Ууттай бэлэг барьсан төрийн томчууд

1_1370309703Баяр болохоор л хэдэн ууттай бэлэг барьсан төрийн томчууд энд тэндгүй үзэгдэнэ. Бид сайхан цаг үед амьдарч байгаа учраас ингэх нь аргагүй. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг Монголд бол ууттай бэлгээр л тэм­дэглэх нь зөв юм. Учир нь багачуудыг хүмүүжүүлэх цэцэрлэг, сургууль манай улсад хангалттай олон бий. Хүүхдийн эрхийг хам­гаалж, тэдний төлөө ажилладаг байгууллагууд бүр замбараагүй их байгаа. Согтуу аавдаа заазуурдуулсан бяцхан жаалын гэрт нь ч очиж үзээгүй байж түүний тухай ам уралдан ярьж өөрсдийн үйл ажиллагааг сурталчилдаг хүүхдийн төлөөх байгуул­лагууд ч бий. Эцэг эхийн хараа хянал­таас гарч, гадуур тэнэх сонирхолтой бол­чихсон хүүх­дүүдийг хаяг тогтоох төвийнхөн олоод гэрт нь хүргэж өгдөг. Тохь тухтай орчинд өөрсдийнх нь сайн сайхны төлөө ажиллаж байгаа ажилчдаар дүүрэн тэр төвөөс явж, хүнд хэцүү амьдрал руугаа эргэж орох сонирхолтой хүүхдүүд олон байдаг гэж Төрийн ордонд суугаа эрхэм түшээд боддог ч байж мэдэх юм. Хүүхдийн баярын өдрөөр багачууд чихэр жимс эргүүлж явахад хөлчүү аавынхаа гараас нь хөтөлж, “Гэртээ харья л даа” гэж чирж гулдчин яваа бяцхан хүүгийн асуудалд санаа зовох шаардлагагүй гэж боддог юм болов уу. Ямартай ч эх үрсийн баярын үеэр хүүхдийн эрхийг хамгаалахын тулд хэн ямар ажил хийж, хэдэн хүүхдийг осол эндэгдлээс хамгаалсан тухай яриа сонсогдсонгүй. Харин энд тэнд гялгар уутанд боож багласан чихэр, жимс, боов боорцогхон барьсан түшээд л харагдах аж. Тэдний ингэх нь зөв байх. Хүүхдийн хөгжил, ирээдүйд санаа тавьсан ямар нэгэн чухал шийдвэрээс илүүтэйгээр ууттай бэлэг үнэтэй байж таарна.   Харагдах байдлын хувьд ч, олон нийтийг хөгжөөж баясгах талаасаа ч сонирхолтой байж мэд­нэ. Энэ байдал зөвхөн зур­гаадугаар сарын 1-нд бий болдоггүй. Шинэ жилийн баяраар мөнөөх л хэдэн түшээд маань өвлийн өв­гөний хувцасаа өмсч, сахал зүүцгээн асрамжийн газ­руудаар хэсцгээдэг билээ. Одоо яая гэхэв. Тэдэнд ингэхээс өөр арга байхгүй биз.

 

Т.Элиса


URL:

Сэтгэгдэл бичих