Ш.Сайхансамбуу: Дахиж ирж тайлбар өгч чадахгүй гэж хэлсэн

УИХ-ын гишүүн Ш.Сай­хансамбуутай ярилцлаа. -Гудамж, талбайд жаг­­саал цуглаан бо­лоод төр засагт  шаард­лага хүргүүл­лээ. Энэ үйл явцыг  хэрхэн дүг­нэж  байна вэ?

-Хавар болгон цуг­лаад жагсдаг. Энэ жи­лийнх арай л онцлогтой  юм уу даа. Ер нь жагсаал цуглаан хийж, цочроо өгч байх нь зүйтэй гэж бод­дог. Иргэний хөдөлгөө­нийхөн өнгөрсөн жил  тавьсан шаардлагыг  төр засаг биелүүлээгүй бай­на, тий­мээс Засгийн га­зар огцор, Засгийн газар­тай ха­риуц­­лага тооцож чадах­гүй бол УИХ өөрөө тар, Таван толгойг 100 хувь ард түмний мэдэлд шил­жүүл, Оюу толгойн гэрээг цуцал гэсэн шаард­лага тавьж байх шиг бай­на. Иргэд бөөн­дөө цуг­лаад төр засагтаа үгээ хэлэх, шүүмжлэх  нь  ард­чилсан нийгэмд байх л зүйл. Талбай дээр морь­той, явган жагсч байгаа нөх­дүүд чинь  ард түмний  нэг хэсэг нь. Завханаас ирж оролцож байгаа за­рим иргэнтэй уулзлаа. Бас л зөв зүйтэй асууд­лыг хөн­дөж байна лээ дэг. Их хуралдайнхан хурлаа хийчихээд УИХ-д есөн шаардлага хүргүү­лэ­хээр ордон руу явж бай­хад нь би тааралд­сан. УИХ-аас ажлын хэ­сэг бай­гуулаад тэр асууд­лыг ярилцаад, шийдэж болох нь энэ байна, энэ нь бо­ломжгүй гээд тайл­бар хийх л хэрэгтэй.

-Хамтарсан Засгийн газрыг огцор гэж шаар­даж байгаа. АН  засгаас гарч парламентад  сө­рөг хүчин байх үүргээ биелүүлэх нь дээр гэ­сэн шүүмжлэл ч их га­рах болов.  Таны хувьд?

-Ирэх УИХ-ын сон­гууль болоход бага хуга­цаа үлдлээ. Одоо Зас­гийн газрыг огцруулаад дэмий дээ. Эхлүүлээд байгаа томоохон ажлуу­дыг нь хийж гүйцэтгэх боломж олгох нь дээр байх.  Хэрэв үр дүн тааруу байвал сонгуулиар ямар дүн тавихаа иргэд мэднэ биз. Түүнээс одоо  Зас­гийн газрыг огцруулснаар байдал дээрдэхгүй, ха­рин ч цаг алдахын нэмэр. Хүний хийж байгаа зүй­лийг бодитоор үнэлж чад­даг, болохгүйг нь зусар­даж нялцагнахгүй ил шүүм­жилдэг байх нь чухал. С.Батболдын Зас­гийн газар байгалийн баялгаа ашиглах, иргэд­дээ хувь хишиг хүртээ­хээр ажиллаж л байна. Би энэ Засгийн газрын хэрэг­жүүлж байгаа хоёр ажилд нь баяр хүргэмээр са­нагддаг юм. Х.Баттулга сайд 1100 км төмөр зам тавих ажлын нээлтийг хийхэд өөрөө оччихсон  хүрз бариад шороо хут­гаж, ямар ч байсан эх­лүүл­­лээ, ард нь  заавал гарна даа гэж хэлээд са­наа ал­даж  байна лээ. Энэ хүн төмөр зам бариу­лах гэж чад­лын­хаа хэ­рээр зүтгэж байгаа. Мөн Ерөнхий сайд С.Батболд өмнөх ямар ч Засгийн  газрын тэргүүний  хийгээ­гүй нэг ажлыг хийж чад­сан. Мон­гол Улс  байга­лийн бая­л­гаа яаж мөнгө болгож ху­вир­гах вэ гэдэг асуудлыг шийдэж, Мон­го­лын хө­рөн­гийн бир­жийг олон улсын жишигт хүргэхийг зорьж байна. Ерөн­хий­лөгч Ц.Элбэг­дорж шүү­хийн байгуул­лагад ши­нэчлэл хийж, шударга ёс тогтоохын төлөө Шүү­хийн багц хуульд өөрч­лөлт оруу­лахаар хууль санаач­лаад ажиллаж бай­на. Саяхан Төрийн ордонд үндэсний чуулган зохион байгууллаа. Хуу­лийн бай­гууллага, шүүгч­дийн ёс бус үйлдлийг энэ хурал дээр нэр, усаар нь  дуу­даад хэлцгээж байгаа нь ахиц юм шүү. Шүүх хурлаа хийхгүй шүүхийн шийд­вэр гаргачихдаг шүүгч байна гэсэн.  Өмнө нь тойрч бултуулаад   ерөн­хий зүйл ярьдаг бай­сан учир үр дүнд хүр­дэггүй байлаа. Одоо нэр­тэй, устай нь зарлаад   хүчтэй тэмцэл явуулах хэрэгтэй байна.  Энэ мэт бас гэрэл, гэгээтэй хийж бүтээж бай­гаа зүйл цөөн­гүй байна. Бас анхаарах, сайж­руу­лах, хурдаа нэ­мэх  шаард­лагатай зүй­лүүд нэлээд бий л дээ. Хоёр долоо хоногийн өмнө УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газрын үйл ажиллагааны талаарх мэдээлэл сон­со­ход  Ерөн­хий сайд айхтар үг хэлснийг та нар ан­заар­сан уу.

-УИХ-ын гишүүдээ надад туслаач ээ гээд үү?

-С.Батболд  “Энэ Зас­гийн газрыг толгойлж бай­гаа хүний хувьд хүнд сур­тал, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд үзүүлж байгаа төрийн дарамтыг мэдэж байна. Мэдээд цэгцлэх гэхээр хууль, эрх  зүйн орчин болохгүй байна, УИХ надад туслаач ээ, Засгийн газар дангаараа дийлэхгүй байна, хууль эрх зүйн орчныг сайж­руулах төсөл боловсруу­лаад оруулаад ирэхэд та бүхэн маш яаралтай хэ­лэлцэж шийдээд тусална уу” гэж гуйсан. Өөрөөр хэлбэл,  аймшигтай ма­фийн сүлжээ шиг  болчих­сон учраас  задлахад хэцүү байгаа хэрэг. Эдийн засгийн шинэч­лэ­лийг хийхэд хууль эрх зүйн орчныг өөрчлөх зайлш­гүй шаардлагатай.

-Их хуралдай­­нхан Монголын 15 оли­гар­хийг нэрлэлээ. Үүний нэг нь Ерөнхий сайд С.Батболд гэсэн байна лээ. Энэ хүн ма­фийн сүлжээг таслах гээд байна уу эсвэл?

-15 олигархийг нэр­лэхэд зарим нь их эмзгээр хүлээн авч байгаа болол­той байна лээ. Ер нь бол шударгаар бизнес хийж баяжсан, төрийн нэрээр эрх мэдлээ ашиглан тэр­бумтан болсон хоёрын хооронд том ялгаа бий. Ганц хадаас хадаж ч үзээ­гүй, бизнес эрхэлж ч бай­гаагүй, төрийн албанд л ажилладаг атлаа там­таг­гүй баяжсан нөхдүүд энэ УИХ, Засгийн газар, агент­лагуудад зөндөө байгаа учраас л хүмүүс шүүмжлээд, цоллоод, нэр­лээд байгаа хэрэг. Би  авлига авдаг нөхдүүдтэй тохой залган парламен­тад сууж байна гэж хэ­лээд АТГ-т дуудагдсан. Өш хонзон санаад хэцүү юм билээ.

-Тийм үү. Ямар хү­мүүс эмзэглээд байсан юм бол оо?

-Манай улс авлигын индексээрээ улам л ух­раад авлига гэгч нь  газар авч байна. Үүнийг зог­соох талаар эрчимтэй ажил­лах­­гүй юм. Шүүм­жилсэн, шаардсан нэг­нийг нь харин АТГ дуудаж тайл­бар авна гээд. Ер нь энэ УИХ-ын гишүүд бүг­дээ­рээ авлигач, өөдгүй амьтад биш шүү дээ. Энэ дундаас эх орноо гэсэн сэтгэлтэй, зөв хүмүүс олон бий. Харин хавт­гай­руулаад 76 олигархи,  76 мангуу гээд цоллоод, мө­рөөрөө, гэмгүй явж бай­гааг нь хэлмэгдүүлээд байгаа байхгүй юу даа.  Энэ бүхнийг зааглах, ял­гаад салгаад өгөх,  авли­гатай тэмцэл хийх, цэгц­лэх байгууллага нь ажил­лахгүй юм. Одоо бүр дар­гагүй болоод  амар сай­хандаа жаргаж байх шиг байна.   Авлигатай тэмцэл хийхгүй болохоор  хүмүүс гудамжинд  гарч жагсан, олигархиудыг нэрлэн шал­гаач гэж шаардаж байна шүү дээ. Энэ нөх­дүүд ийм, ийм хөрөн­гө­тэй, үүнийгээ хууль  бус аргаар хурааж хуримт­луулж уу гээд хэлээд бай­хад АТГ нь даанч шалгах­гүй юм аа. Энэ нь Монголд хууль хэрэгждэггүйн жи­шээ. Энэ байдал удаан үргэлжилбэл, эмх зам­ба­раагүй байдал  үүсч мэднэ, ард иргэдийн бу­химдал дээд цэгтээ хү­рэ­хээр тэсрэхийг үгүйсгэх аргагүй. Авлига авдаг, авдаггүйг нь шалгаж тог­тоогоод  авдгийг нь ОХУ-ын тэрбумтан Ходор­ковс­кий шиг шоронд нь  байлгах хэрэгтэй. В.Путин түүнийг “Тэр бол дээрэм­чин. Байдаг газраа байх ёстой” гэж хэлсэн байна лээ. М.Ходорковский шиг шоронд байх ёстой нөх­дүүд зөндөө бий дээ. Төрийн их мөнгө идчи­хээд, эрх мэдэлдээ ашиг­лан баяжигсад байгаа ч  ганц Гаалийн Баатараас өөр хүн шоронд орсон юм уу. Гэтэл жирийн иргэ­нийг 10 мянган төгрөг хулгайлбал ядах юмгүй шоронд хийгээд ял оноо­гоод байдаг биз дээ. Гэтэл хэдэн тэрбумаар хулуулж байгаа нөхдийг толгойг нь илээд, хууль ялгавартай хан­даад бай­на гэж л ир­гэд шүүмжилж, бухимдаж шу­дарга ёсыг хүсэмжилж байна.

-Таныг дахиж АТГ-аас тайлбар авъя гэж дуудсан уу?

-АТГ-ын мөрдөн бай­цаах хэлтсээс хэн ч би­лээ нэг байцаагч дууд­сан. Та нийтлэлдээ ийм зүйл хэл­сэн байна гээд л тайлбар авна гэсэн. Би иргэнийхээ үүргийг бие­лүү­лээд оч­сон. Та авли­гачдыг нэрлэ гэж байна лээ. Олон тү­мэн эх орноо худалдсан, авлига авсан гээд олон хүнийг цоллоод нүүрийг нь улалзтал шүүмжлээд, цоллоод бай­гаа. Намайг дуудаж асуух хэрэг юу байна. Тэр мэдээлэл үнэн байна уу, үгүй юу гэдгийг та нар шалгаад  тогтоо л доо. Харин дахин ирж тайл­бар өгч чадахгүй шүү гэ­сэн. Би хойшид энэ та­лаар  хэлж ч, бичиж ч байх болно. Ганц би ч биш УИХ-ын хэд хэдэн  гишүүн нэр усаар хэлээд байдаг шүү дээ.

-Хэн авлигачдыг нэр­лэдэг гэж?

-Н.Батбаяр Оюу тол­гойн гэрээ хийсэн сайд нарыг тэрбум ам.доллар авлигад аваа юу гээд ху­ралдаан дээр шүүмжилж л байсан даг. Мөн Г.Баяр­сайхан, Л.Гүндалай, Ц.Да­ваасүрэн, Б.Бат-Эр­дэнэ, Н.Ганбямба  гээд гишүүд улс орон авлигад идэгдээд байна гэж санаа зовоод үгээ хэлээд, сонин хэвлэлд ярилцлага өгч байсныг олон түмэн мэ­дэж байгаа даа.

-Танаас хэнд авлига өгч байсан  юм гэж лав­ласан  юм уу?

-Би ямар өгсөн, авс­ныг нь харсан ч биш.  Нийг­мийн хамаг өнгөтэй, өөдтэй болгоныг сороод байгаа авлига гэгч энэ  хар тахалтай тэмцэл хийх­гүй, сүлжээг нь тас­лах гэж зориглохгүй бай­гаад санаа зовиноод үгээ хэлдэг, шүүмжилдэг.  Сая­хан би сонин эргүүлж суугаад ОХУ-ын Хол­боо­ны хурлын холбооны зөв­­лөлийн дарга Миро­нов “ОХУ-ын ядуу улстөрч­­дийн баян ар  гэ­рийнх­нээс нь хөрөнгө орлогын мэдүүлгийг авах цаг болсон” гэж хэлсэн байна лээ. Манайд ч гэсэн ийм болмоор байгаа юм. Манай улстөрчдийн хө­рөнгө орлогын мэдүүл­гийг нь хараарай. Хэдэн бизнес хийж байснаас бусад нь эд хогшил гэхээр юмгүй, ядуу, бараг унах унаагүй гээд л бөглөсөн байдаг юм билээ. Гэвч бодит байдал дээр  эсрэ­гээ­рээ шүү дээ.

-Та нэг ярилц­лага­даа  С.Баярцогт, Л.Ган­сүхийг хүмүүс авлигач гээд байх юм, шалгавал таарна гэсэн утгатай зүйл хэлсэн байсан. Энэ хүмүүс таныг ууч­лал гуйхыг шаардсан  юм уу?

-Тэр хоёр уучлал гуй гэсэн бичиг надад ирүүл­сэн л байна лээ. Би одоо уучлаарай,  дахиж тэгэх­гүй гээд  өмнө  нь бөхөл­зөх хэрэг үү.  Би тэр хоё­рыг ингэж элдвээр хэ­лүүлж байхаар шалгуу­лаач л гэсэн. Залуу хүмүүс цаашдынхаа улс төрийн карьерийг  бодсон ч  АТГ -т очоод намайг шалгаад өг, үнэн мөнийг олоод, нэр төрийг минь сэргээ­гээд, олон нийтэд төрсөн буруу ойлголтыг залруу­лаад өг  гэх хэрэгтэй биз дээ. О.Чулуунбат гишүүн Ерөнхий сайдыг Бороо гоулд, Чингэс зочид буу­дал, Ухаа худагийнхаа талаар тайлбар өг гэж шаардахад 14 хоногийн дотор олон нийтэд үгээ хүргэнэ лээ.  Ийм улс тө­рийн соёлд суралцах хэ­рэгтэй. Их хурал­дай­н­хан 15 олигархийн нэ­лээд дээгүүрт С.Баярцогт, Л.Гансүх нарыг оруул­чихсан л байсан. Мөн УИХ-ыг байнгын хороо­дын  хурал дээр Оюу толгойн гэрээ хийсэн энэ хоёр сайдыг “Эх орноо худалдсан, гадаадынх­ны гар хөл бологсод” гээд айхтар хэлдэг. Үнэ­хээр гүтгэж нэр төрийг харлуулаад байгаа бол олон түмэнд хандан өөрс­дөө тайлбараа хийх эсвэл АТГ-т хандан шалгуулж нэр төрөө цэ­вэрлэж аваач гэж ах хү­ний хувьд сайн санаж  зөвлөгөө өгч байхад би­чиг цаас шидлээд байх хэрэг юу байна аа.

-Та олигархиудын тоонд орох уу?

-Би яахаараа оли­гархи байдаг юм.  Юу ч үгүй байж байгаад бизнес хийн  хөл дээрээ зогссон хүн. Харин ч  муу хэлүү­лээд байдаг бизнес хийж байсан  гишүүд чинь хаа очиж төрийн мөнгөнөөс хумсалдаггүй байх шүү. Бизнесмэнүүд   төрд хэр­хэн үлгэр жишээ болж  ажиллаж чаддагийг С.Бат­болд, Х.Баттулга хоёр харуулж байгаа. Мөн УИХ-ын гишүүн Бриж Д.Ганхуяг багаа­саа япон хэл сураад япон­чуудтай бизнес хий­гээд л сүүлдээ УИХ-д орж ирсэн. Би бол 1991 оноос хойш  бизнес хийсээр 49 нас хүрээд улс төрд ор­сон. Би ямар зорилгоор улс төрд орсон гэхээр улс орноо хурдан хөгжүүлэх юмсан, бизнес эрхлэхэд төрийн зүгээс үзүүлдэг дарамт, хүнд суртлыг багасгах, хувиараа биз­несээ хий­гээд, ажил хий­гээд явахад саад тээг болдоггүй бол­гох юмсан л гэж зорьсон.

-Улс төрд орсон баян бизнесмэнүүд улс ор­ноо гэхээсээ илүү ху­вийн бизнесээ тэлэх  эсвэл сайд дарга болох  орж ирдэг юм биш үү?

-Тийм сонирхолтой хүн байхыг үгүйсгэхгүй. Хүн болгон адилгүй, хүлэг болгон жороогүй гэдэг дээ. Гэхдээ Х.Баттулга бид хэд бол хувиа бодо­хоос улсаа бодох нь илүү гэдгийг бардам хэлчихье.  Х.Баттулга л гэхэд  төмөр замыг барих зураг төс­лийг гаргуулж ажлыг эх­лүүлэх гэж хувиасаа 11 сая ам.доллар гарга­чи­хаад байгаа юм билээ. Үүнийгээ буцаагаад авна гэхгүй л байгаа байхгүй юу даа. УИХ-аар хэлэл­цэг­дэхэд  төсөв нь  танаг­даж батлагдсан учраас хөрөнгө нь хүрэхгүй, ар­гаа ядаад ажлаа явуулах гэж хувиасаа гаргаж байгаа хэрэг. Би л гэхэд 2008 оноос хойш  гурван жилийн хугацаанд нийт­дээ таван тэрбу­м орчмыг хувиасаа гаргаад олон нийтийн төлөө зо­риулчихаад л байгаа. За яршиг даа, баянаа гай­хуулах гэж байгаа биш гээд дуугүй л байдаг бо­лохоос. Би УИХ-ын ги­шүүн болоод хөрөнгөө арвижуулах биш харин ч дундалж байгаа байх шүү. Мань мэт нь төрд очоод хумслаад таван цаас олъё  гэж боддоггүй юм аа. Насаараа  идээд ч барахгүй хөрөнгө бай­на. Хулгайлах ч шаард­лага алга. Энэ их хөрөн­гийг үхэхдээ аваад далд орох ч биш. Харин үлдсэн  энэ насандаа  илүү алсыг харж, улсаа хөгжүүлэхэд зориулах юмсан л  гэж боддог.

-Таван тэрбум төгрө­гөөр  тэгээд ямар зүйл хийсэн юм бэ?

-Завханчуудыг холоос тээвэрлэж үнэтэй гурил идэж байхаар гээд  тариаг нь тэнд  тариалаад,  тээ­рэмдүүлээд гурил хийгээд борлуулдаг болгоход нэ­лээд их хөрөнгийг хувиа­саа  гаргасан. За тэгээд хүүхдийн сургалтын төл­бөрөө төлж чадахгүй бай­на, өвчин эмгэг тусаад үхлүүт байна гээд гуйгаад ороод ирсэнд  нь май гээд өгсөн гээд   зарцуулсан, зориулсан зүйл зөндөө бий

-Та хэнд тэдэн төг­рөг өгснөө  жагсааж  би­чээд  данс хөтөлдөг  юм уу?

-Би өгсөн мөнгөнүү­дээ жагсаагаад, он сар­тай нь  бичээд  байдаг юм. Сая сонирхоод гурван жилийн хугацаанд зар­цуулсан мөнгөнийхөө дүнг нь нэмээд үзэхэд 5.2 тэрбум төгрөг болчихсон байна лээ. Олигархи гэж төрийн нэрээр, албан тушаалаа  ашиглаж бая­жиж хөлжсөн нөхдийг хэл­дэг болохоос Баттулга бид хоёр шиг 1989 онд Сингапур руу явж теле­визийн камер зөөж биз­несээ эхлүүлсэн хүмүү­сийг хэлдэггүй юм, за юу.  Тэр үед халаасандаа 100 -хан ам.доллартай цохиж явсан даа. 1989 оны үеийн Сингапур  өнөөдөр ямар хурдацтай хөгжив. Гэтэл Монгол Улс хөгж­лөөрөө хол хоцорчээ.  Улс орон яагаад урагшаа явдаггүй юм бэ гэж боддог байлаа. Дотор нь  ороод  ойлгож байна.

-Юу тээг болоод бай­даг гэж?

-Хууль эрх зүйн орчин муу, хуулийн хэрэгжилт тааруу, цоорхойтой хууль гаргаж түүнийг нь ашиг хонжоо хайгчид овж­ноор ашигладаг учир хөг­жиж чаддаггүй юм байна.

-Таны  санаачлан өргөн барьсан Эрүүгийн  тухай хуулийн шинэ­чилсэн найруулгын төс­лийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэл­цэхээр болсон уу?

-Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Од­баяр­тай уулзсан. Бидний санаачилсан, мөн Э.Бат-Үүл, З.Энхболд, Д.Тэр­биш­дагва гишүүний,  Ерөн­­хийлөгчийн санаа­чилсан гээд Шүүхийн ши­нэч­лэ­лийн багц хуулийн төсөл,  Эрүүгийн  тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруу­лах, шинэчилсэн най­­руулга хийх гээд та­ван ч  төсөл өргөн баригд­сан байгаа юм билээ. Ажлын хэсэг байгуулж энэ бүг­дийг нэгтгээд хэлэл­цэхээр боллоо гэсэн. Ний­лүү­лээд илүү сайн хууль л гарч байвал минийхийг  л заавал дэмж гээд зүт­гээд байх шаардлагагүй гэж бодож байна.

Д.ДОРЖПАГМА


URL:

Сэтгэгдэл бичих