Хүч тэнцсэнээс хөдөлгөж чадахгүй байна уу
Монголын улс төрийн өнөөдрийн халуун сэдэв нь Тавантолгой болоод байна. 2010 онд эдийн засгийн эргэлтэд оруулж, тендер зарлан хөрөнгө оруулагчдыг урьсан энэ орд таван жилийн дараа ийнхүү Монголын улстөрчдийн анхааралд орж ирлээ. Тухайн үедээ улстөрчид асар том нүүрсний орд олсондоо “баярлаж”, хожим үүсэх үр дүн юу байх вэ гэдгээ тооцоолоогүйгээс өнөөдөр энэ ордын эдийн засагт үзүүлэх үр нөлөө улам багассаар.
Гэсэн ч дэлхийд цөөхөн байгаа илчлэг ихтэй коксжих нүүрсний асар том орд бүхий ордод эзэн суух гэсэн хүсэл ил далд янз бүрийн ашиг сонирхлоор таван жил үргэлжилж, ийн олны анхааралд орж ирсэн нь энэ юм. Тавантолгойгоос ашиг хүртэх гэсэн монголчуудын мөрөөдөл таван жилийн дараа биеллээ олох уу гэдгийг шийдэх хариуцлагатай цаг үе, Тавантолгой Эрдэнэт шиг саалийн үнээ болж,Монгол Улсын эдийн засагт дараагийн 60 жилд ашгаа өгөх үү гэдгийг тооцоолох ажлыг Ч.Сайханбилэгийн Засгийн газар хийж, зөв замаар явуулах эцсийн шийдвэрийг З.Энхболдын удирдсан парламент гаргах тийм хариуцлагатай цаг үе ирээд байгаа юм.
Тиймээс Тавантолгойг хэрхэн шийдэх нь улстөрчдийн хийх ажил, аль эсвэл нэг Засгийн газрын хэдэн сайдад даатгах асуудал гэсэн өнцгөөс хандаж болохгүй. 2.1 сая иргэн хувьцаа эзэмшиж буй цорын ганц орд, Эрдэнэт шиг ирэх жилүүдэд биднийг тэжээх энэ том ордын хувь заяа монгол хүн бүхний амьдралд ямар нэг хэмжээгээр өөрчлөлт авчрах ёстой гэсэн үүднээс бид өмнөх алдаагаа давтахгүйгээр энэ ордоо явуулах ёстой юм.
Тиймээс “ММ” энэ ордын талаар аль нэг дарга цэрэг, Засгийн газрын сайд, хувийн компанийн талд орохгүйгээр өдөр бүрийн дугаартаа талуудын илэрхийлсэн байр суурийг ижил тэгш хүргэж байгаа. Яагаад гэвэл ард түмэн зөв мэдээлэл авах ёстой. Мэдээлэл ялгавартай иргэдэд хүрэх тусмаа тэд зөвийг нь дундаас нь онцлон шүүрдэх учиртай юм. Манай сонин өнгөрөгч долоо хоногийн лхагва, пүрэв гарагийн дугаарт УИХ-ын 76 гишүүнээс Тавантолгойн талаар ямар байр суурьтай байгааг нь гишүүн нэг бүрээс авч хүргэсэн.
Хэвлэл мэдээллээр байр суурь нь тодорхой болсон 10 гаруй гишүүн байсан бол үлдсэн 60 орчим гишүүд энэ талаар юу бодож яваа нь тодорхойгүй байв. Харин энэхүү нэгтгэсэн мэдээллийн дараа хэвлэл мэдээлэл, цаашлаад энэ ордын талаар сонирхож байгаа иргэд ч УИХ-д биднийг төлөөлж суугаа 76 гишүүн энэ ордыг урагшаа явуулах уу, эсвэл гацаах хүсэлтэй байна уу гэдгийг ялгаж салгах ерөнхий зураглалтай болсон гэсэн үг юм. УИХ-ын гишүүдээс Тавантолгойн талаархи санал бодлыг нь сонсч байхад ерөнхийдөө дөрвөн хэсэгт хуваагдсан байгаа нь ажиглагдаж байв.
Нэг үгээр хэлбэл, ашигтай буюу хувилбар ямар байдлаар орж ирэх нь бус Монгол Улсад ашигтай ямар ч гэрээг дэмжихэд бэлэн гэдгээ 18 гишүүн илэрхийлэв. Харин АН зэрэг нам эвслийн бүлгээс гаргаж буй 51 хувийг төр эзэмшээд, хувьцаа эзэмшиж буй иргэдтэйгээ ашгаа хүртээд явах, үлдсэн 49 хувийг хувийн хэвшил болон гадны хөрөнгө оруулагчдад өгөөд хамтарсан бизнесийн зарчмаар явах саналыг 20 гишүүн дэмжиж байгаагаа илэрхийлэв. Байр сууриа илэрхийлэхээс татгалзсан гишүүд ч чамгүй олон байв. Нэг үгээр хэлбэл, УИХ-аас байгуулсан ажлын хэсэг ямар дүгнэлт гаргахаас Засгийн газрын анхны хувилбарыг дэмжих үү, эсвэл дахин энэ орд дээр тендер зарлах байдлаар явуулах уу гэдгийг шийднэ хэмээн хүлээж буй гишүүд хамгийн олон буюу 27 байлаа.
Засгийн газрын анхны хувилбар буюу “Энержи Ресурс”, Шинхуа компанийн хөрөнгө оруулагч консерциумтай гэрээлэх хувилбарыг парламентын 11 гишүүн дэмжсэн юм. Энэ тохиолдолд нөхцөл байдал ч хаашаа ч эргэж мэдэхээр байна. Зарим нь хэвлэл мэдээллээр илэрхийлсэн байр суурьнаасаа тэс хөндлөн зүйл ярьж явааг ч хэлээд байгаа.
Нэг үгээр хэлбэл, Тавантолгойн асуудлаар шийдвэр гаргах улстөрчдийн байр суурь хоёр талд хүч тэнцүүхэн хуваагдчихаад шийдвэр гаргаж чадахгүй байна уу гэсэн хардлага нийгэмд үүсээд байна. УИХ-ын ихэнхи гишүүд байр сууриа илэрхийлэхээс татгалзсан. Тэгэхээр эдгээр гишүүдийн байр суурь хаашаа ч хэлбийж мэднэ гэсэн үг. Нөгөө талаар ашигтай л хувилбарыг дэмжинэ гэсэн гишүүд олон байгаа нь мөн анхаарал татаж байгаа юм. Тэгэхээр аль хувилбар ашигтай вэ гэдгийг мэргэжлийнхэн нарийн сайн судалж хамгийн сайн хувилбар гаргаж ирэх л нөхцөл байдал бий болж байна.
Нам эвслийн гишүүд хэд хуваагдав
УИХ-ын аливаа тогтоол шийдвэр нэгдсэн байдлаар гэхээс илүүтэй нам эвсэл, эсвэл фракцийн зарчмаар илүүтэй гардаг. Тэр тусмаа том бодлого шийдвэр дээр УИХ-ын гишүүд намынхаа бүлэг, эсвэл фракцийн зарчмаа дагадаг хуультай. Энэ өнцгөөс харвал эдгээр 76 гишүүний байр суурь улам сонирхолтой харагдаж байгаа юм. Хөрөнгө оруулагч консерциумын гэрээг дэмжиж байгаа цөөхөн хүмүүсийн нэг бол Монгол Улсын сайд М.Энхсайхан. Тиймээс М.Энхсайхан даргын намын гишүүд энэ хувилбарыг илүүтэй дэмжих учиртай.
Харин МҮАН-ын хоёр гишүүний нэг нь байр сууриа илэрхийлэхээс татгалзаж, нэг нь Засгийн газрын хувилбарыг буюу намын даргынхаа байр суурийг дэмжжээ. Харин МҮАН-тай эвсэл болж орсон МАХН-ын гишүүдийн нэг нь ажлын хэсэгт байгаа гэсэн шалтгаанаар байр сууриа илэрхийлэхээс татгалзав. Харин ашигтай шийдэх хувилбарыг МАХН-ын гурван гишүүн дэмжсэн бол төрийн 51 хувийг мөн л МАХН-ын гурван гишүүн дэмжлээ. АН-ын гишүүдийн хувьд бүр илүү сонирхолтой тоон баримт харагдаж байлаа.
АН дотооддоо фракцийн зарчмаар хуваагдсан. Тиймдээ ч асуудалд фракцийн байр суурьнаас ханддаг. Энэ удаад ч тийм нөхцөл байдал давамгай байв. АН-ын есөн гишүүн байр сууриа илэрхийлэхээс татгалзсан. Харин найман гишүүн ашигтай шийдэх хувилбарыг дэмжсэн бол хамгийн их нь буюу 14 гишүүн төр 51 хувийг эзэмших ёстой гэж дуугарчээ. Харин Засгийн газрын хувилбарыг АН-аас дөрвөн гишүүн дэмжсэн юм. Засгийн газрын хувилбарыг МАН-аас зургаан гишүүн дэмжсэн нь хамгийн олон болж байгаа хэрэг. Харин 14 гишүүн байр сууриа илэрхийлэхээс татгалзлаа. Ашигтай шийдэх хувилбарыг зургаан гишүүн дэмжсэн бол, төр 51 хувийг эзэмших ёстой гэсэн хувилбар дээр МАН-аас нэг ч гишүүн байсангүй. ИЗНН-ын хоёр гишүүн ашигтай шийдэх, төр 51 хувийг эзэмших хувилбарыг, бие даагч гишүүд төрийн эзэмших асуудлыг дэмжих ёстой гэсэн байр суурь илэрхийлжээ. Намын гишүүдийн санал өгсөн харьцааг график 2-оос харна уу.
/mminfo.mn/
URL: