Уугуул суугуул гэгдэх хүүхдүүд минь Улаанбаатараас минь зайлаад өгөөч

Улсын нийслэл Улаан­баатар минь эзэн­гүй балгас шиг болж хэн дуртай нь юу дуртайгаа хийдэг газар болоод бай­на. Арга ч үгүй юм биз. Энэ хотод төрсөн тэлсэн хүн гэж үгүй болжээ. Ёстой нөгөө ар­дын хэллэгээр “Гялтайх” болгон нь хотын биш хэмээн цэрвэж гүйх нь хяслантай. Улаанбаата­рыг удир­даж байгаа дар­гаас авахуулаад бүгд хө­дөө аймгийн харьяа бо­лох­лоор хотод үнэн сэтгэ­лээсээ хандах хүн үгүй байна. Хотын 40 мянгатын уугуул сэхээтэн хэмээн гайхуулдаг С.Баяр Хөвс­гөлийнх, Н.Энхбаяр Ар­хан­гайнх, М.Энхсайхан Дорно­дынх, Э.Бат-Үүл Сэлэнгэ юм уу Хэнтийнх гэхлээр хэн хотынх байх вэ. Мөн Б.Гантогтох Увсынх, Д.Сумъяа­­базар Өвөрхан­гайнх, их аварга Д.Дагва­дорж мөн Өвөр­хангай гэгч­лэн цаашид хэдэн нүүр хуудас ч үргэлжлүүлж бол­но. Улаан­­баа­тар хотын уугуул гэгдэх алдар цол­той хүмүүсийг би л лав дуу­лаагүй өдий хүрэв. Яагаад ийм болов. Яагаад нүүдэлчдийн түү­хэнд анх удаа байгуулж чадсан  их хот “метропо­лис” болох Улаан­баатар ингэж нүд­нээс гарсан ноор­хой юм болж хувирав. Би энд их хот гэж хэлээд байгааг та анзаарч байгаа буй за. Жижиг сажиг хотууд зөн­дөө байгуу­лагдаж бай­сан. Тэгэс­хийгээд л байх­гүй болдог нь нүүдэлч­дийн зан заншилтай хол­боотой гэцгээ­дэг. Харин бид энэ Улаанбаатарыг сая илүү хүнтэй болгож дэлхийн том хотуудын зиндаанд авч ирж чадлаа. Харин одоо энэ хотоос зайлсхийх, энэ хотоор овоглох иргэнгүй болж хувираад байна. Гэхдээ энэ гажуу­дал сүүлийн үед л бий боллоо. Хуучин бол улсын нийслэлийн иргэн гэдэг том нэр хүнд байсан юм. Унаган хүүхэдгүй Улаан­­баа­тарт санаа та­вих хүнгүй ардчиллын хорин жилд  нүднээс гарч дууслаа. Шавсан байшин­гууд, бөглөрсөн замууд, утаан дунд сүүмэлзэх нав­сархай хот минь элэг эмт­рэм, бөгөөд  хэмжээ хяз­гааргүй том гэр хороол­лоос бүрдэх боллоо. Энэ бүхний гол буруутан юу вэ. Яагаад хүн болгон Улаан­баатараар минь овогло­хоос ичээд зугтаад байна вэ. Оршин суугаад амьд­раад бизнесээ явуу­лаад байгаа мөртлөө яагаад хотын унаган хүүхэд байх­гүй байна вэ. Миний бод­лоор бол хамгийн том буруутан нь сонгуулийн балай тогтолцооноос болж байх мэт.

Олон той­рогт хуваадаг, дээр нь хотод цөөхөн тойрог бай­даг. Мөн улс төрийн сис­тем солиг­дох энэ цаг үеэс болж байх мэт. Монгол Улсын хүн амын бараг жаран хувь нь Улаан­баатар хотод төвлөрдөг. Тэгсэн мөртлөө УИХ-ын гишүүдийн дөнгөж хорь гаруйхан хувийн ман­дат хотод ноогддог. Яагаад ингэж тэнцвэргүй хуваа­рилалт хийсээр өдийг хүрэв. Хуу­чин улс төрийн хүчин МАХН буюу МАН хотынхон мэдээлэл сай­тай учраас биднийг сон­гохгүй, хөдөө­нийхөн хуу­чин системээ санагал­заад биднийг сонгох ма­гад­лал илүү хэмээн онол номчид нь үздэгээс ийм байдалтай хорь гаруй жилийг үдлээ. Тэд хүн байхгүй хөдөө газар олон тойрог бий болгож  хамаатан садан хэдэн хүнээсээ санал аван УИХ-ын ги­шүүн болж төр барин тоглосоор ирснээс хотыг маань наана гэх хүнгүй болов. Хот ямар байх нь ч төр засагт огтхон ч ха­маагүй юм. Яагаад гэвэл төр барьж байгаа нам болон гишүүдэд хотоос санал өгдөггүй. Далан зургаан гишүүний хорийг нь л хотоос сон­гож гаргадаг. Тэд юу гэж хэлээд ч хэт олонхи болох хөдөөний гишүү­дийн санал байнга давамгайлах учраас хот эзэнгүй болсонтой адил юм. Энэ бол гол шалтгааны нэг мөн. Дээр нь үнэ­хээр ч хотын иргэд бараг бүгдээрээ шахуу хөдөөнөөс нүүж ирсэн нь үнэн. Яалт ч байхгүй Увсаас ирчи­хээд хотын иргэн гээд байх хэцүү байдаг биз. Ингэхэд нэгэнт л Улаан­баатар хотод төр­чихсөн мөртлөө энэ хотоор овог­лож ча­дах­гүй байгаа уугуул суугуул гэгдэх  иргэд тэр нутаг орон руугаа зайл­маар санагдах  юм.

ХОТЫН УНАГАН ИРГЭДИЙГ ОЛШРУУЛАХ ХЭРЭГТЭЙ

Тэгвэл хотын унаган иргэд гэж байна уу. Уул нь байгаа юм. Тэд бол хуучин хүрээнийхэн болон хотыг тойрсон Төв аймгийн хэдэн сумын иргэд билээ. Хан уулын өвөр хатан Туулын хөвөө бараадсан иргэд хуучин шавь хошуу болох Угтаал Баянцогт, Атар, Нөхөрлөл, Лүн, Батсүмбэр, Сэргэлэн, Эрдэнэ, Баян-Өнжүүл, Алтанбулаг зэрэг сум хотын өвөг дээдэс их Хүрээний унаган иргэд юм. Одоогийн Төв аймгийн нутаг дээр 365 жилийн өмнөөс их хүрээг байгуулсан. Иргэд нь энэ нутгийн хүмүүс л байж таарна биз дээ. Тийм учраас Төв аймгийг татан буулгаж  хот  тойрсон энэ сумдыг нь хотын дүүр­гүүдэд харьяалуулж хотын унаган иргэ­дийг олшруулах хэрэгтэй. Нүүдэл­чин монголчууд өөрийн түүхийн 2200 жилийн хугацаандаа анх удаа сая давсан том хоттой болсон нь энэ Улаанбаатар юм. Харин үүнийгээ сүүлийн үед үл тоон хөгжүүлэхгүй байгаагаар үл барам хаяж нүүн элит хот байгуулах тухай дээр дооргүй сэм сэмхэн ярьцгаа­даг болоод байна. Энэ бол зүгээр л хий хоосон мөрөөдөл юм. Хэзээ ч монголчууд сая давсан хүнтэй хот дахин байгуулж чадах­гүй. Чадах гэж мэрийвэл дор хаяж таван зуун жил хэрэгтэй. Энэ бол хэн нэгэн сэрүүн дотортны явуул­гаар нүү­дэлч­дийн их хотыг тарам­дуулж байхгүй болгох гэсэн гадны са­наар­хал байхыг үгүйсгэхгүй.  Үүнд нөгөө хотоо гэсэн сэтгэлгүй хотын иргэд маш сайн хөрс суурь болж өгч байна. Тийм учраас Улаан­баатар хотод хайртай байх хөдөл­гөөн өрнүүлж энэ хотын уугуул иргэдийн тоог дээрх аргаар өсгөх хэрэгтэй. Нутгийн зөвлөл гэдэг энэ мафижсан байгууллагын хамгийн том, хамгийн хөрөнгө мөнгөтэй, хамгийн боломжтой зөвлөл Улаан­баатар хотынх бай­хаар зохион байгуулах хэрэгтэй байна.

Энэ хөдөө гадааны хүн, байгууллагуу­даас татвар төлөөс авдаг байхад ч гэмгүй. Яагаад гэвэл бизнес, зах зээлийн хамгийн таа­ламжтай га­зарт амьдарч байгаа­гийнх нь хувьд, дээр нь хүйтэн сэтгэл гаргадагийнх нь хувьд. Үгүй бол нутаг ус зарлаж нутгархаг үзэл гарган аархаж нутгийн зөвлөл гэдэг байгуулла­гаараа зохион байгуу­лалтад орж бүр өөр үндэстэн ястан мэт аашил­даг энэ балай зан үйлийг таслан зогсоох хэрэгтэй байна. Нутгийн зөвлөлийг улс орны нэгд­мэл цул байдлыг хагалан бу­тар­га­хаар са­наатайгаар зохион байгуу­лагдсан мафижсан бүлэг  гэж үзэн хуулиар хориглох хэрэг­тэй. Бөх, морь, дуучин, яруу най­рагч гэх мэтийн хүмүүсийг тэр энэ нутгийнх гэж дуудаж цоллодгийг хориглох хэ­рэгтэй. Бүүр сүүлдээ бөхийн засуул хүртэл тэр энэ нутгийн гэж ирээд л цоллуулдаг болоод байна. Монгол дотор бас нэг арай цагаан ястай, арай язгуур­тан, бусад монгол­чуудынхаа хий­сэн бүтээсэн болго­ны сорыг хэ­рэглэдэг, шаг­налд бол яваад сал­даггүй, шоронд бол явж өгдөггүй тусгай бүлэг хү­мүүс хүртэл бий болох нь байна. Энэ нутгар­хаж тэнэглэх үзлийг гааруулаад бай­вал. Үүнийгээ ч түрүүчээсээ ил тод зарлаж эхлэх шив дээ.

ТӨВИЙНХНИЙ ҮНЭН ТӨРХ

Ингэхэд хотын унаган иргэд хэмээн миний зүтгээд байгаа “ша­наган тавынхан” буюу хуучнаар  “их шавийхан” болох Төв аймгийнхан  яажшуухан амьдарч байна вэ.Тэд  яг хотынхонтой адил  үнэнхүү ядарч хоцрогдол ядуурлын туйл болжээ. Хүн амын албан ёсны тоо, амьжир­гааны албан ёсны стастис­ти­кийг үзэх юм бол гайгүй дундаж амьдралтай л гэж харагдана. Хүн ам гэхэд л хорь хүрэхгүй мянгаар буурсан, яг хуучнаараа байгаа мэт тоо хэн дуртай дарга нар үзүүлж чадна. Харин жинхэнэдээ бүх су­мын төв тоногдож, балгас болсон.  Ноорхой хэдэн гэр, шохой нь хал­тартаж хамуурчихсан юм шиг цонх нь онгорхой ганц нэг байшин. Өөр юу ч тэнд байхгүй. Бүүр хүмүүс ч тэнд амьдардаггүй.

Тэднийг хаа явааг сураглахад хот орон орсон, хог траншейд амьдарч байгаа л  дуул­да­на. Атар, Нөхөрлөл, Угтаал Цээлийн төвийг харахаас нүд хальт­­рам. Сүүлийн хорин жил ямар ч бүтээн байгуулалт тэнд хийг­дээгүй. Угтаал сумын төвд нэг хүрлэгэр эрийн зодог шуудагтай  хүрэл хөшөө босчихсон байсан. Тэр л сүүлийн хорин жилд хийгдсэн ажил байх. Хэн гэдэг хүний хөшөө юм, нэр ус ч байхгүй юм билээ. Хүмүүсээс сурахад “Хэн мэдлээ, ийм хөшөөтэй л болчихсон ш дээ. Аягүй бол манай нэг гишүүний хөшөө юм байгаа биз” гэцгээнэ. Тэнд амьдрал байхгүй болохлоор хүмүүс нь сумын төвөө буулгаад хот руу зөөчихсөн. Монголчуудын оюуны болон урлаг спортын гол ундарга хуучны хэлээр бол шүн­шиг­лэгдсэн гал голомт болох  Сэр­гэ­­лэн сумыг хар л даа. Тэнд одоо долоохон байшин хориодхон гэр л байгаа. Захиргааны хэдэн ажилт­ныг нь эс тооцвол оршин суугчид­гүй сум Төв аймагт л байдаг. Хүн амын тоо яаж явсан болж таарах вэ гэж үү. Энүүн шиг амархан юм  “шанаган тав”-ынханд байхгүй. Төв аймгийн Цээл сум хүн амаа Баян­гол дүүрэгт соёлын төвийн хоёр давхарт тоолно шүү хэмээн хотод байгаа хүмүүстээ утсаар хэлээд л боллоо. Угтаал Сүхбаатар дүүрэгт, Нөхөрлөл Чингэлтэйд гэхчлэн хо­тод амьдарч байгаа иргэдээ араас нь ирээд тоолоод баталгаа­жуу­лаад хорин нэгэн мянгын дэвтэ­рийг нь өгөөд л болоо. Бүгд бүрэн. Ёстой л “Чоно цатгалан хонь бүрэн” гэгчээр. “Нөгөө хэн хаана архиа гударч яваа вэ. Түүнийг хүрч ирээд тоолуулаад хорин нэгэн мянгаа ав гээрэй” гэх нь тооллогон дээр яригддаг яриа. Тэгвэл яагаад одоо хүр­тэл төр засаг арга хэмжээ авахгүй байна вэ. Энүүхэн нийслэл хотоо тойроод байж байгаа мөрт­лөө ингэтлээ хоцрогдож баларна гэдэг чинь юу гэсэн үг вэ  гэх асуулт гарна. Ийм байдалтай байгааг төр засаг мэдэхийн цаагуур мэдэж байгаа. Тэд л ийм байдалд барих сонир­хол­той байгаа байхгүй юу. Энэ нь нөгөө л гайхал сонгуультай хол­боотой зүйл юм. Хүн олонтой мэт харагдуулах, олон мандаттай байл­­гах нь эрх барьж байгаа МАН-д ашигтай. Яагаад гэвэл Төв айм­гийнхан түүхэндээ Ардчилсан намд санал өгч үзээгүй. Зөвхөн л МАХН-д санал өгсөөр ирсэн. Хэрэв ихэнх иргэд нь хот шилжчихсэн нь мэдэг­дэх юм бол мандатын тоо буурах учраас л ийм байдалд барьсаар өнөөдрийг хүргэлээ. “Амьгүй ал­бат” гэгчээр амьгүй сонгогчид эндхийн сумдаар пиг дүүрэн. Тэдгээр хий тоонууд сон­гуулийн өдөр хаанаас ч юм сүүтэг­нэн гарч ирээд ах намын төлөө саналаа өгдөг. Харин жинхэнэ нөхдүүд нь хотоор архиа эргүүлсэн шиг ажил төрлөө амжуулсан шиг, бас болоо­гүй төр засгаа шүүмжил­сэн шиг тууж явдаг. Ийм “үхсэн” сонгогчдын саналыг ямар хүмүүс сүүлийн сон­гуулиар авсан бэ. Н.Энхболд, С.Батболд, М.Энх­болд, Д.Дондог гишүүд авсан. Хөдөөгийн гишүүд нутаг орон руугаа төсвийн мөнгийг шоргоолж мэт зөөдөг ч Төв айм­гийн гишүү­дийн хувьд тэгдэггүй. Хаана юунд тэр олон тэрбум төгрөгөө зардаг юм бүү мэд. Н.Энх­болд гишүүн гэхэд л юун нутаг ус, төрсөн ах дүүгээ ч нэр баастана гээд тоо­доггүй гэж яригддаг. Сү.Бат­­болд бол залуу хүн гэхэд зүгээр л улаан коммунист, яг далаад оны   социа­лизмын “шана­ган тавд” бай­гуулж байгаа хярга­даг дарга нарын нэг гэсэн үг. Түү­нээс “хураа, устга” гэсэн үг л байнга шахуу гарч бай­даг. Д.Дондог ги­шүүн бол ойл­гомжтой, юун нутаг ус, өөрөө шоронд орох гээд сан­дарч байгаа амьтан. Уул нь бүгд л луйвар булхай хийж байгаад л УИХ-д гарч ирдэг.

Тэгэхэд Төв аймгийн ганц Д.Дон­дог л шоронд орохдоо тулаад байна. Яагаад ийм байгаа юм гэдгийг хэн хүнгүй л мэдэж байгаа.  Арчаагүй л байгаа биз дээ. Ядах­даа УИХ-д сонгогд­сон гишүүд нь ийм байхад Төв аймаг ядуурч. хоцрогдолгүй яахав дээ. Энэ айм­гийг өөд нь татаж байж Улаан­баатар өөрийн гэсэн нутаг ус өөрийн гэсэн унаган иргэ­дийнхээ тоог нэмэх бололцоотой.

ХӨДӨӨНИЙ ГИШҮҮД ТӨСВИЙГ НУТАГ РУУГАА ШОРГООЛЖ МЭТ ЗӨӨДӨГ

Тэгвэл “Хүний хүүхэд ийм айх­тар” гэлээ гэгчээр бусад гишүүд ямар байна. Тэд нутаг ус руугаа улсын төсвийн дийлэнхийг төвлө­рүүлж чадаж байна. Зүүн гурван аймаг, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл, Ар Өвөр хангай, говийн аймгууд, ба­руун таван аймаг бүгд сүүлийн хэдэн жилд шал өөр болчихсон байна. Тэнд  аймаг орноо өөд татаж чаджээ. Ер нь баруун, зүүн айм­гийнхан Монголын улс төрийг ат­гаж байдаг нь шууд харагдаж байна. Хар замууд, өндөр хүчдэл гээд л. Баруун аймаг руу гурван чиглэлээр хар зам явж байна. Урдуур Улаанбаатар, Арвайхээр, Баянхонгор, Говь-Алтай, Ховдын чиглэлээр нэг. Дундуур Улаанбаа­тар Хархорин, Архангай, Завхан чиглэлээр нэг зам. Хойгуур “Мян­ганы зам” нэртэй Улаанбаатар Дашинчилэн, Өгий, Тосонгийн чиг­лэлээр бас нэг хар зам явах жи­шээтэй. Өмнө зүг рүү хоёр ч хар зам зэрэгцүүлээд тавьж байна. Улаан­баатар Чойрын зам, Улаан­баа­тараас Өндөр довоор дамжуу­лан урагш говь руу тавьж байгаа зам гэхчлэн. Байнга шахуу Сан­гийн сайд хийдэг Ч.Улаан гэхэд л өдөр­төө долоохон машин явдаг Ба­руун-Урт руу хар зам тавиад дуусч байна. Зурамнаас өөр амь­тан­­гүй, чогчигоноос өөр шувуугүй, хялгана найгасан хээр талд энэ бүхэн тэгээд хэрэгтэй юу. “Алдуул морь шиг гүйгээд ирэхэд Аавын нутаг адуу шиг сайхан” гэж Баруун-Уртын наад толгод дээр бичсэн байсныг би уншиж байлаа. Тэд Улаан­баатараас харихыгаа ал­дуул, бос­гуул адуу нутагтаа гүйж очиж бай­гаа шиг санадаг байна гэхээс гол зурам гомдолтой са­нагдаж байж билээ. Хөдөөгийн энэ олон гишүүд төсвийн хэдэн төг­рөгийг нутаг ну­тагтаа ёстой нөгөө ардын хар яриагаар “яралзтал” зөөчихсөн юм билээ. Яралзахын талд нэг муу морины хөшөө рүү очихын тулд тавиад км зам тавь­чихсан. Тэгэхэд Яармагийн урдуур тавхан км-ийн зам гэж юу байдаг билээ, та бүхэн мэдэж байгаа. Түмэн нөхөөс бол­чихсон шидэмс шиг нарийн зам дэгэн догон гээд л байж байдаг шүү дээ. Яралзахын талын замаас Яармагийн урдуурх зам бол ямар чухал зам бэ гэдгийг бид хүнээр хэлүүлэлтгүй мэднэ. Түүгээр энэ дэлхийн хамгийн нэр нөлөө бүхий чухал хүмүүс манайд айлчилж буцахдаа явдаг. Мон­голчуудын нэр нүүр болсон зам шүү дээ. Түүгээр зочин гийчин явуулахдаа ичдэг ч болоосой. Баруун тийшээ 22-ын товчоогоор хот руу ороод ирэхтэй хамт л замгүй болж дэр­жигнэн хэлээ тас хазчихгүйн тулд түүшүүгээ тас зуун дуугүй боло­хоос өөр арга үгүй байдаг. Улаан­баатар хот бол хө­дөөний түшээ­дийн хувьд зүгээр л улс төр гээчээ хийдэг, хөдөө очиж жалгын хэдэн малчдадаа тодрох төсвийг нь л бэлдэж өгдөг хүмүү­сийн бөөгнө­рөл юм. Тэднийг төр засгаар да­лайлгаж байгаад сайн шавхуурдах хэрэгтэй, олсон долс­ноос нь тат­вар нэрийн доор голыг нь горойтол авч байх хэрэгтэй. Энэ муусайн баяжчихсан, энэ байтугай юмыг тэснэ гэж л үздэг.

ХОТЫН ГИШҮҮД ЯАЖ АЖИЛЛАДАГ ВЭ

Хотоос сонгогдсон гишүүд хотыг хөгжүүлэх тухай огт боддоггүй. Тэд “Бидний тойрог үнэн хүнд. Та нарын гарсан аймгийн сонгогчдын тоо­ноос бидний сонгогчдын тоо даруй гурваас дөрөв дахин их” л гэж хэл ам гаргадаг. Энэ нь бид маш их мөнгө зарж байж сонгогд­сон. Түүнээ нөхөж олох хэрэгтэй байна гэсэн үг юм. Дээр нь хотын хүмүүс шаардлага өндөртэй, хэл ам ихтэй тул нэг сонгогдсон гишүүн дараа­гийн сонгуулиар хөдөө орон нут­гаас сонгогдохыг л хүсдэг. Тэнд   ганц шон ч суулгасан хүмүүсийн нүдэнд ил. Яагаад гэвэл юу ч хийгдээгүй эзгүй хээр тул манай гишүүн сайн ажиллаж байна аа гээд л магтаад байдаг. Харин хотод бол өөр. Тэнд асуудал өөрөө том бөгөөд үнэн зөв шийдэл гар­гахыг хүлээж байдаг. Асуудал томын хэрээр хөрөнгө мөнгө шаардах нь их. Хотын асуудлыг шоудаад өнгөрөөж болдоггүй муу талтай. Иймээс хотод олон сонгогдсон гишүүд байдаггүй. Нэг хурлын хугацаа болоод л өөр газар руу шилжинэ. Тэр нь амар­ байдаг. Төрсөн нутаг нь, нут­гийн зөвлөл нь бэлэн юм чинь арга байж уу. Одоо байгаа гишүүд ч мөн адил да­раагийн сонгуулиар зайгаа барьж байгаа дуулдсан. За байз Сонги­нохайрхан дүүргийн гишүүд чинь Увс, Ховдынхон байдаг. Да­раагийн ээлжинд хямд газраас гарах ту­хайгаа аль хэзээний зо­хицуулчих­сан дуулдсан. Хан-Уул дүүргийн хоёр гишүүн мөн л Баян­хонгор, Ховдынх гэцгээдэг. Баянгол дүүр­гийнхэн харин юм дуулдаагүй юм байна. Чингэлтэй, Сүхбаатар дүүр­гийн гишүүд хөдөөнийх гэд­гийг бид мэднэ. С.Баяр Хөвсгөл, Сү.Батболд Сүхбаатарынх гээд л сүйд болж байдаг. За тэгээд Баянзүрх дүүр­гийн гишүүд бас л Архангай Бул­ганых болоод явчихдаг. Хотоос сонгогдсон гишүүд нэг иймэрхүү хөдөөгөө гэсэн сэтгэлтэй, яаж хотоос зугтъя гэсэн бодолтой л хүмүүс байдаг. Хотоос сонгогдсон түшээд  нутгийнхаа ой, наадмыг л бодно уу гэхээс юу боллоо гэж Улаанбаатарын утаа, замын түг­жээ, гэмт хэргийн гаралтад санаа зовоод байх вэ.

udriin sonin


URL:

Сэтгэгдэл бичих