С.Эрдэнэ : Өвгөн шувуу
Өнөө өглөө өвдөх шаналах юм нь нэгэнт дууссан мэт хачин байх ажээ. Амаа дэвтээгээд арцны сайхан үнэр үнэртэж хөшиж чилсэн биеэ аргацааж хөдөлгөөд автал үргэлж горойж барайж байдаг дотор нь уужран толгой нь хөнгөрчих шиг болов. Зүрхээ чагнавал их удаан боловч дэрээр дамжин дуулдтал лүг лүг цохиж байна. Жав гуай үүдний баруун хатавчинд өлгөсөн хазаар ногт хураалттай бараан дээр гөлмийг нь дэлгэж тавьсан харав. Эзэн нь мордох чадалтай юм шиг эмээл хазаар зэхээстэй байг гэсэн шиг хөгшин нь түүнийг ер хөдөлгөдөггүй билээ. Зуухан дээр загсаасан өрөм нарны туяа шиг шаргалтана. Хоймрын авдар дээр хөгшний бадраасан зул гал дохиуртай хар цэцэг мэт бадамлан бөхөж байна.
Цаад зун сүмбэр хээ тавьж будсан унь нь нарны гэрэлд ярайна. «Манай гэрийн мод сайн. Хүү халагдаж ирээд бүрээсийг нь шинэчлэнэ биз.» Зүүн хаяанд хөгшний орны толгойд улаан шунхан дэвсгэр дээр алтан хорол тавьсан нүүртэй хуучин цагийн намхан авдар байна. «Түүнийг сэргээгээд будчихдаг байж дээ. Хөгшин бид хоёрын анхны юм» гэж бодов. Тэр хуучин авдарнаас бусад юм цөм ёсоороо, бөхөж байгаа зул хүртэл ёсоороо бөхөж байх шиг санагдана. «Одоо ингээд болоо юм биш үү дээ. Хичнээн болтол өөрийгөө ч хүнийг ч зовоох вэ!» гэж гэнэт бодов.
Хөгшин нь үнээгээ саагаад орж ирэхэд айлын хүүхдийг давхиулаад нутгийн өвгөцүүлийг ирээч гэж хэлүүлэв. Аргагүй цаг нь тулаад амин дээрээ байлгахыг бодож дээ гэж Жав гуайн үеийн гурван өвгөн яаран ирлээ. Урьд газар хонхойтол сууж мордож байсан уяан дээр нь бууцгааж юу гэж хэлж уулзана даа гэж зүрхшээн ороход Жав гуай харин сулхан дуугаар боловч үхэх гэж байгаа хүний амнаас гарамгүй хөгжилтэй наргиантай юм ярьж угтлаа. Хүрэн торгон дээл өмсөж, дөчин таван оны чөлөөлөх дайнд түр цэрэгт татагдан яваад авсан шар гуулин медалиа зүүчихээд өндөр дэр түшжээ. Жав гуайн багын түнш бөгөөд гэзэгт Найдан хэмээх саяхан болтол гэзэгтэй явсан хүдэр хар өвгөн, нутгийн их хүндтэй хүн, ОЛОН жил Жав гуайтай хамт баг сумын элдэв алба хааж явсан боргоцой Дорлиг (Яагаад тийм хоч авсныг бурхан мэднэ.) Yеэл болох шумуул Жамц гэгч гонгиносон нарийхан дуутай өвгөн үхэлд тулсан нөхрийгөө ингэж наргиж наадаж байх юм гэж санасангүй. Хатуу эр гэдгийг мэднэ.
Зэ жигүүртэй төрсөн маньд чинь
Жигтэй сайхан орон байвч
Жаргал зовлон алинд ч бол
Заяаныхаа хүчээр болдог бус уу
гэж дуулахад Жав гуайн хөгшин эрэгнэгийнхээ хажууд нулимсаа арчин буруу харж суув. «Гэзэгт ч нээрээ залуугаараа байна. Өвгөн шувуу буцнаа гэж…» гээд Жав гуай шүүрс алдсанаа түрхэн зуурын гунигаа хөөн зайлуулж «Боргоцой. чи тэр жил намайг яаж чадсанаа яриач» гэв. Боргоцой Дорлиг бугуйндаа алтан цаг зүүж, нүдэндээ сүүдэр шил зүүчихсэн дэгжин шовгор өвгөн ярихаасаа түрүүн хээг хээг инээгээд, Би багийн дарга, Жав ухуулагч тэр зун алба ширүүнийг хэлэх үү. Дайны урьд жил шүү дээ. Залуу ч байж. Цэргийн агт, ноосны ноогдол гүйцээх гээд л бид хоёр өдөр шөнөгүй айл хэсдэг байлаа. Тэгэхэд баг гэдэг чинь одоогийн сум шиг нутагтай, явж барагдахгүй. Нэг өдөр доод Хүрэмт орж явсан чинь зам дээр морио барьсан хүн хэвтэж байна. Хүрээд очтол мань хүн хурхирч хэвтдэг байгаа. Ер нь бөх унтжээ. Тэгэхээр нь шогломоор санагдаад морийг нь хөтлөөд алга болж өглөө. Мөн ч дүрсгүй байж дээ. Мань хүн нэг сэрэхнээ явгарчихсан байдаг. Хагас өртөө шахам хөлөө холготол мацаж айлд хүрсэн байсан. Сүүлд тэгж явгаруулснаа хэлээд алуулах шахсан сан гэв. Энэ мэтээр идэр залуугийнхаа элдэв явдлыг дурсалцана. Шумуул Жамц согтохоороо уйлдаг, биеэ хичнээн баривч тэссэнгүй шүлсээ савируулж байгаад гингэнэтэл уйлчихав.
Чи битгий хүн уруу татаад бай! Уйлж байгаа нь хүртэл енгэнээд яг шумуул шиг гэж Жав гуайн шоолоход инээдэм болж харин ч гомдож орхисон Жамц, Чи хэзээнээс чулуу шиг хатуу сэтгэлтэй хүн. Yлдэх биднийгээ ч зөөлөн дорой улс гэж мэдэхгүй гээд гарч явахыг завдсанд,Yеэл минь! Би чинийхээ уян зөөлөн сэтгэлтэйг мэдэлгүй яах вэ. Тоглосон юм. Чи адуу хураагаад ирэхгүй юу, би нэг харъя гэж гуйв…
Жамц, адуу хурааж гэрийн гадаа авчирсан хойно хүмүүс Жав гуайг ширдэг дээр дамжлан гаргажээ. Жаран хэдэн жил амьдарсан хорвоо ертөнц зуныхаа нэг сайхан өдрөөр түүнийг үдэн гаргаж байна уу? Наран хэвийж агь гангын үнэр анхилмал зөөлөн бөгөөд бүлээн сэвшээ үхлийн өмнө зоригтой тайван бай гэж аргадан илбэж байх шиг, Нутгийн хөх ногоон гүвээ толгод униар дунд замхран үзэгдэх нь уужим боловч хүний насан хязгаартай ямархан жамтай ертөнц билээ гэмээр. Энэ нар, салхи, тэнгэр, гүвээ толгодоо сүүлчийн удаа харж байна гэж Жав руай бодож байлаа Жамцын хурааж авчирсан адуу уургилан бөөгнөрч аагаа багтааж ядсан унага даага тангаралдан чарлалдах бөгөөд харин НЭГ хөгшин буурал сүргээс зайд уу зүүрмэглэн байна. Жав гуай түүнийг харж омголтсон зийвгэр уруулаа муруйлган инээв.
Тэр буурлыг хараач? Мөн ч ястай адгуус юмсан. Муусайн байдасуудад гологдож үрээ шүдлээд хажиглуулаад одоо ч больж дээ хөөрхий. Гэхдээ надаас л түрүүлсэнгүй дээ гэв. Чингээд хэдэн мөч өнгөрөхөд нар салхинд цочирдсондоо ч юм уу амьсгаа нь дээр гарч нүд нь ЖИГТЭЙХЭН хурцаар гялалзав.
Yеэлээ уурганы минь хуйвийг тайлаад аль! гээд хуйваа Гэзэгтэд өгч, Чи залуу эхнэр авах санаатайгаараа үүнийг ав! Оонын хүзүүгээр хийсэн сайн хуйв шүү. Чадлаа үзүүлэхэд чинь хэрэг болно гэв. Дорлиг түншдээ сийлбэр нь балартлаа элэгдэж мөлийсөн жижиг гартаам хөөргөө «Ганган хүнд гархи нэмэр» гэж өгөв. Чингээд сүүлийн үгээ хэлсэн нь, Та нарыгаа, нутаг усаа, адуу малаа харж авлаа. Хичнээн сайхан салж болмооргүй ертөнц боловч Гэзэгтийн дуулдаг өвгөн шувуу буцах цаг болжээ. Жаран хэдэн жил дэлхийн тоос хөдөлгөж их юм үзлээ. Гомдол алга. Сайн ханьтай, голомт залгах хүүтэй, сайхан нөхөдтэй жаргаж явлаа. Ийм тийм юм дутуу дунд байсан гэж гажрах юм алга. Олны дунд л явлаа. Жамц минь чи сэтгэлээ барьж үз! (Жамц уйлсаар холдов.) Бид чинь ингээд л уван цуван хойт энгэртээ гарах улс шүү дээ, Жам юм хойно. Ямар манай монголын удам тасрахаар биш! Та нар минь тэгээд үр ач өнөр өтгөн жарган дэгжиж яваарай! За одоо боллоо. Гэрт минь оруулаад аль! Жав гуай үүр шөнө хагацахын алдад насан өөд болжээ.
URL: