Троссноос дүүжлээтэй хүний амь

173498-05112015-1446712569-839738211-lipt

Цахилгаан шатны талаар мөрдөж байгаа тодорхой стандарт байхгүй байна

Чингэлтэй дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 34 дүгээр байрны аравдугаар давхрын цахилгаан шат тухайн давхарт очоогүй атлаа хаалга нь нээлттэй байсныг үл анзаарсан нэгэн залуу нэг давхар руу унаж, хүнд гэмтсэн хэрэг одоогоос дөрвөн жилийн өмнө гарсан. Мөн цахилгаан шат ирээгүй байхад бас л хаалга нь нээгдэж, найман настай охин амиа алдсан гээд цахилгаан шаттай холбоотой осол цөөнгүй бий. Лифтний аюулгүй ажиллагаанаас болж гарч байгаа ослуудад хариуцах эзэн байдаг болов уу гэсэн асуулт эндээс ургаж байна. Уг нь лифтний аюулгүй ажиллагааг хариуцсан ажилтан буюу лифтчин СӨХ бүрт нэг байх ёстой. Тухайн лифтчин сард нэг удаа цахилгаан шатны аюулгүй ажиллагаа, бүрэн бүтэн байдлыг шалгах үүрэгтэй байдаг.Ерөөс сүүлийн үед баригдаж байгаа орон сууцнуудад мэргэжлийн сургалтад хамрагдсан лифтчин байдаггүй гэдгийг лифт угсралтын компанийн инженерүүд дуу нэгтэй хэлж байна. Байх нь битгий хэл жижүүр, үйлчлэгч нь энэ ажлыг давхар хариуцдаг гэдгийг тэд нуусангүй. Ийм хүмүүс ямар нэг том асуудалд хариуцлага хүлээнэ гэдэг юу л бол. Нөгөө талаар цахилгаан шатны үйл ажиллагааг хэвийн явуулж байх үүрэгтэй, түүний ашиглалт, хамгаалалтад хяналт тавьж байдаг байгууллага байхгүй гэхэд хилсдэхгүй аж.Хэдийгээр СӨХ-д cap бүр нэг айлаас доод тал нь 1500-5000 төгрөг цахилгаан шат ашигласны мөнгө гэж авах ч түүний хэвийн ажиллагааг хангахад зарцуулж байгаа, эсэх нь эргэлзээтэй. Тиймдээ ч лифттэй холбоотой гомдол НМХГ, МХЕГ-т жилд 300-гаараа ирдэг байна. Хамгийн сүүлийн үеийн жишээ татахад, Сүхбаатар дүүргийн долдугаар хорооны 44 дүгээр байрны лифт гацаад ажиллахгүй, энэ талаар СӨХ-доо хэлэхээр арга хэмжээ огт авахгүй байна гэсэн гомдлыг тухайн байрны оршин суугч гаргасан бол Хан-Уул дүүргийн “Хүннү” хорооллын 115 дугаар байрны лифтний хаалга гацдаг, явж байхдаа онгойдог, сэгсрэгддэг гэх гомдлууд мэргэжлийн хяналтын байгууллагад байнга ирдэг гэнэ.

Бүр томоохон хотхоны лифтүүд бүгд шахам эвдэрсэн баримт ч байна. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Маршал таун” хотхонд ашиглагдаж байгаа “Тhyssen Krupp” компанийн 15 лифтний нэг нь эвдэрч, ашиглалтаас гарсан. 12 нь тодорхой гэмтэлтэй гэдэг нь улсын байцаагчийн шалгалтаар тогтоогджээ. Эдгээр лифтийн эвдэрсэн эд ангийг засахад 16 сая төгрөг шаардлагатай байгаа аж. Гэсэн ч одоогоор хэрүүл маргаан үүссэнээс биш, ямар нэг засвар үйлчилгээ хийгээгүй байна. Учир нь тухайн лифтийг угсарсан компани СӨХ-нд хүлээлгэн өгөөгүй атлаа гарсан эвдрэл гэмтлийг СӨХ нь хариуцах ёстой гэсэн байр суурьтай байгаа гэдгийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн улсын ахлах байцаагч Г.Эрдэнэхүү хэлэв.

Уг нь цахилгаан шат суурилуулсан компани Барилгын тухай хуульд зааснаар тухайн лифтний аюулгүй ажиллагааг гурван жил хариуцдаг юм байна. Гэсэн ч үйлдвэрээс олгодог баталгаа нь нэг жил байдаг учир тэд ч заасан жилдээ хариуцлагаа үүрдэг гэнэ. Мэдээж хэрэг нэгээс гурван жилийн хугацаанд лифтэнд төдийлөн эвдрэл гэмтэл гардаггүй байна. Мөн лифт импортолдог компаниуд чанартайг нь биш, хямдыг нь харж сонгодог гэдгийг мэргэжлийн хяналтынхан хэллээ. Ингэснээр унадаг, доголдолтой, даац нь заасан хэмжээнээс бага лифтүүд өнөөдөр ч суурилуулагдсаар байгаа юм байна.

Лифттэй холбоотой бас нэг яригддаг асуудал нь хуучны байруудын цахилгаан шат. 2005 оноос хуучин байруудын цахилгаан шатыг шинэчилж эхэлсэн. Тухайн үед тендерт ялсан компаниуд тухайн байрны цахилгаан шатыг угсарчихаад л яваад өгсөн. Гэтэл үүний ашиглалт, үйлчилгээг хариуцах эзэн одоо хэр алга байна. Хуульд зааснаар СӨХ нь лифтний бүрэн бүтэн байдлыг хариуцах ёстой. Гэвч эдгээр лифтийг 20-25 жилийн дараа дахин шинэчлэх шаардлага гарна. Хуульд зааснаар хуучин байруудын лифтийг нэг удаа санхүүжүүлнэ. Сэлбэг материалын үнэ ихэвчлэн ам.доллараар үнэлэгддэг тул СӨХ-д өөрсдөө энэ асуудлыг шийдэж чаддаггүй нэг зовлон бий.

Өнөөдрийн байдлаар цахилгаан шат угсарч, засварладаг тусгай зөвшөөрөлтэй 20 гаруй компани МХЕГ-т бүртгэлтэй байдаг аж. 1981 онд манай улсад Цахилгаан шат засварын алба гэж байгуулагдаж байж. Энэ үед 21 хүн ЗХУ-д сургуульд бэлтгэгдэж иржээ. Үүнээс хойш тэдний үр хүүхдүүд дээрх компанийн ажлыг үргэлжлүүлж буй аж. Эдгээр компани Оросын хуучин цахилгаан шатыг засахаас бус, томоохон засвар үйлчилгээ хийх хэмжээний монгол инженер ховор байгааг барилгын компанийнхан өгүүлж байна.

Жил бүр лифттэй холбоотой 300 орчим гомдол МХЕГ, НМХГ-т ирдэг

Сүүлийн үед голдуу БНСУ, БНХАУ, Япон, Оросын цахилгаан шатуудыг суурилуулж буй. Гэтэл эдгээрийг эвдрэхэд засах нь битгий хэл, сэлбэг нь маш өндөр үнэтэй учир худалдан авч чаддаггүй аж. Орон орноос оруулж ирж буй цахилгаан шатны засвар үйлчилгээг нь хийдэг мэргэжлийн хүн, засварын газар хэрэгтэй байгааг “Улаанбаатар лифт” компанийн инженер хэлэв. Манай улсад байгаа орон сууцуудад үйлчилгээ үзүүлж байгаа цахилгаан шатыг хариуцсан эзэн буюу лифтчин байдаг бөгөөд тэд бүгд мэргэжлийн үнэмлэхтэй байдаг аж. Түүнийг нь Мэргэжлийн хяналтын газраас шалгаж баталгаажуулах учиртай юм байна. Гэтэл өнөөдөр дээр өгүүлсэнчлэн мэргэжлийн үнэмлэхтэй лифтчин хүн ховор байдаг аж.

Нэг лифтчинд ногдох лифтний тоо, тогтсон норм байхгүй нь бас л нэг асуудал дагуулж буй. Зарим СӨХ-нд 10-16 лифтний дунд нэг хүн байдаг гэнэ. Тиймдээ ч зарим засвар үйлчилгээг үзүүлэгч компаниуд лифтчиний үүргийг гэрээгээр хүлээж байна. Манай улсад лифтний талаар хийсэн судалгаа байхгүй байна гэж хэлэхэд болно. Хэчнээн төрлийн, хэдэн ширхэг лифт байдаг, үүнээс хэд нь шаардлага хангадаг болон хангадаггүй талаар судалгаа тоо баримт байдаггүй.

Лифт бол онцгой объект. Гэтэл цахилгаан шатны талаар мөрдөж байгаа тодорхой стандарт байхгүй байна. Хууль ба дүрэмд өөрчлөлт оруулах шинэчлэх шаардлага гарч байна. Цахилгаан шатыг СӨХ-үүдийн харьяаллаас гаргах, санхүүгийн чадавхтай өөр байгууллагад харьяалуулах, эсвэл лифтний сэлбэг материалын үнэ, засвар үйлчилгээний үнийг зохицуулах шаардлагатай байгааг “Улаанбаатар лифт” компанийн инженер хэллээ.

Б.Бямбасүрэн

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих