Колдаур, миксагрип эмийг олон улсад хэрэглэхээ больжээ
Монголчуудын ханиад, хамрын харшил өвчинд өргөн хэрэглэдэг колдаур, миксагрип эм мансууруулах бодис агуулсан, хүний бид сөрөг нөлөөтэй учраас дэлхийн бусад улс орон эмийн жагсаалтаасаа хассан тухай мэдээлэл зарим хэвлэлээр цацагдаад байгаа. Энэ талаар Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Т.Мөнхтуулаас тодрууллаа.
-Колдаур, миксагрип эмийг ихэнх улс орнууд эмийн жагсаалтаасаа хасч, хяналт тавих болсон гэсэн. Энэ ямар учиртай юм бэ?
-Эдгээр эм нь фенилпропаноламин (ФПА) агуулсан байдаг юм. Энэ төрлийн эмийг улс орнууд жоргүйгээр өргөн хэрэглэдэг байсан юм. Тэгээд арваад жилийн өмнөөс зарим улс орнууд уг эмийн хэрэглээний тал дээр өөр өөрийн бодлого чиглэл баримтлах болсон. Англи, Хонконг, Герман зэрэг улс орнууд 1985 оноос эхлэн ФПА найрлагатай эмийг хэрэглэхдээ тунгийн хязгаар тогтоох, хяналттай хэрэглэх болсон байна. Үүний дараа 2000, 2001 оноос эхлэн Бразил, Канад, Чили Куб, Индонзи, Литва, Малайз, Оман, Сингапур, АНУ мөн тодорхой хязгаартай хэрэглэх болсон гэсэн мэдээлэл байна.
-Ямар тохиолдолд энэ эмийг хэрэглэхийг хориглосон бэ?
-ФПА агуулсан эмийг цус харвалтын өвчтэй хүн болон 12-оос доош насны хүүхэд хэрэглэхийг хориглосон. Дээр нь эмийг хэрэглэсэн тохиолдолд нэг удаагийн болон хоногт уух тун хэмжээнд хязгаар тавих шийдвэр гарсан байна. Тухайлбал, Индонзид насанд хүрэгчдийн нэг удаагийн тунг 15 мл, хоногийн тунг 30 мг-аас ихгүй хэмжээгээр хэрэглэх шийдвэр гарчээ. Сингапурт ФПА-г өөр бодисоор орлуулах, АНУ-д гаж нөлөөг нь бууруулах чиглэлээр ажиллаж эхэлсэн гээд улс орон бүр эдгээр эмийг хэрэглэхдээ тодорхой бодлогууд явуулж эхэлсэн гэсэн мэдээлэл байна л даа.
-ФПА агуулсан гэдэг нь ямар найрлагатай гэсэн үг вэ. Мансууруулах төрлийн бодис агуулсан гэж зарим хэвлэлд бичсэн байна лээ?
-Фенилпропаноламин буюу товчилсон хэллэгээр ФПА агуулсан эмийг манайх ОХУ-аас импортолж худалддаг. Жоргүй хэрэглэдэг эдгээр эмийг гадны хэвлэлд олон янзаар бичсэн байдаг. Гэхдээ мансууруулах төрлийн бодис агуулсан гэдэг нь худлаа. ФПА агуулсан эм бэлдмэл нь тархины цус харвалтад хүргэж болох юм гэсэн дүгнэлтийг АНУ-ын Иелийн их сургуулийн эмч судлаачид хийсэн байна. ФПА-ыг хоёр төрлийн бэлдмэлд өргөн ашигладаг юм байна. Хоолны дуршлыг бууруулдаг учраас тураах эмийн найрлагад оруулах, судас нарийсгах үйлчилгээтэй учир хамрын ханиаданд хэрэглэдэг байна. Ингэснээр хамрын салст бүрхэвчийн хаванг багасгадаг гэнэ. Гэхдээ сүүлийн үеийн судалгаагаар энэ бэлдмэл нь зөвхөн хамрын судсыг нарийсгаад зогсохгүй бүх биеийн судсыг нарийсгах үйлчилгээтэй гэсэн дүгнэлт хийсэн байна. Үүний улмаас даралт ихэсч, тархины цус харвалтад хүрэх аюултайг эрдэмтэд баталсан байна. Тодруулбал, гадаадын хэвлэлд ФПА-ыг хэрэглэснээр тархины цус харвалтын эрсдлийг 50 хувь нэмэгдүүлдэг гэдэг нь нотлогдсон гэж бичсэн байсан гэсэн.
