Уугуул суугуул гэгдэх хүүхдүүд минь Улаанбаатараас минь зайлаад өгөөч
Улсын нийслэл Улаанбаатар минь эзэнгүй балгас шиг болж хэн дуртай нь юу дуртайгаа хийдэг газар болоод байна. Арга ч үгүй юм биз. Энэ хотод төрсөн тэлсэн хүн гэж үгүй болжээ. Ёстой нөгөө ардын хэллэгээр “Гялтайх” болгон нь хотын биш хэмээн цэрвэж гүйх нь хяслантай. Улаанбаатарыг удирдаж байгаа даргаас авахуулаад бүгд хөдөө аймгийн харьяа болохлоор хотод үнэн сэтгэлээсээ хандах хүн үгүй байна. Хотын 40 мянгатын уугуул сэхээтэн хэмээн гайхуулдаг С.Баяр Хөвсгөлийнх, Н.Энхбаяр Архангайнх, М.Энхсайхан Дорнодынх, Э.Бат-Үүл Сэлэнгэ юм уу Хэнтийнх гэхлээр хэн хотынх байх вэ. Мөн Б.Гантогтох Увсынх, Д.Сумъяабазар Өвөрхангайнх, их аварга Д.Дагвадорж мөн Өвөрхангай гэгчлэн цаашид хэдэн нүүр хуудас ч үргэлжлүүлж болно. Улаанбаатар хотын уугуул гэгдэх алдар цолтой хүмүүсийг би л лав дуулаагүй өдий хүрэв. Яагаад ийм болов. Яагаад нүүдэлчдийн түүхэнд анх удаа байгуулж чадсан их хот “метрополис” болох Улаанбаатар ингэж нүднээс гарсан ноорхой юм болж хувирав. Би энд их хот гэж хэлээд байгааг та анзаарч байгаа буй за. Жижиг сажиг хотууд зөндөө байгуулагдаж байсан. Тэгэсхийгээд л байхгүй болдог нь нүүдэлчдийн зан заншилтай холбоотой гэцгээдэг. Харин бид энэ Улаанбаатарыг сая илүү хүнтэй болгож дэлхийн том хотуудын зиндаанд авч ирж чадлаа. Харин одоо энэ хотоос зайлсхийх, энэ хотоор овоглох иргэнгүй болж хувираад байна. Гэхдээ энэ гажуудал сүүлийн үед л бий боллоо. Хуучин бол улсын нийслэлийн иргэн гэдэг том нэр хүнд байсан юм. Унаган хүүхэдгүй Улаанбаатарт санаа тавих хүнгүй ардчиллын хорин жилд нүднээс гарч дууслаа. Шавсан байшингууд, бөглөрсөн замууд, утаан дунд сүүмэлзэх навсархай хот минь элэг эмтрэм, бөгөөд хэмжээ хязгааргүй том гэр хорооллоос бүрдэх боллоо. Энэ бүхний гол буруутан юу вэ. Яагаад хүн болгон Улаанбаатараар минь овоглохоос ичээд зугтаад байна вэ. Оршин суугаад амьдраад бизнесээ явуулаад байгаа мөртлөө яагаад хотын унаган хүүхэд байхгүй байна вэ. Миний бодлоор бол хамгийн том буруутан нь сонгуулийн балай тогтолцооноос болж байх мэт.
Олон тойрогт хуваадаг, дээр нь хотод цөөхөн тойрог байдаг. Мөн улс төрийн систем солигдох энэ цаг үеэс болж байх мэт. Монгол Улсын хүн амын бараг жаран хувь нь Улаанбаатар хотод төвлөрдөг. Тэгсэн мөртлөө УИХ-ын гишүүдийн дөнгөж хорь гаруйхан хувийн мандат хотод ноогддог. Яагаад ингэж тэнцвэргүй хуваарилалт хийсээр өдийг хүрэв. Хуучин улс төрийн хүчин МАХН буюу МАН хотынхон мэдээлэл сайтай учраас биднийг сонгохгүй, хөдөөнийхөн хуучин системээ санагалзаад биднийг сонгох магадлал илүү хэмээн онол номчид нь үздэгээс ийм байдалтай хорь гаруй жилийг үдлээ. Тэд хүн байхгүй хөдөө газар олон тойрог бий болгож хамаатан садан хэдэн хүнээсээ санал аван УИХ-ын гишүүн болж төр барин тоглосоор ирснээс хотыг маань наана гэх хүнгүй болов. Хот ямар байх нь ч төр засагт огтхон ч хамаагүй юм. Яагаад гэвэл төр барьж байгаа нам болон гишүүдэд хотоос санал өгдөггүй. Далан зургаан гишүүний хорийг нь л хотоос сонгож гаргадаг. Тэд юу гэж хэлээд ч хэт олонхи болох хөдөөний гишүүдийн санал байнга давамгайлах учраас хот эзэнгүй болсонтой адил юм. Энэ бол гол шалтгааны нэг мөн. Дээр нь үнэхээр ч хотын иргэд бараг бүгдээрээ шахуу хөдөөнөөс нүүж ирсэн нь үнэн. Яалт ч байхгүй Увсаас ирчихээд хотын иргэн гээд байх хэцүү байдаг биз. Ингэхэд нэгэнт л Улаанбаатар хотод төрчихсөн мөртлөө энэ хотоор овоглож чадахгүй байгаа уугуул суугуул гэгдэх иргэд тэр нутаг орон руугаа зайлмаар санагдах юм.
ХОТЫН УНАГАН ИРГЭДИЙГ ОЛШРУУЛАХ ХЭРЭГТЭЙ
Тэгвэл хотын унаган иргэд гэж байна уу. Уул нь байгаа юм. Тэд бол хуучин хүрээнийхэн болон хотыг тойрсон Төв аймгийн хэдэн сумын иргэд билээ. Хан уулын өвөр хатан Туулын хөвөө бараадсан иргэд хуучин шавь хошуу болох Угтаал Баянцогт, Атар, Нөхөрлөл, Лүн, Батсүмбэр, Сэргэлэн, Эрдэнэ, Баян-Өнжүүл, Алтанбулаг зэрэг сум хотын өвөг дээдэс их Хүрээний унаган иргэд юм. Одоогийн Төв аймгийн нутаг дээр 365 жилийн өмнөөс их хүрээг байгуулсан. Иргэд нь энэ нутгийн хүмүүс л байж таарна биз дээ. Тийм учраас Төв аймгийг татан буулгаж хот тойрсон энэ сумдыг нь хотын дүүргүүдэд харьяалуулж хотын унаган иргэдийг олшруулах хэрэгтэй. Нүүдэлчин монголчууд өөрийн түүхийн 2200 жилийн хугацаандаа анх удаа сая давсан том хоттой болсон нь энэ Улаанбаатар юм. Харин үүнийгээ сүүлийн үед үл тоон хөгжүүлэхгүй байгаагаар үл барам хаяж нүүн элит хот байгуулах тухай дээр дооргүй сэм сэмхэн ярьцгаадаг болоод байна. Энэ бол зүгээр л хий хоосон мөрөөдөл юм. Хэзээ ч монголчууд сая давсан хүнтэй хот дахин байгуулж чадахгүй. Чадах гэж мэрийвэл дор хаяж таван зуун жил хэрэгтэй. Энэ бол хэн нэгэн сэрүүн дотортны явуулгаар нүүдэлчдийн их хотыг тарамдуулж байхгүй болгох гэсэн гадны санаархал байхыг үгүйсгэхгүй. Үүнд нөгөө хотоо гэсэн сэтгэлгүй хотын иргэд маш сайн хөрс суурь болж өгч байна. Тийм учраас Улаанбаатар хотод хайртай байх хөдөлгөөн өрнүүлж энэ хотын уугуул иргэдийн тоог дээрх аргаар өсгөх хэрэгтэй. Нутгийн зөвлөл гэдэг энэ мафижсан байгууллагын хамгийн том, хамгийн хөрөнгө мөнгөтэй, хамгийн боломжтой зөвлөл Улаанбаатар хотынх байхаар зохион байгуулах хэрэгтэй байна.
Энэ хөдөө гадааны хүн, байгууллагуудаас татвар төлөөс авдаг байхад ч гэмгүй. Яагаад гэвэл бизнес, зах зээлийн хамгийн тааламжтай газарт амьдарч байгаагийнх нь хувьд, дээр нь хүйтэн сэтгэл гаргадагийнх нь хувьд. Үгүй бол нутаг ус зарлаж нутгархаг үзэл гарган аархаж нутгийн зөвлөл гэдэг байгууллагаараа зохион байгуулалтад орж бүр өөр үндэстэн ястан мэт аашилдаг энэ балай зан үйлийг таслан зогсоох хэрэгтэй байна. Нутгийн зөвлөлийг улс орны нэгдмэл цул байдлыг хагалан бутаргахаар санаатайгаар зохион байгуулагдсан мафижсан бүлэг гэж үзэн хуулиар хориглох хэрэгтэй. Бөх, морь, дуучин, яруу найрагч гэх мэтийн хүмүүсийг тэр энэ нутгийнх гэж дуудаж цоллодгийг хориглох хэрэгтэй. Бүүр сүүлдээ бөхийн засуул хүртэл тэр энэ нутгийн гэж ирээд л цоллуулдаг болоод байна. Монгол дотор бас нэг арай цагаан ястай, арай язгууртан, бусад монголчуудынхаа хийсэн бүтээсэн болгоны сорыг хэрэглэдэг, шагналд бол яваад салдаггүй, шоронд бол явж өгдөггүй тусгай бүлэг хүмүүс хүртэл бий болох нь байна. Энэ нутгархаж тэнэглэх үзлийг гааруулаад байвал. Үүнийгээ ч түрүүчээсээ ил тод зарлаж эхлэх шив дээ.
ТӨВИЙНХНИЙ ҮНЭН ТӨРХ
Ингэхэд хотын унаган иргэд хэмээн миний зүтгээд байгаа “шанаган тавынхан” буюу хуучнаар “их шавийхан” болох Төв аймгийнхан яажшуухан амьдарч байна вэ.Тэд яг хотынхонтой адил үнэнхүү ядарч хоцрогдол ядуурлын туйл болжээ. Хүн амын албан ёсны тоо, амьжиргааны албан ёсны стастистикийг үзэх юм бол гайгүй дундаж амьдралтай л гэж харагдана. Хүн ам гэхэд л хорь хүрэхгүй мянгаар буурсан, яг хуучнаараа байгаа мэт тоо хэн дуртай дарга нар үзүүлж чадна. Харин жинхэнэдээ бүх сумын төв тоногдож, балгас болсон. Ноорхой хэдэн гэр, шохой нь халтартаж хамуурчихсан юм шиг цонх нь онгорхой ганц нэг байшин. Өөр юу ч тэнд байхгүй. Бүүр хүмүүс ч тэнд амьдардаггүй.
Тэднийг хаа явааг сураглахад хот орон орсон, хог траншейд амьдарч байгаа л дуулдана. Атар, Нөхөрлөл, Угтаал Цээлийн төвийг харахаас нүд хальтрам. Сүүлийн хорин жил ямар ч бүтээн байгуулалт тэнд хийгдээгүй. Угтаал сумын төвд нэг хүрлэгэр эрийн зодог шуудагтай хүрэл хөшөө босчихсон байсан. Тэр л сүүлийн хорин жилд хийгдсэн ажил байх. Хэн гэдэг хүний хөшөө юм, нэр ус ч байхгүй юм билээ. Хүмүүсээс сурахад “Хэн мэдлээ, ийм хөшөөтэй л болчихсон ш дээ. Аягүй бол манай нэг гишүүний хөшөө юм байгаа биз” гэцгээнэ. Тэнд амьдрал байхгүй болохлоор хүмүүс нь сумын төвөө буулгаад хот руу зөөчихсөн. Монголчуудын оюуны болон урлаг спортын гол ундарга хуучны хэлээр бол шүншиглэгдсэн гал голомт болох Сэргэлэн сумыг хар л даа. Тэнд одоо долоохон байшин хориодхон гэр л байгаа. Захиргааны хэдэн ажилтныг нь эс тооцвол оршин суугчидгүй сум Төв аймагт л байдаг. Хүн амын тоо яаж явсан болж таарах вэ гэж үү. Энүүн шиг амархан юм “шанаган тав”-ынханд байхгүй. Төв аймгийн Цээл сум хүн амаа Баянгол дүүрэгт соёлын төвийн хоёр давхарт тоолно шүү хэмээн хотод байгаа хүмүүстээ утсаар хэлээд л боллоо. Угтаал Сүхбаатар дүүрэгт, Нөхөрлөл Чингэлтэйд гэхчлэн хотод амьдарч байгаа иргэдээ араас нь ирээд тоолоод баталгаажуулаад хорин нэгэн мянгын дэвтэрийг нь өгөөд л болоо. Бүгд бүрэн. Ёстой л “Чоно цатгалан хонь бүрэн” гэгчээр. “Нөгөө хэн хаана архиа гударч яваа вэ. Түүнийг хүрч ирээд тоолуулаад хорин нэгэн мянгаа ав гээрэй” гэх нь тооллогон дээр яригддаг яриа. Тэгвэл яагаад одоо хүртэл төр засаг арга хэмжээ авахгүй байна вэ. Энүүхэн нийслэл хотоо тойроод байж байгаа мөртлөө ингэтлээ хоцрогдож баларна гэдэг чинь юу гэсэн үг вэ гэх асуулт гарна. Ийм байдалтай байгааг төр засаг мэдэхийн цаагуур мэдэж байгаа. Тэд л ийм байдалд барих сонирхолтой байгаа байхгүй юу. Энэ нь нөгөө л гайхал сонгуультай холбоотой зүйл юм. Хүн олонтой мэт харагдуулах, олон мандаттай байлгах нь эрх барьж байгаа МАН-д ашигтай. Яагаад гэвэл Төв аймгийнхан түүхэндээ Ардчилсан намд санал өгч үзээгүй. Зөвхөн л МАХН-д санал өгсөөр ирсэн. Хэрэв ихэнх иргэд нь хот шилжчихсэн нь мэдэгдэх юм бол мандатын тоо буурах учраас л ийм байдалд барьсаар өнөөдрийг хүргэлээ. “Амьгүй албат” гэгчээр амьгүй сонгогчид эндхийн сумдаар пиг дүүрэн. Тэдгээр хий тоонууд сонгуулийн өдөр хаанаас ч юм сүүтэгнэн гарч ирээд ах намын төлөө саналаа өгдөг. Харин жинхэнэ нөхдүүд нь хотоор архиа эргүүлсэн шиг ажил төрлөө амжуулсан шиг, бас болоогүй төр засгаа шүүмжилсэн шиг тууж явдаг. Ийм “үхсэн” сонгогчдын саналыг ямар хүмүүс сүүлийн сонгуулиар авсан бэ. Н.Энхболд, С.Батболд, М.Энхболд, Д.Дондог гишүүд авсан. Хөдөөгийн гишүүд нутаг орон руугаа төсвийн мөнгийг шоргоолж мэт зөөдөг ч Төв аймгийн гишүүдийн хувьд тэгдэггүй. Хаана юунд тэр олон тэрбум төгрөгөө зардаг юм бүү мэд. Н.Энхболд гишүүн гэхэд л юун нутаг ус, төрсөн ах дүүгээ ч нэр баастана гээд тоодоггүй гэж яригддаг. Сү.Батболд бол залуу хүн гэхэд зүгээр л улаан коммунист, яг далаад оны социализмын “шанаган тавд” байгуулж байгаа хяргадаг дарга нарын нэг гэсэн үг. Түүнээс “хураа, устга” гэсэн үг л байнга шахуу гарч байдаг. Д.Дондог гишүүн бол ойлгомжтой, юун нутаг ус, өөрөө шоронд орох гээд сандарч байгаа амьтан. Уул нь бүгд л луйвар булхай хийж байгаад л УИХ-д гарч ирдэг.
Тэгэхэд Төв аймгийн ганц Д.Дондог л шоронд орохдоо тулаад байна. Яагаад ийм байгаа юм гэдгийг хэн хүнгүй л мэдэж байгаа. Арчаагүй л байгаа биз дээ. Ядахдаа УИХ-д сонгогдсон гишүүд нь ийм байхад Төв аймаг ядуурч. хоцрогдолгүй яахав дээ. Энэ аймгийг өөд нь татаж байж Улаанбаатар өөрийн гэсэн нутаг ус өөрийн гэсэн унаган иргэдийнхээ тоог нэмэх бололцоотой.
ХӨДӨӨНИЙ ГИШҮҮД ТӨСВИЙГ НУТАГ РУУГАА ШОРГООЛЖ МЭТ ЗӨӨДӨГ
Тэгвэл “Хүний хүүхэд ийм айхтар” гэлээ гэгчээр бусад гишүүд ямар байна. Тэд нутаг ус руугаа улсын төсвийн дийлэнхийг төвлөрүүлж чадаж байна. Зүүн гурван аймаг, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл, Ар Өвөр хангай, говийн аймгууд, баруун таван аймаг бүгд сүүлийн хэдэн жилд шал өөр болчихсон байна. Тэнд аймаг орноо өөд татаж чаджээ. Ер нь баруун, зүүн аймгийнхан Монголын улс төрийг атгаж байдаг нь шууд харагдаж байна. Хар замууд, өндөр хүчдэл гээд л. Баруун аймаг руу гурван чиглэлээр хар зам явж байна. Урдуур Улаанбаатар, Арвайхээр, Баянхонгор, Говь-Алтай, Ховдын чиглэлээр нэг. Дундуур Улаанбаатар Хархорин, Архангай, Завхан чиглэлээр нэг зам. Хойгуур “Мянганы зам” нэртэй Улаанбаатар Дашинчилэн, Өгий, Тосонгийн чиглэлээр бас нэг хар зам явах жишээтэй. Өмнө зүг рүү хоёр ч хар зам зэрэгцүүлээд тавьж байна. Улаанбаатар Чойрын зам, Улаанбаатараас Өндөр довоор дамжуулан урагш говь руу тавьж байгаа зам гэхчлэн. Байнга шахуу Сангийн сайд хийдэг Ч.Улаан гэхэд л өдөртөө долоохон машин явдаг Баруун-Урт руу хар зам тавиад дуусч байна. Зурамнаас өөр амьтангүй, чогчигоноос өөр шувуугүй, хялгана найгасан хээр талд энэ бүхэн тэгээд хэрэгтэй юу. “Алдуул морь шиг гүйгээд ирэхэд Аавын нутаг адуу шиг сайхан” гэж Баруун-Уртын наад толгод дээр бичсэн байсныг би уншиж байлаа. Тэд Улаанбаатараас харихыгаа алдуул, босгуул адуу нутагтаа гүйж очиж байгаа шиг санадаг байна гэхээс гол зурам гомдолтой санагдаж байж билээ. Хөдөөгийн энэ олон гишүүд төсвийн хэдэн төгрөгийг нутаг нутагтаа ёстой нөгөө ардын хар яриагаар “яралзтал” зөөчихсөн юм билээ. Яралзахын талд нэг муу морины хөшөө рүү очихын тулд тавиад км зам тавьчихсан. Тэгэхэд Яармагийн урдуур тавхан км-ийн зам гэж юу байдаг билээ, та бүхэн мэдэж байгаа. Түмэн нөхөөс болчихсон шидэмс шиг нарийн зам дэгэн догон гээд л байж байдаг шүү дээ. Яралзахын талын замаас Яармагийн урдуурх зам бол ямар чухал зам бэ гэдгийг бид хүнээр хэлүүлэлтгүй мэднэ. Түүгээр энэ дэлхийн хамгийн нэр нөлөө бүхий чухал хүмүүс манайд айлчилж буцахдаа явдаг. Монголчуудын нэр нүүр болсон зам шүү дээ. Түүгээр зочин гийчин явуулахдаа ичдэг ч болоосой. Баруун тийшээ 22-ын товчоогоор хот руу ороод ирэхтэй хамт л замгүй болж дэржигнэн хэлээ тас хазчихгүйн тулд түүшүүгээ тас зуун дуугүй болохоос өөр арга үгүй байдаг. Улаанбаатар хот бол хөдөөний түшээдийн хувьд зүгээр л улс төр гээчээ хийдэг, хөдөө очиж жалгын хэдэн малчдадаа тодрох төсвийг нь л бэлдэж өгдөг хүмүүсийн бөөгнөрөл юм. Тэднийг төр засгаар далайлгаж байгаад сайн шавхуурдах хэрэгтэй, олсон долсноос нь татвар нэрийн доор голыг нь горойтол авч байх хэрэгтэй. Энэ муусайн баяжчихсан, энэ байтугай юмыг тэснэ гэж л үздэг.
ХОТЫН ГИШҮҮД ЯАЖ АЖИЛЛАДАГ ВЭ
Хотоос сонгогдсон гишүүд хотыг хөгжүүлэх тухай огт боддоггүй. Тэд “Бидний тойрог үнэн хүнд. Та нарын гарсан аймгийн сонгогчдын тооноос бидний сонгогчдын тоо даруй гурваас дөрөв дахин их” л гэж хэл ам гаргадаг. Энэ нь бид маш их мөнгө зарж байж сонгогдсон. Түүнээ нөхөж олох хэрэгтэй байна гэсэн үг юм. Дээр нь хотын хүмүүс шаардлага өндөртэй, хэл ам ихтэй тул нэг сонгогдсон гишүүн дараагийн сонгуулиар хөдөө орон нутгаас сонгогдохыг л хүсдэг. Тэнд ганц шон ч суулгасан хүмүүсийн нүдэнд ил. Яагаад гэвэл юу ч хийгдээгүй эзгүй хээр тул манай гишүүн сайн ажиллаж байна аа гээд л магтаад байдаг. Харин хотод бол өөр. Тэнд асуудал өөрөө том бөгөөд үнэн зөв шийдэл гаргахыг хүлээж байдаг. Асуудал томын хэрээр хөрөнгө мөнгө шаардах нь их. Хотын асуудлыг шоудаад өнгөрөөж болдоггүй муу талтай. Иймээс хотод олон сонгогдсон гишүүд байдаггүй. Нэг хурлын хугацаа болоод л өөр газар руу шилжинэ. Тэр нь амар байдаг. Төрсөн нутаг нь, нутгийн зөвлөл нь бэлэн юм чинь арга байж уу. Одоо байгаа гишүүд ч мөн адил дараагийн сонгуулиар зайгаа барьж байгаа дуулдсан. За байз Сонгинохайрхан дүүргийн гишүүд чинь Увс, Ховдынхон байдаг. Дараагийн ээлжинд хямд газраас гарах тухайгаа аль хэзээний зохицуулчихсан дуулдсан. Хан-Уул дүүргийн хоёр гишүүн мөн л Баянхонгор, Ховдынх гэцгээдэг. Баянгол дүүргийнхэн харин юм дуулдаагүй юм байна. Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн гишүүд хөдөөнийх гэдгийг бид мэднэ. С.Баяр Хөвсгөл, Сү.Батболд Сүхбаатарынх гээд л сүйд болж байдаг. За тэгээд Баянзүрх дүүргийн гишүүд бас л Архангай Булганых болоод явчихдаг. Хотоос сонгогдсон гишүүд нэг иймэрхүү хөдөөгөө гэсэн сэтгэлтэй, яаж хотоос зугтъя гэсэн бодолтой л хүмүүс байдаг. Хотоос сонгогдсон түшээд нутгийнхаа ой, наадмыг л бодно уу гэхээс юу боллоо гэж Улаанбаатарын утаа, замын түгжээ, гэмт хэргийн гаралтад санаа зовоод байх вэ.
udriin sonin
URL: