Троссноос дүүжлээтэй хүний амь
Цахилгаан шатны талаар мөрдөж байгаа тодорхой стандарт байхгүй байна
Бүр томоохон хотхоны лифтүүд бүгд шахам эвдэрсэн баримт ч байна. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Маршал таун” хотхонд ашиглагдаж байгаа “Тhyssen Krupp” компанийн 15 лифтний нэг нь эвдэрч, ашиглалтаас гарсан. 12 нь тодорхой гэмтэлтэй гэдэг нь улсын байцаагчийн шалгалтаар тогтоогджээ. Эдгээр лифтийн эвдэрсэн эд ангийг засахад 16 сая төгрөг шаардлагатай байгаа аж. Гэсэн ч одоогоор хэрүүл маргаан үүссэнээс биш, ямар нэг засвар үйлчилгээ хийгээгүй байна. Учир нь тухайн лифтийг угсарсан компани СӨХ-нд хүлээлгэн өгөөгүй атлаа гарсан эвдрэл гэмтлийг СӨХ нь хариуцах ёстой гэсэн байр суурьтай байгаа гэдгийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн улсын ахлах байцаагч Г.Эрдэнэхүү хэлэв.
Уг нь цахилгаан шат суурилуулсан компани Барилгын тухай хуульд зааснаар тухайн лифтний аюулгүй ажиллагааг гурван жил хариуцдаг юм байна. Гэсэн ч үйлдвэрээс олгодог баталгаа нь нэг жил байдаг учир тэд ч заасан жилдээ хариуцлагаа үүрдэг гэнэ. Мэдээж хэрэг нэгээс гурван жилийн хугацаанд лифтэнд төдийлөн эвдрэл гэмтэл гардаггүй байна. Мөн лифт импортолдог компаниуд чанартайг нь биш, хямдыг нь харж сонгодог гэдгийг мэргэжлийн хяналтынхан хэллээ. Ингэснээр унадаг, доголдолтой, даац нь заасан хэмжээнээс бага лифтүүд өнөөдөр ч суурилуулагдсаар байгаа юм байна.
Лифттэй холбоотой бас нэг яригддаг асуудал нь хуучны байруудын цахилгаан шат. 2005 оноос хуучин байруудын цахилгаан шатыг шинэчилж эхэлсэн. Тухайн үед тендерт ялсан компаниуд тухайн байрны цахилгаан шатыг угсарчихаад л яваад өгсөн. Гэтэл үүний ашиглалт, үйлчилгээг хариуцах эзэн одоо хэр алга байна. Хуульд зааснаар СӨХ нь лифтний бүрэн бүтэн байдлыг хариуцах ёстой. Гэвч эдгээр лифтийг 20-25 жилийн дараа дахин шинэчлэх шаардлага гарна. Хуульд зааснаар хуучин байруудын лифтийг нэг удаа санхүүжүүлнэ. Сэлбэг материалын үнэ ихэвчлэн ам.доллараар үнэлэгддэг тул СӨХ-д өөрсдөө энэ асуудлыг шийдэж чаддаггүй нэг зовлон бий.
Өнөөдрийн байдлаар цахилгаан шат угсарч, засварладаг тусгай зөвшөөрөлтэй 20 гаруй компани МХЕГ-т бүртгэлтэй байдаг аж. 1981 онд манай улсад Цахилгаан шат засварын алба гэж байгуулагдаж байж. Энэ үед 21 хүн ЗХУ-д сургуульд бэлтгэгдэж иржээ. Үүнээс хойш тэдний үр хүүхдүүд дээрх компанийн ажлыг үргэлжлүүлж буй аж. Эдгээр компани Оросын хуучин цахилгаан шатыг засахаас бус, томоохон засвар үйлчилгээ хийх хэмжээний монгол инженер ховор байгааг барилгын компанийнхан өгүүлж байна.
Жил бүр лифттэй холбоотой 300 орчим гомдол МХЕГ, НМХГ-т ирдэг
Сүүлийн үед голдуу БНСУ, БНХАУ, Япон, Оросын цахилгаан шатуудыг суурилуулж буй. Гэтэл эдгээрийг эвдрэхэд засах нь битгий хэл, сэлбэг нь маш өндөр үнэтэй учир худалдан авч чаддаггүй аж. Орон орноос оруулж ирж буй цахилгаан шатны засвар үйлчилгээг нь хийдэг мэргэжлийн хүн, засварын газар хэрэгтэй байгааг “Улаанбаатар лифт” компанийн инженер хэлэв. Манай улсад байгаа орон сууцуудад үйлчилгээ үзүүлж байгаа цахилгаан шатыг хариуцсан эзэн буюу лифтчин байдаг бөгөөд тэд бүгд мэргэжлийн үнэмлэхтэй байдаг аж. Түүнийг нь Мэргэжлийн хяналтын газраас шалгаж баталгаажуулах учиртай юм байна. Гэтэл өнөөдөр дээр өгүүлсэнчлэн мэргэжлийн үнэмлэхтэй лифтчин хүн ховор байдаг аж.
Нэг лифтчинд ногдох лифтний тоо, тогтсон норм байхгүй нь бас л нэг асуудал дагуулж буй. Зарим СӨХ-нд 10-16 лифтний дунд нэг хүн байдаг гэнэ. Тиймдээ ч зарим засвар үйлчилгээг үзүүлэгч компаниуд лифтчиний үүргийг гэрээгээр хүлээж байна. Манай улсад лифтний талаар хийсэн судалгаа байхгүй байна гэж хэлэхэд болно. Хэчнээн төрлийн, хэдэн ширхэг лифт байдаг, үүнээс хэд нь шаардлага хангадаг болон хангадаггүй талаар судалгаа тоо баримт байдаггүй.
Лифт бол онцгой объект. Гэтэл цахилгаан шатны талаар мөрдөж байгаа тодорхой стандарт байхгүй байна. Хууль ба дүрэмд өөрчлөлт оруулах шинэчлэх шаардлага гарч байна. Цахилгаан шатыг СӨХ-үүдийн харьяаллаас гаргах, санхүүгийн чадавхтай өөр байгууллагад харьяалуулах, эсвэл лифтний сэлбэг материалын үнэ, засвар үйлчилгээний үнийг зохицуулах шаардлагатай байгааг “Улаанбаатар лифт” компанийн инженер хэллээ.
Б.Бямбасүрэн
Засгийн газрын мэдээ
URL: