“Засаг ноёд”-ын зарга үргэлжилсээр байна
Дорнод аймгийн Засаг дарга Ц.Жанлавт холбогдох хэргийг нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн танхимд өчигдөр шүүн хэлэлцэхээр товлосон байв. Гэвч “Өмгөөлөгч ирээгүй” гэсэн шалтгаанаар шүүх хурлыг ирэх баасан гараг хүртэл хойшлуулсан юм. Дорнод аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд холбогдох, иргэн Н.Баярын нэхэмжлэлтэй уг хэргийг өмнө нь тус аймгийн Захиргааны хэргийн шүүхээр хэлэлцэж байжээ. Шүүх хурлаар уг нэхэмжлэлийг үндэслэлтэй гэсэн шийдвэр гаргасан байна. Энэхүү шийдвэрийг Засаг дарга Ц.Жанлав болон Төрийн албаны зөвлөлийн тус аймаг дахь салбар зөвлөлийнхөн эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд хандсан нь энэ аж.
Засаг дарга Ц.Жанлавын хувьд аймгийнхаа Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нарт холбогдох хэрэгт давхар нэр холбогдоод байгаа. Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2009 онд Дорнод аймгийн Засаг дарга хотоос очсон гэнэтийн шалгалтын үеэр өөрийн нэр дээр байдаг хоёр орон сууцаа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгаагүй байсан нь илэрсэн талаар тухайн үед АТГ-аас мэдэгдэж байсан. Түүнчлэн хөрөнгө оруулан хувьцаа эзэмшдэг “Жадав” компанийнхаа талаар ч мэдүүлээгүй байсан гэдэг. Үүнийхээ хариуд “Уучлаарай, хайхрамж болгоомжгүй байдлаас болж алдаа гаргасан байна” гэх тайлбарыг өгөөд өнгөрнө гэж эндүүрсэн нь ийнхүү гурван он дамжин шүүх байгууллага руу гүйхэд хүргэсэн гэхэд болно.
Авлигын эсрэг хуульд зааснаар хөрөнгө орлогоо худал мэдүүлсэн нь тухайн албан тушаалтныг ажлаас түдгэлзүүлэх үндэслэл болдог. Гэвч түүнд энэ тал дээр арга хэмжээ аваагүй. Ямартай ч ирэх баасан гарагт болох шүүх хурлын шийдвэр хэний талд гарах нь Дорнод аймгийн иргэдийн санааг ихэд зовоож байгаа аж. Учир нь Дорнод аймагт хуваарилагдаж байгаа төсвийн хөрөнгө Ц.Жанлав мэтийн цөөн хэдэн хүмүүсийн халаасыг дүүргээд байвал нутаг орны ирээдүйд ямар үр дагавартай байх нь тодорхой. Мөн Ц.Жанлав дарга “Дорнод бөхийн өргөө” ХХК-ийн 2500 гаруй кв.метр талбай бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг үрэгдүүлсэнд тооцож, энэ талаар 2008 онд захирамж гаргаж байжээ. Уг захирамжийн эхний заалтад дээрх гэрчилгээг хүчингүйд тооцоод, хоёрдугаарт “Дорнод бөхийн өргөө” ХХК-ийн эзэмшил газрын хэмжээг 5984 кв метрээр тогтоосугай гэсэн байдаг. Гэрчилгээгээ үрэгдүүлсэн даруйдаа эзэмшил газраа “сунгаж” амжсан энэ өргөө эдүгээ Засаг дарга Ц.Жанлавын хувийн өмч болсон ажээ. Тэр ч байтугай Дорнод аймгийн төвд байрлалтай орон сууцаа “Монгол Шуудан” банкинд түрээсэлж, орлогоо мөн л АТГ-аас нуусан байна. Энэ бүхнийг харсаар байж дуугүй суух аргагүй учир Дорнод аймгийн иргэд түүнийг огцруулах талаар санал хурааж, гарын үсэг хүртэл цуглуулсан баримт бий.
УИХ-ын 2008 оны сонгуулийн үр дүнд орон нутгийн иргэдийн итгэлийг хүлээн сонгогдоод хэн болохоо таниулж, хэрэгт холбогдоод байгаа орчин цагийн “Засаг ноёд”-ын зарга зөвхөн Ц.Жанлаваар дуусахгүй. Тухайлбал, Булган аймгийн Засаг дарга М.Оюунбатыг хууль бус үйл ажиллагаа явуулсан талаар нутгийн олон иргэн гомдоллож байсан удаатай. Тэрбээр төрийн албаны шалгалт өгөөгүй гурван хүнээр “тойрон хүрээлэгчид”-ийнхээ хүрээг тэлсэн нь шалгалтын явцад илэрчээ. Мөн Атрын гуравдугаар аяны хүрээнд Булган аймагт оруулсан хөрөнгө оруулалтыг жинхэнэ эздэд нь хүргээгүй. Сум, багийн Засаг дарга нарт аймгийн төсвөөс мотоцикль олгоход барьцаа хөрөнгө нэрийн дор Засаг дарга бүрээс мөнгө хурааж авсан, өндөр үнэтэй мотоциклиудыг “шахсан” зэрэг зөрчлүүд баримттайгаа “баринтаглагдсаар” байгаа аж. Тиймээс орон нутгийн иргэд Засаг дарга нарынхаа нэр холбогдсон заргыг шүүлгэн, дээрх хэргүүдийн эцэслэн шийдээсэй гэж хүсч байна. Ингэснээр ирэх сонгуулийн өмнө итгэл хүлээлгэх эсэхээ шийдэж, “Гоё үгтэй муухай хүмүүс”-ээс болгоомжлох хэрэгтэй гэж үзэж байна.
Б.Баатар
“Улс төрийн тойм” сонин
URL: