Хүний амь 50 сая байхад хүний нэр төр гурван тэрбум байх юм
“Мон Уран”-ы Б.Наранхүүг насанд хүрээгүй хүүхэд садар самуунд уруу татсан гэж хэвлэлд бичжээ. Үүнийг нь эсэргүүцэж Б.Наранхүү нэр төрөө сэргээлгэнэ хэмээн гурван тэрбум төгрөгийн асуудал босгов. Ухаандаа мань эр нэр төрөө гурван тэрбум төгрөгөөр үнэлэв. Хуулиараа бол ингэх эрх нь бүрэн нээлттэй. Шүүхийн шийдвэр нөхрийн талд гарвал нэхэмжлэлд өртсөн сонин тэрбумыг өгөх л болно. Гэхдээ энд Б.Наранхүүг бичих гэсэн юм биш.
Хүн нэр төрөө гурван тэрбумаар үнэлж байхад Монголын төр хүний амийг 50 сая төгрөгөөр үнэлсэнд учир нь оршиж байгаа юм. Тэгээ биз дээ. Долдугаар сарын нэгэнд хүчнийхэнд буудуулж үхсэн таван иргэний амийг Монголын төр 50 саяар үнэлээ биз дээ. Хөл, гартаа буудуулж насаараа эрэмдэг болсонд нь зургаан сая төгрөг өгье гэсэн биз дээ. Бүтэн зургаан жил шоронд хилсээр суулгасан иргэнээ долоон сая төгрөг авбал ав гэж дооёолсон шүү дээ, Монголын төр. Хүний амь юугаар ч үнэлэгдэшгүй. Гэтэл амьд бодгаль хүн сонинд муугаар бичүүллээ гээд гурван тэрбумыг нэхэмжилж байгаа юм.
Хүний амь, хүний нэр төр хоёрын үнэлэмж Монголын өнөөдрийн нийгэмд ийм л ханштай байна даа.
П.Хашчулуун
URL: