УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх нь хэнд хэрэгтэй юм бэ?
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслийг хэд хоногийн өмнө өргөн барилаа. Уг төслийг хүмүүс өөр өөрсдийнхөөрөө л хүлээн авч байгаа болов уу. Энэ талаар өөрийнхөө санал бодлыг илэрхийлэхээр танайд хандаж байна аа. Шинэчилсэн төслийг харахад зайлшгүй өөрчлөх шаардлагатай хэд хэдэн зүйл байна. Мөн ач холбогдолгүй, нам эвслийн хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашгийг эрхэмлэсэн гэж үзэхээр зүйл ч байна лээ. Тухайлбал, УИХ-ын гишүүдийн тоог 23-аар нэмэгдүүлж, 99 болгох санал орсон байх юм.
Ер нь Монголд дарга цөөдөөгүй ш дээ. Цаашид 76 гишүүн ажлаа хариуцлагатай хийж чадаад байвал болохгүй зүйл үгүй. Гэтэл хуралдаа суудаггүй, нүүр царай нь огт харагддаггүй гишүүд олон байна. Ерөөсөө 40 хүрэхгүй гишүүд хуралдаад тэдгээрийн хагас нь гараа өргөөд л хууль баталдаг боллоо. Өнгөрсөн долоо хоногт дөрвөн байнгын хороо хуралдах байсан боловч ирц бүрдээгүй гэх шалтгаанаар хуралдсангүй. Бодвол найр наадам, амралт зугаалгад явсан гишүүд нь ирж амжихгүй байгаа хэрэг. Өнөөгийн Их хурлын баталж буй хууль нь амьдралаас хэт тасархай, хэрэгжих боломжгүй байна. Хэрэв санд мэнд нэг хууль батлах юм бол иргэний хөдөлгөөнүүд түүнийг нь эсэргүүцээд жагсаал цуглаан хийнэ.
Ингээд бужигнаад ирэнгүүт өнөө хуулиа нэг, хоёр сарын дараа эргээд өөрчилнө. Ийм зүйл байх уу. Өнгөрсөн жил гэхэд л Онцгой албан татварын тухай хууль, Хэвлэл мэдээллийн тухай хууль бас өөр юу юу ч билээ хэдэн хууль баталсан. Гэтэл нэг хоёр сарын дараа буцаагаад өөрсдөө өөрчиллөө шүү дээ. Түмэн олны итгэлийг хүлээж сонгогдсон төрийн түшээд маань иргэдийнхээ эрх ашиг гэхээсээ илүү найз нөхөд, сонгогдоход нь тусалсан хүмүүсийн эрх ашгийг илүүд үздэг болж. Тийм хууль баталдаг болжээ.
Зарим гишүүд телевизээр ярьж байна аа. Их хурлын гишүүдийн тоог 99 болгосноор ард түмний төлөөлөл олон болох юм гэж. Түүн шиг худлаа зүйл байхгүй. Юун сайжрах, харин ч бүр дордоно. Гишүүд ямар зорилгоор уг төслийг өргөн барьсан гэхээр 99 болгочихвол өөрсдөө УИХ-д багтах боломжийг бүрдүүлж байна гэж ойлгож байна. Нөгөөтэйгүүр намаасаа аль болох олон хүн УИХ-д гаргахыг л зорьж байна. Үүнийгээ зогсоо гэж хэлмээр байна.
dailynews
URL: