Зоригтнууд овогт Айлтгүйн Төмөр-Очир: Би “Болор цом”-ын “боодог”-ны чулуу, хагарлаа
“Болор цом-33” яруу найргийн наадмын үеэр Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, Ай.Төмөр-Очир шүүгчдийг “Жүжгээ боль” хэмээн хашгирч шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлсэн.Наадмын ерөнхий шүүгч Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэнБ.Лхагвасүрэн хариуд нь “Хэн хашгираад байна, энд том дуугардаг хүн гараагүй юм шүү” гэснээ “Ер ньхэн ч, юу ч гэж хэлбэл хэлэг, яривал ч яриг” хэмээснийг үзэгч, уншигчид санаж байгаа байх. ТэгвэлАй.Төмөр-Очир найрагч өөрийн үзэл бодлыг илэрхийллээ. Түүнтэй хөөрөлдсөнөө хүргэж байна.
-“Болор цом-33” наадмын тухай ямар сэтгэгдэлтэй явна даа?
-“Болор цом” 33 дахь жилдээ болж өндөрлөлөө. Хонин жилд хэдэн жилийн дараа ч юм бэ Даншиг наадам хийж, шинэ цол хэргэм олгосон. Түүн лугаа “Болор цом” Монголын ард түмний хүсэн хүлээдэг том наадам. Тэр дундаа таван жил хөдөөгүүр “тэнээд”, энэ удаа хот руу орж ирсэн. Уншигчид, сонсогчид маш их юм санаж, хүсэн хүлээж байсан.
Нийслэлийг доргионо, буцалгана, шуугиулна гэж найдаж байсан.Тэгээд ямар болсныг би ганцаараа дүгнэх биш, түмэн олон мэднэ биз. “Болор цом” таван аймагт болоход би бүгдэд нь очиж оролцсон. Тэгээд “Би Болор цомын боодог”-ны чулуу юм байна гэсэн бодол төрлөө. “Болор цом”-ын боодог нь аль хэдийнэ бэлэн болчихсон байдаг. Түүнийг хийхэд дотор нь 32 чулуу ордог. Энэ жил 33 жилийн ойг билэгдэж 33 чулуу хийлээ. Түүний нэг чулуу нь би. Боодогны чулууг шилж сонгож түүж авдаг юм. Чулуу болгон боодгонд орох хувь заяа байдаггүй. Сайн чулууг, хагардаггүй чулууг түүж хийдэг. Гэхдээ боодогны чулуу хагарах өдөр бий. Ганц чулуу хагарчихвал боодгийг идэж болдоггүй. Цаашдаа ч олон чулуу хагарах шинжтэй.
-Та “Болор цом”-ыг хэдийнээс үзэж, бас хэзээнээс оролцож ирэв?
-1983 онд би цэргээс халагдаж ирээд байтал Балбар маань “Энд гоё юм болох гэж байна” гэж дуудаад завшаанаар бид хоёр анхны “Болор цом”-ыг үзэж байлаа. Тэр наадамд Балбар оролцоогүй. Тэндээс Д.Пүрэвдорж гэж гайхамшигтай яруу найрагч, шатрын морь шиг хар алаг нүдтэй сайхан хүн “Хүн төрөлхтөнд хэлэх үг” гэдэг агуу шүлгээ уншиж, өөрийнхөө санаачилсан “Болор цом”-ыг өөрөө анх авч байлаа. Анхны яруу найргийн наадмын эзэн, яруу найргийн цар хүрээ бол “Хүн төрөлхтөнд хэлэх үг” байсан. Сүүлд олон сайхан яруу найрагч хүн төрөлхтөнд биш юм гэхэд Монголын ард түмэнд, тусгаар тогтнол, эрх чөлөөнд хүртэл үгээ хүргэсэн. Анхны “Болор цом” дээр Ш.Сүрэнжав ах согтуу орж ирсэн. Араас нь хэдэн хүн ирж татаж чангаагаад “багалзуурдаад” аваад явсан. Мань хүн “Сүрэнжавгүй Болор цом” байдаг юм уу гэж хашгираад гарсан. Тэгэхэд том зохиолчид ийм байдаг юм байх даа. Ямар аймаар улс вэ гэж бодож байсан. Том зохиолчид том л юм билээ. “Сүрэнжав ямар сонин юм бэ” гэж бодоогүй. Түүнээс хойш “Болор цом” наадам 33 дахь жилдээ боллоо. Би талыг нь үзлээ, талд нь “боодог”-ны чулуу явлаа. “Болор цом”-ын тухай би сайхнаар дурсана. Энэ наадмыг ард түмэн хүсэн хүлээдэг байсан. “Болор цом”-ыг Д.Цоодол, Б.Лхагвасүрэн нар гурван удаа, Ц.Чимэддорж, Б.Ичинхорлоо, Ц.Хулан нар хоёр удаа авсан. Болор цомтон 25 хүнээс өнөөдөр гурав нь тэнгэрт хальсан байна. Гэхдээ тэр үеийн шүлгүүд агуу, наадам нь ч наадам байж. Д.Цоодолын “Нэргүй баатруудад унших шүлэг” мундаг, “Миний муусайн найзууд” ямар агуу билээ. Б.Лхагвсүрэнгийн “Шагнал” шүлэг энгэр дээр байдаг зүйл биш амьд явах нь шагнал байдаг амьдралын философийг ухааруулсан агуу шүлэг. “Хил дээр бичсэн шүлэг” нь ч агуу бүтээл. Т.Очирхүүгийн “Урам хайрла”, П.Бадарчийн “Тэмээ”, Т.Галсангийн “Жирмийн сүлжээ”, Ц.Чимэддоржийн “Сэлбэ”, “Малчин”, А.Эрдэнэ-Очирын “Зам” шүлгүүд зүрхэнд шигдэж, тархинд хадагджээ. Ингээд яриад байвал маш олныг дурдаж болно. Барнангийн Доржпалам гэж ямар гайхамшигтай найрагч байв. Тэр болгоныг тоочиж баршгүй. Хамгийн гол нь тэр үед хүн нь сонин биш, бүтээл нь өргөн олныг цочоож, Монголын ард түмний сэтгэл дотрыг маажиж, ёстой нөгөө “Хүний сэтгэлийг хөдөлгөж эс чадваас хөнгөн бийрийг хөшиж юу хийнэ” гэдэг шиг “Болор цом” наадам ид тэнгэрт гарсан. Тэнгэрт гаргасан хүмүүс нь ч “Болор цом”-ын эзэд мөн.
-Тэгвэл одоо…?
-Сүүлийн үед “Болор цом” наадам маань наадам биш болж цагаандаа гарлаа. Мориор бол хадуурлаа. Хуураар бол хөг алдарлаа. Нуураар бол ширгэлээ. Тухайлбал, “Морин хуур” наадамтай харьцуулаад үзэхэд сая энэ наадам 29 дэх удаагаа боллоо. “Морин хуур” бол “Болор цом”-оос дүү наадам шүү дээ. 29 дэх удаагийн наадамд Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров түрүүллээ. Н.Жанцанноров “Морин хуур”-т түрүүлэх гээд чардайгаад байсан юм биш. Бүтээл нь Монголын хөгжмийн урлаг, нийтийн дууны түүхэнд үлдэх “эрдэнэ” мөн. Б.Бямбабаяр гурван удаа түрүүлсэн юм байна лээ. Н.Жанцанноров хэд түрүүлснийг мэдэхгүй. Ямартай ч “Морин хуур” гэдэг цараатай наадам “Морин хуур”-аараа л байна. Би энэ наадамд хөгжмийн зохиолч Ч.Сангидоржтой хамт 2002 онд “Дэнхэр цэнхэр тогоруу” дуугаар оролцож түрүүлж байлаа. 12 жилийн дараа Н.Чулуунхүүгийн хөгжим “Ижий гөрөөс” дуугаараа хоёр дахиа түрүүлсэн. Өнгөрсөн 12 жилд би “Морин хуур”-ыг үздэг, сонсдог, чагнадаг байсан учраас дүгнэж байна. Тэгвэл “Болор цом” маань “Болор цом” биш “Хялар цом” болчихсон. Харамсахын учир энэ. Манай олон сайхан яруу найрагч “Болор цом”-д түрүүлсэн. Би үг холбож, үсээ урт ургуулдаг найрагч нөхдөдөө хайртай. Өстэй хүн байхгүй. Ахмадуудаа хүндэтгэж, золгож үнсүүлж, сөгдөж явдаг. Дүү нараа үнсч, сөглөж явдаг. Би баярхаж байгаа юм биш Х.Чилаажавыг зохиолчдын байгууллагыг удирдаж байхад Асгат сумын Ц.Жадамбаа гэдэг баян хүний сүргээс том эр хонь авч, ахмад зохиолчиддоо хүндэтгэл үзүүлэх цагаан сарын золголт дээрээ ууц тавиарай гээд явуулж байсан. Чилаа надад “Өнөө орой нэвтрүүлэг гарна шүү. Таны явуулсан ууцыг тавьсан шүү” гэсэн. Би харсан. Тэгвэл гурван жилийн өмнө хүнд хагалгаанд орж ирээд хэдэн зохиолчоо баярлуулъя гэж бодсон. Тоотой хэдхэн хүн байгаа. Би баяжчихаад бус баярлачихаад хүндэтгэл үзүүлье гэж Го.Мөнхцэцэгт хэлсэн. Цагаан сарын чинь ууцыг даая, зохиолчдоо баярлуулаарай гэсэн. Зохиолчдын хорооны ажилтан манай гэрт ирээд яасан том юм гэсээр үүрээд явсан. Надад баярлалаа ч гэж хэлээгүй, авсан шүү ч гээгүй, идээ тавьсан ч гэж ч дуулгаагүй. Би уригдах гэж, ууцаа зулгаах гэж тэгсэн юм биш. Би одоо хундага архи ч уухгүй, хутга аваад мах огтлохгүй. Ийм л хүний сэтгэлийг ойлгодоггүй улс. Би зохиолчдын байгууллагадаа сэтгэлээ өгдөг. Тэр үүднээс ханддаг. Энд хэдэн сайхан найрагчийг би нэр цохож хэлмээр байна. Хөөдөөгийн Эрдэнэбаатар, Жамъяангийн Мөнхбат нар сайхан шүлэг уншиж “Болор цом”-д түрүүлж байлаа. Энэ хоёр хэнийг ч царайчлах найрагч биш. Гэтэл юу гутаасан бэ гэвэл, Их хурлын дарга Д.Дэмбэрэлийн туслах байснаараа Хөөдөөгийн Эрдэнэбаатар, С.Төмөр-Очирын туслах байснаараа Ж.Мөнхбат нэр бохирдсон. Үзэгч, сонсогчид тэгж хүлээж авсан. Түүнээс тэд бяртай найрагчид юм шүү. Өнөөдөр Ж.Мөнхбат улс төрөө хийгээд, дээр нь төрийн зангарагтай сайхан шүлгүүд бичиж л явна. “Шүүрийн чимээ” гэдэг сайхан шүлгээр “Болор цом”-д мялаалга өргөсөн. “Монголын төрийг шүүрдэх ёстой, үнэнийг өгүүлсэн шүлэг. Хөөдөөгийн Эрдэнэбаатарыг түрүүлдэг жил би хэлж л байсан. Мань хүн “Болор цом”-ын эзэн болчихоод “Дэмбэрэл даргадаа баярлалаа” гэж тэнэгтсэн. Энэ тухай яриад Эрдэнэбаатар бид хэд одоо ч хөхрөлддөг юм. Эрдэнэтэд Ш.Лхамноржмааг түрүүлдэг жил Ч.Ганзориг Архангайн хүн ивээн тэтгэснээрээ нэр хоч дуулсан. Тэгээд Архангайд болохоор Архангайнх, Өвөрхангайд болохоор тэр нутгийн хүн цом авснаас, нутаг жалгынх боллоо гэж ярьдаг. Одоо нутаг жалгын биш бүр өвөр түрийний, багш шавийн, аав хүүгийн сонин “Болор цом” болдог болсон. Өнөөдөр би хэл үгтэйдээ хэлж байгаа юм биш хэнхдэгэн цаана багтахаа байгаад хэлж байна. Би Монголын утга зохиолд өргүй. Горькийн сургууль ч юм уу, Утга зохиолын дээд сургуулийг нь төгсөөгүй. Би Дарьгангын сүрэгчин хошууны олонд алдартай Орсгой Лувсандаш гэж мэргэн хүний зээ хүү. Миний авьяас цусандаа байдагт би зурах, бичих, үгийн урлалыг дархалж явна. Мэдэх нэг нь мэдэж, мэдэхгүй нь үгүйсгэх байлгүй. Хурдан морины уралдаанд хурдан морь түрүүлдэг болохоос унасан хүүхдийг нь зодоод, араас нь гуядаад, эсвэл хөтөлж ирээд түрүүлгэх ямар байдаг билээ. Бичиж туурвихын хажуугаар ичиж сурах хэрэгтэй.
-Харин ямар байдаг юм бол?
-Харахын аргагүй байдаг юм. Муухай гэж. Авьяас цусандаа байдаг. Тиймээс өнөөдөр авьяастанд өгдөг цом байхаас овъёостонд өгдөг шагнал утгагүй. Аливаа юм нийгмээ дагаад шинэчлэгдэх ёстой. Манай зохиолчдыг ядуу гэдэг. Зохиолчид ядуу. Гэхдээ энэ жилийн “Болор цом”-д нэг шүлэгт 2000 төгрөг хурааж байгаа юм. Ноднин 1000 төгрөг авдаг байсан. тэгэхээр бид өөрсдийгөө ядуу гээд Монголын зохиолчдын хороо нь ч ядуу гэж тооцчихоод ядуу байгаад байхаар улам л ядуурна. Бид өөрсдийнхөө хөдөлмөрийг үнэлэхгүй байхад зохиолч биднийг хэн үнэлэх юм бэ. Нэг шүлгийг хоёр мянган төгрөгөөр үнэлээд дал наян “хог” ирсэн гэсэн. Тэр байтугай “76-тай эмээ “Санаж явъя” гэдэг шүлэг өгүүллээ. Эмээ нь үхэхээсээ өмнө Болор цомд нэг орчихъё” гэнээ гэж хүн ирж байхыг би хажуугаас нь харж л байсан. “Болор цом”-ыг хүмүүс ингэж хялбарханаар ойлгож байна. Тэгвэл Зохиолчдын байгууллагынх нь тархи хатчихаар, эдийн засагч сэтгэлгээ илт дутаад “гуйлгачин” царайлаад хөдөө гадаа явсан. Үүнийг захын тэнэг нь ч мэдэж байгаа. Бид өөрсдийгөө үнэлэхгүй бол хэн үнэлэх юм бэ. Оюуны хөдөлмөр үнэтэй байдаг. Гэтэл “Болор цом” ийм ичгэвтэр байгаа нь гутмаар. Бид шил архийг 10 мянган төгрөгөөр аваад залгилж байгаа шүү дээ. Тэгвэл архи авдаг тэр мөнгөөрөө шүлгээ үнэлж, ард түмэндээ сонсгож болохгүй юу. Тэр бүү хэл 50 мянган төгрөг байхад болохгүй юм үгүй. Өнөөдөр хурдан морь уралдуулахад 50 мянгаас доош бооцоо тавихгүй байгаа. Тэгэхээр дөрвөн хөлөөрөө давхидаг адгууснаас бидний толгой ядуу байна гэдэг ичмээр юм. Сайн менежер, зөв менежмент эрэлхийлэхгүй бол арай л биш ээ. Төр засаггүй, түмэн олонгүй ядарлаа. Хөлөөрөө толгой, хөнжлөөрөө дээвэр хийж, амаараа шороо үмхлээ. Ийм үед Монголын утга зохиолын байгууллага үүрэггүй байх ёстой юу. Феодалын нийгмийн үед их Нацагдорж юу дуулж байсан бэ. Зохиол бүтээлээ туурвихын хажуугаар нийгмийг яр тэмбүүнээс нь салгаж, хошин шог үзэгдлүүдээ ид хийж байсан шүү дээ. Тэр дотор агуу их бүтээлүүдээ туурвиж байсан байлгүй яахав. Гэтэл өнөөдөр бялдууч, долгиногчид газар сайгүй, хэн нэгний цавь суганд багтсан улс олширчээ. Ийм хүмүүс утга зохиол, урлаг соёлын байгууллага дотор ч байна. Өнөөдөр Марзан Шарав хаана байна. Тэр үеийн татвар гувчуур, мангас манжийн хааны үлгэрийг зурж байсан шүү дээ. Өнөөдөр хошин шог шиг нийгмийг тэр чигээр нь сэгсрэх том хүч хаа байна. Яруу найргийн нийгмийн сэтгэлгээний түүчээ гэдэг юм огт байхгүй боллоо. Өнөөдөр “Болор цом”-ын боорцог булаалдаж байх хооронд эх орон чинь “нохойдоо” орж байна. Гутамшиг. Өнөөдөр Монголын яруу найраг хувьчлагдлаа. Тэгээд ч дарангуйлалд бүрэн автагдсан нь нүдэнд илт боллоо.
-“Болор цом”-ын шүүгчдийн тухайд юу хэлэх вэ?
-Шүүгчид биш түүгчид. Сүүлдээ оноо балл өгөхөө ч байж, тэр тэд нар, энэ эд нар гэдэг болж. Өнөөдөр шар Эрдэнэбаатар түрүүлж, улаан Эрдэнэбаатар аман хүзүүддэг нь ч учиртай. Хоёр Эрдэнэбаатарыг хооронд нь будлиулах, андууруулах том мэх. Жинхэнэ тоглогчид цаана нь Г.Мөнхцэцэг, Б.Галсансүх, Б.Ичинхорлоо, Ц.Буянзаяа нар нутгийнхаа нусгайнуудыг түрсэн, түлхсэн өчүүхэн амьтад болжээ. Яасан хариугүй юмаар тус болдог юм бэ. “Болор цом”-ын дэвжээ гэдэг тэдний нохой сургаж, бэлтрэг тэжээдэг, тагтаанд хоол өгдөг газар юм уу. Үүний цаана та нарын тулга тойрч тугал сүүлдсэн өчүүхэн улс төрийн өмхий ханхалж байгааг ч захын “тэнэгүүд” ярьж байна. Өнөөдөр өмнөх ажлаа хийж чадахгүй байж маргаашийн манан руу мацах чинь инээдэм. Ерөнхий шүүгчээр ажилласан Б.Лхагвасүрэн гуай гэж “заазуур”. Ямар ч хүн алдар гавьяан дунд хөвөөд, жингүйдээд эхлэхээрээ өөрөө өөрийгөө ч сонсохоо байдаг. Нийгэм ч адилхан. Улс төр ч тийм гаж хуультай. Хүн өөрөө өөрийгөө харахаа байж, үнэрлэх, амтлах, сонсох таван мэдрэхүй нь таг бөглөрч, орчноосоо тасардаг. Б.Лхагвасүрэн ах өнөөдөр алхаар ямаа цохидог, алмасаар үхэр алдаг хүн болжээ. Үүнийгээ өөрөө ч хэлэх шиг болно лээ “Насны бөгсөнд найраг шүүнэ гэдэг хийх ажил биш” гэж. Тэгэхээр цаад нөхөд энэ хүний нэр нүүрийг барж, барьж ийм муухай юм хийлгэж байгаа. Та үүндээ нэлээд гаршлаа, 20 гаруй жил боллоо. Тэр жил хүүгээ түрүүлүүлсэн, одоо хэнийгээ гаргах бол гэж даяараа ярьж л байгаа. Ц.Эрдэнэбаатар сайн шүлэгтэй мэднэ. Хамгийн гол нь ноднин Төв аймагт түрүүлүүлэх гээд чадалгүй энэ жил өгчихлөө. Тэр өөрийнх нь шавь, сумынх хамаагүй, өөрийнхөө дөлөөр явсан бол таван жилийн дараа юм уу, гурван жилийн дараа түрүүлчих байсан. Гэтэл ингэж түгдчиж, гуядаж, мориор бол хөтөлж чирч түрүүлгэлээ. Энэ түмний нүдэн дээр ил боллоо. Хүмүүс утасдаж, бухимдаж, хэлж ярьж байна шүү дээ. Дундговиос аймгийн утга зохиолын байгууллагыг төлөөлж Ж.Мөнхтөр, Сүхбаатараас С.Амартайван, Баянхонгорын Галуутаас Н.Батсүмбэрэл утасдаж байна. Ямар гээч “Болор цом” болоод байна вэ. “Болор цом” бохир цом боллоо гэж байна. Үүнийг “Болор цом”-ыг үзсэн, дотор нь суусан, телевизээр харсан олон хүн ярьж байна.
-Та “Болор цом” наадмын үеэр “Жүжиг бүү үзүүл” гэж хашгирсан. Юунд илүү бухимдав?
-Би яруу найргаар амьдардаг хүн. Сая шүлэг уралдана, хүлэг уралдахгүй гэж бодсон. Б.Лхагвасүрэнтэй ярьж хөөрч, инээж хөхөрч л явдаг. Миний номын өмнөтгөлд “Болор цомд Ай.Төмөр-Очир ирээд шүлгээ уншихад ард түмэн аавдаа юм уу, ахдаа алгадуулсан юм шиг болж, баярладаг билээ” гэж бичсэн хүн. Би “Болор цом”-д бай шагнал горьдож ирдэггүй. 100 хүний зургаа нь намайг сонсдог л бол тэдэндээ л шүлгээ унших гэж ирдэг. Би төрийг загнах гэж ирдэг юм. Би “Цагийн өнгийг анирдсан цагаан хэрээний шивнээ” гэсэн шүлэг, дараа нь “Чоно ер нь яасан юм бэ” гэсэн шүлэг унших байсан. Би “Болор цом”-ыг чимэхээр ирсэн юм, шимэхээр ирээгүй. Саяын “Болор цом” наадмын үеэр би 10 билет авсан, 150.000 төгрөг болно лээ. Түүгээр би найз нөхдөө дайлсан. Сүүлийн таван жил хөдөө тэнээд хотод буцаж ирсэн “Болор цом” наадмыг сайхан болно гэж хүн болгон хүсч харж, үзэхийг тэмүүлж байгаа учраас нөхдөө үзүүлье гэсэн юм. Би өөрийгөө үзүүлэх гээгүй. Миний найзууд ичсэн. Ямар аймаар юм бэ, ийм муухай юм болдог юм уу гэж байсан. Би бачимдсан, уур хүрээд хашгирсан. “Жүжиг битгий үзүүлээд бай. Гэрэл зурагчдаа жүжгийн зургийг биш бүжгийн зургийг ав” гэсэн. Б.Лхагвасүрэн “Энд том дуугардаг хүн байдаггүй” гэсэн. “Юу л болбол болог, яривал яриг” гэж байна лээ. Би заалны суудал дээрээс дуугардаг хүн биш. Монголын төрд үнэн үгээ хэлдэг аавын хүү. Өнөөдөр утга зохиолын байгууллага уран бүтээлийг хааж, даалууны хэлээр бол “Тархин дээр үхэх” гэгч болж байгаа нь хэдэн үеийн гай гамшиг юм. Энэ төрийн лай ланчгаас дутахгүй гай гамшиг нүүрлэснийг ухаарах цаг ирсэн байна. Мэргэн дүү нар бодох биз, ойлгох биз. Өнөөдөр би “Болор цом” сөнөтүгэй гэж хэлмээргүй байна. Сайн хүний нэрийг гурав нугалж иддэг. Дэндэвийн Пүрэвдорж гуайн нэрийг 33 жил идлээ. Тэр хүн тэнгэрээс харж байгаа. Үнэн гэж байдаг бол ингэж дампууруулна гэж тэр хүн бодож хийгээгүй байх. Анх хүн төрөлхтөнд үгээ хэлж байсан бол одоо өвөр зуураа гутал түрий, ханцуй хамартаа өгдөг, шивнэдэг болж, ийм хэмжээнд хүрчээ. Хотоос 1600 км-ийн цаана Ховд аймгийн Буянт сумаас ирсэн Магсаржав гэдэг залуу над дээр ирээд уйлж байна лээ. “Бадгарын хотгор” гэсэн байх аа сайхан шүлэг өгч хасагдчихаад “Болор цом” гэдэг чинь ийм аймаар юм болдог юм уу гээд нулимстай буцсан. Өнөөдөр сошиал ертөнцөд хүмүүс бичиж байна. “Болор цом” ямар гээч юм болчихов оо гэж шуугиж байна. Тэр өдөр “Болор цом”-ын зааланд олон хүн дургүйцэж байхыг би харсан. Судлаач Го.Батсуурь болон олон хүн жиргэсэн. Оюуны ертөнц дэх ийм булхайг жиргэхэд багадна. Ниргэхэд ихэднэ.
-Найрагчид дуугараагүй, хэвлэлд юм яриагүй. Та хэр олон хүнтэй уулзаж санал солилцов?
-Чойжилын Дамдиндорж гэж сайхан найрагч бий. Сольтогтохын Дамдиндорж гэж ямар чансаатай найрагч билээ. Хүмүүс мэднэ дээ. Хэдэн жилийн өмнө Өвөрхангай аймагт “Болор цом” болоход би очсон. Хархоринд сууж насаараа “Жимсний бөөр” шиг чив чимээгүй уран бүтээл хийн гэрэлтэж суудаг тэр найрагчид таван ханатай гэр бэлэглэлээ гэсэн. Түүнээс хойш гурван жилийн нүүр үзлээ. Тэр гэрээ өгөөгүй гэнэ. Ингэж зохиолчдыг доромжилдог, хошгируулдаг, оюуны хөдөлмөрийг хулхиддаг байж болохгүй. Үүнд анхаарч байгаа байгууллага, хүн, Зохиолчдын хороо алга. С.Дамдиндорж найрагч “Олон жил доромжлууллаа, тоглууллаа, одоо би болъё доо” гээд уйлаад сууж байсан. Ч.Дамдиндорж найрагч ч даага сарвайнд өшиглүүлээд дагзаараа савлаа даа гээд толгой гудгар байсан. “Болор цом”-ын боодогны чулуун дотор боодогных нь чулууг хийх ёстой юм. Тэнд хэмжээ багцаа гэж байх учиртай. Хоёрын даваанд ахмад найрагчид гараад ирвэл үзэгч, сонсогчдыг татчихна. Тиймээс эртхэн дарж авъя гэдэг байдал олон наадам дээр ажиглагдаж байна. Жижигхэн юм түрүүлүүлэхийн тулд жижигхэн шувуухайнуудыг авч үлддэг. Энэ үзэгдэл эрт бий болсон. О.Цэнд-Аюуш гэж тоглоомны хүн байна. Тэр сайн шүлэгтэй, сайхан яруу найрагч. Анх дасгалжуулдаг морь гэдэг шиг тоглолтод гарч ирсэн хүн. Гэхдээ тэр залуу урамшаад олон жил сайн шүлэг бичиж уралдсан. Сая “Болор цом”-оор хэдэн номерын сугалаа татав гэхэд гурван номерийг сугаллаа гэсэн. Тэгэхэд нь би “Чи гуравт орчих гээд байдаг шүү” гэхэд “Ах аа, жаахан урагшуулна аа” гэсэн. Гэтэл дөрөвт орсон. О.Цэнд-Аюуш батламжаа бараг шидчихээ шахсан. Эсэргүүцлээ илэрхийлсэн нь тэр. Юм тодорхой нь дээр. Хэлбэл хэлэх шиг хэлээд, хагарвал хагарах шиг хагарах хэрэгтэй. Бид гэдсэндээ хөлөө хийлцдэг эрх мэдэлтэн, албан тушаалтнууд биш. Уран бүтээлийн чансаа чухал. Эндээс бэтэг хагарч, хатиг шахагдаж бугласан идээ бээрийг авах ёстой. Монголын зохиолчдын эвлэлийн тэргүүлэгчид нэгийг санаж, хоёрыг тунгаах цаг болсон. Тэр дундаа яруу найргийн зөвлөл, том гэмт хэрэг, их нүгэл үйлдэж байна даа.
-Тухайлбал?
-Тэр хүмүүс анх яаж тэмцэж, тэмцэлдэж гарч ирлээ. Зохиолчдын байгууллагын толгой дээр яаж суулаа. Тэд сайхан найрагчдыг өрөвдөх ёстой шүү. Бусдын зовлонг мэдэрдэггүй байна гэдэг хэцүү. Мэдрэл муутай мэлтийж явснаас мэдрэлийн больницод гөлийж хэвт гэдэг. Гэтэл тэр байтугай үхсэн хүмүүсээс өшөө авч байна. Өнөөдөр О.Дашбалбарыг хэн дурсч байна вэ, харин ч яллаж байна. Зундуйн Дорж гэж гайхамшигтай найрагчийг яасан ч чимээгүй хөдөөлүүлэв. Тэр хүнийг би Монголын сүүлчийн эх оронч гэж боддог. Д.Урианхай ах “Болор цом”-ын нэгийн даваанд уначихаад гунганаад гараад явчихаж байсан. Ингэж унаж үзээгүй, буудуулж үзээгүй хүмүүс ойлгохгүй байх. Өнөөдөр өчнөөн жил тархиа шатаагаад ирсэн хэдэн зохиолчдоо манай зохиолчдын байгууллага төрд ойлгуулах ёстой. Тэр хөдөлмөрийн баатар мөрөөдөөд байгаа бол тэрийг нь аваад өгчих. Спортын байгууллагад нэг хөлсөө гаргаж барилдаад 100 сая төгрөг авч байна. Насаараа үгийн уурхайд ажилласан энэ хүмүүсийг үнэл. Тэд Тэхийн зогсоолд зогсох ёстой. Тэрийгээ ч өвгөчүүл бодох ёстой. Хэдэн жилийн өмнө зохиолчид говиор явсан. Олон ч зохиолч явсан даа. Ирээд Тангадын Галсан багш надад хууч хөөрсөн юм. “Тэр, тэр согтуу. Ээ мөн ч болохоо байж дээ, газар нутаг минь. Уг нь Ай.Төмөр-Очир минь чамайгаа л авч явдаг байж гэж надад ярьсан. Би өвгөн багшийгаа өрөвдөж байсан. Социалист нийгмийн хар машинтай духаараа мөргөлдөж өнөөдөр 80 насыг хол давсан. Үнэнээр явсан хүн жаргадаг гэдгийг нотоллоо.
-Яруу найргаар амьдарч, яруу найрагчдын дунд нэг уяаны морьд шиг ижилдсэн он жилүүдээс юу мэдрэвгээд асуучихвал…?
-Яахав, Монголын утга зохиолын төлөө олон жил зүтгэлээ. Дорнодын Матад суманд Ц.Дамдинсүрэнгийн 100 жилийн ойг тэмдэглэхэд Го.Аким, Ж.Баяржаргал, Б.Ичинхорлоо гээд олон сайхан найрагч явсан даа. Шүншигтэй наадам болохыг тэмдэглэж, яг үзүүр түрүүний хоёр бөх барилдаж, бид шүлгээ уншиж дуусахад аянга буусан. Төв асар дахь хүмүүс хойшоо налаад ойчсон. Тэгэхэд бид биширч байсан. Тэнгэрээс харж байдаг юм байна, өвгөн баярлалаа гэж дүн тавилаа шүү хэмээн хөөрөлдөцгөөж байв. Буцах замдаа Сүхбаатар аймаг руу орох үед манай хэд түрүүлж ороод нойтон засмалаар яваад цагдаад баригдчихлаа гэсэн. Яг тэр үед би Ч.Эрдэнэбаатар ламтай хамт машинтай өнхөрчихөөд хээр сууж байсан. Чилаа намайг сахиж эмнэлэгт нойргүй хонож байлаа. Энэ утга зохиолын төлөө бид тархиа ширгэтэл, амь насаа тасартал явж байсны түүх. Завхан аймагт Дорнын их найрагч Б.Явуухулангийн 80 насны ойг тэмдэглэх үеэр 80 морин хуурч гарч хуурдахад усан бороо цутгаж хуурынх нь хөг алдарч, Ц.Хулан найрагчийн нүднийх нь хар будаг урсчихаж билээ. Их Явуу баярлалаа гэж мэндчилгээ дэвшүүлж байна гэж бид хүлээж авсан. Би олон удаагийн тохиолыг мэднэ, яруу найрагчид цугласан газар хур бороо цутгаж байсныг санаж байна. Оюун санааны ертөнц ийм л том байдаг. Гэтэл оюуны энэ ертөнц ингэж тэнгэр нь хаях гэж байх уу. Их найрагчдын үйлсийг үргэлжүүлж байгаа гэж л боддог байсан. Гэтэл ингэж харгислаж, яргалж байгаа нь зохимжтой юу. Тиймээс ах нь хатуухан хэдэн үг хэлчихье.
-Заавал зөөлөн үг хэлэх ч албагүй л дээ?
-Өнөөдөр Төв аймгийнхан зургаан Ардын уран зохиолчтой. Дээр нь хэчнээн ч “Болор цом”-тонтой болов. Төв аймгийнхан ямар юм голох биш, дуртай нь тэр. Цахим ертөнцөд Сүхбаатар аймгийнхан “Болор цом” авсангүй гэж их ярьж, бичдэг. Тэгвэл их хээр тал, хязгаар нутгийн найрагчид “Болор цом”-д багтдаггүй юм. Яагаад гэвэл, эх орон, тусгаар тогтнол, газар шороогоо дуулдаг учраас тэр. Саяхан Г.Мэнд-Ооёод Чингис хааны одон өгсөн. Уг нь Төрийн шагнал авах ёстой хүн. Чингис хааны одон жижигдэж байгаа хүн “Болор цом”-оор яах юм. Манай Д.Гомбожав, Д.Маам, Д.Нямсүрэн, О.Дашбалбар ч тийм л том явсан. Тэд эх орон, газар шорооныхоо төлөө дуулаад зогсохгүй тэмцэж явсан. Тэгвэл Төв аймгийнхан болоод Төв халхынхан тэмцэл мэдэхгүй, харин урваж шарваж л чадна. Хэдэн жилийн өмнө “Их хурд” гэж сайхан наадам бий болсон. Энэ наадам бий болсноос хойш Төв аймгийнхны хурд байхгүй болсон. Анх улсын наадам гэж Төв аймгийн наадмыг л хэлдэг байлаа. Их хурд зохион байгуулснаар Төв аймгийнхны хурд байхгүй болж, Монголын их хурд бий болсон. Одоо Монголын их утга зохиолын шүлгэн хүлгийн их хурд мөн л Төв аймгийн хурд шиг юм болоод байна. Хурдан бол хурднаараа, том бол томоороо л баймаар байна. Доошоо орж шаварт хутгалдаж байгаа нь гутамшигтай харагдаж байна.
Олон “Болор цом” бий. Жинхэнэ сайн боодог гэдэг хатгахад шөл нь олгойдоод байдаг юм. Шаз халуун, нүүр түлчих гээд. Түүн лугаа эхний “Болор цом”-ууд тийм байсан. Харин сүүлийн хэдэн жилийнх хүйтэн шөл гардаг, хатгаад ч юм гардаггүй шүүрхий, үс нь арилаагүй ийм л боодогнууд болж ирлээ. Түүхий боодог идсэн хүн чацга л алддаг, өөр юм байхгүй. Түүн шиг “Болор цом” гээч боодгийг хүмүүс идэж чадахгүй боллоо, ойлгохоо ч байлаа. Доторх чулуу нь хагарчихаар яаж ч идэх вэ. Дараа жилийн боодог ч өнөө жил дараалаа авчихаад байгаа биз дээ.
-Ингэхэд таныг улстөржлөө гэж зарим хүн шүүмжилдэг. Харин та юу хэлэх бол?
-Б.Лхагвасүрэн найрагч намайг улстөржлөө гэдэг, тэр үгээ надад ч хэлж байсан. Улс төр бичдэг яруу найрагчтай олон газрыг яруу найргийн ертөнц мэднэ. Пабло Неруда гэж Чилийн цогт эх оронч, яруу найрагч байлаа. Гайхамшигт зохиолч Чингиз Айтматов ЗХУ-ын төрийн зөвлөх хийдэг. Манай улсыг ч гэсэн Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж гээд зохиолч, орчуулагчид удирдаж л байгаа нь санаандгүй юм биш. Зохиолчдоо ч биш оюунлаг хүмүүс улс орныг удирдах ёстой. Тэгж яривал Унгарын яруу найрагч, цогт эх оронч Шаандор Пэтоффи үзгээрээ л тулалдаж байв.Тусгаар тогтнол, газар шороогоо алдчих юм бол өөр юу ч хэрэггүй биш үү. Цагтаа Б.Лхагвасүрэн ч улстөржиж л байсан. Түрүүн би “Тэхийн зогсоолдоо зогсох ёстой” гэж хэлсэн. Том хүн зодгоо тайлахгүй байж байгаад шуудгаа шувтлуулахад хүрсэн тухай үлгэрт гардаг шиг юм болох вий. Ардын уран зохиолч П.Бадарч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бямбаа нар сая хөтлөгчийн албаа залуу халаад хүлээлгэж өглөө. Тэдэн шиг хийх юмаа хийгээд халаагаа өгч байгаа нь нүдэнд дулаан харагдсан. Ийм соёлтой байх ёстой. Ингэж чадахгүй байгаа нь Монголын утга зохиолыг амаар нь шороо үмхүүлж байгаа хэрэг биш үү. Энэ бүхнийг би уначихсандаа уурлаж яриад байгаа юм биш. Энэ байтугай унаж, тунаж явлаа. Би Монголын утга зохиолд зурсан, бичсэн, нийтлэсэн, аль ч салбарт мөртэй. “Болор цом” болохоо байлаа. Боодог нь түүхийрлээ. Боодогны чулуунууд дотор эрдэнийн чулуу ч байна, дүлий хөх билүү ч байгаа шүү гэдгийг хэлье. МЗЭ-ийн удирдлага худал магтаал сонсоод хурдан морь шиг дүүхэлздэг бол үнэн үг хэлэхээр өмхий хүрэн шиг ярвайх биз. Үнэн үг гэдэг үнэтэй мориноос үнэтэй байдаг юм шүү.
-Хэлэх ч яах вэ, танд хийхээр бодсон зүйл байна уу?
-“Болор цом” боловсрохгүй бол “Тогос хээр” гэж наадам хийнэ. Тогос хээр мориныхоо толгой руу балбадаг ард түмэн байдаггүй. Өнөөдөр “Болор цом”-д 23 жил шүлгээ уншлаа, дахиж оролцохгүй гээд уйлаад гарсан найрагч бол Ш.Гүрбазар болон Д.Цоодол, Т.Галсан, Л.Мягмарсүрэн, Д.Төрбат, Д.Баянтунгалаг, Ц.Бавуудорж, А.Лхагва нарыг сонсохыг хүмүүс хүсэн хүлээсээр л байна. Ард түмэн өнөөдөр “Тогос хээр”-ийнхээ тоосыг үнэрлэх, янцгаахыг сонсохыг үнэхээр хүсч байгаад эргэлзэхгүй байна. Яруу найргийн Эгшиглэнт эх Янжинлхам “хадам ээж” байдаггүй юм. Дүр эсгэсэн хүргэн, бэрүүд, дагавар хүүхдүүд түүнд хэрэггүй ээ.
Ч.Үл-Олдох
URL: