Ууттай бэлэг барьсан төрийн томчууд
Баяр болохоор л хэдэн ууттай бэлэг барьсан төрийн томчууд энд тэндгүй үзэгдэнэ. Бид сайхан цаг үед амьдарч байгаа учраас ингэх нь аргагүй. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг Монголд бол ууттай бэлгээр л тэмдэглэх нь зөв юм. Учир нь багачуудыг хүмүүжүүлэх цэцэрлэг, сургууль манай улсад хангалттай олон бий. Хүүхдийн эрхийг хамгаалж, тэдний төлөө ажилладаг байгууллагууд бүр замбараагүй их байгаа. Согтуу аавдаа заазуурдуулсан бяцхан жаалын гэрт нь ч очиж үзээгүй байж түүний тухай ам уралдан ярьж өөрсдийн үйл ажиллагааг сурталчилдаг хүүхдийн төлөөх байгууллагууд ч бий. Эцэг эхийн хараа хяналтаас гарч, гадуур тэнэх сонирхолтой болчихсон хүүхдүүдийг хаяг тогтоох төвийнхөн олоод гэрт нь хүргэж өгдөг. Тохь тухтай орчинд өөрсдийнх нь сайн сайхны төлөө ажиллаж байгаа ажилчдаар дүүрэн тэр төвөөс явж, хүнд хэцүү амьдрал руугаа эргэж орох сонирхолтой хүүхдүүд олон байдаг гэж Төрийн ордонд суугаа эрхэм түшээд боддог ч байж мэдэх юм. Хүүхдийн баярын өдрөөр багачууд чихэр жимс эргүүлж явахад хөлчүү аавынхаа гараас нь хөтөлж, “Гэртээ харья л даа” гэж чирж гулдчин яваа бяцхан хүүгийн асуудалд санаа зовох шаардлагагүй гэж боддог юм болов уу. Ямартай ч эх үрсийн баярын үеэр хүүхдийн эрхийг хамгаалахын тулд хэн ямар ажил хийж, хэдэн хүүхдийг осол эндэгдлээс хамгаалсан тухай яриа сонсогдсонгүй. Харин энд тэнд гялгар уутанд боож багласан чихэр, жимс, боов боорцогхон барьсан түшээд л харагдах аж. Тэдний ингэх нь зөв байх. Хүүхдийн хөгжил, ирээдүйд санаа тавьсан ямар нэгэн чухал шийдвэрээс илүүтэйгээр ууттай бэлэг үнэтэй байж таарна. Харагдах байдлын хувьд ч, олон нийтийг хөгжөөж баясгах талаасаа ч сонирхолтой байж мэднэ. Энэ байдал зөвхөн зургаадугаар сарын 1-нд бий болдоггүй. Шинэ жилийн баяраар мөнөөх л хэдэн түшээд маань өвлийн өвгөний хувцасаа өмсч, сахал зүүцгээн асрамжийн газруудаар хэсцгээдэг билээ. Одоо яая гэхэв. Тэдэнд ингэхээс өөр арга байхгүй биз.
Т.Элиса
URL: