Мисс цагдаа сансарт нисчээ

Холливудын хамгийн алдартай, хамгийн өндөр цалинтай жүжигчдийн нэг Сандра Буллок 1964 оны долдугаар сарын 26-нд АНУ- ын Вашингтон хотын орчимд Герман гаралтай Жон Буллок, Хельга Мейер нарын гэр бүлд төржээ. Түүний эх дуурийн дуучин бөгөөд багш мэргэжилтэй байв. 12 гаруй жил Германы Фюрт хотод байхдаа балетын дугуйланд явахаас гадна ээжийнхээ оролцож байсан дуурийн багагүй дүрд тоглодог байжээ. Сандрад олон ангит уран сайхны кинонд тоглох урилга ирж, 1990 онд инээдмийн олон ангит “Ажилсаг охин” кинонд анхныхаа гол дүрийг бүтээжээ. Кино жүжигчний хувиар нэр алдар түүнд нэлээд сүүлд ирсэн аж. 2000 онд “Мисс цагдаа” кино гарснаар Сандра Буллок улам их нэрд гарах болов. Энэ кинонд жүжигчин инээдмийн жүжигчний авьяасаа дахин амжилттай баталсан юм. Тус кино дэлхийн кино үзвэрээс 200 сая гаруй ам.доллар олжээ. Буллок Грэйси Хартын дүрд тоглож “Алтан бөмбөрцөг”-өөс шагнал хүртсэн байна. “Мисс цагдаа” киноны дараа Сандра өөрийн гэсэн продюсерын компанитай болжээ. Төсөв багатай голдуу кино хийнэ гэж Сандра Буллок нэгэн удаа мэдэгдсэн байна. Анхны тийм кино нь найруулагч Пол Хэггисийн “Мөргөлдөөн” гэдэг арьсны өнгөөр ялгаварлахын эсрэг сэдэв эмгэнэлт кино байв. 6,5 сая ам.долларын өчүүхэн төсвөөр хийсэн энэ кино үзвэрийн жинхэнэ манлайлагч болж, бүтээгчдэдээ Оскарын гурван шагнал авчирчээ. Түүнээс гадна 2005 оны шилдэг кино болсон байна. “Оскар”-ын кино наадмын шагнал гардуулах 82 дахь ёслол дээр Сандра “Үл үзэгдэгч тал” кинонд бүтээсэн дүрээрээ Оскарын шилдэг жүжигчний шагнал авсан билээ. Мөн ондоо “Стивийн тухай бүхнийг өгүүлэх нь” кинонд тоглож, “Алтан бөөрөлзгөнө”-өөс хамгийн муу жүжигчний шагнал хүртжээ. Италийн алдарт Венецийн кино наадмыг энэ жил “Gravity” буюу “Таталцал” киногоор нээжээ. Энэхүү киноны гол дүрд та бидний сайн мэдэх “Мисс цагдаа” сансарт нисэх ажээ. “Таталцал” киноны үйл явдал сансарт өрнөх бөгөөд Сандра Буллок дүрээ бүтээхийн тулд сансрын нисгэгч нараас зөвлөгөө авчээ. Харин Жорж Клүүни иогийн дасгалаар хичээллэж, согтууруулах ундаа хэрэглэсэн гэж хошигножээ. “Таталцал” кино гурван хэмжээст технологийг ашигласан бөгөөд шинжлэх ухааны триллер төрөлд багтах аж. Клүүни, Буллок нар сансрын нисгэгчийн дүрд тоглосон бөгөөд хөлөг нь солирын хэлтэрхийтэй мөргөлдсөний улмаас хав харанхуй хязгааргүй сансар огторгуйд орхигдоно. Тус киноны найруулагчаар Мексикийн кино найруулагч Альфонсо Куарон ажиллажээ. “Таталцал” кино 80 сая ам.долларын өртгөөр бүтсэн. Тус кино нь энэ сарын дөрвөнд АНУ-д албан ёсоор нээлтээ хийсэн.

Ингээд алдарт жүжигчин Сандра Буллокийн хамгийн сүүлд тоглосон киноныхоо тухай өгсөн ярилцлагыг хүргэе.

-Урьд нь тоглож байгаагүй дүрд тоглох саналыг хэрхэн хүлээж авсан бэ?
-Би үргэлж өөрийнхөө эрэгтэйлэг талыг харуулсан кинонд тоглохыг хүсч ирсэн. Ийм дүр бүтээхийг хүсдэг боловч өдийг хүртэл надад тохирсон зохиол бичигдээгүй байсан юм. Харин найруулагч Альфонсогийн хүүтэйгээ хамтран бичсэн зохиол яг тэр мөрөөдөлд минь намайг хүргэсэн. Кинондоо хэр сайн тоглосон бэ гэж асуувал би 100 хувь сэтгэл хангалуун, маш сайн гэж хариулна.

-Энэ кинонд тоглохын тулд өөрийгөө хэрхэн бэлтгэв?
-Хамгийн түрүүнд биеийн бэлтгэлээ хангасан. Учир нь огторгуйд биеэ сул чөлөөтэй уян хатан байлгаж, хурдан хөдлөх шаардлагатай байдаг гэсэн. Тиймээс биеийн бэлтгэлийг маш сайн хангасан.

-Киногоо дуусгаад анх дэлгэцнээс харахад ямар санагдсан бэ?
-Бид киногоо дуусгаад Венецийн кино наадмын үеэр л анх үзсэн. Хэрвээ чи жүжигчин байгаад анхны киногоо үзвэл зөвхөн өөрийгөө л харсаар байгаад дуусна. Бусад жүжигчний тоглолтыг үзэх сөхөө чамд олдохгүй. Би ямар муухай харагдаж байна, би тоглох хэрэггүй байж гэж бодож байтал кино чинь дуусна. Энэ киногоороо би үзэгчдэд өөр хүн шиг харагдах байх.

-“Таталцал” кинонд тоглож, ямар шинэ туршлага хуримтлуулав?

-Хүн нэг л өдөр өөрчлөгддөггүй шүү дээ. Би үргэлж уран бүтээлчидтэй уулзах нь туршлага гэж өөртөө хэлдэг. Гэхдээ ганц удаа уулзаад хэн нэгнийг сайн муу гэж дүгнэх нь өрөөсгөл. Би анх найруулагч Альфонсотой уулзахад их хөндий санагдаж байсныг нуух юун. Гэхдээ кино зураг авалт эхэлсэн өдрөөс өнөөдрийг хүртэл түүнтэй харилцахад ямар сайн хүн болохыг нь мэдэрч ойлгосон. Үнэндээ “Таталцал” кинонд дүр бүтээхэд Альфонсо болон хүү нь надад их тус болсон.

-Киноны цор ганц гол дүрд тоглох ямар санагдав?
-Би хэзээ ч өөрийгөө цор ганц гол дүрийн жүжигчин гэж боддоггүй. Энэ кинонд жүжигчдээс гадна техник технологи голлох үүрэг гүйцэтгэж байгаа. Тиймээс би хэзээ ч гол дүр биш. Жорж ч мөн “Таталцал” киноны амин чухал дүр. -Танай киног бүтээхэд “НАСА”-гаас их тусламж үзүүлсэн гэж дуулсан юм байна? -Манай уран бүтээлчдэд тэд маш хэрэгтэй зөвлөгөөнүүдийг өгсөн. Сансарт яг ямар байдгийг бид зайлшгүй мэдэх шаардлагатай байсан. Манай хүргэн ах Олон улсын сансрын төвд ажилладаг хүнтэй холбож надад асар их тус хүргэсэн шүү.

-Тэр таньд ямар зөвлөгөө өгч байсан бэ?
-Бид утсаар ганц удаа л холбогдсон. Цөөн хором байсан ч асар их зүйлийг надад ойлгуулсан. Дэлхий, сансарт байх хоёр хэр өөр байдаг, бие маань тэр орчинд хэрхэн ажиллах ёстой, биеэ хэрхэн хөгжүүлэх зэрэг олон асуултад минь тэр хариулсан. Энэ кинонд тоглосноор би сансрын нисгэгчдийн ажлын хэцүүг, яагаад сансрын нисгэгч болохыг хүмүүс хүсдэгийг жаахан ч гэсэн ойлгож авсандаа баяртай байгаа.


Г.НЯМСҮРЭН

URL:

Сэтгэгдэл бичих