З.Энхболд: Оюу толгойн гэрээг өөрчлөх үүрэг өгнө

УИХ-ын  Аюулгүй бай­дал, гадаад бодло­гын байнгын хорооны дарга З.Энхболдтой ярилцлаа. -Энэ сарын 6-ны өдөр АН байгуулагдсаны 10 жилийн ой болсон. Та  баяраа тэмдэглэв үү?

-Монголын ардчил­сан хүчний нам байгуу­лаг­даад 20, таван нам нэгдэж АН гэсэн нэр­тэй болж шинээр зохион байгуу­лалтад ороод ар­ван жилийг үдэж байна. Энэ дашрамд ард­чилсан үзэлтэй бүх хү­мүүст бо­лон нийт монгол­чууддаа  өөрчлөгдөн бай­гуулагд­сан АН-ын 10 жилийн ойн баярын мэнд хүргэе.

-Ирэх 2012 оны УИХ-ын сонгууль ч дөхөж байна даа?

-2000 онд хоёр суу­далтай байсан нам 2004 оны сонгуулиар 38 болж нэмэгдсэн. Би 38 дахь гишүүн болчихоод жил гаруйн дараа орж байсныг та нар санаж байгаа байх. 2008 оны сонгуулиар 27 суудал авсан. Энэ амжил­тын үзүүлэлт нь АН-ыг Монгол Улсын нөлөө бү­хий улс төрийн хүчин гэд­гийг илтгэж байгаа хэрэг. Манай нам  улс орноо авч  явах, иргэдээ ажилтай, мөнгөтэй болгох үүргээ боломжийн хэмжээгээр хэрэгжүүлж байгаа гэж би боддог. Мэдээж улс тө­рийн аливаа нам сон­гуульд ялж байж зорилтоо хэрэгжүүлэх ёстой. Ирэх сонгуульд АН ялалт бай­гуулна гэдэгт итгэл дүүрэн байгаа.

-Гэхдээ АН-ынхан хөнжилдөө хөлөө жийлц­­сээр, МАН-ын бөө­рөнд наалдсан хэ­вээр байсаар байхад уу?

-Улс төрийн нам амьд байхын тулд олон үзэл бодлоор уралдах ёстой. Тэр л зүйл явж байгаа болохоос биш З.Энхболд Н.Алтанхуягт муу учраас хөлөө жийлцээд байгаа зүйл байхгүй шүү дээ.

-Саяхан АН-ын ҮЗХ хуралдсан. Нэлээд үзэл­­цэх байх гэтэл  их намдуухан болох шив дээ?

-АН-ыг өөрчлөн ши­нэч­лэх нь зүйтэй гэж ҮЗХ-ны гишүүд санал нэгдсэн. Харин тэр өөрчлөлт ши­нэч­­лэлтийг хэрхэн хийх талаар хоёр байр суурь­тай байгаа.  Нэг хэсэг  нь их хурлаа хуралдуулж хийе, нөгөө хэсэг нь ҮЗХ-ны гишүүдийн гуравны хоёр нь зөвшөөрвөл дү­рэмд өөрчлөлт оруулъя гэж ярьсан. Цагаан сарын өмнөхөн ҮЗХ ээл­жит хурлаа хийнэ. Энэ үеэр АН-ын дүрэмд то­моо­хон өөрчлөлт оруу­лах байх.

-Намын дүрэмд өөрч­лөлт оруулах аж­лын хэсгийг байгуул­сан байсан. Та энэ аж­лын хэсэгт  орсон  байх аа?

-Тийм ээ. Энэ ажлын хэсгийг Намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат ахлаад  Ц.Оюун­гэрэл, би гээд хэд хэдэн хүн ажлын хэ­сэгт ороод ажиллаж бай­на. Удахгүй хуралдаж чиг­лэлээ гаргаад хэлэлцүүл­гийг нийт гишүүдийнхээ хүрээнд хийх бодолтой байгаа.

-Сум, дүүрэг, айм­гийн намын хорооны даргын албыг 10, 15  жил ч хашиж хувийнхаа компани шиг болгодгийг дүрэмдээ өөрчлөлт оруулж зогсоох гэж бай­гаа юм аа даа?

-Хэдэн жилээр ч ха­маагүй даргын алба хашда­гийг өөрчлөх гэж байгаа. Сонгуульд ялаг­дал хүлээвэл хурал хийж санал хураахгүйгээр дар­га биш болсон гэж тооц­дог байхаар дүрмийн тө­сөлд тусгах гэж байгаа.  2008 оны сонгуульд АН ялагдсан учир тухайн үед дарга байсан Ц.Элбэг­дорж өргөдлөө өгөөд аж­лаа өгч байсан. Энэ нь тухайн хүний ухамсартай холбоотой. Гэтэл 20 жил сум, дүүр­гийн намын үүрийн дарга хийчихээд сонгуульд ялалт бай­гуулж үзээгүй хүн бай­гааг бид нуухгүй. АН-ын дүр­мийн шинэч­лэл үүнийг шийдэж зохи­цуулах юм.

-Дүрэмд өөр ямар томоохон өөрчлөлт орох бол?

-Өөр олон асуудал байгаа. Ажлын хэсгийн эхний хуралдааны дараа тодорхой мэдээлэл хийнэ.

-Ээлжит бус их хур­лыг хуралдуулах шаард­­­­лага тавиад бай­гаа хөдөлгөөнийх­нийг Д.Эрдэнэбат дарга хү­лээж авч уулзаад зөв­шилцөлд хүрсэн бай­сан. Тэгэхээр ҮЗХ-ны хурал­даан болсны дараа их хурлаа хурал­дуулах уу?

-Ээлжит бус их хурлыг огт хуралдуулахгүй гэж зүтгэж байгаа хүн байхгүй шүү дээ. Харин хэзээ ху­рал­дуулахыг одоо­­гоор шийдээгүй бай­на. Дүр­мийн шинэчлэл хийсний дараа их хурлыг хурал­дуу­лах  шаардлага­тай болох л байх.

-Таны хувьд?

-Их хурлыг хурал­дуу­лах нь зүйтэй гэж бодож байна.

-Хэрэв их хурлыг ху­ралдуулбал намын дарга  Н.Алтанхуягт  ит­гэл үзүүлэх эсэхийг хэ­лэлцэх үү?

-Намын даргын асуу­дал бол  жижиг зүйл. Энэ нам цаашид өмнөө тавьсан зорилтоо бие­лүү­лэхийн тулд ямар бү­тэц, удирдлагатай байх, дотоод энэ олон сонгуу­лийг хийсээр байх уу гээд шийдэх зүйл их байна.

-Намын даргын асуу­­дал яригдвал та нэрээ дэвшүүлэх үү. Өмнө нь ч та өрсөлдөх болно гэж мэдэгдээд байсан. Бодлоо өөрч­лөө­гүй биз дээ?

-Мэдээж өрсөлдөнө.

-Хамтарсан Засгийн газрын ажилд та ямар дүн тавих вэ?

-Саяхан ҮЗХ хурал­даад дүнгээ тавьсан. Би ганцаараа ч биш олон хүн сайн ажиллахгүй бай­на гэж дүгнэлээ. Зо­рил­тын биелэлтийг та­раа­сан. Жил болгон 60 мянган хүнийг ажилтай болгоно гэсэн гэвч энэ  нь ажил хэрэг болсонгүй. Удаан   байна.

-АН хамтарсан Зас­гийн газраас гараад сө­рөг хүчний үүргээ бие­лүү­лэхгүй бол хяналт байхгүй боллоо гэсэн шүүмжлэл гарах болж. Та энэ талаар ямар байр суурьтай байгаа вэ?

-Хууль бус Засгийн газар хичнээн хурдан зогсоно төдий чинээ л сайн биз дээ.

-Төсвийн хэлэл­цүүл­гийн явцад АН-ын бүлэг нэлээд идэвх­тэй ажиллаж завсар­лага авна гэж айлгаж бай­гаад  иргэдэд та­раах хишгийг хоёр ху­вил­ба­раар өгөх  болом­жийг олголоо. Энэ нь үр дүн­тэй байж чадах уу?

-Хоёр сонголтыг бий болгосон. Бизнес эр­хэлье, ажил хийе гэж бай­гаа хүнд боломж нээгдэж байгаа. Бэлнээр гэвэл сар бүр 21 мянган төгрөгөө авч болно. Би энэ мөн­гөөрөө цөцгий цохих ма­шин авч үйлдвэрлэл эр­хэлнэ гэвэл  тэр болом­жийг шинээр нээж өгсөн хэрэг. Хамаатан садан, баг, сум, аймгаараа нэг­дээд бүр том компани байгуулаад түүндээ хө­рөнгө оруулах ч бо­ломж­той. Энэ нь хамтарч ажил­лахыг урамшуулж, бие биендээ итгэх итгэлийг нэмэгдүүлэх сайн талтай гэж бодож байна.

-АН-ын бүлгээс са­нал гаргаад нийгмийн даатгалын санд төв­лө­рөх хөрөнгөөр мор­гей­жийн зээлийг санхүү­жүү­лэхээр болж байгаа гэлүү?

-Нийгмийн даатгалын шимтгэл төлдөг хүмүүс тэтгэвэрт гарахаар бол­бол 2015 оноос нэрийн данснаасаа тэтгэврээ авах болно. Тэр хуримт­лал уг нь  бий болчихсон байх ёстой. Гэвч улс  нийг­мийн даатгалын санд  маш их өртэй байгаа. Нэ­гэнт тэр өрөө төлөх чадвар байхгүй учраас улсын төсвийн хэлэл­цүүл­гийн үеэр АН-ын бү­лэг МАН-ын бүлэг, Зас­гийн газартай ярилцаад  нийгмийн даат­галын өрийг төлөх шинэ бод­лого гаргая гэж тохи­ролц­сон. Улсад нийгмийн даат­галын санд төлөх ёстой мөнгө байхгүй бай­гаа учраас Засгийн газар баталгаа гаргая. Тэгээд Монголбанкнаас 400 тэр­бум төгрөгийн зээлийг авч нийгмийн даатгалын санд өгье.  Тиймээс нийг­мийн даатгалын сангийн тухай хуульд өөрчлөлт оруу­лаад санд төвлөрөх тэр мөнгөөр  моргейжийн үнэт цаасыг хоёр дахь зах зээ­лээс худалдаж авах бо­ломжийг нээе гэж шийд­сэн.  Нийгмийн даат­­­галын сангийн мор­гей­жийн үнэт цааснаас олох ашиг нь жилийн гур­ван хувь бай­на. Моргей­жийг нийгмийн даат­га­лын­хан өөрсдөө хийхгүй. Манай улсын хуульд заас­ны да­гуу мор­гейжийн компани юмуу банкууд хэрэг­жүүл­нэ. Энэ үйлчилгээг хэрэг­жүүлс­нийхээ хөлсөнд эд­гээр байгууллагууд жи­лийн гурван хувийн ашиг авна. Харин эцсийн хэрэглэгч буюу бага орлоготой, орон сууцтай болохыг хүсч байгаа иргэдэд  жи­лийн зургаан хувийн хүү­тэй, 30 жилийн хуга­цаа­тай зээл олгож эхэлье гэж ярилц­сан. Ингэж моргей­жийн зах зээлийг анхнаас нь зөв төлөвлөхийг зорьж байгаа.

-Ямар тооцоо хий­гээд эхний ээлжинд 400 тэрбум төгрөгийг мор­гейжид оруулахаар бо­лоод байгаа юм бэ?

-Одоо 10-15 жилийн хугацаатай орон сууцны зээл авсан иргэд сард нэгээс дээш, жилд  10 гаруй хувийн хүү төлж байгаа.  Энэ зээлийн нөх­цөлийг 15 жил биш 30 жил болгож сарын хүүг  нэг биш 0.5 хувьд хүргэж жилийн зургаан хувийн хүүтэй болгож  өөрч­лө­хийн тулд 200 тэрбум төгрөгийг зар­цуулна. Ин­гэснээр мор­гей­жийн зах зээл зөв ут­гаараа оршин тогтоно. Үлдсэн 200 тэр­бум төг­рөгийг нь дээрх шиг нөх­цөлөөр орон сууц­тай бо­лох иргэдэд  олгоно гэсэн үг. Ийм л тооцоо хийж эхний ээл­жинд 400 тэр­бум төг­рө­гийн баталгаа гаргаж мор­гейжийн  зах зээлийг хөг­жүүлэхийг зорьж байгаа хэрэг. Цаа­шид Засгийн газар ба­тал­гаа гаргах замаар ингэж зээлийг олгосоор төр нийг­мийн даатгалын санд өргүй болно,  нөгөө талаар мор­гей­жийн зах зээл ч хөг­жинө, иргэд маань ч орон сууцтай  болж нөгөө яриад байдаг айхтар утаа ч арилна. Ийм л олон талын ашиг­тай зүйлийг ажил хэрэг болгохын тө­лөө ажиллаж байна.

-Моргейжийн зах зээ­лийг хөгжүүлснээр иргэд орон сууц авахад сард хэдэн төгрөг төлөх бол. Ийм тооцоо хийв үү?

-Хийсэн. Нэг квадрат метр нь 600 ам.долларын өртөгтэй 50 ам метр сууц гэж тооцоолохоор  нийтдээ байрны үнэ 30 мянган ам.доллар болж байна. Үүний 30 хувийг иргэд өөрсдөө урьдчилж төлөөд  үлдсэн 21 мянган ам.долларыг 30 жилийн хугацаанд жилийн зур­гаан ху­вийн хүүтэйгээр төлж ба­рагдуулна.  Мор­гейжийн тооны машинд оруулаад тооцоолохоор  сард ер­дөө 120 ам.дол­лар л тө­лөхөөр байна. Манай өрхүүдийн сарын  дун­даж орлого  400-500 мян­ган төгрөг болсон бай­на. Сард 120 ам.доллар төлнө гэхээр орлогын 30 хувь л болно. Энэ нь  зөв тогтолцоо руу явахын эхлэл. Байрандаа сард 150 гаруй мянган төгрөг төлөөд ажлаа  хийгээд яваад байхад 30 жилийн дараа орон сууцтай  бол­но. Өнөөдөр байр түрээ­сэлж амьдрахад үүнээс их мөнгө  төлж байгаа шүү дээ. Боломжийн орлого­той, чинээлэг хүмүүс нь квадрат  метр нь 2000-3000 ам.долларын үнэ­тэй сууцаа худалдаж аваад амьдарна л биз. Ийм чинээлэг давхаргыг орон сууцтай болгох эсэ­хийг улс анхаарах ч шаардлагагүй. Харин нийт масс буюу олон зуун иргэдээ л орон сууц­жуу­лах бодлого барьж бай­гаа учраас  хүртээмжтэй, хүү багатай моргейжийн зээлийг олгохыг зорьж байгаа хэрэг.

-Моргейжийн зээл ава­хад ямар шалгуур тавих вэ?

-Ажилтай л байх ёстой. Мөн урьдчилгаа 30 хувийн мөнгөө төлсөн байх шаардлагатай.

-Сонсоход сайхан л зүйл байна. Ажил хэрэг болох зам нь хэр шуу­дарч байгаа юм бэ?

-Засгийн газар ойрын хугацаанд холбогдох хуу­лиудад өөрчлөлт оруу­лахаар хуулийн төсөл боловсруулаад оруулж ирэхээр болсон. Хамгийн түрүүнд зээлийн батал­гааны тухай хуульд өөрч­лөлт оруулах юм.  Засгийн газрыг зээлийн баталгаа гаргахыг хориглосон бай­гааг өөрчилнө. Ингэснээр Монголбанк Засгийн га­зарт зээл олгох эрх нээг­дэнэ.

-2011 онд амжих уу?

-Ирэх оны эхээр хий­гээд дуусга л гэж байгаа.

-Гадаадын орнууд нийгмийн даатгалын сан­даа төвлөрөх хөрөн­гийг хамгийн урт хуга­цаатай, найдвартай эх үүсвэр  гэж үзэн эргэл­дүүлдэг юм билээ. Энэ жишгээр томоохон ши­нэчлэлт хийх гэж бай­гаа юм байна аа даа?

-Хүлээгээд байвал юу ч бүтэхгүй, дээрдэхгүй учир зориглоод хийх л хэрэгтэй. Нийгмийн даат­гал дотроо  тэтгэвэр, эрүүл мэнд гээд олон салах ёстой. Монгол Ул­сынх  нэг хайрцганд яваад байгаа. Эрүүл мэн­дийн даатгал моргейжид хамаарахгүй. Хамгийн удаан хугацаатай байдаг эх үүсвэр бол тэтгэврийн даатгал. Хүн 22, 23 нас­тайдаа  ажилд ороод  60 нас хүртлээ ажиллаад  тэтгэвэртээ гарна гэхээр ажиллах хугацаанд төл­сөн мөнгө нь 30 гаруй жил хуримтлагдаж бай­даг. Энэ хөрөнгийг хэрхэн өсгөн үржүүлж, эргэлдүү­лэхийг дэлхийн орнууд бодож олоод хэрэгжүүлж байна. Нийгмийн даат­га­лын сангийн мөнгийг мор­гейжид оруулснаар тухайн хүний мөнгө алга болохгүй, баталгаатай, жилийн гурван хувиар өсөөд л байж байна. Хэ­рэв зээл аваад  төлөхгүй алга бол­бол байшинг за­раад мөн­гийг төлчихдөг.

-Танай байнгын хо­рооноос Оюу толгойн гэ­рээтэй холбоотой  шаард­лагыг Засгийн газарт хүргүүлэх гэж байгаа гэл үү?

-Манай байнгын хо­роо­ноос ажлын хэсэг гарч Ш.Сайхансамбуу гишүүн ахалж байгаа. Ирэх до­лоо хоногт байнгын хо­роо хуралдаж шийдвэрээ гаргана. Байнгын хо­роо­ны ажлын хэсгийн дүг­нэлтийг сонссоны дараа Засгийн газарт үүрэг өгө­хөөр ярилцсан.

-Ямар үүрэг өгөхөөр ярилцсаныг сонирхож болох уу?

-Засгийн газар өгсөн үүрэг чиглэлийн дагуу Оюу толгойн хөрөнгө оруу­­лагч нартай ярилцъя гэсэн. УИХ-аас  Оюу тол­гойн гэрээг иймэрхүү хайр­цганд хийгээрэй гэ­сэн 57 дугаар тог­тоо­лыг гаргасан. Засгийн  газар хайрцгандаа гэ­рээ­гээ хий­сэн эсэхээр байнгын хороо дүгнэлтээ гаргана. УИХ-аас хө­рөнгө оруу­лалтаа нөх­мөгц Мон­го­лын хувийг 50 хувьд хүр­гэх, хүчин тө­гөл­дөр мөр­дөгдөж байгаа хуулийн хүрээнд, нийт хувьцааны 34-өөс доош­гүй  хувь эзэмшихээр гэ­рээ бай­гуу­лаарай гэсэн. Гэтэл Зас­гийн газар үүнийг бие­лүү­лээгүй. Хө­рөнгө оруу­лал­таа нөх­мөгц гэдгийг ба­римт­лаа­гүй шууд 30 жи­лээр гэрээ байгуулсан. Зэсийн үнэ өндөр байхад яагаад  ч 30 жилийн да­раа хөрөнгө оруулалтаа нөхөхгүй. Тий­мээс энэ алдаагаа засах ёстой. Мөн Хувь нийлүүлэгч­дийн гэрээ Хөрөнгө оруу­лагч­дын гэ­рээнээс зөрж байгаа. Хө­рөнгө оруу­лагч­дын гэ­рээнд энгийн хувьцааны 34 хувийг эзэм­шинэ гэж батал­гаа­тай тусгасан ч Хувь ний­лүүлэгчдийн гэ­рээн дотор санхүүжилт хийхээр нэмж гаргах да­вуу эрхийн хувьцаанд Монголын тал орол­цо­хыг хориглосон байна. Манай улсад мөр­дөгдөж байгаа компа­нийн тухай хуулиар нийт хувьцааг л хувьцаа гэж үздэг. Энгийн хувьцаа, давуу эрхийн гэж ялган давуу эрхийн хувьцааг балансдаа оруулахгүй байх ойлголт байдаггүй. Тэгэхээр компани бай­гуулсан хоёр талын нэг нь давуу эрхийн хувьцаанд оролцохгүй  байхаар Мон­­голын талын 34 хувь уусч алга болох талтай. Хувь нийлүүлэгчдийн гэ­рээнд санхүүжилт босгох гурван арга байгаа.

Зөв­хөн давуу эрхийн хувьцааг сонгоод түүндээ монголчуудыг орол­цуу­лах­гүй гэвэл манай талд ашиггүй. Оюу толгойн ТУЗ дээр энэ асуудал яриг­дана. Санхүүжилтийн бу­сад хэлбэрийг ашиглая, яагаад бүх санхүүжилтийг давуу эрхийн хувьцаа­гаар хийх гээд байгаа юм, үнэхээр давуу эрхийн хувьцаагаар хөрөнгө бос­гох юм бол монголчууд бас оролцъё гэсэн зүй­лийг ярьж байгаа. Ингэж алдаагаа засах боломж байна. “Айвенхоу майнз” компани давуу эрхийн хувьцаа гаргаж  мөнгө босгоод манай  талд 9.9 хувийн хүүтэйгээр зээ­лүүлэх гэж байна. Дээрээс нь бас АНУ-ын инф­ля­цийг тооцож зээлийг тө­лүүлэхээр тусгажээ. Мон­гол Улсын зээлжих зэ­рэг­лэл ахиж B+ болсон. Өмнө нь  манай улсын зээлжих зэрэглэл B бай­хад олон улсын зах зээ­лээс мөнгө цуглуулдаг хүү 8 хувь байлаа. B+ болж дээшилсэн  учир хүү  буурна. Манай орон олон улсын зах зээлээс  ямар хүүгээр мөнгө цуглуулж байна, түүнээс их хүүтэй   санхүүжилт авч болохгүй биз дээ.Тиймээс  9.9 хувь, дээрээс нь АНУ-ын инф­ляци тооцно гэсэн  хө­рөнгө оруулагчидтай ярил­цах ёстой.

-Бас саяхан батал­сан Өсөн нэмэгдэх нөө­цийн төлбөрийг Оюу тол­­гой ХХК-иас ч ава­хаар санал оруулах гэж байгаа юм уу?

-Гэнэтийн ашгийн 68 хувийн татварыг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөхгүй  болно. Түүний оронд баталсан  өсөн нэмэгдэх нөөцийн тат­варыг авдаг болгох үүргийг өгөх гэж байгаа. УИХ-аас хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулийн хүрээнд л гэрээ байгуул гэсэн чиглэл өгсөн. Гэтэл Засгийн газар  Гэнэтийн ашгийн 68 хувийн тат­варыг авахгүй гэж гэрээнд оруулсан. Үүнийгээ ч гэ­сэн засах боломж бий.

-Нэгэнт гэрээ бай­гуулсан, өөрчилж бо­лохгүй юм биш үү?

-Засгийн газар байн­гын хороо юу ч гэсэн тог­тоолоо гаргачих, цаад талтайгаа ярья гэж байна лээ. Ер нь мөнхийн өөр­чилж болохгүй зүйл гэж байдаггүй биз дээ.

Д.ДОРЖПАГМА


URL:

Сэтгэгдэл бичих