Сонгуулийн сурталчилгаанд оролцвол төрийн албанаас хална
Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар УИХ-ыг гишүүн Д.Лүндээжанцан, Л.Болд нарын өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг үргэлжиллээ. Эдгээр гишүүдийн төслийг нэгтэн ийнхүү хэлэлцэж байгаа бөгөөд сонгуулийн тогтолцоо ямар байхаас үл хамаарах зарчмийн зөрүүтэй зүйл заалтууд дээр санал хураалтыг үргэлжлүүлэн явуулсан байна. Энэ удаагийн хуралдаанд 50 санал дээр санал хураалт явуулсан аж.
Тухайлбал, сонгогчдийн нэрийн жагсаалтийг иргэний үндсэн бүртгэл дээр тулгуурлан гаргахаар болжээ. Ингэснээр иргэний бичиг баримтанд бүртгэгдсэн газраа байнга оршин суудаггүй, “задгай” гэх хаягийн зөрчилтэй иргэд сонгуульд оролцох боломжгүй болох санал дэмжлэг авсан байна. Өнгөрөгч сонгуулийн үед ийм зөрчилтэй 10 мянга орчим иргэд байсан тухай мэдээлж байсан бөгөөд эдгээр иргэдийн асуудал тодорхой хэмжээнд хөндөгдөх нь тодорхой болов.
Сонгуулийн хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг чангатгах саналыг гишүүд дэмжих хандлага энэ үеэр ажиглагдаж байв. Тухайлбал, сонгуулийн сурталчилгаанд төрийн албан хаагч оролцсон тохиолдолд “төрийн албанаас халж, нэг жил хүртэлх хугацаанд эргэн орох эрхийг нь хасах” хариуцлага байх нь зүйтэй гэх санал дэмжлэг авав.
Түүнчлэн сонгуулийн үйл ажиллагаанд насанд хүрээгүй хүүхдийг татан оруулахыг хориглох, хэвлэл мэдээллийн байгууллагаар тогтоосон сурталчилгаа явуулах цаг адил байх, үүнийгээ нам дотор хэн нэгэндээ шилжүүлэхгүй байх саналууд ч гарсан байна. Энэ нь адил нөхцөл байдалтай өрсөлдөх зарчимд нийцэж байгаа тул хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэн аж.
Энэ удаагийн сонгуульд санал тоолох автомат машин анх удаа ашиглах гэж байгаатай холбогдуулан зарим асуудалд гишүүд эргэлзэхэд хүрэв. Тухайлбал, Санал хураалтыг оройн найман цагт өндөрлүүлмэгц санал тооллогыг эхлүүлнэ гэх заалтыг З.Энхболд гишүүн эсэргүүцэн “Санал хураалттай тооллого ч зэрэгцэж дуусна. Тэгэхээр 20.00 цагт санал тооллогыг эхлүүлнэ гэсэн заалт хэрэггүй” гэв. Гэвч зарим гишүүд машинд асуудал гарсан тохиолдол гарвал яах вэ гэх асуултыг тавьж, сонгуулийн тогтолцоо ямар байхаас хамаарч автомат машиныг тохируулах асуудал хөндөгдөнө шүү гэж байлаа.
Гэвч гараар тоолох асуудлыг хуульчилж өгч болохгүй гэх тайлбарыг З.Энхболд гишүүн тавьж Филиппинд тооллогын машин эвдэрсэн тохиолдолд саналыг гараар тоолох тухай хуульд тусгаснаас болж санал тоолох машиныг эвдсэн тохиолдол олноор гарсныг анхааруулав. Мөн хуулийн төсөлд санал тоолох машин эвдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэдгийг ч сануулсан байна.
URL: