Бүлэглэн хүчиндсэн энэтхэг залуусыг цаазаар авна
Өнгөрөгч арванхоёрдугаар сард Энэтхэгийн Дели хотноо автобусанд явж байсан эмэгтэйг хүчиндсэн ноцтой хэрэг гарсан билээ. Энэ хэргээс 14 хоногийн дараа хүчиндүүлсэн 23 настай эмэгтэй амиа алдсан юм. Тэгвэл эмэгтэйг бүлэглэн хүчиндсэн дөрвөн залууд ялын дээд хэмжээ буюу цаазаар авах ял өгсөн байна.
Мукеш Синг, Винай Шарма, Эшэй Такур, Павн Гупта гэх дөрвөн залуу энэ хэргийг үйлдсэн болох нь тогтоогджээ. Энэ хэргээс болж Энэтхэгт томоохон эсэргүүцлийн хөдөлгөөн болсон билээ. Эмэгтэй хүний эрхийг уландаа гишгэж, хэтэрхий харгис байдалд амьдарч буйг эсэргүүцсэн ард түмэн Энэтхэг даяар шуугиан дэгдээсэн юм. Энэ хэрэг өнгөрөгч арванхоёрдугаар сард болсон юм. Харин нэг хоногийн дараа тус автобусны жолоочийг гурван залуугийн хамт баривчилсан билээ. Энэ хооронд хүчиндүүлсэн эмэгтэйн биеийн байдал эрс муудсаар 14 хоногийн дараа эмнэлэгт нас барсан байна.
Энэ гутамшигт гэмт хэрэг Энэтхэг улсыг бүхэлд нь донсолгосон бөгөөд тус улсын олон хотод бүх нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаал цуглаан болсон билээ. Хүчиндүүлсэн оюутан охин нас барсны дараа эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах арга хэмжээ авахыг шаардсан энхийн жагсаалд дахиад л олон мянган хүн оролцсоор байгаа билээ. Дашрамд дурьдахад, АНУ-ын хүмүүнлэгийн байгууллагын гаргасан судалгаанд Энэтхэгт жил бүр дунджаар 7200 хүүхэд хүчирхийлэлд өртдөг гэж дурьджээ.
Үүнд бага насны хүүхэд хүртэл багтаж байгаа аж. Үүнээс гадна Энэтхэгийн цагдаа нар ч хүчингийн хэрэгт холбогдох тохиолдол байдаг аж. Хүчирхийллийг голдуу сургууль, эсвэл гэрт нь үйлддэг бөгөөд ихэнхдээ олон нийтийн газар болох нь элбэг байдаг гэнэ. 2007 онд энэ төрлийн судалгаа явуулахад хамрагдсан 12300 хүүхдийн 53 хувь нь ямар нэг байдлаар хүчирхийлэлд өртөж байсан гэх дүн гарчээ. Өчигдөр өглөө Энэтхэгийн Дели хотод 82 хуудас тайланг танилцуулсан билээ.
Б.Золзаяа
Эх сурвалж: “Монголын мэдээ”
URL: