй, толгой нэг мөсөн эргэчихээд байна” гэж хэлж байна. Тэгэхээр ард түмний хараа хяналт нэг мөсөн дайжин холдлоо гэсэн үг. Зарим иргэний яриаг сонсохоор инээд ч хүрмээр. Жишээ нь нийгмийн нэлээн идэвхтэй иргэн болох Т.Цогт ингэж ярьж байгаа юм, сонгуулийн хуулийн талаар. Тэр нэг пор пор… гэсэн нь \хэлэхээсээ ч залхуурдаг болж.сурв\, тэр нэг сажиртаар нь ч бил үү, аль нь ч ашигтай юм. Анхандаа ойлгох аядаад, сонирхдог байлаа. Одоо бүр толгой эргээд сонсохоос ч залхаж байна гэж. Ард түмнийг ингэж л залхаалаа хуучин ху-гийнхан. Залхсан юмаа хүн сонир­хохгүй, хаяна. Хэргээр ийм нэг залхаасан зүйлсийг ярьж, нээрэн нэг юм сонгуулийн системд өөрч­лөлт шинэчлэл хийх гэж байгаа юм байх гэсэн сэтгэгдлийг нийгэмд төрүүлсээр… Одоо хоёр сар хүрэх­гүй хугацааг туулахад “Сонгууль болохоос зургаан сарын өмнө сонгуулийн хуулийг өөрчлөхгүй” гэсэн заалтад хүрнэ. Үүнийг хуучин ху-гийнхан сайн мэдэж байгаа.

Өчигдрөөс юу яриад эхлэв гэхээр “Сонгуулийн хуулийг энэ сард батлах хэрэгтэй. Намын бүл­гүүд хуулийн төсөлд санал нэгдэж чадахгүй бол УИХ бүрэн эрхийнхээ дагуу энэ сарын хоёр дахь долоо хоногт гишүүдээр санал хураалт явуулж шийдэх   болно” хэмээн Их хурлын дарга нь мэдэгдлээ. Ингээд л бандан пад. Их хуралд хэн олонх билээ, хуучин ху нар буюу МАН-ынхан шүү дээ. Тэд олонхоороо түрээд өнөөдөр шахаад буй 48:28 хувилбараараа шийднэ. Кноп дарж, дарга нь алх цохино.

Ингэс­нээр 28 нь пропорционалиар, 48 нь жижигссэн мажоритараар явна гэсэн үг. Ухаандаа гурван сум нэг тойрог болж нэг нэр дэвшигчийг сонгох нь. Энэ нь одоо байгаа гишүүдэд хамаагүй хялбар амар байгаа юм. Сүүлийн гурван жил энэ Их хурлын гишүүдэд жил дараалан тус бүр гурван тэрбум төгрөг  өгсөн.  Бүгдийг нь идчихдэг тэнэг хүн тэр дотор нэг ч байхгүй. Ядаж талаар нь сонгогдох гурван сумынхаа тал хувийг нь бондойлгочихсон байгаа. “Хүн арвайн гурил гаргавал би шар тос гаргана ш дээ” гэсэн зарчим монгол хүний сэтгэхүйд байдаг.

Үүнлүгээ хүний “юм” авчихсан сонгогч Дорж хариуг нь барина биз дээ. Нэрийг нь дугуйлна. Ингэхээр сонгуулийн энэ хувилбараар бол МАН дахин төрийн эрх барих нь тодорхой боллоо. Дахин төрийн дээр суух нөхцлөө ийнхүү сон­гуулийн системийг шинэчлэн өөрчил­лөө гэсэн нэр хаягийн дор хийчихлээ. Сонгуулийн хуулийг шинэчилсэн үү, шинэчилсэн. Өөрчилсөн үү, өөрчилсөн. Өөр яах юм гээд сууцгаах нь. Тэгэхээр эд нөхөд бол дийлдэхгүй юм байна. Монголын ард түмнээр яаж л бол яаж даажигнах юм байна. Мон­голын төрийг тэд хувьчлаад авчих­­сан юм байна. Одоо зураг­таар ярих сонгуулийн хуулийн талаарх ярианд хууртах хэрэггүй, ард түмэн минь. Сонгуулийн хуулийг өөрчилж байна гэсэн жүжиг тавьж цаг нөг­цөөж байна гэж шууд ойлгоорой. Холимог юм шиг хараг­дах хуулийн 48 жижиг тойрог бол хамгийн жижиг­рүүлсэн мажоритар гэсэн үг шүү.

Харамсалтай нь үүний эсрэг АН-ынхан яаж ч үзээд нэмэргүй. Нэмэргүй ч гэж дээ, нэг талаас нь харахад АН-ынхан үүнд нь дуртай ч байгаа юм шиг. 50 хувийг нь МАН-ынхан, 40 хувийг нь бид, үлдсэн 10 хувийг гудамжинд байгаа нөгөө хэд авбал аваг гэсэн байдалтай. Монголын парламент дотроо ийм хүч султай, өөрсдийгөө дахин сонгогдохыг бодсон шинж чанар­тай байна. Ядаж Их хуралд гад­наас нь нөлөөлөх хүч алга. Сөрөг хүч гэхээр юм алга. Байгаа нь Баатархуяг, Уянга хоёр л нэг жагсах байх. О.Магнай дуртай юм чинь нэмэгдэх биз. Баасан эгч ч энэ жагсаалд ирэхгүй, “Шалгалт эхэлчихсэн. Хамаагүй улс төрийн тэмцэл хийвэл багш зуучихна” гээд ирэхгүй. Их хуралд байгаа З.Алтай­гаар дамжуулж МАХН-ынхан сонгуулийн хуулийн шинэ төслийг дамжуулах юм гэсэн. З.Алтайг тэр зааланд хэн тоодог юм.

Хамтарсан Засгийн газар анх байгуулагдаад амласан хоёр л том ажил бий. Нэг нь 1.5 саяыг ард түмэнд өгөх. Нөгөө нь сонгуулийн системийг өөрчлөх. Гэтэл энэ хоёрыгоо өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлээд эргүүлчихдэг байна шүү. 1.5 саяыг намдаа санал байнга өгдөг тэтгэврийн хөгшдөдөө өгөхөөр болсон. Сонгуулийн хуулийг өөрсдөө дахин сонгогдох хувилбараар батлах нь.

Энэ бүхнээс юу харагдаж байна гэхээр Монголын ард түмэн МАН-ынхныг хоолтой байлгах гэж, эрх мэдлийн суудалд нь мөнхөд суулгах гэж, таван үеэр нь тарган сайхан байлгах гэж татвараа төлж амьдарч байгаа болж таарлаа. Өнгөрсөн дийлэнх хугацаанд энэ нам төр барилаа. Одоо тэгээд хар. Энэ улс орныг. Их гүрнүүдийн түүхий эдийн бааз ч юм шиг. Алт, зэс, нүүрс… өөр олон баялгийг түүхийгээр нь зөөсөөр. Монголын хаана нь энэ бүх баялгийг боловсруулаад бай­гаа юм. Юмаа өгч буй хүн мэдээж хэдэн төгрөг авна. Тэнэг л биш бол. Тэгж өгч байгаа мөнгийг нь өнөөд­рийн эрх баригчид Монгол Улсын хөгжил хэмээн ярьж ард түмний тархийг угаах. Хатуухан хэлье. Шинэ үеийн колони орон болох зам руу Монгол Улсыг МАН-ынхан явуулж байна шүү. Ирээдүй ингэж харагдаж буй учраас Мон­голын төрөөс МАН-ыг чөлөөлөх хөдөл­гөөн өрнүүлэх цаг болжээ. “Occupy Wall Street” буюу “Уолт-Стритийг чөлөөл” гэсэн тэмцэл дэлхийгээр нэг хүчээ авч байна. Энэ тэмцлийн утга учрыг дэлхийн хүмүүс мэддэг болж. Шударга хуваарилалт, нэг хэсэг нөхдийн бусдыгаа шулан амьдардагийг өөрчлөх, дарамтгүй ажиллаж хөдөлмөрлөхийн төлөөх тэмцэл. Каддафийг яагаад бүтэн хоёр цаг тамлаж алсан юм.

Ард түмнийг шулаад, дарлаад, хуураад, дээр­лэхээд байхаар нь тэгсэн юм. Дарангуйлагчийн төгсгөл бол Каддафи, Хусейн. Тэгвэл яагаад Мон­голын ард түмэн наян жил бид­нийг захираад салахгүй байгаа МАН-ыг толгой дээрээ байлгаж тэжээж байх ёстой гэж. “Оккупай-МАН” гэсэн хөдөлгөөн өрнүүлж  эхлэх цаг болчихсон байна. хүмүү­сээ. Тэдний ард түмнээрээ тохуур­хаж байгаа, биднийг хуур­чихаад мушийтал инээж байгаа нь Каддафи шиг санагдахгүй байна гэж үү. Монголчуудаа МАН-ыг төрөөс чөлөөл буюу “Оккупай-МАН” гэсэн хөдөлгөөн өрнүүлье.

udriin sonin


URL:

Сэтгэгдэл бичих