Сонгуулийн сурталчилгаанд оролцвол төрийн албанаас хална

Төрийн байгуулалтын байн­­гын хорооны өчигдрийн хурал­даа­­наар УИХ-ыг гишүүн Д.Лүндээжанцан, Л.Болд нарын өр­­гөн мэдүүл­сэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуу­лийн шинэчилсэн найруулгын тө­сөл, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг үргэл­жиллээ. Эдгээр гишүүдийн төслийг нэгтэн ийнхүү хэлэлцэж байгаа бөгөөд сонгуулийн тогтолцоо ямар байхаас үл хамаарах зарчмийн зө­рүүтэй зүйл заалтууд дээр санал хураалтыг үргэлжлүүлэн явуулсан байна. Энэ удаагийн хуралдаанд 50 санал дээр санал хураалт явуулсан аж.
Тухайлбал, сонгогчдийн нэрийн жагсаалтийг иргэний үндсэн бүртгэл дээр тулгуурлан гаргахаар болжээ. Ингэснээр иргэний бичиг баримтанд бүртгэгдсэн газраа байнга оршин суудаггүй, “задгай” гэх хаягийн зөрчилтэй иргэд сон­гуульд оролцох боломжгүй бо­лох санал дэмжлэг авсан байна. Өнгөрөгч сонгуулийн үед ийм зөр­чилтэй 10 мянга орчим иргэд байсан тухай мэдээлж байсан бөгөөд эд­гээр иргэдийн асуудал тодорхой хэм­жээнд хөндөгдөх нь тодорхой болов.

Сонгуулийн хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг чангатгах сана­лыг гишүүд дэмжих хандлага энэ үеэр ажиглагдаж байв. Тухайлбал, сонгуулийн сурталчилгаанд төрийн албан хаагч оролцсон тохиолдолд “төрийн албанаас халж, нэг жил хүртэлх хугацаанд эргэн орох эрхийг нь хасах” хариуцлага байх нь зүйтэй гэх санал дэмжлэг авав.

Түүнчлэн сонгуулийн үйл ажил­лагаанд насанд хүрээгүй хүүхдийг татан оруулахыг хориглох, хэвлэл мэдээллийн байгууллагаар тогтоосон сурталчилгаа явуулах цаг адил байх, үүнийгээ нам дотор хэн нэгэндээ шилжүүлэхгүй байх саналууд ч гар­­сан байна. Энэ нь адил нөхцөл байдалтай өрсөлдөх зарчимд нийцэж байгаа тул хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэн аж.

Энэ удаагийн сонгуульд са­нал тоолох автомат машин анх удаа ашиг­лах гэж байгаатай холбог­дуу­лан зарим асуудалд гишүүд эргэлзэхэд хүрэв. Тухайлбал, Санал хураалтыг оройн найман цагт өндөрлүүлмэгц санал тооллогыг эхлүүлнэ гэх заалтыг З.Энхболд гишүүн эсэргүүцэн “Санал хураалт­тай тооллого ч зэрэгцэж дуусна. Тэгэхээр 20.00 цагт санал тооллогыг эхлүүлнэ гэсэн заалт хэрэггүй” гэв. Гэвч зарим гишүүд машинд асуудал гарсан тохиолдол гарвал яах вэ гэх асуултыг тавьж, сонгуулийн тог­тол­цоо ямар байхаас хамаарч авто­­­мат машиныг тохируулах асуу­дал хөндөгдөнө шүү гэж байлаа.

Гэвч гараар тоолох асуудлыг хуульчилж өгч болохгүй гэх тайл­барыг З.Энхболд гишүүн тавьж Филиппинд тооллогын машин эвдэр­сэн тохиолдолд саналыг гараар тоолох тухай хуульд тусгаснаас болж санал тоолох машиныг эвд­сэн тохиолдол олноор гарсныг анхаа­руулав. Мөн хуулийн төсөлд санал тоолох машин эвдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэдгийг ч сануулсан байна.

Б.МАНДАХ

URL:

Сэтгэгдэл бичих