Мисс цагдаа сансарт нисчээ
Ингээд алдарт жүжигчин Сандра Буллокийн хамгийн сүүлд тоглосон киноныхоо тухай өгсөн ярилцлагыг хүргэе.
-Урьд нь тоглож байгаагүй дүрд тоглох саналыг хэрхэн хүлээж авсан бэ?
-Би үргэлж өөрийнхөө эрэгтэйлэг талыг харуулсан кинонд тоглохыг хүсч ирсэн. Ийм дүр бүтээхийг хүсдэг боловч өдийг хүртэл надад тохирсон зохиол бичигдээгүй байсан юм. Харин найруулагч Альфонсогийн хүүтэйгээ хамтран бичсэн зохиол яг тэр мөрөөдөлд минь намайг хүргэсэн. Кинондоо хэр сайн тоглосон бэ гэж асуувал би 100 хувь сэтгэл хангалуун, маш сайн гэж хариулна.
-Энэ кинонд тоглохын тулд өөрийгөө хэрхэн бэлтгэв?
-Хамгийн түрүүнд биеийн бэлтгэлээ хангасан. Учир нь огторгуйд биеэ сул чөлөөтэй уян хатан байлгаж, хурдан хөдлөх шаардлагатай байдаг гэсэн. Тиймээс биеийн бэлтгэлийг маш сайн хангасан.
-Киногоо дуусгаад анх дэлгэцнээс харахад ямар санагдсан бэ?
-Бид киногоо дуусгаад Венецийн кино наадмын үеэр л анх үзсэн. Хэрвээ чи жүжигчин байгаад анхны киногоо үзвэл зөвхөн өөрийгөө л харсаар байгаад дуусна. Бусад жүжигчний тоглолтыг үзэх сөхөө чамд олдохгүй. Би ямар муухай харагдаж байна, би тоглох хэрэггүй байж гэж бодож байтал кино чинь дуусна. Энэ киногоороо би үзэгчдэд өөр хүн шиг харагдах байх.
-“Таталцал” кинонд тоглож, ямар шинэ туршлага хуримтлуулав?
-Хүн нэг л өдөр өөрчлөгддөггүй шүү дээ. Би үргэлж уран бүтээлчидтэй уулзах нь туршлага гэж өөртөө хэлдэг. Гэхдээ ганц удаа уулзаад хэн нэгнийг сайн муу гэж дүгнэх нь өрөөсгөл. Би анх найруулагч Альфонсотой уулзахад их хөндий санагдаж байсныг нуух юун. Гэхдээ кино зураг авалт эхэлсэн өдрөөс өнөөдрийг хүртэл түүнтэй харилцахад ямар сайн хүн болохыг нь мэдэрч ойлгосон. Үнэндээ “Таталцал” кинонд дүр бүтээхэд Альфонсо болон хүү нь надад их тус болсон.
-Киноны цор ганц гол дүрд тоглох ямар санагдав?
-Би хэзээ ч өөрийгөө цор ганц гол дүрийн жүжигчин гэж боддоггүй. Энэ кинонд жүжигчдээс гадна техник технологи голлох үүрэг гүйцэтгэж байгаа. Тиймээс би хэзээ ч гол дүр биш. Жорж ч мөн “Таталцал” киноны амин чухал дүр. -Танай киног бүтээхэд “НАСА”-гаас их тусламж үзүүлсэн гэж дуулсан юм байна? -Манай уран бүтээлчдэд тэд маш хэрэгтэй зөвлөгөөнүүдийг өгсөн. Сансарт яг ямар байдгийг бид зайлшгүй мэдэх шаардлагатай байсан. Манай хүргэн ах Олон улсын сансрын төвд ажилладаг хүнтэй холбож надад асар их тус хүргэсэн шүү.
-Тэр таньд ямар зөвлөгөө өгч байсан бэ?
-Бид утсаар ганц удаа л холбогдсон. Цөөн хором байсан ч асар их зүйлийг надад ойлгуулсан. Дэлхий, сансарт байх хоёр хэр өөр байдаг, бие маань тэр орчинд хэрхэн ажиллах ёстой, биеэ хэрхэн хөгжүүлэх зэрэг олон асуултад минь тэр хариулсан. Энэ кинонд тоглосноор би сансрын нисгэгчдийн ажлын хэцүүг, яагаад сансрын нисгэгч болохыг хүмүүс хүсдэгийг жаахан ч гэсэн ойлгож авсандаа баяртай байгаа.
URL: