Тэр хэлсэн, хэлснээ ч хийчихсэн, тэр дахин хэллээ, түүнийгээ хэрэгжүүлээрэй

Монгол Улсын Ерөнхийлөг­чийн 2013 оны сонгуулиар Тө­рийн тэргүүнээр дахин сон­гогд­сон Ца­хиагийн Элбэгдорж энэ сарын 10-нд буюу Төрийн дал­бааны баярын өдөр ард түм­нийхээ өмнө тан­га­раг өргөлөө. Анх удаагаа ард түм­­нийхээ өм­нө тангараг өргөж буй энэхүү ёслол нэг талаараа дэл­хийд  Мон­голыг сурталчилсан том­­оохон үйл явдал болсон ч нөгөө та­лаа­раа Ардчилсан намын шоу гэж харах, шүүмжлэх хү­н ч цөөнгүй байлаа.

Ямар­тай ч 76 гишүүнийг  Их Эзэн Чин­­гис хаа­ны хөшөөний өм­нө хурал­дуулж, гадны хүн­дэт зочдыг урьж залсан, Их жанжи­ны талбай дүү­рэн цугласан мон­гол түмний өм­нө Төрийн тэр­гүүн маань “Мон­гол Улсын тус­гаар тогтнол, бүрэн эрхт бай­дал, эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг дээдлэн хамгаалж Ерөн­­хийлөгчийн үүр­гийг шу­дар­­гаар биелүүлэхээ бат­лан тан­­гар­галъя” гэх 26 үгтэй тан­­га­р­гаа уншиж, нүсэр, хүч­тэй, сүр­тэй ёслол үйлдлээ.

Тэр­бээр, өс­гөж, төрүүлсэн хүү шиг нь ард түм­нийхээ төлөө зүт­гэж, талцал ху­ваагдлыг бус хийж бүтээхийг дэм­жихээ илэр­хийлсэн юм. Өөрөөр хэл­бэл, Ард­чилсан тө­рийн хийж бү­­тээх ажилд саад тот­гор бо­лох ямар ч нөхдийг хү­лээн зөв­шөөрөхгүй гэдгээ ил тод хэлж орхилоо. Нээл­тийн ёслолын үеэр  Монгол Ул­­сын Ерөнхийлөгч ард тү­мэнд хандан хэлсэн үгэн­дээ “На­дад дахин итгэл хү­лээл­гэ­сэн сонгогч олондоо чин сэт­гэлээсээ талархая. На­дад ит­­гээ­­гүй эргэлзсэн иргэдийн­хээ итгэлийг олохын төлөө хи­чээн зүтгэнэ. Төрийн түшээ хүн өөрийн жаргалыг умартаж бус­­дын жаргалыг бодох ёстой. Одоо­­гоос 23 жилийн өмнө би энэ талбай дээр цэрэг шинелээ тай­­лаад хувьсгалд оролцсон. Ма­най иргэн бүр эрхээ батал­гаатай эдэлж чадсан нөхцөлд өөд­­лөн дэв­жинэ, бүтээн бай­гуу­лалт ам­жилтад хүрнэ.

Хуваагд­лыг бус хийж бүтээхийг дэмжи­нэ. Баялаг бүтээгчдийг бүх боломжоор дэмжинэ. Би Монголын ард түм­ний нийтлэг эрх ашиг, хөгж­лийн эрх ашгийг хэсэг бүл­гийн эрх аш­гаас ямагт дээгүүр тавьж ажил­лах болно. Би ядарч зү­дэрч яваа иргэдээ онцгой ан­хаар­на. Би Монгол Улсын ир­гэдээ баян ядуу, угсаа гарал, га­зар нутгаар нь үл ялгаварлан жигд төлөөлөн ажил­­лана. Баялаг бүтээхэд орол­­цох ир­гэ­ний оролцоо нэ­мэг­дэж ба­тал­гаажина. Монгол Ул­сын ир­гэ­нийг мэндэлсэн ца­гаас ава­хуу­лаад ахмад настан болж амьд­рах хүртэл нь төрөөс дэм­жинэ. Оюутан залуус, залуу гэр бүл, ахмадууддаа дэмжлэг шаард­лагатай иргэдээ дэмжинэ.

Тө­рийн алба, Зэвсэгт хүчин, хууль хянал­тын байгууллагад ажил­­ладаг иргэдийнхээ нийг­мийн асуудалд онцгой анхаарна. Үйлд­вэр бүтээн байгуулалтад чиглэсэн хөрөнгө оруулалтыг тогт­вортой бодлогоор дэм­жинэ” хэмээн амлалтаа өгсөн юм. Ардчилсан төрийн ирэх дөр­вөн жилд хийх ажил нь бай­гальд ээлтэй хямд эрчим хүч хэрэглэх, өөрийн гэсэн ша­тахуунтай болох, төмөр зам барих, бүх аймгийг засмал за­маар нийслэлтэй холбох, гэр хороол­лын дахин төлөвлөлт, бүтээн бай­гуулалтын ажил байх бөгөөд үүнийг хийхэд Ерөн­хийлөгчийн зүгээс нө­лөө­­лөх нөлөөллийг ха­руу­лах, хийлгэхийн тулд хүч нэ­­мэн, тулган шаардаж ажил­ла­хаа энэ өдөр индэр дээр гарч зогсоод улс орон даяар зар­лаж, ам тангаргаа өг­лөө. Одоо үүнийгээ хийх л үл­дэж бай­на. УИХ-ын дарга З.Энх­болд болон УИХ-ын эрхэм ги­шүүдийн захиж хэлсэнчлэн, өм­нөх дөрвөн жилийнхээ аж­лыг тууштай үргэлжлүүлж, мон­гол түмнийхээ эв нэгдлийг эр­хэмлэн ажиллана гэдэгт ит­гэж байна.

Ерөнхийлөгч ам­ладаг, амласнаа биелүүлдэг гэх итгэл байдаг учраас ард тү­мэн дахин сонгосон. Тиймээс хэлс­нээ хийдэг, амласнаа биелүүлдэг Ерөн­хийлөгч гэд­гээ дахин ха­руулах л үлдлээ. Тан­га­раг өр­гө­сөн цэрэг эх ор­ныхоо дар­хан хилийг сахин хам­гаалж, энэ үүргээ ёс төртэй са­хин биелүүлдэгийн адил 12 ми­ну­тад багтаан хэлсэн эдгээр ам­лал­туудаа биелүүлэхийн тө­лөө өнөө­д­рөөс эхлэн хичээж ажил­лах л үлдсэн. Монголчууд Ард­чилсан төрөөр удирдуулж, тул­гын гурван чулуу болж ажиллах ит­гэл хүлээлгэхдээ тэдний хэлж яриад байгаа бүхний үр ши­мийг хүртэхийг хүссэн. Ирэх дөрвөн жилд тэд их бүтээн байгуулалт өрнөсөн ардчилсан Монгол Улсад авлигагүй, айх аюулгүй, амгалан тайван амьд­рахыг хүсч байгаа. Ард түм­нийхээ итгэл дааж, энэ бүх хүс­лийг нь гүйцээхийн тулд тал­цал хуваагдлыг бус хийж бү­тээж ажиллах нь чухал. Энэ ажилд дан ганц Ард­чилсан намын гишүүд, Зас­гийн газар, Ерөнхийлөгч орол­­цох бус Ардын намын 25 гишүүн, Засгийн газрыг бүр­дүүлж буй “Шударга ёс” эвс­лийн бүлэгт ч хамааралтай.

Гэ­тэл Ардын намын гишүүд Тө­рийн тэргүүний тангараг өргөх ёслол, Төрийн далбааны баярын өдөр, 2250 цэргийн сүрт жагсаал, баярын парад болсон энэ тэмдэглэлт өдөр Монголын ард түмэн, монгол төрөө дээдлэн үндэсний хувцастай ирэхийн оронд энэ ёслолыг үл тоон улстөржүүлж, албаны хувцастай ирчихээд “дүйнгэ”  царайлан сууж байсан нь Монгол төрийн эв нэгдэл бол­сон Ерөнхийлөгчийг, бас ард түм­нийг доромжилсон хэрэг боллоо. Өмнөх Ерөнхийлөгч Н.Энх­баярыг тангараг өргөхөд ч аль нэг нам гэхгүйгээр улс­төрчид төрөө хүндлэн бүх үйл ажил­лагаанд нь ижил тэгш орол­цож байсан санагд­ана. Гэ­тэл төрийн ажлыг улстөр­жүүлж, ялагдлын шокноосоо гарч чадаагүй гэдгээ дахин дахин харуулах гэ­сэн мэт МАН-ынхан Их тэн­гэрт болсон Хүн­дэтгэлийн хү­лээн авалтад ч очоогүй нь өөрс­дийгөө хэн бэ гэдгээ харуулаад байх шиг.

Энэ байдлаараа бай­­вал МАН дахиад ч олон ялаг­­дал хү­лээх болно. Бидэнд тал­цал ху­вааг­дал, улс­төржилт бус хэлснээ хий­дэг, ам­ласнаа ам­жуулдаг төр засаг хэ­рэгтэй бай­на. Ерөн­хийлөгчийн танга­раг өр­гөх ёслол дээр Мон­гол Ул­сын Ерөнхий сайд асан Д.Бям­­ба­сү­рэн баяр хүргэн үг хэ­лэх­дээ “Ц.Элбэгдоржийг Мон­­гол Улсын Ерөнхийлөгчөөр да­хин сонгосон нь монголчууд шу­дарга ёсны төлөө, авлигын эс­рэг, Монгол орон, гэр бүл, өөрийнхөө сайн сайхны төлөө хий­сэн сонголт. Ирэх дөрвөн жилд Монгол Улсынхаа төлөө зүтгэж чадна гэдэгт итгэснийх юм. Цагаан морин жилийн хувьсгалыг үргэлжлүүлнэ гэсэн үг” хэмээсэн юм. Төрд бид тө­лөөл­лөө сонгохдоо өөрсдийн сайн сайхны төлөө сонгосон сон­­голт гэж итгэдэг. Энэ удаа­гийн сонголт ч Монголын олон мянган гэр бүлийн сайн сайхны төлөөх сонголт мөн гэдгийг харуулж ажиллана гэж найдаж, итгэж хүлээж байна.

Эх сурвалж: www.mminfo.mn

Б.Өнөртогтох

URL:

Сэтгэгдэл бичих