С.Чинзоригоор тохуурхаж, Өвөрхангайнхнаар даажигнав уу?
Монгол орон уг нь ардчилсан сонгууль явуулж парламентаа бүрдүүлдэг тогтолцоотой улс. Хэдийгээр ийм боловч Улсын их хурал нь 76-уулаа элэг бүтэн болох гэж дөрвөн жилийн туршид үйлээ үзэх юм. Өнгөрсөн онд болсон парламентын сонгуулиар өрсөлдсөн 700 гаруй хүний 76 нь гишүүн болох байсан ч үхрийн баас шиг увж цувсаар одоо дөнгөж 74-үүлээ болж амжжээ. Маргааш бас нэг нь буюу 75 дахь гишүүн тангараг өргөж магадгүй байгаа.
Хаа нэгтэйгээс дахин маргааны утас ээрч, ээдрээ зангилаа тарихгүй бол МАН-аас нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж ялалт байгуулсан Д.Сумъяабазар гишүүн болж тус дүүргийнхэн бүрэн төлөөлөлтэй болох учиртай. Сонгины солгой хэрүүлтэй дахин сонгууль ингэсгээд ямар ч байсан учир нь олдох бололтой. Харин Өвөрхангайн сонгуулийг нэг тийш болгож, чин зориг тэвчээртэйгээр хүлээж буй С.Чинзоригийг хэзээ тангараг өргүүлэхийг тааж мэдэх хүн алга байна.
Өвөрхангайд уг нь Монгол орны бусад газруудтай л ижил сонгууль болдог. Гэвч үргэлж маргаан, мэтгэлцээн гарч төлөөллөө парламентад оруулж чаддаггүй чөтгөр шүглэсэн газар гэж нэрлэхэд болохоор. Нөгөөтэйгүүр СЕХ, шүүхийнхэн С.Чинзоригоор тохуурхаад байдаг юм уу, өвөрхангайнхнаар даажигнаад байдаг юм уу, бүү мэд. Тэр дундаа С.Чинзориг өөрийн өсч, төрсөн нутгаасаа өрсөлдөж УИХ-ын гишүүн болохыг хүсдэг, сонгогчдын дийлэнхийн саналыг авдаг боловч ямар нэг юм байнга садаа, тээг болж байдаг нь гайхмаар үзэгдэл шүү.
Ард түмэн нэр дэвшигчдийн хэнд нь санал өгсөн нь тов, тодорхой байдаг. Өнгөрсөн сонгуульд Өвөрхангайн хоёр мандатад АН-аас Г.Батхүү, Д.Зоригт, МАН-аас С.Чинзориг, Н.Төмөрхүү нар өрсөлдөж бусад намын нэр дэвшигчдээс олонхийн санал авсан байдаг юм. Бүр илүү тодруулбал С.Чинзориг 23494, Н.Төмөрхүү 21267, Г.Батхүү 19939, Д.Зоригт 16795 сонгогчийн итгэлийг хүлээсэн гэдгийг нь СЕХ тоолоод гаргачихсан. Гэвч шүүх байгууллагынхан иргэдийн сонгох эрхэнд шууд халдсантай адил гэж болох шийдвэр гаргаж хамгийн олон санал авсан хүнээс даруй 3000 гаруй саналаар дутсан Г.Батхүүг УИХ-ын гишүүний тангараг өргүүлж, өнөөх нь ч өргөсөн. Үүнээс хойш цаг хугацаа эргэж жил тойрох дөхлөө. МАН-ын нэр дэвшигч С.Чинзориг, Н.Төмөрхүү нарын хэрэг хаа байгаа нийслэлд ирж Хан-Уул дүүргийн шүүхээр яваад эргэн Өвөрхангайн шүүх дээр юу болж явааг өнөөх нэр дэвшигчид маань өөрсдөө ч мэдэхгүй шахам явна.
Энэ хэрэг сүүлдээ бүр бантан болсон. УИХ-ын гишүүнийг сонгох үйл явц ард түмний гарт биш, АН,МАН-ын гарт байдаг болж таарсан. Бараг л эрх барьж буй АН-ынхан Г.Батхүү, Д.Зоригт хоёроо гишүүн болгохоор чичирсэн ч МАН-ынхан буйдантайгаа ирж тэгнэчихээд дийлдээгүй. Адаг сүүлд нь тохироо энэ тэр хийж байж Г.Батхүүгээ гишүүн болгож авсныг хэвлэлүүд бишгүй дамжуулсан даа. Ард түмний сонголтыг базаж шидчихээд ашиг сонирхолоороо дүрэм зохион тоглож байгаа МАН,АН-ынхан иймэрхүү бохир улс хийж байх нь шог юм.
Гэвч нэгэнт ярьж тохирчихсон юм бол, Г.Батхүүгээ оруулчихсанаас хойш хөөрхий С.Чинзоригийг тангарагийг нь өргүүлчихвэл яасан юм. Сонгууль нь болоод жилийнхээ ойнд хүрэх гэж байхад 76 гишүүнээ бүрдүүлж парламентаа элэг бүтэн болгочихож чадалгүй Ерөнхийлөгчийн сонгуультай залгах гэж байгаа СЕХ юу бодож суугаа бол. Шүүхийн эцсийн шийдвэр хүлээж байгаа гэж тайлбарлах байх. Гэхдээ нэг зүйл тодорхой байгаа нь ард түмний сонголтыг шүүхийн шийдвэрээр өөрчилдөг гаж жишиг тогтох гээд байна. Бидний яриад байдаг хууль, шүүхийн шинэчлэл гэдэг нь арай энэ биш байх. Насанд хүрээгүй хүүхдүүдээр сонгуулийн сурталчилгаа хийлгэсэн, архи, чихэр тараасан тухай хэргийг улс төртэй хутгаж бүр сүүлдээ наймаа болгон хэлэлцэх болсон нь ёс зүйн дүрэмд таарахгүй байгаа юм. Энэ маргаанд оролцогчид болох Д.Зоригт гишүүн болохгүй гэдгээ ард түмэнд зарлачихсан, Н.Төмөрхүү ч намын нэр дэвшигчээсээ доогуур санал авсан тул болъё гэсэн байх.
Тэгэхээр одоо С.Чинзоригийг сонгуульд олон удаа чин зориг гарган өрсөлдөж байгааг нь ч бодож үзээд тангарагийг нь өргүүлчихсэн нь дээр биш үү. Нөгөө “Эр хүний ноён нуруу хаана хугардаг вэ” хэмээх сэдэвтэй хошин шогийн үзүүлбэр Өвөрхангайн маргааны үйл явдалтай дүйж байх ажээ.
ЗУУНЫ МЭДЭЭ
URL: