МУГЖ Д.Гүрсэд “Говийн зэрэглээ” кино багийнхны орсон жихүүдэс төрүүлэм айлд ороогүй

grsАрваад жил ханийнхаа нутаг Сэлэнгэ аймагт гэр бүлээрээ аж төрсөн МУГЖ Д.Гүрсэдийг тайз дэлгэцийн бүтээлд харагдахаа больсноос хойш таалал төгссөн хэмээх хүртэл цуу яриа дэлгэрч байв. Харин тэрбээр энэ хугацаанд урлагаа орхилгүй хөдөөх театрт чуулгын найруулагчаар ажилласан бөгөөд хань нь ертөнцийн мөнх бусыг үзүүлснээр хотод эргэн иржээ.

”Говийн зэрэглээ” ки­нонд тоглосон ихэнх жү­жиг­чид нас барсан талаар хүмүүсийн дунд хачин жигтэй явган яриа өрнөдгийг уншигч та ч сонссон биз ээ.

Энэ жигтэй явдлын талаар Д.Гүрсэд:
-Тийм нэг яриа байдаг л юм. Яг тэр үед би яваагүй болохоор сайн мэдэхгүй юм. Манай киноны хэсэг шөнө явж байгаа айлд ороход дар­гитал буцалж байгаа цай то­гоон дээрээс нь хийж өгчээ. Цайг аваад уухад хүйтэн байхаар нь сэжиглээд бүгд ухасхийн гарсан гэ­дэг. Бүгд 69-дөө суугаад хажуугийн толгой дээр гараад харахад өнөө айл, тэмээ мал нь алга болсон байдаг гэсэн яриа байдаг. Үнэндээ манай талийгаач Доржсамбуу, Цэ­вээнравдан нар тийм юм ярьдаггүй байсан.

Тэд­нийг маань өнгөрсөн хойно л ийм яриа гарсан юм. Талийгаач Оюунцэцэгийн аавтайгаа тэ­мээ хөтлөөд сургууль руу ирж байгаа зургийг авах гэж най­руулагч, зураглаач болон зарим жүжигчид Өм­нөговийн Булган сум руу явсан юм. Бүр багынх нь үйл явдлын зургийг авах гэж.

Үнэхээр ч манай киноны ба­гаас найруулагч Доржпалам, жүжигчин Цэвээнравдан, Оюун­­цэцэг, Доржсамбуу, нэгдүгээр нисгэгчид тоглосон Адилбиш, жолооч гээд нэлээн хэд маань өнгөрсөн байна. Би хувьдаа түүнээс болсон гэж боддоггүй. Нөгөө талаас нь бодвол бас үгүйсгэх аргагүй л байх хэмээн ярьжээ.

Харин “Говийн зэрэглээ” кинонд тоглосноор онгоц жолоодох туршлагатай болсон Д.Гүрсэдийг кино дууссаны дараа Б.Сумхүү найруулагч “Би нисэх дуртай” киноны хоёрдугаар нисгэгчээр тоглуулахаар урьсан юм.

Түүний урлагийн замд хөл тавьсан түүх нь ч бас сонин. Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн жүжигчний мэргэжил сонгоход чухал нөлөө үзүүлсэн гэдэг.

Д.Гүрсэдийг 1970 онд ерөнхий боловсролын сур­гуулиа төгсөхөд тухайн жил сонирхож байсан цахилгааны инженер, сэтгүүлч мэргэжлийн хуваарь ирээгүй аж. Тэгэхээр нь цэрэгт явж ирээд Толгойтын станцад гурван жил ажиллажээ. Энэ үед тэдний байгууллагын урлагийн үзлэгийг бэлдүүлэхээр Б.Лхагвасүрэн, жүжигчин Латиф, нэрт алиалагч Д.Энхээ нар ирсэн байна. Ингээд түүнийг кино драмын ангид шалгалт өг гэж ятгасан хэрэг. Мэргэжлийн зөвлөгөө өгч тусалсан тэд Гүрсэдийг шалгуулж байхад гадна нь морь сойсон аятай сандраад хүлээж байсан гэдэг.

Ийнхүү амьдралынхаа зам мөрийг урлагтай холбосон түүнийг залуу ахуйд хараа булаам сайхан залууг охид хүүхнүүд яаж зүгээр байлгахав. Ялангуяа хөдөө кино зурганд яваад ирэхэд нь овоорсон захиа хүлээж байдаг байв. Харин Гүрсэд амьдралын ханиа сонгочихсон гэр бүлтэй хүн учраас захиа ирс­нийг нь хараад л өнгөрдөг байсан гэнэ.

У.Маргад
Эх сурвалж: Breakingnews.mn


URL:

Сэтгэгдэл бичих