-Дэлхийн олон улс орон энэ төрлийн эмнээс татгалзаад байхад Монгол Улс яагаад эмийн жагсаалтаасаа хасахгүй байгаа юм бэ. Манайхан колдаур, миксагрип хоёр эмийг өргөн хэрэглэдэг шүү дээ?
-Монгол Улс эмийн жагсаалтаас одоогоор хасаагүй. Манайд эдгээр эмийг хэрэглэсэн хүмүүст элдэв гаж нөлөө үзүүлсэн, харшилсан тохиолдол гараагүй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага дээрх эмийн бодисын гаж нөлөөний талаарх зөвлөмжийг сэрэмжлүүлсэн байдаг. Манай Эрүүл мэндийн яамнаас хэрэглэхийг хориглох болон хязгаартай тунгаар хэрэглэх эмийн жагсаалтыг гаргаж батлуулахаар болсон. Үүнд эдгээр эмийг “Эмийн улсын бүртгэлийн дүрэм”-ийн төсөлд тусган хэлэлцүүлж байгаа. Цаашдаа Эрүүл мэндийн яамны мэргэжлийн зөвлөл, мэргэжилтнүүдийн саналыг тусган эмийн асуудлыг шат дараатайгаар шийдвэрлүүлж ажиллах байх.
-Эмийн гаж нөлөө, зохисгүй хэрэглээ гэдгийг тайлбарлахгүй юу?
-Ямар ч эмийг дур мэдээд их хэмжээгээр хэрэглэхэд хор нөлөөтэй шүү дээ. Эмийн зохистой хэрэглээ гэдэг нь тухайн хүн өөрийн нас, биеийн байдал, өвчиндөө тохирсон эмийг хэрэглэх явдал юм. Эмч, эмзүйч, өвчтөн гурав оролцож байж шийддэг. Нэг шатанд нь алдаа гарвал зохисгүй хэрэглээ болох өндөр эрсдэлтэй. Иргэдэд анхааруулахад, эмчийн заалтын дагуу л ямар ч эмийг хэрэглэх ёстой. Жишээлбэл, найман цагийн зайтай уух ёстой бол тэр цагаа баримтлах. Тэгж байж л эмчилгээ үр дүнгээ өгдөг. Манайхан бол нэг хэсэг ууж байгаад орхичихдог, цагаа мартдаг. Ингэснээр тухайн антбиотик олон эмэнд дасалтай болдог. Өвчтөн тухайн бүлгийн антбиотик уухад үйлчлэхгүй болох жишээтэй. Ялангуяа манай иргэд шингэн дусал гэрээрээ их хийлгэдэг. Дусал хийхэд ядаргаа тайлдаг гэж ойлгодог. Энэ буруу юм. Дуслын шингэн ядаргаа тайлахад зориулагдаагүй байдаг. Сүүлийн үед дэлхий нийтэд судсаар эм хэрэглэхийг аль болох татгалзаж, хориглох болсон. Судсаар эм хэрэглэх нь өндөр эрсдэлтэй юм. Ялангуяа гэрийн нөхцөлд судсаар тарилга хийхийг хориглодог. Манайх уух гэж байгаа эмээ юунд хэрэглэх вэ гэдгийг мэддэг. Харин ямар гаж нөлөөтэй, ямар аргаар, яаж хэрэглэхээ мэддэггүй.
-Эмийг зохисгүй хэрэглэвэл ямар гаж нөлөө үзүүлэх вэ?
-Ихэнх эмийн найрлагад працитирмоны найрлага байдаг. Дур мэдээд олон эм зэрэг ууснаас болоод хордох, амь нас эрүүл мэндээрээ хохирох аюултай.
Х.ЦЭНД-АЮУШ
URL: