Зоригтнууд овогт Айлтгүйн Төмөр-Очир: Би “Болор цом”-ын “боодог”-ны чулуу, хагарлаа

Болор цом-33” яруу найргийн наадмын үеэр Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн,  яруу найрагч, Ай.Төмөр-Очир шүүгчдийг “Жүжгээ боль” хэмээн хашгирч  шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлсэн.Наадмын ерөнхий шүүгч Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэнБ.Лхагвасүрэн хариуд нь  “Хэн хашгираад байна, энд том дуугардаг хүн гараагүй юм шүү” гэснээ “Ер ньхэн ч, юу ч гэж хэлбэл хэлэг, яривал ч  яриг” хэмээснийг үзэгч, уншигчид санаж байгаа байх. ТэгвэлАй.Төмөр-Очир найрагч өөрийн үзэл бодлыг илэрхийллээ. Түүнтэй хөөрөлдсөнөө  хүргэж байна.

-“Болор цом-33” наадмын тухай ямар сэтгэгдэлтэй явна даа?

-“Болор цом”  33 дахь жилдээ болж өндөрлөлөө. Хонин жилд хэдэн жилийн дараа ч юм бэ Даншиг наадам хийж, шинэ цол хэргэм олгосон. Түүн лугаа “Болор цом”  Монголын ард түмний хүсэн хүлээдэг том наадам. Тэр дундаа таван жил хөдөөгүүр “тэнээд”, энэ удаа хот руу орж ирсэн. Уншигчид, сонсогчид маш их юм санаж, хүсэн хүлээж байсан.

Нийслэлийг доргионо, буцалгана, шуугиулна гэж найдаж байсан.Тэгээд ямар болсныг би ганцаараа дүгнэх биш, түмэн олон мэднэ биз. “Болор цом” таван аймагт болоход би бүгдэд нь очиж оролцсон. Тэгээд  “Би Болор цомын боодог”-ны чулуу юм байна гэсэн бодол төрлөө. “Болор цом”-ын боодог нь аль хэдийнэ бэ­лэн болчихсон байдаг. Түү­нийг хийхэд дотор нь 32 чулуу ордог. Энэ жил 33 жилийн ойг билэгдэж  33 чулуу хийлээ. Түүний нэг чулуу нь би. Боодогны чулууг шилж сонгож түүж авдаг юм. Чулуу болгон боод­гонд орох хувь заяа байдаггүй. Сайн чулууг, хагар­даггүй чулууг түүж хийдэг. Гэхдээ боодогны чулуу хагарах өдөр бий. Ганц чулуу хагарчихвал боодгийг идэж болдоггүй. Цаашдаа ч олон чулуу хагарах шинжтэй.

-Та “Болор цом”-ыг хэдийнээс үзэж, бас хэзээнээс оролцож ирэв?

-1983 онд  би цэргээс  халаг­даж ирээд байтал Балбар маань “Энд гоё юм болох гэж байна” гэж дуу­даад завшаанаар бид хоёр анхны “Болор цом”-ыг  үзэж байлаа. Тэр наадамд Балбар оролцоогүй. Тэн­дээс Д.Пүрэвдорж гэж гайхамшигтай яруу най­рагч, шатрын морь шиг  хар алаг нүдтэй сайхан хүн  “Хүн төрөлхтөнд хэлэх үг” гэдэг агуу шүлгээ уншиж, өөрийнхөө санаачилсан “Болор цом”-ыг өөрөө анх авч байлаа. Анхны яруу найргийн наадмын эзэн, яруу найргийн цар хүрээ бол “Хүн төрөлхтөнд хэлэх үг” байсан. Сүүлд олон сайхан яруу найрагч  хүн төрөлхтөнд биш юм гэ­хэд Монголын ард тү­мэнд, тусгаар тогтнол, эрх чөлөөнд хүртэл үгээ хүр­гэсэн. Анхны “Болор цом” дээр Ш.Сүрэнжав ах согтуу орж ирсэн. Араас нь  хэдэн хүн ирж татаж чангаагаад  “багалзуурдаад” аваад яв­сан. Мань хүн “Сүрэн­жавгүй Болор цом”  байдаг юм уу гэж хашгираад гар­сан. Тэгэхэд том зохиолчид ийм байдаг юм байх даа. Ямар аймаар улс вэ гэж бодож байсан. Том зохиол­чид том л юм билээ. “Сүрэнжав ямар сонин юм бэ” гэж бодоогүй. Түүнээс хойш “Болор цом” наадам 33 дахь жилдээ боллоо. Би талыг нь үзлээ, талд нь “боодог”-ны чулуу явлаа. “Болор цом”-ын тухай  би сайхнаар дурсана. Энэ наадмыг ард түмэн хүсэн хүлээдэг байсан. “Болор цом”-ыг Д.Цоодол, Б.Лхаг­ва­сүрэн нар  гурван удаа, Ц.Чимэддорж, Б.Ичин­хорлоо, Ц.Хулан нар хоёр удаа авсан. Болор цомтон 25 хүнээс өнөөдөр гурав нь тэнгэрт хальсан байна. Гэхдээ тэр үеийн шүл­гүүд агуу, наадам нь ч  наадам байж. Д.Цоодолын “Нэргүй баатруудад унших шүлэг” мундаг, “Миний муусайн найзууд” ямар агуу билээ. Б.Лхагвсүрэнгийн “Шагнал” шүлэг энгэр дээр байдаг зүйл биш амьд явах нь шагнал бай­даг амьдралын филосо­фийг ухааруулсан агуу шүлэг. “Хил дээр бич­сэн шүлэг” нь ч агуу бүтээл. Т.Очирхүүгийн “Урам хайрла”, П.Бадарчийн “Тэмээ”, Т.Галсангийн “Жирмийн сүлжээ”, Ц.Чимэд­доржийн “Сэлбэ”, “Малчин”, А.Эрдэнэ-Очирын “Зам” шүл­гүүд зүрхэнд шигдэж, тархинд хадагджээ. Ингээд яриад байвал маш олныг  дурдаж болно. Барнангийн Доржпалам гэж ямар гайхамшигтай найрагч байв. Тэр болгоныг тоочиж баршгүй. Хамгийн гол нь тэр үед  хүн нь сонин биш, бүтээл нь өргөн олныг цочоож, Монголын ард түм­ний сэтгэл дотрыг маа­жиж, ёстой нөгөө “Хүний сэтгэлийг хөдөлгөж эс чадваас хөнгөн бийрийг хөшиж юу хийнэ” гэдэг шиг “Болор цом” наадам ид тэнгэрт гарсан. Тэнгэрт гаргасан хүмүүс нь ч “Болор цом”-ын эзэд мөн.

-Тэгвэл одоо…?

-Сүүлийн үед “Болор цом” наадам маань  наадам   биш болж цагаандаа гар­лаа. Мориор бол хадуурлаа. Хуураар бол хөг алдарлаа. Нуураар бол ширгэлээ. Тухайлбал, “Морин хуур” наа­дамтай харьцуулаад үзэхэд сая энэ наадам 29 дэх удаагаа боллоо. “Морин хуур” бол “Болор цом”-оос дүү наадам шүү дээ. 29 дэх удаагийн наадамд  Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров түрүүллээ. Н.Жанцанноров “Морин хуур”-т түрүүлэх гээд чардайгаад байсан юм биш. Бүтээл нь Мон­голын хөгжмийн урлаг, нийтийн дууны түүхэнд үлдэх “эрдэнэ” мөн. Б.Бямбабаяр гурван удаа түрүүлсэн юм байна лээ. Н.Жанцанноров хэд түрүүлснийг мэдэхгүй. Ямартай ч “Морин хуур” гэдэг цараатай наадам “Морин хуур”-аараа л байна. Би энэ наадамд хөгж­мийн зохиолч Ч.Сангидоржтой хамт  2002 онд “Дэнхэр цэнхэр тогоруу” дуугаар оролцож  тү­рүүлж байлаа. 12 жилийн дараа Н.Чулуунхүүгийн хөгжим “Ижий гөрөөс” дуугаараа хоёр дахиа  түрүүл­сэн. Өнгөрсөн 12 жилд би “Морин хуур”-ыг үздэг, сонсдог, чагнадаг байсан учраас дүгнэж байна.  Тэгвэл “Болор цом” маань “Болор цом” биш “Хялар цом” болчихсон. Харамсахын учир энэ. Манай олон сайхан яруу найрагч “Болор цом”-д түрүүл­сэн. Би үг холбож, үсээ урт ургуулдаг найрагч нөхдөдөө хайртай. Өстэй хүн байхгүй. Ахмадуудаа хүн­дэтгэж, золгож үн­­сүүлж, сөгдөж явдаг. Дүү нараа үнсч, сөглөж явдаг. Би баярхаж байгаа юм биш Х.Чилаажавыг зохиолчдын байгууллагыг удирдаж бай­хад Асгат сумын  Ц.Жадамбаа гэдэг баян хүний сүргээс том эр хонь авч, ахмад зохиолчиддоо хүндэтгэл үзүүлэх цагаан сарын золголт дээрээ ууц тавиарай гээд явуулж бай­сан. Чилаа надад “Өнөө орой нэвтрүүлэг гарна шүү. Таны явуулсан ууцыг тавь­сан шүү” гэсэн. Би харсан. Тэгвэл гурван жилийн өмнө хүнд хагалгаанд орж ирээд хэдэн зохиолчоо баяр­луулъя гэж бодсон. Тоо­той хэдхэн хүн байгаа. Би баяжчихаад бус баяр­лачихаад хүндэтгэл үзүүлье гэж Го.Мөнхцэцэгт хэл­сэн. Цагаан сарын чинь ууцыг даая, зохиолчдоо баярлуулаарай гэсэн. Зохиолч­дын хорооны ажил­тан манай гэрт ирээд яасан том юм гэсээр  үүрээд явсан. Надад баярлалаа ч гэж хэлээгүй, авсан шүү ч гээгүй, идээ тавьсан ч гэж ч дуулгаагүй. Би уригдах гэж, ууцаа зулгаах гэж тэгсэн юм биш. Би одоо хундага архи ч уухгүй, хутга аваад мах огтлохгүй. Ийм л хүний сэтгэлийг ойлгодоггүй улс. Би зохиолчдын бай­гууллагадаа сэтгэлээ өгдөг. Тэр үүднээс ханддаг. Энд хэдэн сайхан найрагчийг би нэр цохож хэлмээр байна. Хөөдөөгийн Эрдэнэбаатар, Жамъяангийн Мөнхбат нар сайхан шүлэг уншиж “Болор цом”-д түрүүлж байлаа. Энэ хоёр хэнийг ч ца­райчлах найрагч биш. Гэтэл юу гутаасан бэ гэвэл, Их хурлын дарга Д.Дэмбэрэлийн туслах байснаараа Хөөдөөгийн Эрдэнэбаатар, С.Төмөр-Очирын туслах байснаараа Ж.Мөнхбат нэр бохирдсон. Үзэгч, сонсогчид тэгж хүлээж авсан. Түүнээс тэд бяртай найрагчид юм шүү. Өнөөдөр Ж.Мөнхбат улс төрөө хийгээд, дээр нь төрийн зангарагтай сайхан шүлгүүд бичиж л явна. “Шүүрийн чимээ” гэдэг сайхан шүлгээр “Болор цом”-д мялаалга өр­гө­сөн. “Монголын тө­рийг шүүрдэх ёстой,  үнэнийг өгүүлсэн шү­лэг. Хөөдөөгийн Эрдэнэ­баатарыг түрүүлдэг жил би хэлж л байсан. Мань хүн “Болор цом”-ын эзэн болчихоод “Дэмбэрэл дар­гадаа баярлалаа” гэж тэнэгт­сэн. Энэ тухай яриад Эрдэнэбаатар бид хэд одоо ч хөхрөлддөг юм. Эрдэнэтэд  Ш.Лхамноржмааг түрүүл­дэг жил Ч.Ганзориг Ар­хангайн хүн ивээн тэтгэс­нээрээ нэр хоч дуулсан. Тэгээд Архангайд болохоор Архангайнх, Өвөрхангайд болохоор тэр нутгийн хүн цом авснаас, нутаг жалгынх боллоо гэж ярьдаг. Одоо нутаг жалгын биш бүр өвөр түрийний, багш шавийн, аав хүүгийн сонин “Болор цом” болдог болсон. Өнөө­дөр би хэл үгтэйдээ хэлж байгаа юм биш хэнх­дэгэн цаана багтахаа байгаад хэлж байна. Би Монголын утга зохиолд өргүй. Горькийн сургууль ч юм уу, Утга зохиолын дээд сургуулийг нь төгсөөгүй. Би Дарьгангын сүрэгчин хошууны олонд алдартай Орсгой Лувсандаш гэж мэр­гэн хүний зээ хүү. Миний авьяас цусандаа байдагт би зурах, бичих, үгийн урлалыг дархалж  явна. Мэдэх нэг нь мэдэж, мэдэхгүй нь үгүйсгэх байл­гүй. Хурдан морины урал­даанд хурдан морь түрүүл­дэг болохоос унасан хүүхдийг нь зодоод, араас нь гуядаад, эсвэл хөтөлж ирээд түрүүлгэх ямар бай­даг билээ. Бичиж туур­вихын хажуугаар ичиж сурах хэрэгтэй.

-Харин ямар байдаг  юм бол?

-Харахын аргагүй бай­даг юм. Муухай гэж. Авьяас цусандаа байдаг. Тиймээс өнөөдөр авьяастанд өгдөг цом байхаас овъёостонд өг­дөг шагнал утгагүй. Аливаа  юм нийгмээ дагаад шинэч­лэгдэх ёстой. Манай зохиолчдыг ядуу гэдэг. Зо­хиолчид ядуу. Гэхдээ энэ жилийн “Болор цом”-д нэг шүлэгт 2000 төгрөг ху­рааж байгаа юм. Ноднин 1000 төгрөг авдаг байсан. тэгэхээр бид өөрсдийгөө ядуу гээд Монголын зохиолч­дын хороо нь ч ядуу гэж тооцчихоод ядуу байгаад байхаар улам л ядуурна. Бид өөрсдийнхөө хөдөл­мөрийг үнэлэхгүй байхад зохиолч биднийг хэн үнэлэх юм бэ. Нэг шүлгийг хоёр мянган төг­рөгөөр үнэлээд дал наян “хог” ирсэн гэсэн. Тэр байтугай “76-тай эмээ “Санаж явъя” гэдэг шү­лэг өгүүллээ. Эмээ нь үхэхээсээ өмнө Болор цомд нэг орчихъё” гэнээ гэж хүн ирж байхыг би хажуугаас нь харж л байсан. “Болор цом”-ыг хүмүүс ингэж хял­барханаар ойлгож байна. Тэгвэл Зохиолчдын бай­гууллагынх нь тархи хатчихаар, эдийн засагч сэт­гэлгээ илт дутаад   “гуйлгачин” царайлаад хө­дөө гадаа  явсан. Үүнийг захын тэнэг нь ч мэдэж бай­гаа. Бид өөрсдийгөө үнэ­лэхгүй бол хэн үнэлэх юм бэ. Оюуны хөдөлмөр  үнэтэй байдаг. Гэтэл “Болор цом” ийм ичгэвтэр байгаа нь гутмаар. Бид шил архийг 10 мянган төгрөгөөр аваад залгилж байгаа шүү дээ. Тэгвэл архи авдаг тэр мөнгөөрөө шүлгээ үнэлж, ард түмэндээ сонсгож болохгүй юу. Тэр бүү хэл 50 мянган төгрөг байхад болох­гүй юм үгүй. Өнөөдөр хурдан морь уралдуулахад 50 мянгаас доош бооцоо тавихгүй байгаа. Тэгэхээр дөрвөн хөлөөрөө давхидаг адгууснаас бидний толгой ядуу байна гэдэг ичмээр юм. Сайн менежер, зөв менежмент эрэлхийлэхгүй бол арай л биш ээ. Төр засаг­гүй, түмэн олонгүй ядар­лаа. Хөлөөрөө толгой, хөнжлөөрөө дээвэр  хийж, амаараа шороо үмхлээ. Ийм үед Монголын утга зохиолын байгууллага үүрэг­гүй байх ёстой юу. Феодалын нийгмийн үед их Нацагдорж юу дуулж байсан бэ. Зохиол бүтээлээ туурвихын ха­жуу­гаар нийгмийг яр тэмбүүнээс нь салгаж, хошин шог үзэгдлүүдээ ид хийж байсан шүү дээ. Тэр дотор агуу их бүтээлүүдээ туурвиж байсан байлгүй яахав. Гэтэл өнөөдөр бял­дууч, долгиногчид га­зар сайгүй, хэн нэгний цавь суганд багтсан улс ол­ширчээ. Ийм хүмүүс утга зохиол, урлаг соёлын   бай­гууллага дотор ч байна. Өнөө­дөр Марзан Шарав хаана байна. Тэр үеийн татвар гувчуур, мангас ман­жийн хааны үлгэрийг  зурж байсан шүү дээ. Өнөөдөр хошин шог шиг нийгмийг тэр чигээр нь сэгс­рэх том хүч хаа байна.  Яруу найргийн нийгмийн сэтгэлгээний түүчээ гэдэг юм огт байхгүй боллоо. Өнөөдөр “Болор цом”-ын боор­цог булаалдаж байх хооронд эх орон чинь “нохойдоо” орж байна. Гутамшиг. Өнөөдөр Мон­голын яруу найраг хувьч­лагдлаа. Тэгээд ч даран­гуйлалд бүрэн автагдсан нь нүдэнд илт боллоо.

-“Болор цом”-ын шүүгч­­дийн тухайд юу хэлэх вэ?

-Шүүгчид биш түүгчид. Сүүл­дээ оноо балл өгөхөө ч байж, тэр тэд нар, энэ эд нар гэдэг болж. Өнөөдөр шар Эрдэнэбаатар түрүүлж, улаан Эрдэнэбаатар аман хүзүүддэг нь ч учиртай. Хоёр Эрдэнэбаатарыг хоо­ронд нь будлиулах, ан­дууруулах том мэх. Жин­хэнэ тоглогчид цаана нь Г.Мөнхцэцэг, Б.Галсансүх, Б.Ичинхорлоо, Ц.Буян­заяа нар нутгийнхаа нус­гайнуудыг түрсэн, түлхсэн өчүүхэн амьтад болжээ. Яасан хариугүй юмаар тус болдог юм бэ. “Болор цом”-ын дэвжээ гэдэг тэдний нохой сургаж,  бэлт­рэг тэжээдэг,  тагтаанд хоол өгдөг газар юм уу. Үүний цаана та нарын тул­га тойрч тугал сүүлдсэн өчүүхэн улс төрийн өм­хий ханхалж байгааг ч захын “тэнэгүүд” ярьж байна. Өнөөдөр өмнөх аж­лаа хийж чадахгүй байж маргаашийн манан руу мацах чинь инээдэм. Ерөн­хий шүүгчээр ажилласан  Б.Лхагвасүрэн гуай гэж “заазуур”. Ямар ч хүн алдар гавьяан дунд  хөвөөд, жингүйдээд  эхлэхээрээ  өөрөө өөрийгөө ч сон­сохоо байдаг. Нийгэм ч адилхан. Улс төр ч тийм гаж хуультай. Хүн өөрөө өөрийгөө харахаа байж, үнэрлэх, амтлах, сон­сох таван мэдрэхүй нь таг бөглөрч, орчноосоо та­сар­­даг. Б.Лхагвасүрэн  ах өнөөдөр алхаар ямаа цо­хидог, алмасаар үхэр алдаг хүн болжээ. Үүнийгээ өөрөө ч хэлэх шиг болно лээ “Насны бөг­сөнд найраг шүүнэ гэдэг хийх ажил биш” гэж. Тэгэхээр цаад нөхөд энэ хүний нэр нүүрийг барж, барьж ийм муухай юм хийлгэж байгаа. Та  үүн­дээ нэлээд гаршлаа, 20 гаруй жил боллоо. Тэр жил хүүгээ түрүүлүүлсэн, одоо хэнийгээ гаргах бол гэж даяараа ярьж л байгаа. Ц.Эрдэнэбаатар сайн шүлэгтэй мэднэ. Хам­­гийн гол нь ноднин Төв аймагт түрүүлүүлэх гээд чадалгүй энэ жил өгчих­­лөө. Тэр өөрийнх нь шавь, сумынх хамаагүй, өөрийн­хөө дөлөөр явсан бол таван жилийн дараа юм уу, гурван жилийн да­раа түрүүлчих байсан. Гэ­тэл ингэж түгдчиж, гуя­даж, мориор бол хөтөлж чирч түрүүлгэлээ. Энэ түм­ний нүдэн дээр ил бол­лоо. Хүмүүс утасдаж, бухимдаж, хэлж ярьж бай­на шүү дээ. Дундговиос аймгийн утга зохиолын бай­гууллагыг төлөөлж Ж.Мөнхтөр, Сүхбаатараас С.Амартайван, Баянхон­горын Галуутаас Н.Батсүм­бэрэл утасдаж байна. Ямар гээч “Болор цом” болоод байна вэ. “Болор цом” бохир цом боллоо гэж байна. Үүнийг “Болор цом”-ыг үзсэн, дотор нь суусан,  телевизээр  харсан олон хүн ярьж байна.

-Та “Болор цом” наад­мын үеэр “Жүжиг бүү үзүүл” гэж хашгирсан. Юунд  илүү бухимдав?

-Би яруу найргаар амь­дардаг хүн. Сая шү­лэг уралдана, хүлэг урал­дах­гүй гэж бодсон.  Б.Лхагва­сүрэнтэй ярьж хөөрч, инээж хөхөрч л явдаг.  Ми­ний номын өмнөтгөлд “Болор цомд Ай.Төмөр-Очир ирээд шүлгээ ун­шихад ард түмэн аавдаа юм уу, ахдаа алгадуулсан  юм шиг болж, баярладаг билээ” гэж бичсэн хүн. Би “Болор цом”-д бай шаг­нал горьдож ирдэггүй. 100 хүний зургаа нь намайг сонсдог л бол тэдэндээ л шүлгээ унших гэж ирдэг. Би төрийг загнах гэж ирдэг юм. Би “Цагийн өнгийг анирд­сан цагаан хэрээний шивнээ” гэсэн шүлэг,  да­раа нь “Чоно ер нь яасан юм бэ” гэсэн шүлэг  унших бай­сан. Би “Болор цом”-ыг чимэхээр ирсэн юм, ши­мэхээр  ирээгүй. Саяын “Болор цом” наадмын үеэр би 10 билет авсан, 150.000 төгрөг болно лээ. Түүгээр би найз нөхдөө дайл­сан. Сүүлийн таван жил хөдөө тэнээд хотод бу­цаж ирсэн “Болор цом” наадмыг сайхан болно гэж хүн болгон хүсч харж, үзэхийг тэмүүлж байгаа учраас нөхдөө үзүүлье гэ­сэн юм. Би өөрийгөө үзүү­лэх гээгүй. Миний найзууд ичсэн. Ямар аймаар юм бэ, ийм муухай юм болдог юм уу гэж байсан. Би бачимдсан, уур хүрээд хашгирсан. “Жүжиг битгий үзүүлээд бай. Гэрэл зурагчдаа жүжгийн зургийг биш бүжгийн зургийг ав” гэсэн. Б.Лхагвасүрэн “Энд том дуугардаг хүн бай­даггүй” гэсэн. “Юу л бол­бол болог, яривал яриг” гэж байна лээ. Би заалны суу­дал дээрээс дуугардаг хүн биш. Монголын төрд үнэн үгээ хэлдэг аавын хүү. Өнөөдөр утга зохио­лын байгууллага уран бү­тээлийг хааж, даалууны хэ­лээр бол “Тархин дээр үхэх” гэгч болж байгаа  нь хэдэн үеийн гай гам­шиг юм. Энэ төрийн лай ланчгаас дутахгүй гай гам­шиг нүүрлэснийг ухаа­рах цаг ирсэн байна. Мэр­гэн дүү нар бодох биз, ойл­гох биз. Өнөөдөр би “Болор цом” сөнөтүгэй гэж хэлмээргүй байна. Сайн хүний нэрийг гурав  нугалж иддэг. Дэндэвийн Пүрэвдорж гуайн нэрийг 33 жил идлээ. Тэр хүн тэн­гэрээс харж байгаа. Үнэн гэж байдаг бол ингэж дампууруулна гэж тэр хүн бодож хийгээгүй байх. Анх хүн төрөлхтөнд үгээ хэлж байсан бол одоо өвөр зуураа гутал түрий, ханцуй хамартаа өгдөг, шивнэдэг болж, ийм хэмжээнд хүр­­чээ. Хотоос 1600 км-ийн цаана Ховд аймгийн Буянт сумаас ирсэн Маг­сар­жав гэдэг залуу над дээр ирээд уйлж байна лээ. “Бадгарын хотгор” гэсэн байх аа сайхан шүлэг өгч хасагдчихаад “Болор цом” гэдэг чинь ийм аймаар юм болдог юм уу гээд нулимстай  буцсан. Өнөөдөр сошиал ертөнцөд хүмүүс бичиж байна. “Болор цом” ямар гээч юм болчихов оо гэж шуугиж байна. Тэр өдөр “Болор цом”-ын зааланд олон хүн дургүйцэж байхыг би харсан. Судлаач Го.Батсуурь болон олон хүн жир­гэсэн. Оюуны ер­төнц дэх ийм булхайг жир­гэхэд багадна. Ниргэхэд ихэднэ.

-Найрагчид дууга­раагүй, хэвлэлд юм яриагүй. Та хэр олон хүнтэй уулзаж санал солилцов?

-Чойжилын Дамдин­дорж гэж сайхан най­рагч бий. Сольтогтохын Дам­диндорж гэж ямар чан­саа­тай найрагч  билээ. Хүмүүс мэднэ дээ. Хэдэн жилийн өмнө Өвөр­хангай аймагт “Болор цом” болоход би оч­сон. Хархоринд сууж насаараа  “Жимсний бөөр” шиг чив чимээгүй уран бүтээл хийн гэрэлтэж  суу­даг тэр найрагчид таван хана­тай гэр бэлэглэлээ гэ­сэн. Түүнээс хойш гурван жилийн нүүр үзлээ. Тэр гэрээ өгөөгүй гэнэ. Ингэж зохиолчдыг доромжилдог, хошгируулдаг, оюуны хөдөл­мөрийг хулхиддаг байж болохгүй. Үүнд анхаарч байгаа  бай­гуул­лага, хүн, Зохиолчдын хо­роо алга. С.Дамдиндорж  найрагч “Олон жил до­ромжлууллаа, тоглууллаа, одоо би болъё доо”  гээд уйлаад сууж байсан. Ч.Дамдиндорж найрагч ч даага сарвайнд өшиглүүлээд дагзаараа савлаа даа гээд толгой гудгар байсан. “Болор цом”-ын боодогны чулуун дотор  боодогных нь  чулууг хийх ёстой юм. Тэнд хэмжээ багцаа гэж байх учиртай. Хоёрын даваанд ахмад найрагчид гараад ирвэл үзэгч, сонсогчдыг татчихна. Тиймээс эртхэн дарж авъя гэдэг байдал олон наадам дээр ажиглагдаж байна. Жижигхэн юм түрүүлүүлэхийн тулд жижигхэн шувуухайнуудыг  авч үлддэг. Энэ үзэгдэл эрт бий болсон. О.Цэнд-Аюуш гэж  тоглоомны хүн байна. Тэр сайн шүлэгтэй, сайхан яруу найрагч. Анх  дасгалжуулдаг морь гэдэг шиг тоглолтод гарч ирсэн хүн. Гэхдээ тэр залуу урамшаад олон жил сайн   шүлэг бичиж уралдсан. Сая “Болор цом”-оор хэдэн номерын сугалаа татав гэхэд гурван номерийг сугаллаа гэсэн. Тэгэхэд нь би “Чи гуравт орчих гээд байдаг шүү” гэхэд “Ах аа, жаахан урагшуулна аа” гэсэн. Гэтэл дөрөвт орсон. О.Цэнд-Аюуш батламжаа бараг шидчихээ шахсан. Эсэргүүцлээ илэрхийлсэн нь тэр. Юм тодорхой нь дээр. Хэлбэл хэлэх шиг хэлээд, хагарвал хагарах шиг хагарах хэрэгтэй. Бид гэдсэндээ хөлөө хийлцдэг эрх мэдэлтэн, албан тушаалтнууд биш. Уран бүтээлийн чансаа чухал. Эндээс бэтэг хагарч, хатиг шахагдаж бугласан идээ бээрийг авах ёстой. Монголын зохиолчдын эвлэлийн тэргүүлэгчид нэгийг санаж, хоёрыг тунгаах цаг болсон. Тэр дундаа яруу найргийн зөвлөл, том гэмт хэрэг, их нүгэл үйлдэж байна даа.

-Тухайлбал?

-Тэр хүмүүс анх яаж тэмцэж, тэмцэлдэж гарч ирлээ. Зохиолчдын байгууллагын толгой дээр яаж суулаа. Тэд сайхан найрагчдыг өрөвдөх ёстой шүү. Бусдын зовлонг мэдэрдэггүй байна гэдэг хэцүү. Мэдрэл муутай мэлтийж явснаас мэдрэлийн больницод  гөлийж хэвт гэдэг. Гэтэл тэр байтугай үхсэн хүмүүсээс өшөө авч байна. Өнөөдөр О.Дашбалбарыг хэн дурсч  байна вэ, харин ч яллаж байна. Зундуйн Дорж гэж гайхамшигтай найрагчийг яасан ч чимээгүй хөдөөлүүлэв. Тэр хүнийг би Монголын сүүлчийн эх оронч гэж боддог.  Д.Урианхай ах “Болор цом”-ын нэгийн даваанд  уначихаад гунганаад гараад явчихаж байсан. Ингэж унаж үзээгүй, буудуулж үзээгүй хүмүүс ойлгохгүй байх.  Өнөөдөр өчнөөн жил тархиа шатаагаад ирсэн хэдэн зохиолчдоо манай зохиолчдын байгууллага төрд ойлгуулах ёстой. Тэр хөдөлмөрийн баатар мөрөөдөөд байгаа бол тэрийг нь аваад өгчих. Спортын байгууллагад нэг хөлсөө гаргаж барилдаад 100 сая төгрөг авч байна.  Насаараа үгийн уурхайд ажилласан энэ хүмүүсийг үнэл. Тэд Тэхийн зогсоолд зогсох ёстой. Тэрийгээ ч өвгөчүүл бодох ёстой. Хэдэн жилийн өмнө зохиолчид говиор явсан. Олон ч зохиолч явсан даа.  Ирээд Тангадын Галсан багш надад хууч хөөрсөн юм. “Тэр, тэр согтуу. Ээ  мөн ч болохоо байж дээ, газар нутаг минь. Уг нь  Ай.Төмөр-Очир минь чамайгаа л авч явдаг байж  гэж надад ярьсан. Би өвгөн багшийгаа өрөвдөж байсан. Социалист нийгмийн  хар машинтай духаараа мөргөлдөж өнөөдөр 80 насыг хол давсан. Үнэнээр явсан хүн жаргадаг гэдгийг нотоллоо.

-Яруу найргаар амьдарч, яруу найрагчдын дунд нэг уяаны морьд шиг ижилдсэн он жилүүдээс юу мэдрэвгээд асуучихвал…?

-Яахав, Монголын утга зохиолын төлөө олон жил зүтгэлээ. Дорнодын Матад суманд Ц.Дамдинсүрэнгийн 100 жилийн ойг тэмдэглэхэд Го.Аким, Ж.Баяржаргал, Б.Ичинхорлоо гээд олон сайхан найрагч явсан даа. Шүншигтэй наадам болохыг тэмдэглэж, яг үзүүр түрүүний хоёр бөх барилдаж, бид шүлгээ уншиж дуусахад аянга буусан. Төв асар дахь хүмүүс хойшоо налаад  ойчсон. Тэгэхэд бид биширч  байсан. Тэнгэрээс харж байдаг юм байна, өвгөн баярлалаа гэж  дүн тавилаа шүү хэмээн хөөрөлдөцгөөж байв. Буцах замдаа Сүхбаатар аймаг руу орох үед манай хэд түрүүлж ороод  нойтон засмалаар яваад цагдаад баригдчихлаа гэсэн. Яг тэр үед би Ч.Эрдэнэбаатар ламтай хамт машинтай  өнхөрчихөөд хээр сууж байсан. Чилаа намайг сахиж эмнэлэгт нойргүй хонож байлаа. Энэ утга зохиолын төлөө бид тархиа ширгэтэл, амь насаа тасартал явж байсны түүх. Завхан аймагт Дорнын их найрагч Б.Явуухулангийн 80 насны ойг тэмдэглэх үеэр 80 морин хуурч гарч хуурдахад усан бороо цутгаж хуурынх нь хөг алдарч, Ц.Хулан найрагчийн нүднийх нь хар будаг урсчихаж билээ. Их Явуу баярлалаа гэж мэндчилгээ дэвшүүлж байна гэж бид хүлээж авсан. Би олон удаагийн тохиолыг мэднэ, яруу найрагчид цугласан газар хур бороо цутгаж  байсныг санаж байна. Оюун санааны ертөнц ийм л том байдаг. Гэтэл оюуны энэ ертөнц ингэж  тэнгэр нь хаях гэж байх уу. Их найрагчдын үйлсийг үргэлжүүлж байгаа гэж л боддог байсан. Гэтэл ингэж харгислаж, яргалж байгаа нь зохимжтой юу. Тиймээс ах нь хатуухан хэдэн үг хэлчихье.

-Заавал зөөлөн үг хэлэх ч  албагүй л дээ?

-Өнөөдөр Төв аймгийнхан зургаан Ардын уран зохиолчтой. Дээр нь хэчнээн ч “Болор цом”-тонтой болов. Төв аймгийнхан ямар юм голох биш, дуртай нь тэр. Цахим ертөнцөд  Сүхбаатар аймгийнхан  “Болор цом” авсангүй гэж их ярьж, бичдэг. Тэгвэл их хээр тал, хязгаар нутгийн найрагчид “Болор цом”-д багтдаггүй юм. Яагаад гэвэл, эх орон, тусгаар тогтнол, газар шороогоо дуулдаг учраас тэр. Саяхан  Г.Мэнд-Ооёод Чингис хааны одон өгсөн. Уг нь Төрийн шагнал авах ёстой хүн. Чингис хааны одон жижигдэж байгаа хүн “Болор цом”-оор яах юм. Манай Д.Гомбожав, Д.Маам, Д.Нямсүрэн, О.Дашбалбар ч тийм л том явсан. Тэд эх орон, газар шорооныхоо төлөө дуулаад зогсохгүй тэмцэж явсан. Тэгвэл Төв аймгийнхан болоод Төв халхынхан тэмцэл мэдэхгүй, харин урваж шарваж л чадна. Хэдэн жилийн өмнө “Их хурд” гэж сайхан наадам бий болсон. Энэ наадам бий болсноос хойш Төв аймгийнхны хурд байхгүй  болсон. Анх улсын наадам гэж Төв аймгийн наадмыг  л хэлдэг байлаа. Их хурд зохион байгуулснаар Төв аймгийнхны хурд байхгүй болж, Монголын их хурд бий болсон. Одоо Монголын их утга зохиолын шүлгэн хүлгийн их хурд мөн л Төв аймгийн хурд шиг юм болоод байна. Хурдан бол хурднаараа, том бол томоороо л баймаар байна. Доошоо орж шаварт хутгалдаж байгаа нь гутамшигтай харагдаж байна.

Олон “Болор цом” бий. Жинхэнэ сайн боодог гэдэг  хатгахад  шөл нь олгойдоод байдаг юм. Шаз халуун, нүүр түлчих гээд. Түүн лугаа эхний “Болор цом”-ууд тийм байсан. Харин сүүлийн хэдэн жилийнх хүйтэн шөл гардаг, хатгаад  ч юм гардаггүй шүүрхий, үс нь арилаагүй ийм л боодогнууд болж ирлээ. Түүхий боодог идсэн хүн чацга л алддаг, өөр юм байхгүй. Түүн шиг “Болор цом” гээч боодгийг хүмүүс идэж чадахгүй боллоо, ойлгохоо ч байлаа. Доторх   чулуу нь хагарчихаар яаж ч идэх вэ. Дараа жилийн боодог ч өнөө жил дараалаа авчихаад байгаа биз дээ.

-Ингэхэд таныг улстөржлөө гэж зарим хүн шүүмжилдэг. Харин та юу хэлэх бол?

-Б.Лхагвасүрэн найрагч намайг улстөржлөө гэдэг, тэр үгээ надад ч хэлж байсан. Улс төр бичдэг яруу найрагчтай олон газрыг яруу найргийн ертөнц мэднэ. Пабло Неруда гэж Чилийн цогт эх оронч, яруу найрагч байлаа. Гайхамшигт зохиолч Чингиз Айтматов ЗХУ-ын төрийн зөвлөх хийдэг. Манай улсыг ч гэсэн Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж гээд  зохиолч, орчуулагчид удирдаж л байгаа нь санаандгүй юм биш. Зохиолчдоо ч биш оюунлаг хүмүүс улс орныг удирдах ёстой. Тэгж яривал Унгарын яруу найрагч, цогт эх оронч  Шаандор Пэтоффи үзгээрээ л тулалдаж байв.Тусгаар тогтнол, газар шороогоо алдчих юм бол өөр юу ч хэрэггүй биш үү. Цагтаа Б.Лхагвасүрэн ч улстөржиж л байсан. Түрүүн би “Тэхийн зогсоолдоо зогсох ёстой” гэж хэлсэн. Том хүн  зодгоо тайлахгүй байж байгаад шуудгаа шувтлуулахад хүрсэн тухай үлгэрт гардаг шиг юм болох вий. Ардын уран зохиолч П.Бадарч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бямбаа нар сая хөтлөгчийн албаа  залуу халаад хүлээлгэж өглөө. Тэдэн шиг хийх юмаа хийгээд халаагаа өгч байгаа нь нүдэнд дулаан харагдсан. Ийм соёлтой байх ёстой. Ингэж чадахгүй байгаа нь Монголын утга зохиолыг амаар нь шороо үмхүүлж байгаа хэрэг биш үү. Энэ бүхнийг би уначихсандаа уурлаж  яриад байгаа юм биш. Энэ байтугай унаж, тунаж явлаа. Би Монголын утга зохиолд зурсан, бичсэн, нийтлэсэн, аль ч салбарт  мөртэй. “Болор цом” болохоо байлаа. Боодог нь түүхийрлээ. Боодогны чулуунууд дотор эрдэнийн чулуу ч байна, дүлий хөх билүү ч байгаа шүү гэдгийг хэлье. МЗЭ-ийн удирдлага худал магтаал сонсоод хурдан морь шиг дүүхэлздэг бол үнэн үг хэлэхээр өмхий хүрэн шиг ярвайх биз. Үнэн үг гэдэг үнэтэй мориноос үнэтэй байдаг юм шүү.

-Хэлэх ч яах вэ, танд хийхээр бодсон  зүйл байна уу?          

-“Болор цом” боловсрохгүй бол “Тогос хээр” гэж наадам хийнэ.  Тогос хээр мориныхоо толгой руу балбадаг ард түмэн байдаггүй. Өнөөдөр “Болор цом”-д 23 жил шүлгээ уншлаа, дахиж оролцохгүй гээд уйлаад гарсан найрагч бол Ш.Гүрбазар болон Д.Цоодол, Т.Галсан, Л.Мягмарсүрэн, Д.Төрбат, Д.Баянтунгалаг, Ц.Бавуудорж, А.Лхагва нарыг сонсохыг хүмүүс хүсэн хүлээсээр л байна. Ард түмэн өнөөдөр “Тогос хээр”-ийнхээ тоосыг үнэрлэх, янцгаахыг сонсохыг үнэхээр хүсч байгаад эргэлзэхгүй байна. Яруу найргийн Эгшиглэнт эх Янжинлхам “хадам ээж” байдаггүй юм. Дүр эсгэсэн хүргэн, бэрүүд, дагавар хүүхдүүд түүнд хэрэггүй ээ.

Ч.Үл-Олдох

Эх сурвалж:

URL:

Сэтгэгдэл бичих