Жулиан Ассанж: Нийгмийн сүлжээнд холбогдож ТТГ-т ажиллах хэрэггүй
Wikileaks-ийг үндэслэгч Жулиан Ассанжийн ирээдүй Латин Америкт байж магадгүй юм. Тэрээр Лондон дахь Эквадорын Элчин сайдын яаманд энэ ярилцлагыг өгөхдөө Бразилийн хөлбөмбөгийн шигшээ багийн цамцыг өмссөн байв. Ассанж өнгөрсөн оны зургадугаар сард Британийн шүүхээс ялагдал хүлээж Шведэд хүргэгдэх дээрээ тулсныхаа дараа Лондон дахь Эквадорын Элчин сайдын яам руу орж хоргодох болсон. Рафаэль Корреагийн Засгийн газар улс төрийн орогнол олгосон ч түүнийг Эквадорын Элчингээс гарангуут Лондоны цагдаа нар баривчлахаар өдөр шөнөгүй жижүүрлэж байна. “La Vanguardia” сонин Wikileaks-ийг үндэслэгчтэй ярилцжээ.
-Эндээс гарах ямар нэг стратеги танд байна уу?
-Үгүй. Надад зөвхөн орох стратеги л байсан. Wikileaks-т тулгарч буй нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрсөн улсаас улс төрийн орогнол хүсэх зорилготой байсан.
-Та Британи улсыг хэлээд байна уу?
-Эквадорыг хэлж байна. Их Британи олон улсын эрхийг зөрчиж байна. Тэд намайг улс төрийн орогнол олж авсан улс руу шилжүүлэх ёстой. Британичууд намайг Шведэд шилжүүлж өгөх тохиролцоогоо чухалчилж байна. Гэвч улс төрийн орогнол нь үүнээс дээгүүр тавигддагийг нотлох олон хууль, эрх зүй бий.
-Тэгвэл та Эквадорт амьдрахаар явах уу?
-Ямар ч зүйл болж болно. Шведэд шилжүүлж өгөх хэрэг бол их үлбэгэр, буруутгаж буй зүйл анги нь үндэслэлгүй. Зорилгодоо хүрэхийн тулд хуулийг ашиглаж байгаа явдал юм. Гэвч одоо Латин Америк бараг тэр чигээрээ биднийг дэмжиж байна. Бид бүгдээрээ АНУ-д итгэж болохгүй гэдгийг олон улсад дахиад жаахан ойлгох хэрэгтэй байна. Төрийн нууц материалыг Wikileaks-т дамжуулсан хэрэгт буруутгагдаж байгаа цэрэг Брэдли Мэннингийн шүүх хурал (зургадугаар сарын 2-нд болно) дээр энэ зүйл болно гэж бодож байна. Шүүх хурал 12 долоо хоног үргэлжилж, 145 гэрчийг дуудах болно. Томоохон шоу болно доо. Тэнд шударга ёс байхгүй гэдгийг бид мэдэж байна. Гуантанамогоос долоон дор юм болно. Мэннингийг дэмжсэн хүмүүс, нийгэм, сүлжээ их байгаа. Бид ч шүүх хурлыг сурвалжлуулахаар сэтгүүлчдээ илгээх болно.
-Та байнга хөдөлгөөнд амьдарч байгаад одоо ингэж хашигдахыг яаж тэвчиж байна аа?
-Юу гэж хэлүүлэх гээд байгаа юм. Зовж байна уу гэж хэлүүлмээр байна уу. Тэгвэл би тэгж хэлэхгүй. Гурван жил гэрийн хорионд байсныг бодвол энд байдал хавьгүй дээр байна. Энэ нөхцөл байдалтай тэмцэх цорын ганц арга бол геополитик л байна.
-Та яагаад нууц биш болсон баримт материалын хайлтыг бүтээсэн юм бэ?
-Бид үргэлж л үүнийг хийж ирсэн. Нэвтрэхэд хүндрэлтэй байдгийн улмаас эдгээр бичиг баримтыг үзэхэд их хэцүү байдаг. Дээр нь АНУ эдгээр материалын 55 мянган хуудсыг дахин ангилах хөтөлбөр хэрэгжүүлж байгаа нь аюул учруулж байгаа юм. АНУ-ыг түүхийн манаач гэж итгэж болохгүй.
-Та саяхан гаргасан эрх чөлөө, интернэтийн ирээдүйн талаарх номдоо, нийгмийн сүлжээг нийгмийг хянах систем хэмээн нэрлэсэн. Бид нийгмийн сүлжээг хэрэглэхээ болих ёстой юу?
-Та нийгмийн сүлжээг хэрэглэхгүй бол юу алдаж байгаагаа тооцоолох хэрэгтэй. Гар утас бол хянаж цагдах нэг механизм шүү дээ. Түүхийг дахин бүтээж болохгүй. Нийгмийн сүлжээнд оруулсан бүхэн чинь бүх нийтийнх болж байгаа гэсэн үг. Twitter тийм муу биш. Facebook бол муу эд. “Та үүнийг зөвхөн найзуудтайгаа хуваалцана” гэж Facebook хэлдэг. Энэ бол худлаа. Ямар ч хакер, хувь хүн, эсвэл Засгийн газар чиний Facebook дээрх мэдээллийг үзэж болно.
-Танд Facebook, Twitter байдаггүй нь үүнтэй холбоотой юм уу?
-Надад Facebook байхгүй. Төрийн дарамттай тэмцэхийн тулд Twitter-ийг ашиглаж байсан. Гэвч эцэст нь …. Жишээ нь Шведэд нийгмийг хянах кампанит ажил явуулж, түвэг удаж байсан Twitter хаягнуудыг устгасан. Wikileaks-ийн 20 мянган дагагчийг сүлжээнээс хассан. Та эдгээр нийгмийн сүлжээг хэрэглэж байгаа бол нийгмийн хяналтад орж байна гэсэн үг.
-Гэвч Арабын хувьсгалын үеэр Facebook, Twitter-ийг хяналтгүйгээр хэрэглэж байсан биз дээ?
-АНУ-ын Төрийн департамент л ингэж хэлж байсан. Яагаад гэвэл эдгээр нь АНУ-ын компани, тэднийгээ хамгаалж байгаа нь тэр. Гэвч Тахрир талбайд болсон сүүлчийн бослого дээр египетүүд Facebook хэрэглээгүй. Учир нь 2008 оны эсэргүүцлийн үеэр хэрэглэчихсэн байсан юм. Дараа нь нууц цагдаагийн алба Facebook, Twitter-ийг шүүрдэж бүгдийг баривчилсан. Нийгмийн сүлжээнд холбогдож Тагнуулын төв газарт үнэгүй ажиллах хэрэггүй. Найзууд чинь юу хийж байгаагаар чамайг буруутгаж болохгүй.
ЗУУНЫ МЭДЭЭ
URL: