Жулиан Ассанж: Нийгмийн сүлжээнд холбогдож ТТГ-т ажиллах хэрэггүй

imagesЭБӨЭЖЖЭУУЖWikileaks-ийг үндэслэгч Жулиан Ассанжийн ирээдүй Латин Америкт байж магадгүй юм. Тэрээр Лондон дахь Эквадорын Элчин сайдын яаманд энэ ярилцлагыг өгөхдөө Бразилийн хөлбөмбөгийн шигшээ багийн цамцыг өмссөн байв. Ассанж өнгөрсөн оны зургадугаар сард Британийн шүүхээс ялагдал хүлээж Шведэд хүргэгдэх дээрээ тулсныхаа дараа Лондон дахь Эквадорын Элчин сайдын яам руу орж хоргодох болсон. Рафаэль Корреагийн Засгийн газар улс төрийн орогнол олгосон ч түүнийг Эквадорын Элчингээс гарангуут Лондоны цагдаа нар баривчлахаар өдөр шөнөгүй жижүүрлэж байна. “La Vanguardia” сонин Wikileaks-ийг үндэслэгчтэй ярилцжээ.

 

-Эндээс гарах ямар нэг стратеги танд байна уу?

-Үгүй. Надад зөвхөн орох стратеги л байсан. Wikileaks-т тулгарч буй нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрсөн улсаас улс төрийн орогнол хүсэх зорилготой байсан.

-Та Британи улсыг хэлээд байна уу?

-Эквадорыг хэлж байна. Их Британи олон улсын эрхийг зөрчиж байна. Тэд намайг улс төрийн орогнол олж авсан улс руу шилжүүлэх ёстой. Британичууд намайг Шведэд шил­жүүлж өгөх тохиролцоогоо чухалчилж байна. Гэвч улс төрийн орогнол нь үүнээс дээгүүр тавигд­дагийг нотлох олон хууль, эрх зүй бий.

-Тэгвэл та Эквадорт амьдрахаар явах уу?

-Ямар ч зүйл болж болно. Шведэд шилжүүлж өгөх хэрэг бол их үлбэгэр, буруутгаж буй зүйл анги нь үндэслэлгүй. Зорил­годоо хүрэхийн тулд хуулийг ашиглаж байгаа явдал юм. Гэвч одоо Латин Америк бараг тэр чигээрээ биднийг дэмжиж байна. Бид бүгдээрээ АНУ-д итгэж болохгүй гэдгийг олон улсад дахиад жаахан ойлгох хэрэгтэй байна. Төрийн нууц материалыг Wikileaks-т дамжуулсан хэрэгт буруутгагдаж байгаа цэрэг Брэдли Мэннингийн шүүх хурал (зургадугаар сарын 2-нд болно) дээр энэ зүйл болно гэж бодож байна. Шүүх хурал 12 долоо хоног үргэлжилж, 145 гэрчийг дуудах болно. Томоохон шоу болно доо. Тэнд шударга ёс байхгүй гэдгийг бид мэдэж байна. Гуантанамогоос долоон дор юм болно. Мэн­нингийг дэмжсэн хүмүүс, нийгэм, сүлжээ их байгаа. Бид ч шүүх хурлыг сурв­алж­луулахаар сэтгүүлчдээ илгээх болно.

-Та байнга хөдөлгөөнд амьдарч байгаад одоо ингэж хашигдахыг яаж тэвчиж байна аа?

-Юу гэж хэлүүлэх гээд байгаа юм. Зовж байна уу гэж хэлүүлмээр байна уу. Тэгвэл би тэгж хэлэхгүй. Гурван жил гэрийн хорионд байсныг бодвол энд байдал хавьгүй дээр байна. Энэ нөхцөл байдалтай тэмцэх цорын ганц арга бол геополитик л байна.

-Та яагаад нууц биш болсон баримт материалын хайлтыг бүтээсэн юм бэ?

-Бид үргэлж л үүнийг хийж ирсэн. Нэвтрэхэд хүндрэлтэй байдгийн ул­маас эдгээр бичиг баримтыг үзэхэд их хэцүү байдаг. Дээр нь АНУ эд­гээр материалын 55 мянган хуудсыг дахин ангилах хөтөлбөр хэрэг­жүүлж байгаа нь аюул учруулж байгаа юм. АНУ-ыг түүхийн манаач гэж итгэж болохгүй.

-Та саяхан гаргасан эрх чөлөө, интернэтийн ирээдүйн талаарх номдоо, нийг­мийн сүлжээг нийг­мийг хянах сис­тем хэ­мээн нэр­лэсэн. Бид нийгмийн сүл­­жээг хэ­рэг­лэхээ болих ёстой юу?

-Та нийгмийн сүлжээг хэрэглэхгүй бол юу алдаж байгаагаа тооцоолох хэрэгтэй. Гар утас бол хянаж цагдах нэг механизм шүү дээ. Түүхийг да­хин бүтээж болохгүй. Нийгмийн сүлжээнд оруулсан бүхэн чинь бүх нийтийнх болж байгаа гэсэн үг. Twitter тийм муу биш. Facebook бол муу эд. “Та үүнийг зөвхөн найзуудтайгаа хуваал­цана” гэж Facebook хэлдэг. Энэ бол худлаа. Ямар ч хакер, хувь хүн, эсвэл Засгийн газар чиний Facebook дээрх мэ­дээллийг үзэж болно.

-Танд Facebook, Twitter байдаггүй нь үүнтэй холбоотой юм уу?

-Надад Facebook байхгүй. Төрийн да­рамттай тэмцэхийн тулд Twitter-ийг ашиглаж бай­сан. Гэвч эцэст нь …. Жишээ нь Шведэд нийгмийг хянах кампанит ажил явуулж, түвэг удаж байсан Twitter хаягнуудыг устгасан. Wikileaks-ийн 20 мянган дагагчийг сүл­жээнээс хассан. Та эдгээр нийгмийн сүлжээг хэрэг­лэж байгаа бол нийгмийн хяналтад орж байна гэсэн үг.

-Гэвч Арабын хувьсгалын үеэр Facebook, Twitter-ийг хяналтгүйгээр хэрэглэж байсан биз дээ?

-АНУ-ын Төрийн департамент л ингэж хэлж байсан. Яагаад гэвэл эд­гээр нь АНУ-ын компани, тэднийгээ хамгаалж байгаа нь тэр. Гэвч Тахрир талбайд болсон сүүлчийн бослого дээр египетүүд Facebook хэрэглээгүй. Учир нь 2008 оны эсэр­гүүцлийн үеэр хэрэглэ­чихсэн байсан юм. Дараа нь нууц цагдаагийн алба Facebook, Twitter-ийг шүүр­дэж бүгдийг ба­рив­чилсан. Нийгмийн сүл­жээнд холбогдож Таг­нуулын төв газарт үнэгүй ажиллах хэрэггүй. Най­зууд чинь юу хийж бай­гаагаар чамайг буруутгаж болохгүй.

ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих