Ам.доллар удахгүй үгүй болно
“Gold, Energy & Tech Stocks” сонины ерөнхий эрхлэгч Жэй Тэйлорийн “The Gold Report”-д өгсөн ярилцлагыг хүргэе. Тэрбээр цаасан валютын хэрэглээ буурч байгаа тухай ярьжээ.
-Та АНУ-ын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг хэвийн биш гэж тодорхойлсон. Яагаад ийм дүгнэлт гаргах болсон бэ?
-Өнөөдөр америкчуудын дийлэнх нь амьдралдаа сэтгэл хангалуун биш байна. Тэд өмнө нь хэрхэн амьдарч, аж амьдралаа залгуулдаг байснаа ярих дуртай ч одоогийнхоо амьжиргааны түвшинг хангалттай гэж үзэхгүй байна. Уурхайчин, үйлдвэрийн ажилчин, хөрөнгө оруулагч, фермерүүдийн хувьд өдөр тутмынх нь амьдралд өөрсдөөс нь хамаарахгүй олон зүйл байдаг. Учир нь банкны салбарынхан улстөрчдөд нөлөөлж, тогтолцоог бүхэлд нь удирдаж байна.
-АНУ-д инфляци өсөж байна. Энэ нь эдийн засгийн өсөлттэй холбоотой юу?
-Санхүүгийн хямралын үед 2008 онд анх “Lehman Brothers” дампуурсан. Түүнээс хойш хэдхэн сарын дараа АНУ-д жинхэнэ утгаараа дифляци бий болсон. Үүнээс болж эдийн засгаа дэмжих зорилгоор АНУ-ын Засгийн газар их наядаар тоологдох маш их хэмжээний ам.долларыг зах зээл рүү гаргасан. Үүний дараа инфляци бий болно гэдгээс өөр юуг хүлээсэн юм бэ, тийм биз дээ. Мөнгөний нийлүүлэлт ихсээд эхэлбэл үнийн хөөрөгдөл аяндаа бий болдог. Өөрөөр хэлбэл, энэ бүхэн нь Холбооны нөөцийн сангийн тоглоомын нэг хэлбэр болж байна. Түүнээс биш эдийн засгийн үзүүлэлт өссөнөөс болж инфляци нэмэгдээд байгаа юм биш. Тэгэхээр үнийн хөөрөгдөл газар авч байгаа нь эрүүл үзэгдэл биш гэсэн үг.
-Саяхан “Apple”, “Morgan Stanley”, “AT&T” компаниудын ашиг асар их хэмжээгээр нэмэгдсэн гэх мэдээлэл цацагдаж эхэлсэн. Тэгэхээр үйлдвэрлэгч компаниудын ашиг, орлого ихэснэ гэдэг эдийн засгийн өсөлт хурдасч байгаагийн илрэл биш юм уу?
-АНУ-ын эдийн засгийн статистик үзүүлэлтүүдийг хар л даа. Ажилгүй иргэдийн тоо маш их байгаа шүү дээ. Магадгүй АНУ-ын хамгийн шилдэг компаниуд амжилттай ажиллаж байж болох юм. Гэтэл энгийн америк иргэний хувьд амьдрал өдөр ирэх бүр хэцүү болж байна.
-Та АНУ-ын эдийн засгийн тогтолцоог фашизмтай зүйрлэж хэлсэн байдаг. Яагаад тэр вэ?
-Фашизм гэдэг үгний утга нь Засгийн газар, компаниуд бүгд хамтдаа толгойд суухтай бараг адилхан. Тэгвэл банкирууд хүнд байдалд орж, дампуурах болохоороо татвар төлөгчдийн мөнгийг авч, өөрсдийгөө аварч байгаа нь фашизмтай адилхан биш байна уу. Энэ бүхэн энгийн иргэдэд ямар ашигтай юм бэ. Гэтэл “Банкуудыг дампууруулж болохгүй”, “Тэд дампуурвал улс орон сүйрнэ” гэх агуулгатай суртал ухуулга хүчтэй явагдаж байна шүү дээ. Уг нь тэд өөрсдөө эрсдэл бий болгочихоод түүнийхээ хариуцлагыг хүлээж чадахгүй байгаа юм.
-Зарим шинжээч “Dow Jones”-ийн үйлдвэрлэлийн индекс удахгүй буурч, 2009 оны гуравдугаар сарынх шиг түвшинд хүрнэ гэж таамаглаж байгаа. Энэ таамаг хэр оновчтой бол?
-Би сайн хэлж мэдэхгүй юм. Гэхдээ арай ч хямралын дараах үе рүү очихгүй байх. Өнөөдөр алтны эрэлт ихэсч байна. Хөрөнгө оруулагчид цаасан валютаас илүү үнэт металл руу хошуурах болж. Энэ нь АНУ-ын үйлдвэрлэлд нөлөөлж магадгүй юм.
-Алт, мөнгөний арилжаа сүүлийн үед идэвхжиж байна. Тэгэхээр үнэт металлын зах зээлийн ойрын төлөв байдал ямар байх бол?
-Дэлхийн эдийн засаг тогтворгүй болохын хэрээр үнэт металлын эрэлт нэмэгддэг. Өнөөдөр АНУ, Европын орнуудад ямархуу хямралтай нөхцөл байдал үүсээд байгааг бүгд мэдэж байгаа. Тиймээс алт, мөнгөний үнэ цаашид ч өснө. Харин ам.долларын эрин үе дуусч, ам.доллар үгүй болно. Энэ нь алт, мөнгөний арилжаанд эергээр нөлөөлөх юм.
Т.ЭЛИСА
“Улс төрийн тойм”
URL: