Хот төлөвлөлтөд халдлаа
Тэдний хэлснээр “…Өргөтгөл барьж байгаа газрын нэг давхарт дэлгүүр байсан. Гэвч эзэн нь өөр хүнд зарсан юм шиг байна лээ. Ямар ч хаяг байдаггүй болохоор иргэд хаана хандах учраа олохгүй байгаа. Ажилчид нь өдөржингөө дуу чимээ гаргадаг. Хууль хяналтынхан ерөөсөө ирж шалгахгүй юм” хэмээн гомдолтой байна.
Барилгын өргөтгөл, тэр тусмаа орон сууцны нэгдүгээр давхарт өргөтгөл барихыг хориглоод удсан. Гэвч төрийн хууль дүрмийг уландаа гишгэж өөрийн эзэмшлийн талбайнхаа I давхрыг өргөтгөж, хот төлөвлөлтийг бусниулж байгаа нэгэн газрыг “Хотын даргын сонорт” буландаа онцоллоо. Бидний хэлж заншсанаар Гадаад хэргийн яамны баруун талд байрлах “Гранд оффис” төвтэй залгаа “Season” солонгос барааны дэлгүүртэй зэрэгцээ орон сууцны нэг давхрыг өргөтгөхөөр хаалт хийж ажлаа эхлүүлжээ. Уг нь өнгөрсөн жил иймэрхүү хууль бус барилгажилтыг зогсоох шинэ журам гарчээ. Нийслэлийн хот, төлөвлөлт, барилгажилтад гарч байгаа зөрчлийг арилгах, таслан зогсоох тухай НИТХ-ын 5/14 дугаар тогтоол гарсан байна. Уг тогтоолд нийслэлийн нутаг дэвсгэрт барилга, өргөтгөл барих гэж байгаа бол 16 метрийн доторх эдэлбэр газрын хөрш залгаа эд хөрөнгө өмчлөгчөөс асууж зөвшилцөнө гэдгийг нарийн заажээ. Түүнчлэн аж ахуйн нэгж довжооноосоо явган хүний зам хүртэл таван метрийн зайтай байх, хашааныхаа 30 метр газарт ногоон байгууламж тарих хангалттай зай талбайтай байх шаардлагыг хангасан байх ёстой гэсэн хууль дүрэм ч бий. Харин дээрх барилга довжооноосоо явган хүний зам хүртэл гурван метр зай ч хүрэхгүй. Ногоон байгууламж тарих нь битгий хэл орон сууцны урдуур хүн машин нь багтахгүй, зөрөх зайгүй шахцалдаж байна. Мөн хөрш залгаа орших орон сууцны иргэдээс санал аваагүй гэдгийг тус байрны орон суугчид хэлж байгаа юм. Тэдний хэлснээр “…Өргөтгөл барьж байгаа газрын нэг давхарт дэлгүүр байсан. Гэвч эзэн нь өөр хүнд зарсан юм шиг байна лээ. Ямар ч хаяг байдаггүй болохоор иргэд хаана хандах учраа олохгүй байгаа. Ажилчид нь өдөржингөө дуу чимээ гаргадаг. Хууль хяналтынхан ерөөсөө ирж шалгахгүй юм” хэмээн гомдолтой байна.
Биднийг очиход орон сууцны нэг давхрыг бүхэлд нь хаалтаар бүрхсэн байв. Ойр орчимд ямар ч хаяг, танилцуулга алга. Ажилчдаас ямар компани барилга барьж байгааг тодруулахад “Даргаас мэдээлэл ав. Бид хэлэхгүй” гэсэн юм. Тиймээс бид энэ компанийн захирал Н.Ганзоригтой холбогдоход “Компанийнхаа нэрийг заавал хэлэх ёстой юмуу. Нэг давхрыг тохижуулаад ажил хийж байгаа. Наадах чинь үйлчилгээний зориулалттай барилга. Задгай талбай хийж байгаа юм. Манай компанид нэг талбай засах эрх байдаг юм байгаа биз дээ” гэсэн тайлбарыг өглөө.
Ийм байдлаар хот төлөвлөлтийг бусниулж байгаа, хууль дүрэм үйлчилдэггүй компаниудыг анхааралдаа авч, гаргасан дүрэм журмынхаа хэрэгжилтийг хяная, Хотын дарга аа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: