МУГЖ Д.Гүрсэд “Говийн зэрэглээ” кино багийнхны орсон жихүүдэс төрүүлэм айлд ороогүй
Арваад жил ханийнхаа нутаг Сэлэнгэ аймагт гэр бүлээрээ аж төрсөн МУГЖ Д.Гүрсэдийг тайз дэлгэцийн бүтээлд харагдахаа больсноос хойш таалал төгссөн хэмээх хүртэл цуу яриа дэлгэрч байв. Харин тэрбээр энэ хугацаанд урлагаа орхилгүй хөдөөх театрт чуулгын найруулагчаар ажилласан бөгөөд хань нь ертөнцийн мөнх бусыг үзүүлснээр хотод эргэн иржээ.
”Говийн зэрэглээ” кинонд тоглосон ихэнх жүжигчид нас барсан талаар хүмүүсийн дунд хачин жигтэй явган яриа өрнөдгийг уншигч та ч сонссон биз ээ.
Энэ жигтэй явдлын талаар Д.Гүрсэд:
-Тийм нэг яриа байдаг л юм. Яг тэр үед би яваагүй болохоор сайн мэдэхгүй юм. Манай киноны хэсэг шөнө явж байгаа айлд ороход даргитал буцалж байгаа цай тогоон дээрээс нь хийж өгчээ. Цайг аваад уухад хүйтэн байхаар нь сэжиглээд бүгд ухасхийн гарсан гэдэг. Бүгд 69-дөө суугаад хажуугийн толгой дээр гараад харахад өнөө айл, тэмээ мал нь алга болсон байдаг гэсэн яриа байдаг. Үнэндээ манай талийгаач Доржсамбуу, Цэвээнравдан нар тийм юм ярьдаггүй байсан.
Тэднийг маань өнгөрсөн хойно л ийм яриа гарсан юм. Талийгаач Оюунцэцэгийн аавтайгаа тэмээ хөтлөөд сургууль руу ирж байгаа зургийг авах гэж найруулагч, зураглаач болон зарим жүжигчид Өмнөговийн Булган сум руу явсан юм. Бүр багынх нь үйл явдлын зургийг авах гэж.
Үнэхээр ч манай киноны багаас найруулагч Доржпалам, жүжигчин Цэвээнравдан, Оюунцэцэг, Доржсамбуу, нэгдүгээр нисгэгчид тоглосон Адилбиш, жолооч гээд нэлээн хэд маань өнгөрсөн байна. Би хувьдаа түүнээс болсон гэж боддоггүй. Нөгөө талаас нь бодвол бас үгүйсгэх аргагүй л байх хэмээн ярьжээ.
Харин “Говийн зэрэглээ” кинонд тоглосноор онгоц жолоодох туршлагатай болсон Д.Гүрсэдийг кино дууссаны дараа Б.Сумхүү найруулагч “Би нисэх дуртай” киноны хоёрдугаар нисгэгчээр тоглуулахаар урьсан юм.
Түүний урлагийн замд хөл тавьсан түүх нь ч бас сонин. Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн жүжигчний мэргэжил сонгоход чухал нөлөө үзүүлсэн гэдэг.
Д.Гүрсэдийг 1970 онд ерөнхий боловсролын сургуулиа төгсөхөд тухайн жил сонирхож байсан цахилгааны инженер, сэтгүүлч мэргэжлийн хуваарь ирээгүй аж. Тэгэхээр нь цэрэгт явж ирээд Толгойтын станцад гурван жил ажиллажээ. Энэ үед тэдний байгууллагын урлагийн үзлэгийг бэлдүүлэхээр Б.Лхагвасүрэн, жүжигчин Латиф, нэрт алиалагч Д.Энхээ нар ирсэн байна. Ингээд түүнийг кино драмын ангид шалгалт өг гэж ятгасан хэрэг. Мэргэжлийн зөвлөгөө өгч тусалсан тэд Гүрсэдийг шалгуулж байхад гадна нь морь сойсон аятай сандраад хүлээж байсан гэдэг.
Ийнхүү амьдралынхаа зам мөрийг урлагтай холбосон түүнийг залуу ахуйд хараа булаам сайхан залууг охид хүүхнүүд яаж зүгээр байлгахав. Ялангуяа хөдөө кино зурганд яваад ирэхэд нь овоорсон захиа хүлээж байдаг байв. Харин Гүрсэд амьдралын ханиа сонгочихсон гэр бүлтэй хүн учраас захиа ирснийг нь хараад л өнгөрдөг байсан гэнэ.
У.Маргад
Эх сурвалж: Breakingnews.mn
URL: