Ш.Сайхансамбуу: Дахиж ирж тайлбар өгч чадахгүй гэж хэлсэн
УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуутай ярилцлаа. -Гудамж, талбайд жагсаал цуглаан болоод төр засагт шаардлага хүргүүллээ. Энэ үйл явцыг хэрхэн дүгнэж байна вэ?
-Хавар болгон цуглаад жагсдаг. Энэ жилийнх арай л онцлогтой юм уу даа. Ер нь жагсаал цуглаан хийж, цочроо өгч байх нь зүйтэй гэж боддог. Иргэний хөдөлгөөнийхөн өнгөрсөн жил тавьсан шаардлагыг төр засаг биелүүлээгүй байна, тиймээс Засгийн газар огцор, Засгийн газартай хариуцлага тооцож чадахгүй бол УИХ өөрөө тар, Таван толгойг 100 хувь ард түмний мэдэлд шилжүүл, Оюу толгойн гэрээг цуцал гэсэн шаардлага тавьж байх шиг байна. Иргэд бөөндөө цуглаад төр засагтаа үгээ хэлэх, шүүмжлэх нь ардчилсан нийгэмд байх л зүйл. Талбай дээр морьтой, явган жагсч байгаа нөхдүүд чинь ард түмний нэг хэсэг нь. Завханаас ирж оролцож байгаа зарим иргэнтэй уулзлаа. Бас л зөв зүйтэй асуудлыг хөндөж байна лээ дэг. Их хуралдайнхан хурлаа хийчихээд УИХ-д есөн шаардлага хүргүүлэхээр ордон руу явж байхад нь би тааралдсан. УИХ-аас ажлын хэсэг байгуулаад тэр асуудлыг ярилцаад, шийдэж болох нь энэ байна, энэ нь боломжгүй гээд тайлбар хийх л хэрэгтэй.
-Хамтарсан Засгийн газрыг огцор гэж шаардаж байгаа. АН засгаас гарч парламентад сөрөг хүчин байх үүргээ биелүүлэх нь дээр гэсэн шүүмжлэл ч их гарах болов. Таны хувьд?
-Ирэх УИХ-ын сонгууль болоход бага хугацаа үлдлээ. Одоо Засгийн газрыг огцруулаад дэмий дээ. Эхлүүлээд байгаа томоохон ажлуудыг нь хийж гүйцэтгэх боломж олгох нь дээр байх. Хэрэв үр дүн тааруу байвал сонгуулиар ямар дүн тавихаа иргэд мэднэ биз. Түүнээс одоо Засгийн газрыг огцруулснаар байдал дээрдэхгүй, харин ч цаг алдахын нэмэр. Хүний хийж байгаа зүйлийг бодитоор үнэлж чаддаг, болохгүйг нь зусардаж нялцагнахгүй ил шүүмжилдэг байх нь чухал. С.Батболдын Засгийн газар байгалийн баялгаа ашиглах, иргэддээ хувь хишиг хүртээхээр ажиллаж л байна. Би энэ Засгийн газрын хэрэгжүүлж байгаа хоёр ажилд нь баяр хүргэмээр санагддаг юм. Х.Баттулга сайд 1100 км төмөр зам тавих ажлын нээлтийг хийхэд өөрөө оччихсон хүрз бариад шороо хутгаж, ямар ч байсан эхлүүллээ, ард нь заавал гарна даа гэж хэлээд санаа алдаж байна лээ. Энэ хүн төмөр зам бариулах гэж чадлынхаа хэрээр зүтгэж байгаа. Мөн Ерөнхий сайд С.Батболд өмнөх ямар ч Засгийн газрын тэргүүний хийгээгүй нэг ажлыг хийж чадсан. Монгол Улс байгалийн баялгаа яаж мөнгө болгож хувиргах вэ гэдэг асуудлыг шийдэж, Монголын хөрөнгийн биржийг олон улсын жишигт хүргэхийг зорьж байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шүүхийн байгууллагад шинэчлэл хийж, шударга ёс тогтоохын төлөө Шүүхийн багц хуульд өөрчлөлт оруулахаар хууль санаачлаад ажиллаж байна. Саяхан Төрийн ордонд үндэсний чуулган зохион байгууллаа. Хуулийн байгууллага, шүүгчдийн ёс бус үйлдлийг энэ хурал дээр нэр, усаар нь дуудаад хэлцгээж байгаа нь ахиц юм шүү. Шүүх хурлаа хийхгүй шүүхийн шийдвэр гаргачихдаг шүүгч байна гэсэн. Өмнө нь тойрч бултуулаад ерөнхий зүйл ярьдаг байсан учир үр дүнд хүрдэггүй байлаа. Одоо нэртэй, устай нь зарлаад хүчтэй тэмцэл явуулах хэрэгтэй байна. Энэ мэт бас гэрэл, гэгээтэй хийж бүтээж байгаа зүйл цөөнгүй байна. Бас анхаарах, сайжруулах, хурдаа нэмэх шаардлагатай зүйлүүд нэлээд бий л дээ. Хоёр долоо хоногийн өмнө УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газрын үйл ажиллагааны талаарх мэдээлэл сонсоход Ерөнхий сайд айхтар үг хэлснийг та нар анзаарсан уу.
-УИХ-ын гишүүдээ надад туслаач ээ гээд үү?
-С.Батболд “Энэ Засгийн газрыг толгойлж байгаа хүний хувьд хүнд суртал, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд үзүүлж байгаа төрийн дарамтыг мэдэж байна. Мэдээд цэгцлэх гэхээр хууль, эрх зүйн орчин болохгүй байна, УИХ надад туслаач ээ, Засгийн газар дангаараа дийлэхгүй байна, хууль эрх зүйн орчныг сайжруулах төсөл боловсруулаад оруулаад ирэхэд та бүхэн маш яаралтай хэлэлцэж шийдээд тусална уу” гэж гуйсан. Өөрөөр хэлбэл, аймшигтай мафийн сүлжээ шиг болчихсон учраас задлахад хэцүү байгаа хэрэг. Эдийн засгийн шинэчлэлийг хийхэд хууль эрх зүйн орчныг өөрчлөх зайлшгүй шаардлагатай.
-Их хуралдайнхан Монголын 15 олигархийг нэрлэлээ. Үүний нэг нь Ерөнхий сайд С.Батболд гэсэн байна лээ. Энэ хүн мафийн сүлжээг таслах гээд байна уу эсвэл?
-15 олигархийг нэрлэхэд зарим нь их эмзгээр хүлээн авч байгаа бололтой байна лээ. Ер нь бол шударгаар бизнес хийж баяжсан, төрийн нэрээр эрх мэдлээ ашиглан тэрбумтан болсон хоёрын хооронд том ялгаа бий. Ганц хадаас хадаж ч үзээгүй, бизнес эрхэлж ч байгаагүй, төрийн албанд л ажилладаг атлаа тамтаггүй баяжсан нөхдүүд энэ УИХ, Засгийн газар, агентлагуудад зөндөө байгаа учраас л хүмүүс шүүмжлээд, цоллоод, нэрлээд байгаа хэрэг. Би авлига авдаг нөхдүүдтэй тохой залган парламентад сууж байна гэж хэлээд АТГ-т дуудагдсан. Өш хонзон санаад хэцүү юм билээ.
-Тийм үү. Ямар хүмүүс эмзэглээд байсан юм бол оо?
-Манай улс авлигын индексээрээ улам л ухраад авлига гэгч нь газар авч байна. Үүнийг зогсоох талаар эрчимтэй ажиллахгүй юм. Шүүмжилсэн, шаардсан нэгнийг нь харин АТГ дуудаж тайлбар авна гээд. Ер нь энэ УИХ-ын гишүүд бүгдээрээ авлигач, өөдгүй амьтад биш шүү дээ. Энэ дундаас эх орноо гэсэн сэтгэлтэй, зөв хүмүүс олон бий. Харин хавтгайруулаад 76 олигархи, 76 мангуу гээд цоллоод, мөрөөрөө, гэмгүй явж байгааг нь хэлмэгдүүлээд байгаа байхгүй юу даа. Энэ бүхнийг зааглах, ялгаад салгаад өгөх, авлигатай тэмцэл хийх, цэгцлэх байгууллага нь ажиллахгүй юм. Одоо бүр даргагүй болоод амар сайхандаа жаргаж байх шиг байна. Авлигатай тэмцэл хийхгүй болохоор хүмүүс гудамжинд гарч жагсан, олигархиудыг нэрлэн шалгаач гэж шаардаж байна шүү дээ. Энэ нөхдүүд ийм, ийм хөрөнгөтэй, үүнийгээ хууль бус аргаар хурааж хуримтлуулж уу гээд хэлээд байхад АТГ нь даанч шалгахгүй юм аа. Энэ нь Монголд хууль хэрэгждэггүйн жишээ. Энэ байдал удаан үргэлжилбэл, эмх замбараагүй байдал үүсч мэднэ, ард иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрэхээр тэсрэхийг үгүйсгэх аргагүй. Авлига авдаг, авдаггүйг нь шалгаж тогтоогоод авдгийг нь ОХУ-ын тэрбумтан Ходорковский шиг шоронд нь байлгах хэрэгтэй. В.Путин түүнийг “Тэр бол дээрэмчин. Байдаг газраа байх ёстой” гэж хэлсэн байна лээ. М.Ходорковский шиг шоронд байх ёстой нөхдүүд зөндөө бий дээ. Төрийн их мөнгө идчихээд, эрх мэдэлдээ ашиглан баяжигсад байгаа ч ганц Гаалийн Баатараас өөр хүн шоронд орсон юм уу. Гэтэл жирийн иргэнийг 10 мянган төгрөг хулгайлбал ядах юмгүй шоронд хийгээд ял оноогоод байдаг биз дээ. Гэтэл хэдэн тэрбумаар хулуулж байгаа нөхдийг толгойг нь илээд, хууль ялгавартай хандаад байна гэж л иргэд шүүмжилж, бухимдаж шударга ёсыг хүсэмжилж байна.
-Таныг дахиж АТГ-аас тайлбар авъя гэж дуудсан уу?
-АТГ-ын мөрдөн байцаах хэлтсээс хэн ч билээ нэг байцаагч дуудсан. Та нийтлэлдээ ийм зүйл хэлсэн байна гээд л тайлбар авна гэсэн. Би иргэнийхээ үүргийг биелүүлээд очсон. Та авлигачдыг нэрлэ гэж байна лээ. Олон түмэн эх орноо худалдсан, авлига авсан гээд олон хүнийг цоллоод нүүрийг нь улалзтал шүүмжлээд, цоллоод байгаа. Намайг дуудаж асуух хэрэг юу байна. Тэр мэдээлэл үнэн байна уу, үгүй юу гэдгийг та нар шалгаад тогтоо л доо. Харин дахин ирж тайлбар өгч чадахгүй шүү гэсэн. Би хойшид энэ талаар хэлж ч, бичиж ч байх болно. Ганц би ч биш УИХ-ын хэд хэдэн гишүүн нэр усаар хэлээд байдаг шүү дээ.
-Хэн авлигачдыг нэрлэдэг гэж?
-Н.Батбаяр Оюу толгойн гэрээ хийсэн сайд нарыг тэрбум ам.доллар авлигад аваа юу гээд хуралдаан дээр шүүмжилж л байсан даг. Мөн Г.Баярсайхан, Л.Гүндалай, Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, Н.Ганбямба гээд гишүүд улс орон авлигад идэгдээд байна гэж санаа зовоод үгээ хэлээд, сонин хэвлэлд ярилцлага өгч байсныг олон түмэн мэдэж байгаа даа.
-Танаас хэнд авлига өгч байсан юм гэж лавласан юм уу?
-Би ямар өгсөн, авсныг нь харсан ч биш. Нийгмийн хамаг өнгөтэй, өөдтэй болгоныг сороод байгаа авлига гэгч энэ хар тахалтай тэмцэл хийхгүй, сүлжээг нь таслах гэж зориглохгүй байгаад санаа зовиноод үгээ хэлдэг, шүүмжилдэг. Саяхан би сонин эргүүлж суугаад ОХУ-ын Холбооны хурлын холбооны зөвлөлийн дарга Миронов “ОХУ-ын ядуу улстөрчдийн баян ар гэрийнхнээс нь хөрөнгө орлогын мэдүүлгийг авах цаг болсон” гэж хэлсэн байна лээ. Манайд ч гэсэн ийм болмоор байгаа юм. Манай улстөрчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг нь хараарай. Хэдэн бизнес хийж байснаас бусад нь эд хогшил гэхээр юмгүй, ядуу, бараг унах унаагүй гээд л бөглөсөн байдаг юм билээ. Гэвч бодит байдал дээр эсрэгээрээ шүү дээ.
-Та нэг ярилцлагадаа С.Баярцогт, Л.Гансүхийг хүмүүс авлигач гээд байх юм, шалгавал таарна гэсэн утгатай зүйл хэлсэн байсан. Энэ хүмүүс таныг уучлал гуйхыг шаардсан юм уу?
-Тэр хоёр уучлал гуй гэсэн бичиг надад ирүүлсэн л байна лээ. Би одоо уучлаарай, дахиж тэгэхгүй гээд өмнө нь бөхөлзөх хэрэг үү. Би тэр хоёрыг ингэж элдвээр хэлүүлж байхаар шалгуулаач л гэсэн. Залуу хүмүүс цаашдынхаа улс төрийн карьерийг бодсон ч АТГ -т очоод намайг шалгаад өг, үнэн мөнийг олоод, нэр төрийг минь сэргээгээд, олон нийтэд төрсөн буруу ойлголтыг залруулаад өг гэх хэрэгтэй биз дээ. О.Чулуунбат гишүүн Ерөнхий сайдыг Бороо гоулд, Чингэс зочид буудал, Ухаа худагийнхаа талаар тайлбар өг гэж шаардахад 14 хоногийн дотор олон нийтэд үгээ хүргэнэ лээ. Ийм улс төрийн соёлд суралцах хэрэгтэй. Их хуралдайнхан 15 олигархийн нэлээд дээгүүрт С.Баярцогт, Л.Гансүх нарыг оруулчихсан л байсан. Мөн УИХ-ыг байнгын хороодын хурал дээр Оюу толгойн гэрээ хийсэн энэ хоёр сайдыг “Эх орноо худалдсан, гадаадынхны гар хөл бологсод” гээд айхтар хэлдэг. Үнэхээр гүтгэж нэр төрийг харлуулаад байгаа бол олон түмэнд хандан өөрсдөө тайлбараа хийх эсвэл АТГ-т хандан шалгуулж нэр төрөө цэвэрлэж аваач гэж ах хүний хувьд сайн санаж зөвлөгөө өгч байхад бичиг цаас шидлээд байх хэрэг юу байна аа.
-Та олигархиудын тоонд орох уу?
-Би яахаараа олигархи байдаг юм. Юу ч үгүй байж байгаад бизнес хийн хөл дээрээ зогссон хүн. Харин ч муу хэлүүлээд байдаг бизнес хийж байсан гишүүд чинь хаа очиж төрийн мөнгөнөөс хумсалдаггүй байх шүү. Бизнесмэнүүд төрд хэрхэн үлгэр жишээ болж ажиллаж чаддагийг С.Батболд, Х.Баттулга хоёр харуулж байгаа. Мөн УИХ-ын гишүүн Бриж Д.Ганхуяг багаасаа япон хэл сураад япончуудтай бизнес хийгээд л сүүлдээ УИХ-д орж ирсэн. Би бол 1991 оноос хойш бизнес хийсээр 49 нас хүрээд улс төрд орсон. Би ямар зорилгоор улс төрд орсон гэхээр улс орноо хурдан хөгжүүлэх юмсан, бизнес эрхлэхэд төрийн зүгээс үзүүлдэг дарамт, хүнд суртлыг багасгах, хувиараа бизнесээ хийгээд, ажил хийгээд явахад саад тээг болдоггүй болгох юмсан л гэж зорьсон.
-Улс төрд орсон баян бизнесмэнүүд улс орноо гэхээсээ илүү хувийн бизнесээ тэлэх эсвэл сайд дарга болох орж ирдэг юм биш үү?
-Тийм сонирхолтой хүн байхыг үгүйсгэхгүй. Хүн болгон адилгүй, хүлэг болгон жороогүй гэдэг дээ. Гэхдээ Х.Баттулга бид хэд бол хувиа бодохоос улсаа бодох нь илүү гэдгийг бардам хэлчихье. Х.Баттулга л гэхэд төмөр замыг барих зураг төслийг гаргуулж ажлыг эхлүүлэх гэж хувиасаа 11 сая ам.доллар гаргачихаад байгаа юм билээ. Үүнийгээ буцаагаад авна гэхгүй л байгаа байхгүй юу даа. УИХ-аар хэлэлцэгдэхэд төсөв нь танагдаж батлагдсан учраас хөрөнгө нь хүрэхгүй, аргаа ядаад ажлаа явуулах гэж хувиасаа гаргаж байгаа хэрэг. Би л гэхэд 2008 оноос хойш гурван жилийн хугацаанд нийтдээ таван тэрбум орчмыг хувиасаа гаргаад олон нийтийн төлөө зориулчихаад л байгаа. За яршиг даа, баянаа гайхуулах гэж байгаа биш гээд дуугүй л байдаг болохоос. Би УИХ-ын гишүүн болоод хөрөнгөө арвижуулах биш харин ч дундалж байгаа байх шүү. Мань мэт нь төрд очоод хумслаад таван цаас олъё гэж боддоггүй юм аа. Насаараа идээд ч барахгүй хөрөнгө байна. Хулгайлах ч шаардлага алга. Энэ их хөрөнгийг үхэхдээ аваад далд орох ч биш. Харин үлдсэн энэ насандаа илүү алсыг харж, улсаа хөгжүүлэхэд зориулах юмсан л гэж боддог.
-Таван тэрбум төгрөгөөр тэгээд ямар зүйл хийсэн юм бэ?
-Завханчуудыг холоос тээвэрлэж үнэтэй гурил идэж байхаар гээд тариаг нь тэнд тариалаад, тээрэмдүүлээд гурил хийгээд борлуулдаг болгоход нэлээд их хөрөнгийг хувиасаа гаргасан. За тэгээд хүүхдийн сургалтын төлбөрөө төлж чадахгүй байна, өвчин эмгэг тусаад үхлүүт байна гээд гуйгаад ороод ирсэнд нь май гээд өгсөн гээд зарцуулсан, зориулсан зүйл зөндөө бий
-Та хэнд тэдэн төгрөг өгснөө жагсааж бичээд данс хөтөлдөг юм уу?
-Би өгсөн мөнгөнүүдээ жагсаагаад, он сартай нь бичээд байдаг юм. Сая сонирхоод гурван жилийн хугацаанд зарцуулсан мөнгөнийхөө дүнг нь нэмээд үзэхэд 5.2 тэрбум төгрөг болчихсон байна лээ. Олигархи гэж төрийн нэрээр, албан тушаалаа ашиглаж баяжиж хөлжсөн нөхдийг хэлдэг болохоос Баттулга бид хоёр шиг 1989 онд Сингапур руу явж телевизийн камер зөөж бизнесээ эхлүүлсэн хүмүүсийг хэлдэггүй юм, за юу. Тэр үед халаасандаа 100 -хан ам.доллартай цохиж явсан даа. 1989 оны үеийн Сингапур өнөөдөр ямар хурдацтай хөгжив. Гэтэл Монгол Улс хөгжлөөрөө хол хоцорчээ. Улс орон яагаад урагшаа явдаггүй юм бэ гэж боддог байлаа. Дотор нь ороод ойлгож байна.
-Юу тээг болоод байдаг гэж?
-Хууль эрх зүйн орчин муу, хуулийн хэрэгжилт тааруу, цоорхойтой хууль гаргаж түүнийг нь ашиг хонжоо хайгчид овжноор ашигладаг учир хөгжиж чаддаггүй юм байна.
-Таны санаачлан өргөн барьсан Эрүүгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр болсон уу?
-Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаяртай уулзсан. Бидний санаачилсан, мөн Э.Бат-Үүл, З.Энхболд, Д.Тэрбишдагва гишүүний, Ерөнхийлөгчийн санаачилсан гээд Шүүхийн шинэчлэлийн багц хуулийн төсөл, Эрүүгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчилсэн найруулга хийх гээд таван ч төсөл өргөн баригдсан байгаа юм билээ. Ажлын хэсэг байгуулж энэ бүгдийг нэгтгээд хэлэлцэхээр боллоо гэсэн. Нийлүүлээд илүү сайн хууль л гарч байвал минийхийг л заавал дэмж гээд зүтгээд байх шаардлагагүй гэж бодож байна.
Д.ДОРЖПАГМА
URL: