Ам.доллар удахгүй үгүй болно

“Gold, Energy & Tech Stocks” сонины ерөнхий эрхлэгч Жэй Тэйлорийн “The Gold Report”-д өгсөн ярилцлагыг хүргэе. Тэрбээр цаасан валютын хэрэглээ буурч байгаа тухай ярьжээ.

-Та АНУ-ын эдийн засгийн өнөө­гийн нөхцөл байдлыг хэвийн биш гэж тодорхойлсон. Яагаад ийм дүгнэлт гаргах болсон бэ?

-Өнөөдөр америкчуудын дийлэнх нь амьдралдаа сэтгэл хангалуун биш байна. Тэд өмнө нь хэрхэн амьдарч, аж амьдралаа залгуулдаг байснаа ярих дуртай ч одоогийнхоо амьжиргааны түвшинг хангалттай гэж үзэхгүй байна. Уур­хайчин, үйлдвэрийн ажилчин, хөрөнгө оруулагч, фермерүүдийн хувьд өдөр тутмынх нь амьдралд өөрсдөөс нь хамаарахгүй олон зүйл байдаг. Учир нь банкны салбарынхан улстөрч­дөд нөлөөлж, тогтолцоог бүхэлд нь удирдаж байна.

-АНУ-д инфляци өсөж байна. Энэ нь эдийн засгийн өсөлттэй холбоотой юу?

-Санхүүгийн хямралын үед 2008 онд анх “Lehman Brothers” дам­пуур­сан. Түүнээс хойш хэдхэн сарын да­раа АНУ-д жинхэнэ утгаараа дифляци бий болсон. Үүнээс болж эдийн засгаа дэмжих зорилгоор АНУ-ын Засгийн газар их наядаар тоо­логдох маш их хэмжээний ам.дол­ларыг зах зээл рүү гаргасан. Үүний дараа инфляци бий болно гэдгээс өөр юуг хүлээсэн юм бэ, тийм биз дээ. Мөнгөний нийлүүлэлт ихсээд эхэлбэл үнийн хөөрөгдөл аяндаа бий болдог. Өөрөөр хэлбэл, энэ бүхэн нь Холбооны нөөцийн сангийн тоглоомын нэг хэлбэр болж байна. Түү­нээс биш эдийн засгийн үзүүлэлт өссөнөөс болж инфляци нэмэгдээд байгаа юм биш. Тэгэхээр үнийн хөө­рөгдөл газар авч байгаа нь эрүүл үзэгдэл биш гэсэн үг.

-Саяхан “Apple”, “Morgan Stanley”, “AT&T” компаниудын ашиг асар их хэмжээгээр нэмэгд­сэн гэх мэдээлэл цацагдаж эхэлсэн. Тэгэхээр үйлдвэрлэгч компаниудын ашиг, орлого ихэснэ гэдэг эдийн засгийн өсөлт хурдасч байгаагийн илрэл биш юм уу?

-АНУ-ын  эдийн засгийн статис­тик үзүүлэлтүүдийг хар л даа. Ажил­гүй иргэдийн тоо маш их байгаа шүү дээ. Магадгүй АНУ-ын хамгийн шилдэг компаниуд амжилттай ажил­лаж байж болох юм. Гэтэл энгийн америк ир­гэ­ний хувьд амьдрал өдөр ирэх бүр хэцүү болж байна.

-Та АНУ-ын эдийн засгийн тогтолцоог фашизмтай зүйрлэж хэлсэн байдаг. Яагаад тэр вэ?

-Фашизм гэдэг үгний утга нь Зас­гийн газар, компаниуд бүгд хамтдаа толгойд суухтай бараг адилхан. Тэгвэл банкирууд хүнд байдалд орж, дампуурах болохоороо татвар тө­лөгчдийн мөнгийг авч, өөрсдийгөө аварч байгаа нь фашизмтай адилхан биш байна уу. Энэ бүхэн энгийн ир­гэ­дэд ямар ашигтай юм бэ. Гэтэл “Бан­куудыг дампууруулж болохгүй”, “Тэд дампуурвал улс орон сүйр­нэ” гэх агуулгатай суртал ухуулга хүчтэй явагдаж байна шүү дээ. Уг нь тэд өөрсдөө эрсдэл бий болгочихоод түү­нийхээ хариуцлагыг хүлээж чадахгүй байгаа юм.

-Зарим шинжээч “Dow Jones”-ийн үйлдвэрлэлийн индекс удахгүй буурч, 2009 оны гуравдугаар са­рынх шиг түвшинд хүрнэ гэж таамаглаж байгаа. Энэ таамаг хэр оновчтой бол?

-Би сайн хэлж мэдэхгүй юм. Гэх­дээ арай ч хямралын дараах үе рүү очихгүй байх. Өнөөдөр алтны эрэлт ихэсч байна. Хөрөнгө оруулагчид цаасан валютаас илүү үнэт металл руу хошуурах болж. Энэ нь АНУ-ын үйлдвэрлэлд нөлөөлж магадгүй юм.

-Алт, мөнгөний арилжаа сүү­лийн үед идэвхжиж байна. Тэ­гэхээр үнэт металлын зах зээлийн ойрын төлөв байдал ямар байх бол?

-Дэлхийн эдийн засаг тогтворгүй болохын хэрээр үнэт металлын эрэлт нэмэгддэг. Өнөөдөр АНУ, Европын орнуудад ямархуу хямралтай нөхцөл байдал үүсээд байгааг бүгд мэдэж байгаа. Тиймээс алт, мөнгөний үнэ цаашид ч өснө. Харин ам.долларын эрин үе дуусч, ам.доллар үгүй болно. Энэ нь алт, мөнгөний арилжаанд эергээр нөлөөлөх юм.

Т.ЭЛИСА

“Улс төрийн тойм”


URL:

Сэтгэгдэл бичих