Тэр хэлсэн, хэлснээ ч хийчихсэн, тэр дахин хэллээ, түүнийгээ хэрэгжүүлээрэй
Ямартай ч 76 гишүүнийг Их Эзэн Чингис хааны хөшөөний өмнө хуралдуулж, гадны хүндэт зочдыг урьж залсан, Их жанжины талбай дүүрэн цугласан монгол түмний өмнө Төрийн тэргүүн маань “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг дээдлэн хамгаалж Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлэхээ батлан тангаргалъя” гэх 26 үгтэй тангаргаа уншиж, нүсэр, хүчтэй, сүртэй ёслол үйлдлээ.
Тэрбээр, өсгөж, төрүүлсэн хүү шиг нь ард түмнийхээ төлөө зүтгэж, талцал хуваагдлыг бус хийж бүтээхийг дэмжихээ илэрхийлсэн юм. Өөрөөр хэлбэл, Ардчилсан төрийн хийж бүтээх ажилд саад тотгор болох ямар ч нөхдийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ ил тод хэлж орхилоо. Нээлтийн ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч ард түмэнд хандан хэлсэн үгэндээ “Надад дахин итгэл хүлээлгэсэн сонгогч олондоо чин сэтгэлээсээ талархая. Надад итгээгүй эргэлзсэн иргэдийнхээ итгэлийг олохын төлөө хичээн зүтгэнэ. Төрийн түшээ хүн өөрийн жаргалыг умартаж бусдын жаргалыг бодох ёстой. Одоогоос 23 жилийн өмнө би энэ талбай дээр цэрэг шинелээ тайлаад хувьсгалд оролцсон. Манай иргэн бүр эрхээ баталгаатай эдэлж чадсан нөхцөлд өөдлөн дэвжинэ, бүтээн байгуулалт амжилтад хүрнэ.
Хуваагдлыг бус хийж бүтээхийг дэмжинэ. Баялаг бүтээгчдийг бүх боломжоор дэмжинэ. Би Монголын ард түмний нийтлэг эрх ашиг, хөгжлийн эрх ашгийг хэсэг бүлгийн эрх ашгаас ямагт дээгүүр тавьж ажиллах болно. Би ядарч зүдэрч яваа иргэдээ онцгой анхаарна. Би Монгол Улсын иргэдээ баян ядуу, угсаа гарал, газар нутгаар нь үл ялгаварлан жигд төлөөлөн ажиллана. Баялаг бүтээхэд оролцох иргэний оролцоо нэмэгдэж баталгаажина. Монгол Улсын иргэнийг мэндэлсэн цагаас авахуулаад ахмад настан болж амьдрах хүртэл нь төрөөс дэмжинэ. Оюутан залуус, залуу гэр бүл, ахмадууддаа дэмжлэг шаардлагатай иргэдээ дэмжинэ.
Төрийн алба, Зэвсэгт хүчин, хууль хяналтын байгууллагад ажилладаг иргэдийнхээ нийгмийн асуудалд онцгой анхаарна. Үйлдвэр бүтээн байгуулалтад чиглэсэн хөрөнгө оруулалтыг тогтвортой бодлогоор дэмжинэ” хэмээн амлалтаа өгсөн юм. Ардчилсан төрийн ирэх дөрвөн жилд хийх ажил нь байгальд ээлтэй хямд эрчим хүч хэрэглэх, өөрийн гэсэн шатахуунтай болох, төмөр зам барих, бүх аймгийг засмал замаар нийслэлтэй холбох, гэр хорооллын дахин төлөвлөлт, бүтээн байгуулалтын ажил байх бөгөөд үүнийг хийхэд Ерөнхийлөгчийн зүгээс нөлөөлөх нөлөөллийг харуулах, хийлгэхийн тулд хүч нэмэн, тулган шаардаж ажиллахаа энэ өдөр индэр дээр гарч зогсоод улс орон даяар зарлаж, ам тангаргаа өглөө. Одоо үүнийгээ хийх л үлдэж байна. УИХ-ын дарга З.Энхболд болон УИХ-ын эрхэм гишүүдийн захиж хэлсэнчлэн, өмнөх дөрвөн жилийнхээ ажлыг тууштай үргэлжлүүлж, монгол түмнийхээ эв нэгдлийг эрхэмлэн ажиллана гэдэгт итгэж байна.
Ерөнхийлөгч амладаг, амласнаа биелүүлдэг гэх итгэл байдаг учраас ард түмэн дахин сонгосон. Тиймээс хэлснээ хийдэг, амласнаа биелүүлдэг Ерөнхийлөгч гэдгээ дахин харуулах л үлдлээ. Тангараг өргөсөн цэрэг эх орныхоо дархан хилийг сахин хамгаалж, энэ үүргээ ёс төртэй сахин биелүүлдэгийн адил 12 минутад багтаан хэлсэн эдгээр амлалтуудаа биелүүлэхийн төлөө өнөөдрөөс эхлэн хичээж ажиллах л үлдсэн. Монголчууд Ардчилсан төрөөр удирдуулж, тулгын гурван чулуу болж ажиллах итгэл хүлээлгэхдээ тэдний хэлж яриад байгаа бүхний үр шимийг хүртэхийг хүссэн. Ирэх дөрвөн жилд тэд их бүтээн байгуулалт өрнөсөн ардчилсан Монгол Улсад авлигагүй, айх аюулгүй, амгалан тайван амьдрахыг хүсч байгаа. Ард түмнийхээ итгэл дааж, энэ бүх хүслийг нь гүйцээхийн тулд талцал хуваагдлыг бус хийж бүтээж ажиллах нь чухал. Энэ ажилд дан ганц Ардчилсан намын гишүүд, Засгийн газар, Ерөнхийлөгч оролцох бус Ардын намын 25 гишүүн, Засгийн газрыг бүрдүүлж буй “Шударга ёс” эвслийн бүлэгт ч хамааралтай.
Гэтэл Ардын намын гишүүд Төрийн тэргүүний тангараг өргөх ёслол, Төрийн далбааны баярын өдөр, 2250 цэргийн сүрт жагсаал, баярын парад болсон энэ тэмдэглэлт өдөр Монголын ард түмэн, монгол төрөө дээдлэн үндэсний хувцастай ирэхийн оронд энэ ёслолыг үл тоон улстөржүүлж, албаны хувцастай ирчихээд “дүйнгэ” царайлан сууж байсан нь Монгол төрийн эв нэгдэл болсон Ерөнхийлөгчийг, бас ард түмнийг доромжилсон хэрэг боллоо. Өмнөх Ерөнхийлөгч Н.Энхбаярыг тангараг өргөхөд ч аль нэг нам гэхгүйгээр улстөрчид төрөө хүндлэн бүх үйл ажиллагаанд нь ижил тэгш оролцож байсан санагдана. Гэтэл төрийн ажлыг улстөржүүлж, ялагдлын шокноосоо гарч чадаагүй гэдгээ дахин дахин харуулах гэсэн мэт МАН-ынхан Их тэнгэрт болсон Хүндэтгэлийн хүлээн авалтад ч очоогүй нь өөрсдийгөө хэн бэ гэдгээ харуулаад байх шиг.
Энэ байдлаараа байвал МАН дахиад ч олон ялагдал хүлээх болно. Бидэнд талцал хуваагдал, улстөржилт бус хэлснээ хийдэг, амласнаа амжуулдаг төр засаг хэрэгтэй байна. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол дээр Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн баяр хүргэн үг хэлэхдээ “Ц.Элбэгдоржийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр дахин сонгосон нь монголчууд шударга ёсны төлөө, авлигын эсрэг, Монгол орон, гэр бүл, өөрийнхөө сайн сайхны төлөө хийсэн сонголт. Ирэх дөрвөн жилд Монгол Улсынхаа төлөө зүтгэж чадна гэдэгт итгэснийх юм. Цагаан морин жилийн хувьсгалыг үргэлжлүүлнэ гэсэн үг” хэмээсэн юм. Төрд бид төлөөллөө сонгохдоо өөрсдийн сайн сайхны төлөө сонгосон сонголт гэж итгэдэг. Энэ удаагийн сонголт ч Монголын олон мянган гэр бүлийн сайн сайхны төлөөх сонголт мөн гэдгийг харуулж ажиллана гэж найдаж, итгэж хүлээж байна.
Эх сурвалж: www.mminfo.mn
URL: