З.Энхболд: Оюу толгойн гэрээг өөрчлөх үүрэг өгнө
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга З.Энхболдтой ярилцлаа. -Энэ сарын 6-ны өдөр АН байгуулагдсаны 10 жилийн ой болсон. Та баяраа тэмдэглэв үү?
-Монголын ардчилсан хүчний нам байгуулагдаад 20, таван нам нэгдэж АН гэсэн нэртэй болж шинээр зохион байгуулалтад ороод арван жилийг үдэж байна. Энэ дашрамд ардчилсан үзэлтэй бүх хүмүүст болон нийт монголчууддаа өөрчлөгдөн байгуулагдсан АН-ын 10 жилийн ойн баярын мэнд хүргэе.
-Ирэх 2012 оны УИХ-ын сонгууль ч дөхөж байна даа?
-2000 онд хоёр суудалтай байсан нам 2004 оны сонгуулиар 38 болж нэмэгдсэн. Би 38 дахь гишүүн болчихоод жил гаруйн дараа орж байсныг та нар санаж байгаа байх. 2008 оны сонгуулиар 27 суудал авсан. Энэ амжилтын үзүүлэлт нь АН-ыг Монгол Улсын нөлөө бүхий улс төрийн хүчин гэдгийг илтгэж байгаа хэрэг. Манай нам улс орноо авч явах, иргэдээ ажилтай, мөнгөтэй болгох үүргээ боломжийн хэмжээгээр хэрэгжүүлж байгаа гэж би боддог. Мэдээж улс төрийн аливаа нам сонгуульд ялж байж зорилтоо хэрэгжүүлэх ёстой. Ирэх сонгуульд АН ялалт байгуулна гэдэгт итгэл дүүрэн байгаа.
-Гэхдээ АН-ынхан хөнжилдөө хөлөө жийлцсээр, МАН-ын бөөрөнд наалдсан хэвээр байсаар байхад уу?
-Улс төрийн нам амьд байхын тулд олон үзэл бодлоор уралдах ёстой. Тэр л зүйл явж байгаа болохоос биш З.Энхболд Н.Алтанхуягт муу учраас хөлөө жийлцээд байгаа зүйл байхгүй шүү дээ.
-Саяхан АН-ын ҮЗХ хуралдсан. Нэлээд үзэлцэх байх гэтэл их намдуухан болох шив дээ?
-АН-ыг өөрчлөн шинэчлэх нь зүйтэй гэж ҮЗХ-ны гишүүд санал нэгдсэн. Харин тэр өөрчлөлт шинэчлэлтийг хэрхэн хийх талаар хоёр байр суурьтай байгаа. Нэг хэсэг нь их хурлаа хуралдуулж хийе, нөгөө хэсэг нь ҮЗХ-ны гишүүдийн гуравны хоёр нь зөвшөөрвөл дүрэмд өөрчлөлт оруулъя гэж ярьсан. Цагаан сарын өмнөхөн ҮЗХ ээлжит хурлаа хийнэ. Энэ үеэр АН-ын дүрэмд томоохон өөрчлөлт оруулах байх.
-Намын дүрэмд өөрчлөлт оруулах ажлын хэсгийг байгуулсан байсан. Та энэ ажлын хэсэгт орсон байх аа?
-Тийм ээ. Энэ ажлын хэсгийг Намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат ахлаад Ц.Оюунгэрэл, би гээд хэд хэдэн хүн ажлын хэсэгт ороод ажиллаж байна. Удахгүй хуралдаж чиглэлээ гаргаад хэлэлцүүлгийг нийт гишүүдийнхээ хүрээнд хийх бодолтой байгаа.
-Сум, дүүрэг, аймгийн намын хорооны даргын албыг 10, 15 жил ч хашиж хувийнхаа компани шиг болгодгийг дүрэмдээ өөрчлөлт оруулж зогсоох гэж байгаа юм аа даа?
-Хэдэн жилээр ч хамаагүй даргын алба хашдагийг өөрчлөх гэж байгаа. Сонгуульд ялагдал хүлээвэл хурал хийж санал хураахгүйгээр дарга биш болсон гэж тооцдог байхаар дүрмийн төсөлд тусгах гэж байгаа. 2008 оны сонгуульд АН ялагдсан учир тухайн үед дарга байсан Ц.Элбэгдорж өргөдлөө өгөөд ажлаа өгч байсан. Энэ нь тухайн хүний ухамсартай холбоотой. Гэтэл 20 жил сум, дүүргийн намын үүрийн дарга хийчихээд сонгуульд ялалт байгуулж үзээгүй хүн байгааг бид нуухгүй. АН-ын дүрмийн шинэчлэл үүнийг шийдэж зохицуулах юм.
-Дүрэмд өөр ямар томоохон өөрчлөлт орох бол?
-Өөр олон асуудал байгаа. Ажлын хэсгийн эхний хуралдааны дараа тодорхой мэдээлэл хийнэ.
-Ээлжит бус их хурлыг хуралдуулах шаардлага тавиад байгаа хөдөлгөөнийхнийг Д.Эрдэнэбат дарга хүлээж авч уулзаад зөвшилцөлд хүрсэн байсан. Тэгэхээр ҮЗХ-ны хуралдаан болсны дараа их хурлаа хуралдуулах уу?
-Ээлжит бус их хурлыг огт хуралдуулахгүй гэж зүтгэж байгаа хүн байхгүй шүү дээ. Харин хэзээ хуралдуулахыг одоогоор шийдээгүй байна. Дүрмийн шинэчлэл хийсний дараа их хурлыг хуралдуулах шаардлагатай болох л байх.
-Таны хувьд?
-Их хурлыг хуралдуулах нь зүйтэй гэж бодож байна.
-Хэрэв их хурлыг хуралдуулбал намын дарга Н.Алтанхуягт итгэл үзүүлэх эсэхийг хэлэлцэх үү?
-Намын даргын асуудал бол жижиг зүйл. Энэ нам цаашид өмнөө тавьсан зорилтоо биелүүлэхийн тулд ямар бүтэц, удирдлагатай байх, дотоод энэ олон сонгуулийг хийсээр байх уу гээд шийдэх зүйл их байна.
-Намын даргын асуудал яригдвал та нэрээ дэвшүүлэх үү. Өмнө нь ч та өрсөлдөх болно гэж мэдэгдээд байсан. Бодлоо өөрчлөөгүй биз дээ?
-Мэдээж өрсөлдөнө.
-Хамтарсан Засгийн газрын ажилд та ямар дүн тавих вэ?
-Саяхан ҮЗХ хуралдаад дүнгээ тавьсан. Би ганцаараа ч биш олон хүн сайн ажиллахгүй байна гэж дүгнэлээ. Зорилтын биелэлтийг тараасан. Жил болгон 60 мянган хүнийг ажилтай болгоно гэсэн гэвч энэ нь ажил хэрэг болсонгүй. Удаан байна.
-АН хамтарсан Засгийн газраас гараад сөрөг хүчний үүргээ биелүүлэхгүй бол хяналт байхгүй боллоо гэсэн шүүмжлэл гарах болж. Та энэ талаар ямар байр суурьтай байгаа вэ?
-Хууль бус Засгийн газар хичнээн хурдан зогсоно төдий чинээ л сайн биз дээ.
-Төсвийн хэлэлцүүлгийн явцад АН-ын бүлэг нэлээд идэвхтэй ажиллаж завсарлага авна гэж айлгаж байгаад иргэдэд тараах хишгийг хоёр хувилбараар өгөх боломжийг олголоо. Энэ нь үр дүнтэй байж чадах уу?
-Хоёр сонголтыг бий болгосон. Бизнес эрхэлье, ажил хийе гэж байгаа хүнд боломж нээгдэж байгаа. Бэлнээр гэвэл сар бүр 21 мянган төгрөгөө авч болно. Би энэ мөнгөөрөө цөцгий цохих машин авч үйлдвэрлэл эрхэлнэ гэвэл тэр боломжийг шинээр нээж өгсөн хэрэг. Хамаатан садан, баг, сум, аймгаараа нэгдээд бүр том компани байгуулаад түүндээ хөрөнгө оруулах ч боломжтой. Энэ нь хамтарч ажиллахыг урамшуулж, бие биендээ итгэх итгэлийг нэмэгдүүлэх сайн талтай гэж бодож байна.
-АН-ын бүлгээс санал гаргаад нийгмийн даатгалын санд төвлөрөх хөрөнгөөр моргейжийн зээлийг санхүүжүүлэхээр болж байгаа гэлүү?
-Нийгмийн даатгалын шимтгэл төлдөг хүмүүс тэтгэвэрт гарахаар болбол 2015 оноос нэрийн данснаасаа тэтгэврээ авах болно. Тэр хуримтлал уг нь бий болчихсон байх ёстой. Гэвч улс нийгмийн даатгалын санд маш их өртэй байгаа. Нэгэнт тэр өрөө төлөх чадвар байхгүй учраас улсын төсвийн хэлэлцүүлгийн үеэр АН-ын бүлэг МАН-ын бүлэг, Засгийн газартай ярилцаад нийгмийн даатгалын өрийг төлөх шинэ бодлого гаргая гэж тохиролцсон. Улсад нийгмийн даатгалын санд төлөх ёстой мөнгө байхгүй байгаа учраас Засгийн газар баталгаа гаргая. Тэгээд Монголбанкнаас 400 тэрбум төгрөгийн зээлийг авч нийгмийн даатгалын санд өгье. Тиймээс нийгмийн даатгалын сангийн тухай хуульд өөрчлөлт оруулаад санд төвлөрөх тэр мөнгөөр моргейжийн үнэт цаасыг хоёр дахь зах зээлээс худалдаж авах боломжийг нээе гэж шийдсэн. Нийгмийн даатгалын сангийн моргейжийн үнэт цааснаас олох ашиг нь жилийн гурван хувь байна. Моргейжийг нийгмийн даатгалынхан өөрсдөө хийхгүй. Манай улсын хуульд заасны дагуу моргейжийн компани юмуу банкууд хэрэгжүүлнэ. Энэ үйлчилгээг хэрэгжүүлснийхээ хөлсөнд эдгээр байгууллагууд жилийн гурван хувийн ашиг авна. Харин эцсийн хэрэглэгч буюу бага орлоготой, орон сууцтай болохыг хүсч байгаа иргэдэд жилийн зургаан хувийн хүүтэй, 30 жилийн хугацаатай зээл олгож эхэлье гэж ярилцсан. Ингэж моргейжийн зах зээлийг анхнаас нь зөв төлөвлөхийг зорьж байгаа.
-Ямар тооцоо хийгээд эхний ээлжинд 400 тэрбум төгрөгийг моргейжид оруулахаар болоод байгаа юм бэ?
-Одоо 10-15 жилийн хугацаатай орон сууцны зээл авсан иргэд сард нэгээс дээш, жилд 10 гаруй хувийн хүү төлж байгаа. Энэ зээлийн нөхцөлийг 15 жил биш 30 жил болгож сарын хүүг нэг биш 0.5 хувьд хүргэж жилийн зургаан хувийн хүүтэй болгож өөрчлөхийн тулд 200 тэрбум төгрөгийг зарцуулна. Ингэснээр моргейжийн зах зээл зөв утгаараа оршин тогтоно. Үлдсэн 200 тэрбум төгрөгийг нь дээрх шиг нөхцөлөөр орон сууцтай болох иргэдэд олгоно гэсэн үг. Ийм л тооцоо хийж эхний ээлжинд 400 тэрбум төгрөгийн баталгаа гаргаж моргейжийн зах зээлийг хөгжүүлэхийг зорьж байгаа хэрэг. Цаашид Засгийн газар баталгаа гаргах замаар ингэж зээлийг олгосоор төр нийгмийн даатгалын санд өргүй болно, нөгөө талаар моргейжийн зах зээл ч хөгжинө, иргэд маань ч орон сууцтай болж нөгөө яриад байдаг айхтар утаа ч арилна. Ийм л олон талын ашигтай зүйлийг ажил хэрэг болгохын төлөө ажиллаж байна.
-Моргейжийн зах зээлийг хөгжүүлснээр иргэд орон сууц авахад сард хэдэн төгрөг төлөх бол. Ийм тооцоо хийв үү?
-Хийсэн. Нэг квадрат метр нь 600 ам.долларын өртөгтэй 50 ам метр сууц гэж тооцоолохоор нийтдээ байрны үнэ 30 мянган ам.доллар болж байна. Үүний 30 хувийг иргэд өөрсдөө урьдчилж төлөөд үлдсэн 21 мянган ам.долларыг 30 жилийн хугацаанд жилийн зургаан хувийн хүүтэйгээр төлж барагдуулна. Моргейжийн тооны машинд оруулаад тооцоолохоор сард ердөө 120 ам.доллар л төлөхөөр байна. Манай өрхүүдийн сарын дундаж орлого 400-500 мянган төгрөг болсон байна. Сард 120 ам.доллар төлнө гэхээр орлогын 30 хувь л болно. Энэ нь зөв тогтолцоо руу явахын эхлэл. Байрандаа сард 150 гаруй мянган төгрөг төлөөд ажлаа хийгээд яваад байхад 30 жилийн дараа орон сууцтай болно. Өнөөдөр байр түрээсэлж амьдрахад үүнээс их мөнгө төлж байгаа шүү дээ. Боломжийн орлоготой, чинээлэг хүмүүс нь квадрат метр нь 2000-3000 ам.долларын үнэтэй сууцаа худалдаж аваад амьдарна л биз. Ийм чинээлэг давхаргыг орон сууцтай болгох эсэхийг улс анхаарах ч шаардлагагүй. Харин нийт масс буюу олон зуун иргэдээ л орон сууцжуулах бодлого барьж байгаа учраас хүртээмжтэй, хүү багатай моргейжийн зээлийг олгохыг зорьж байгаа хэрэг.
-Моргейжийн зээл авахад ямар шалгуур тавих вэ?
-Ажилтай л байх ёстой. Мөн урьдчилгаа 30 хувийн мөнгөө төлсөн байх шаардлагатай.
-Сонсоход сайхан л зүйл байна. Ажил хэрэг болох зам нь хэр шуударч байгаа юм бэ?
-Засгийн газар ойрын хугацаанд холбогдох хуулиудад өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл боловсруулаад оруулж ирэхээр болсон. Хамгийн түрүүнд зээлийн баталгааны тухай хуульд өөрчлөлт оруулах юм. Засгийн газрыг зээлийн баталгаа гаргахыг хориглосон байгааг өөрчилнө. Ингэснээр Монголбанк Засгийн газарт зээл олгох эрх нээгдэнэ.
-2011 онд амжих уу?
-Ирэх оны эхээр хийгээд дуусга л гэж байгаа.
-Гадаадын орнууд нийгмийн даатгалын сандаа төвлөрөх хөрөнгийг хамгийн урт хугацаатай, найдвартай эх үүсвэр гэж үзэн эргэлдүүлдэг юм билээ. Энэ жишгээр томоохон шинэчлэлт хийх гэж байгаа юм байна аа даа?
-Хүлээгээд байвал юу ч бүтэхгүй, дээрдэхгүй учир зориглоод хийх л хэрэгтэй. Нийгмийн даатгал дотроо тэтгэвэр, эрүүл мэнд гээд олон салах ёстой. Монгол Улсынх нэг хайрцганд яваад байгаа. Эрүүл мэндийн даатгал моргейжид хамаарахгүй. Хамгийн удаан хугацаатай байдаг эх үүсвэр бол тэтгэврийн даатгал. Хүн 22, 23 настайдаа ажилд ороод 60 нас хүртлээ ажиллаад тэтгэвэртээ гарна гэхээр ажиллах хугацаанд төлсөн мөнгө нь 30 гаруй жил хуримтлагдаж байдаг. Энэ хөрөнгийг хэрхэн өсгөн үржүүлж, эргэлдүүлэхийг дэлхийн орнууд бодож олоод хэрэгжүүлж байна. Нийгмийн даатгалын сангийн мөнгийг моргейжид оруулснаар тухайн хүний мөнгө алга болохгүй, баталгаатай, жилийн гурван хувиар өсөөд л байж байна. Хэрэв зээл аваад төлөхгүй алга болбол байшинг зараад мөнгийг төлчихдөг.
-Танай байнгын хорооноос Оюу толгойн гэрээтэй холбоотой шаардлагыг Засгийн газарт хүргүүлэх гэж байгаа гэл үү?
-Манай байнгын хорооноос ажлын хэсэг гарч Ш.Сайхансамбуу гишүүн ахалж байгаа. Ирэх долоо хоногт байнгын хороо хуралдаж шийдвэрээ гаргана. Байнгын хорооны ажлын хэсгийн дүгнэлтийг сонссоны дараа Засгийн газарт үүрэг өгөхөөр ярилцсан.
-Ямар үүрэг өгөхөөр ярилцсаныг сонирхож болох уу?
-Засгийн газар өгсөн үүрэг чиглэлийн дагуу Оюу толгойн хөрөнгө оруулагч нартай ярилцъя гэсэн. УИХ-аас Оюу толгойн гэрээг иймэрхүү хайрцганд хийгээрэй гэсэн 57 дугаар тогтоолыг гаргасан. Засгийн газар хайрцгандаа гэрээгээ хийсэн эсэхээр байнгын хороо дүгнэлтээ гаргана. УИХ-аас хөрөнгө оруулалтаа нөхмөгц Монголын хувийг 50 хувьд хүргэх, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд, нийт хувьцааны 34-өөс доошгүй хувь эзэмшихээр гэрээ байгуулаарай гэсэн. Гэтэл Засгийн газар үүнийг биелүүлээгүй. Хөрөнгө оруулалтаа нөхмөгц гэдгийг баримтлаагүй шууд 30 жилээр гэрээ байгуулсан. Зэсийн үнэ өндөр байхад яагаад ч 30 жилийн дараа хөрөнгө оруулалтаа нөхөхгүй. Тиймээс энэ алдаагаа засах ёстой. Мөн Хувь нийлүүлэгчдийн гэрээ Хөрөнгө оруулагчдын гэрээнээс зөрж байгаа. Хөрөнгө оруулагчдын гэрээнд энгийн хувьцааны 34 хувийг эзэмшинэ гэж баталгаатай тусгасан ч Хувь нийлүүлэгчдийн гэрээн дотор санхүүжилт хийхээр нэмж гаргах давуу эрхийн хувьцаанд Монголын тал оролцохыг хориглосон байна. Манай улсад мөрдөгдөж байгаа компанийн тухай хуулиар нийт хувьцааг л хувьцаа гэж үздэг. Энгийн хувьцаа, давуу эрхийн гэж ялган давуу эрхийн хувьцааг балансдаа оруулахгүй байх ойлголт байдаггүй. Тэгэхээр компани байгуулсан хоёр талын нэг нь давуу эрхийн хувьцаанд оролцохгүй байхаар Монголын талын 34 хувь уусч алга болох талтай. Хувь нийлүүлэгчдийн гэрээнд санхүүжилт босгох гурван арга байгаа.
Зөвхөн давуу эрхийн хувьцааг сонгоод түүндээ монголчуудыг оролцуулахгүй гэвэл манай талд ашиггүй. Оюу толгойн ТУЗ дээр энэ асуудал яригдана. Санхүүжилтийн бусад хэлбэрийг ашиглая, яагаад бүх санхүүжилтийг давуу эрхийн хувьцаагаар хийх гээд байгаа юм, үнэхээр давуу эрхийн хувьцаагаар хөрөнгө босгох юм бол монголчууд бас оролцъё гэсэн зүйлийг ярьж байгаа. Ингэж алдаагаа засах боломж байна. “Айвенхоу майнз” компани давуу эрхийн хувьцаа гаргаж мөнгө босгоод манай талд 9.9 хувийн хүүтэйгээр зээлүүлэх гэж байна. Дээрээс нь бас АНУ-ын инфляцийг тооцож зээлийг төлүүлэхээр тусгажээ. Монгол Улсын зээлжих зэрэглэл ахиж B+ болсон. Өмнө нь манай улсын зээлжих зэрэглэл B байхад олон улсын зах зээлээс мөнгө цуглуулдаг хүү 8 хувь байлаа. B+ болж дээшилсэн учир хүү буурна. Манай орон олон улсын зах зээлээс ямар хүүгээр мөнгө цуглуулж байна, түүнээс их хүүтэй санхүүжилт авч болохгүй биз дээ.Тиймээс 9.9 хувь, дээрээс нь АНУ-ын инфляци тооцно гэсэн хөрөнгө оруулагчидтай ярилцах ёстой.
-Бас саяхан баталсан Өсөн нэмэгдэх нөөцийн төлбөрийг Оюу толгой ХХК-иас ч авахаар санал оруулах гэж байгаа юм уу?
-Гэнэтийн ашгийн 68 хувийн татварыг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөхгүй болно. Түүний оронд баталсан өсөн нэмэгдэх нөөцийн татварыг авдаг болгох үүргийг өгөх гэж байгаа. УИХ-аас хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулийн хүрээнд л гэрээ байгуул гэсэн чиглэл өгсөн. Гэтэл Засгийн газар Гэнэтийн ашгийн 68 хувийн татварыг авахгүй гэж гэрээнд оруулсан. Үүнийгээ ч гэсэн засах боломж бий.
-Нэгэнт гэрээ байгуулсан, өөрчилж болохгүй юм биш үү?
-Засгийн газар байнгын хороо юу ч гэсэн тогтоолоо гаргачих, цаад талтайгаа ярья гэж байна лээ. Ер нь мөнхийн өөрчилж болохгүй зүйл гэж байдаггүй биз дээ.
Д.ДОРЖПАГМА
URL: