Колдаур, миксагрип эмийг олон улсад хэрэглэхээ больжээ

Монголчуудын ханиад, хам­рын харшил өвчинд өргөн хэрэг­лэдэг колдаур, миксагрип эм мансууруу­лах бодис агуулсан, хүний бид сөрөг нөлөөтэй уч­раас дэлхийн бусад улс орон эмийн жагсаалтаа­саа хассан ту­хай мэдээлэл зарим хэв­лэ­лээр цацаг­даад байгаа. Энэ талаар Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Т.Мөнхтуулаас тод­руул­лаа.

-Колдаур, миксагрип эмийг ихэнх улс орнууд эмийн жаг­саал­таасаа хасч, хяналт тавих болсон гэсэн. Энэ ямар учиртай юм бэ?

-Эдгээр эм нь фенилпропано­ламин (ФПА) агуулсан байдаг юм. Энэ төрлийн эмийг улс орнууд жор­гүйгээр өргөн хэрэглэдэг бай­сан юм. Тэгээд арваад жилийн өмнөөс зарим улс орнууд  уг эмийн хэрэглээний тал дээр өөр өөрийн бодлого чиглэл баримтлах болсон. Англи, Хонконг, Герман зэрэг улс орнууд 1985 оноос эхлэн ФПА найрлагатай  эмийг хэрэглэх­дээ  тунгийн хязгаар тогтоох, хя­налттай хэрэглэх болсон байна. Үүний дараа 2000, 2001 оноос эхлэн Бразил, Канад, Чили Куб, Индонзи, Литва, Малайз, Оман, Сингапур, АНУ  мөн тодорхой хязгаартай хэрэглэх болсон гэсэн мэдээлэл байна.

-Ямар тохиолдолд энэ эмийг хэрэглэхийг хориглосон бэ?

-ФПА агуулсан эмийг цус хар­валтын өвчтэй хүн болон  12-оос доош насны хүүхэд   хэрэглэхийг хориглосон. Дээр нь эмийг хэрэг­лэсэн тохиолдолд нэг удаагийн болон хоногт уух тун хэмжээнд хязгаар тавих шийдвэр гарсан бай­на. Тухайлбал, Индонзид на­санд хүрэгчдийн нэг удаагийн тунг 15 мл, хоногийн тунг 30 мг-аас ихгүй хэм­жээ­­гээр хэрэглэх шийдвэр гар­чээ. Син­­гапурт ФПА-г өөр бодисоор ор­луу­лах, АНУ-д гаж нөлөөг нь бууруу­лах чиглэлээр ажиллаж эхэлсэн гээд  улс орон бүр эдгээр эмийг хэрэглэх­дээ тодорхой бод­логууд явуулж эхэлсэн гэсэн мэ­дээлэл байна л даа.

-ФПА агуулсан гэдэг нь ямар найрлагатай гэсэн үг вэ. Ман­суу­руулах төрлийн бодис агуулсан гэж зарим хэвлэлд бичсэн байна лээ?

-Фенилпропаноламин буюу тов­чилсон хэллэгээр ФПА агуулсан эмийг манайх ОХУ-аас импортолж худалддаг. Жоргүй хэрэглэдэг эдгээр эмийг гадны хэвлэлд олон янзаар бичсэн байдаг. Гэхдээ ман­сууруулах төрлийн бодис агуулсан гэдэг нь худлаа. ФПА агуулсан эм бэлдмэл нь тархины цус харвалтад хүргэж болох юм гэсэн дүгнэлтийг АНУ-ын Иелийн их сургуулийн эмч судлаа­чид хийсэн байна. ФПА-ыг хоёр төрлийн бэлдмэлд өргөн ашиг­ладаг юм байна. Хоолны дуршлыг буу­руул­даг учраас ту­раах эмийн найр­лагад оруулах, судас нарийсгах үйлчилгээ­тэй учир хамрын ханиа­данд хэрэг­лэдэг байна. Ингэснээр хамрын салст бүрхэвчийн хаванг багасгадаг гэнэ. Гэхдээ сүүлийн үеийн судалгаа­гаар энэ бэлдмэл нь зөвхөн хамрын судсыг нарийсгаад зогсохгүй бүх биеийн судсыг  на­рийс­гах үйлчил­гээтэй гэсэн дүгнэлт хийсэн байна. Үүний улмаас даралт ихэсч, тархи­ны цус харвалтад хүрэх аюултайг эрдэмтэд баталсан байна. Тод­руулбал, гадаадын хэвлэлд  ФПА-ыг хэрэглэснээр тархины цус хар­валтын эрсдлийг 50 хувь нэмэг­дүүлдэг гэдэг нь нотлогдсон гэж бичсэн байсан гэсэн.

-Дэлхийн олон улс орон энэ төрлийн эмнээс татгалзаад бай­хад Монгол Улс яагаад эмийн жагсаалтаасаа хасахгүй байгаа юм бэ. Манайхан колдаур, мик­сагрип хоёр эмийг өргөн хэрэг­лэдэг шүү дээ?

-Монгол Улс эмийн жагсаал­таас одоогоор хасаагүй. Ма­найд  эд­гээр эмийг хэрэглэсэн хү­мүүст элдэв гаж нөлөө үзүүлсэн, харшилсан тохиол­дол  гараагүй. Дэлхийн эрүүл мэн­дийн байгууллага дээрх эмийн бодисын гаж нөлөөний талаарх зөвлөмжийг сэрэмжлүүлсэн байдаг. Манай Эрүүл мэндийн яам­наас хэрэглэхийг хориглох болон хяз­гаартай тунгаар хэрэглэх эмийн жагсаалтыг гаргаж батлуулахаар болсон. Үүнд эдгээр эмийг  “Эмийн улсын бүртгэлийн дүрэм”-ийн тө­сөлд тусган хэлэлцүүлж байгаа. Цаашдаа Эрүүл мэндийн яамны мэргэжлийн зөвлөл, мэргэжилт­нүү­дийн саналыг тус­ган эмийн асууд­лыг шат дараа­тай­гаар шийдвэрлүүлж ажиллах байх.

-Эмийн гаж нөлөө, зохисгүй хэрэг­лээ гэдгийг тайлбарлахгүй юу?

-Ямар ч эмийг дур мэдээд их хэмжээгээр хэрэглэхэд хор нөлөөтэй шүү дээ. Эмийн зохистой хэрэглээ гэдэг нь тухайн хүн өөрийн нас, биеийн байдал, өвчиндөө тохирсон эмийг хэрэглэх явдал юм. Эмч, эмзүйч, өвчтөн гурав оролцож байж шийддэг. Нэг шатанд нь алдаа гар­вал зохисгүй хэрэглээ болох өндөр эрсдэлтэй. Иргэдэд анхааруу­лахад, эмчийн заалтын дагуу л ямар ч эмийг  хэрэглэх ёстой. Жи­шээл­бэл, найман цагийн зайтай уух ёстой бол тэр цагаа баримтлах. Тэгж байж л эм­чилгээ үр дүнгээ өгдөг. Манайхан бол нэг хэсэг ууж байгаад орхичих­дог, цагаа мартдаг. Ингэснээр тухайн антбиотик олон эмэнд дасалтай болдог. Өвчтөн тухайн бүлгийн антбио­тик уухад үйлчлэхгүй болох жишээ­тэй. Ялангуяа манай иргэд шингэн дусал гэрээрээ их хийлгэдэг. Дусал хийхэд ядаргаа тайлдаг гэж ойлгодог. Энэ буруу юм. Дуслын шингэн ядар­гаа тайлахад зориулаг­даагүй бай­даг. Сүүлийн үед дэлхий нийтэд суд­саар эм хэрэглэхийг аль болох тат­галзаж, хориглох болсон. Судсаар эм хэрэглэх нь өндөр эрсдэлтэй юм. Ялангуяа гэрийн нөхцөлд судсаар тарилга хийхийг хориглодог.  Манайх уух гэж байгаа эмээ юунд хэрэглэх вэ гэдгийг мэддэг. Харин ямар гаж нөлөөтэй, ямар ар­гаар, яаж хэрэглэхээ мэд­дэггүй.

-Эмийг зохисгүй хэрэглэвэл ямар гаж нөлөө үзүүлэх вэ?

-Ихэнх эмийн найрлагад праци­тирмоны найрлага байдаг. Дур мэдээд олон эм зэрэг ууснаас бо­лоод хордох, амь нас эрүүл мэндээ­рээ хохирох аюултай.

Х.ЦЭНД-АЮУШ


URL:

Сэтгэгдэл бичих