С.Эрдэнэ : Өвгөн шувуу

imagesЖав гуай, нар ханын толгойд тусаж байхад нүдээ нээлээ. Зовхи нь хөх няц болон хавагнаж ухархайдаа хонхойн ширгэсэн гэрэлгүй нүдээр гэрийн доторхийг тойруулан харах гэж ихэд хүндэрсэн толгойгоо арайхийн эргүүлэв. Хянган хамрын самсааны мөгөөрс нэвт гэрэлтэн шанааны нь яс арьсаа цоо татах бий гэмээр ёрдойжээ. Царайны нь өнгө энэ нүгэлт ертөнцөд амьдрах өдөр тоотой хүн гэдгийг илтгэнэ. Яс арьс болсон гараараа орны хөлөөс уясан татуурганаас чангааж байж биеэ хагас эргүүлээд явган ширээн дээрх шаазантай цийдмээр амаа дэвтээв.
Тэгээд ханын толгойд туссан нарны гэрлийг хэсэг ширтэв. Гадаа зуны сайхан өдөр, Жав гуай тэнгэрийг тооноор, газрыг үүдээр харах төдий болсоор уджээ. Гэвч ханын толгойд туссан нарны гэрлийн шар толбонд бүхий л газар дэлхийг бас харж болно. Насаараа хөндлөн гулд давхисан тал нутаг, үзэж өнгөрүүлсэн амьдрал нь үүрд нүдээ анихаас нааш яаж балран арилах билээ. Өглөө болгон «Одоо ингээд зовлон дуусах цаг ирээгүй» юу гэж горьдох боловч өдөр хоног өнгөрсөөр л байна. Хүн гэдэг мөн ч бөх голтой юм. Утсан чинээхэн улаан амь гэвч тасарч өгөхгүй нь гайхалтай. Өвчин ойндоо хүрлээ. Жав гуай өнгөрсөн хаврын цагаан хагднаар хадан гэртээ харина гэж бодож байсан боловч бүтсэнгүй. «Би ер нь долоон голтой амьтан юмаа» гэж хүнд ярина. Yхэхийн тухай бодож яваагүй боловч үхэхээс нэг их айхгүй хүн байж. Yүнийгээ ойлгохдоо санаа амарсан бөгөөд элдэв зовлон гаслан болж гиншигнэлгүй зоригтой тайвнаар үхлээ хүлээж байна. Сэтгэлээр машид хатуужин чадахад биеийн шаналал хүртэл намдаад явчихна. «Ийм сайхан өдөр байтал үүдээ битүүлээд гардаг нь юу вэ?» гэж эхнэртээ уур хүрмээр аядсанаа «Жав чи бүү бухимдаад бай» гэж өөртөө тушаав.
Тэгээд өвчинд нэрвэгдсэн биеийн ой гутам нялуун үнэрийг дарах гэж хажуудаа арц уугиулаад юм бодов. Гадаа болжмор жиргэж алст адуу янцгаахад өөрийн эрхгүй сүүрс алдав. Хөгшнийх үнээ сааж байгааг сонсоод гар хуруу нь цуцдаг болж дээ гэж өрөвдөнө. Эхлээд үнээний хөхийг жигд шувтран шаагитал сааж байснаа төдхөн гар нь цуцаж шор шор хийлгээд нэг хэсэг амарна. «Хөөрхий ээ. Хүүгээ цэргээс халагдаж иртэл ганцаараа байх болох нь» гэж Жав гуай бодов. Хүүгээ иртэл тэсээд байя гэж бодож байсан боловч дахиад хагас жил тэсэх ямар ч ид шид байхгүй гэдгийг мэдсэнээс хойш хөгшнөө зовоолгүй эртхэн шиг талийж одох юмсан гэж бодох болжээ. Санаагаараа ч гэсэн үхлийг ойртуулж болох мэт бодогдоно. Өвчин нь нэгэнт газар авч нөгөө утсан чинээн улаан гол л аргагүй нэг цохиж байгаа нь илэрхий болжээ. Хоол унднаас гараад удав. Yхэх өдрөө хүлээнэ гэдэг өнгөрснөө бодож хэвт гэсэн үг байж. Жав гуай голтой байгаагийн ганцхан учир утга л түүнд байна. Бусдаар бол хүний тооноос аль хэдийн өөрийгөө хасжээ. Бие үхэхээс урьтаж ухаан үхчих вий гэдэг л ганц айх юм нь. Гэвч бие доройтох тусам ухаан улам саруул болж байлаа. Биеэ ухаанаар захирая таарсан цагт одоо ингээд амьсгаагаа хураах цаг бол лоо гэж өөртөө тушааж болмоор санагдана. Гэвч тийм аяс нь хэзээ таарах тэгж таарсны тэмдэг чухам юу болохыг мэдэхгүй байлаа.

Өнөө өглөө өвдөх шаналах юм нь нэгэнт дууссан мэт хачин байх ажээ. Амаа дэвтээгээд арцны сайхан үнэр үнэртэж хөшиж чилсэн биеэ аргацааж хөдөлгөөд автал үргэлж горойж барайж байдаг дотор нь уужран толгой нь хөнгөрчих шиг болов. Зүрхээ чагнавал их удаан боловч дэрээр дамжин дуулдтал лүг лүг цохиж байна. Жав гуай үүдний баруун хатавчинд өлгөсөн хазаар ногт хураалттай бараан дээр гөлмийг нь дэлгэж тавьсан харав. Эзэн нь мордох чадалтай юм шиг эмээл хазаар зэхээстэй байг гэсэн шиг хөгшин нь түүнийг ер хөдөлгөдөггүй билээ. Зуухан дээр загсаасан өрөм нарны туяа шиг шаргалтана. Хоймрын авдар дээр хөгшний бадраасан зул гал дохиуртай хар цэцэг мэт бадамлан бөхөж байна.

Цаад зун сүмбэр хээ тавьж будсан унь нь нарны гэрэлд ярайна. «Манай гэрийн мод сайн. Хүү халагдаж ирээд бүрээсийг нь шинэчлэнэ биз.» Зүүн хаяанд хөгшний орны толгойд улаан шунхан дэвсгэр дээр алтан хорол тавьсан нүүртэй хуучин цагийн намхан авдар байна. «Түүнийг сэргээгээд будчихдаг байж дээ. Хөгшин бид хоёрын анхны юм» гэж бодов. Тэр хуучин авдарнаас бусад юм цөм ёсоороо, бөхөж байгаа зул хүртэл ёсоороо бөхөж байх шиг санагдана. «Одоо ингээд болоо юм биш үү дээ. Хичнээн болтол өөрийгөө ч хүнийг ч зовоох вэ!» гэж гэнэт бодов.

Хөгшин нь үнээгээ саагаад орж ирэхэд айлын хүүхдийг давхиулаад нутгийн өвгөцүүлийг ирээч гэж хэлүүлэв. Аргагүй цаг нь тулаад амин дээрээ байлгахыг бодож дээ гэж Жав гуайн үеийн гурван өвгөн яаран ирлээ. Урьд газар хонхойтол сууж мордож байсан уяан дээр нь бууцгааж юу гэж хэлж уулзана даа гэж зүрхшээн ороход Жав гуай харин сулхан дуугаар боловч үхэх гэж байгаа хүний амнаас гарамгүй хөгжилтэй наргиантай юм ярьж угтлаа. Хүрэн торгон дээл өмсөж, дөчин таван оны чөлөөлөх дайнд түр цэрэгт татагдан яваад авсан шар гуулин медалиа зүүчихээд өндөр дэр түшжээ. Жав гуайн багын түнш бөгөөд гэзэгт Найдан хэмээх саяхан болтол гэзэгтэй явсан хүдэр хар өвгөн, нутгийн их хүндтэй хүн, ОЛОН жил Жав гуайтай хамт баг сумын элдэв алба хааж явсан боргоцой Дорлиг (Яагаад тийм хоч авсныг бурхан мэднэ.) Yеэл болох шумуул Жамц гэгч гонгиносон нарийхан дуутай өвгөн үхэлд тулсан нөхрийгөө ингэж наргиж наадаж байх юм гэж санасангүй. Хатуу эр гэдгийг мэднэ.

Гэвч харахад нүд хальтармаар болсон гэж сонсоод аргагүй зүрхшээн орж гарах нь ч ховордсон байж. Нэг голын, нэг үеийн өвгөцүүл урт амьдрал туулж насан хэвийхийн жам ёсоор уван цуван цөөрсөөр боловч аз уу зандан цагийнхтайгаа адил бие биеэ нэрээр нь биш овгоор нь дуудаж наануу цаануутай явах учир нэг нь ингэж тасраад талийчихна гэдэг амьдрал өм цөм үсэрнэ гэсэн үг. Жав гуай үлдэх хэдийнхээ сэтгэлийг засъя гэсэн шиг байлаа. Гэзэгт сүүлхэн шигээр ирээд нүд дальдран зуухны аманд сууж мод толгойтойгоо ноцолдоход Жав гуай түүнийг шоолж гэзэгт маань улам л өнгө ороод байна. Залуу эхнэр авах гэж байна гэдэг нь ортой догоо .Тэгтэл энэ бид хоёр чинь анх нэг жил эхнэр авсан юм шүү дээ. Одоо энэ Должингоо босгох гэж яаж хөглөж явснаа санаж байна уу? Должингийн муу эмээлийг чингэлэгнээс авах гэж яваад нохойд хонгоо уруулчихсанаа, мөн ч ядуу байж дээ. Эмээлтэй морь хөтлөөд ирэх чадал байхгүй. Одоо харин жаргаад, аагаа багтаахаа байж. Бас залуу хүүхэнд санаатай» гэхэд гэзэгт дорхиноо сэтгэл уужирч гаансаа өвөртлөн «Золиг гэж! Нохойд уруулсан сорви одоо ч бий шүү» гээд гэрээр дүүрэн инээдэм болов. Андынхаа амин дээр байж уй гашуу болно гэсэн чинь харин найр наадамд ирсэн юм шиг хөгжөөнтэй болдог байна. Жав гуай тэдэнд, Муу Дэвхэргийн (өөрийн нь хоч) чинь амьд явах хоног аргагүй гүйцэж байна. Та нарыгаа нэг хараад үхье гэж шийдлээ.
Yхэхийн өмнө нэг сайн наргиж, та нарын хаа дуулах хуурдахыг сонсъё. Урьдын цагт юмсан бол хойт насандаа уулзаж юу магад гэхсэн. Намайг та нар эс мэдэх биш. Yхэлгүй мөнх хорвоо дээр төрсөн бол одоо яая гэхэв. Алив үеэлээ чи хамраа харж уруу царайлж суулгүй наадах архи айрагнаасаа хий. Жаахан шар тос хөвүүлээд над ч гэсэн хийгээд аль! Муу дэвхэргэн алсын замд үдэж байна гэж бодоод л ууцгаа! Заавал хөдөөлүүлж ирчихээд уй гашуу тайлж байна гэж уу алба уу? Ямар ч гэсэн ухаантай амьсгаатай байгаа дээр нь амьд Жавтайгаа урьдынх шигээ наргиж байна гэж бодоод ууцгаа! гэж шахаж байв. Тэгээд хэлсэн ёсоороо шар тос хийж халаасан архи жаахан уучихаад нүд нь гэрэлтэж, ёнтгор шанаанд нь хүртэл цус туяарав. Yхэлгүй мөнх хорвоо дээр төрөөгүйгээ сайн мэдэх тэр хэд түншийнхээ үгийг аргагүй дагаж архи айраг ууцгаа! дуу шуу болов. Найрын гурван дуутай асан гэзэгтэд ая барих алба тулгарч гэзэгт хөөрхий минь, хуучин бууны хугархай гэдгээ үзүүллээ. Хөө тортог болсон сөөнгө дуутай морин хуурыг хөглөж амьсгаа тасалданги боловч сүрхий эршүүд баргил хоолойгоор,
Зэ жигүүртэй төрсөн маньд чинь
Жигтэй сайхан орон байвч
Жаргал зовлон алинд ч бол
Заяаныхаа хүчээр болдог бус уу
гэж дуулахад Жав гуайн хөгшин эрэгнэгийнхээ хажууд нулимсаа арчин буруу харж суув. «Гэзэгт ч нээрээ залуугаараа байна. Өвгөн шувуу буцнаа гэж…» гээд Жав гуай шүүрс алдсанаа түрхэн зуурын гунигаа хөөн зайлуулж «Боргоцой. чи тэр жил намайг яаж чадсанаа яриач» гэв. Боргоцой Дорлиг бугуйндаа алтан цаг зүүж, нүдэндээ сүүдэр шил зүүчихсэн дэгжин шовгор өвгөн ярихаасаа түрүүн хээг хээг инээгээд, Би багийн дарга, Жав ухуулагч тэр зун алба ширүүнийг хэлэх үү. Дайны урьд жил шүү дээ. Залуу ч байж. Цэргийн агт, ноосны ноогдол гүйцээх гээд л бид хоёр өдөр шөнөгүй айл хэсдэг байлаа. Тэгэхэд баг гэдэг чинь одоогийн сум шиг нутагтай, явж барагдахгүй. Нэг өдөр доод Хүрэмт орж явсан чинь зам дээр морио барьсан хүн хэвтэж байна. Хүрээд очтол мань хүн хурхирч хэвтдэг байгаа. Ер нь бөх унтжээ. Тэгэхээр нь шогломоор санагдаад морийг нь хөтлөөд алга болж өглөө. Мөн ч дүрсгүй байж дээ. Мань хүн нэг сэрэхнээ явгарчихсан байдаг. Хагас өртөө шахам хөлөө холготол мацаж айлд хүрсэн байсан. Сүүлд тэгж явгаруулснаа хэлээд алуулах шахсан сан гэв. Энэ мэтээр идэр залуугийнхаа элдэв явдлыг дурсалцана. Шумуул Жамц согтохоороо уйлдаг, биеэ хичнээн баривч тэссэнгүй шүлсээ савируулж байгаад гингэнэтэл уйлчихав.

Чи битгий хүн уруу татаад бай! Уйлж байгаа нь хүртэл енгэнээд яг шумуул шиг гэж Жав гуайн шоолоход инээдэм болж харин ч гомдож орхисон Жамц, Чи хэзээнээс чулуу шиг хатуу сэтгэлтэй хүн. Yлдэх биднийгээ ч зөөлөн дорой улс гэж мэдэхгүй гээд гарч явахыг завдсанд,Yеэл минь! Би чинийхээ уян зөөлөн сэтгэлтэйг мэдэлгүй яах вэ. Тоглосон юм. Чи адуу хураагаад ирэхгүй юу, би нэг харъя гэж гуйв…
Жамц, адуу хурааж гэрийн гадаа авчирсан хойно хүмүүс Жав гуайг ширдэг дээр дамжлан гаргажээ. Жаран хэдэн жил амьдарсан хорвоо ертөнц зуныхаа нэг сайхан өдрөөр түүнийг үдэн гаргаж байна уу? Наран хэвийж агь гангын үнэр анхилмал зөөлөн бөгөөд бүлээн сэвшээ үхлийн өмнө зоригтой тайван бай гэж аргадан илбэж байх шиг, Нутгийн хөх ногоон гүвээ толгод униар дунд замхран үзэгдэх нь уужим боловч хүний насан хязгаартай ямархан жамтай ертөнц билээ гэмээр. Энэ нар, салхи, тэнгэр, гүвээ толгодоо сүүлчийн удаа харж байна гэж Жав руай бодож байлаа Жамцын хурааж авчирсан адуу уургилан бөөгнөрч аагаа багтааж ядсан унага даага тангаралдан чарлалдах бөгөөд харин НЭГ хөгшин буурал сүргээс зайд уу зүүрмэглэн байна. Жав гуай түүнийг харж омголтсон зийвгэр уруулаа муруйлган инээв.

Тэр буурлыг хараач? Мөн ч ястай адгуус юмсан. Муусайн байдасуудад гологдож үрээ шүдлээд хажиглуулаад одоо ч больж дээ хөөрхий. Гэхдээ надаас л түрүүлсэнгүй дээ гэв. Чингээд хэдэн мөч өнгөрөхөд нар салхинд цочирдсондоо ч юм уу амьсгаа нь дээр гарч нүд нь ЖИГТЭЙХЭН хурцаар гялалзав.

Yеэлээ уурганы минь хуйвийг тайлаад аль! гээд хуйваа Гэзэгтэд өгч, Чи залуу эхнэр авах санаатайгаараа үүнийг ав! Оонын хүзүүгээр хийсэн сайн хуйв шүү. Чадлаа үзүүлэхэд чинь хэрэг болно гэв. Дорлиг түншдээ сийлбэр нь балартлаа элэгдэж мөлийсөн жижиг гартаам хөөргөө «Ганган хүнд гархи нэмэр» гэж өгөв. Чингээд сүүлийн үгээ хэлсэн нь, Та нарыгаа, нутаг усаа, адуу малаа харж авлаа. Хичнээн сайхан салж болмооргүй ертөнц боловч Гэзэгтийн дуулдаг өвгөн шувуу буцах цаг болжээ. Жаран хэдэн жил дэлхийн тоос хөдөлгөж их юм үзлээ. Гомдол алга. Сайн ханьтай, голомт залгах хүүтэй, сайхан нөхөдтэй жаргаж явлаа. Ийм тийм юм дутуу дунд байсан гэж гажрах юм алга. Олны дунд л явлаа. Жамц минь чи сэтгэлээ барьж үз! (Жамц уйлсаар холдов.) Бид чинь ингээд л уван цуван хойт энгэртээ гарах улс шүү дээ, Жам юм хойно. Ямар манай монголын удам тасрахаар биш! Та нар минь тэгээд үр ач өнөр өтгөн жарган дэгжиж яваарай! За одоо боллоо. Гэрт минь оруулаад аль! Жав гуай үүр шөнө хагацахын алдад насан өөд болжээ.


URL:

Сэтгэгдэл бичих