Б.Цогтбаяр: Үгээ гацалгүй хэлдэг хавтгай өгзөгтэй мисс бүхэн жүжигчин биш
МҮКУА-иас хоёр жилд нэг удаа уламжлал болгон зохион явуулдаг “Academy awards Mongolia -2013” гурав дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.
Кино урлагийн дээд шагнал гардуулах, шилдгүүдээ шалгаруулах тус арга хэмжээ ирэх сарын 15-18-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм.
Энэ талаар МҮКУА-ын тэргүүн, найруулагч Б.Цогтбаяртай ярилцлаа.
-Тун удахгүй кино урлагийн дээд шагнал гардуулах ёслол болох гэж байна. Өмнөхөөсөө юугаараа онцлогтой вэ?
-МҮКУА-иас уламжлал болгон зохион байгуулдаг кино урлагийн дээд шагнал гардуулах ёслол ирэх сарын 18-нд УДЭТ-т болох юм. МҮКУА үүсгэн байгуулагдаад таван жил болж байна. Бидний зорилго бол шинэ залуу уран бүтээлчдийг дэмжих, тэдний уран бүтээлийг олны хүртээл болгох, Монголын кино урлагийг дэлхийн төвшинд хүргэх. Монгол кино үйлдвэр үнс болсон шүү дээ. Тиймээс ч манай байгууллага Монголынхоо кино урлагийг хөгжүүлж, дэлхийд таниулах зорилгоор дээрх ёслолын арга хэмжээг зохион байгуулдаг юм.
Энэ наадамд хэлэх үгтэй, хийсэн бүтээлтэй уран бүтээлчид нэр дэвшиж, өрсөлдөнө. Кино урлагт алхаж орж ирж буй залуусыг чиглүүлж, тус дэм болохыг хичээж байна. Энэ удаагийн ёслолын арга хэмжээ хэд, хэдэн онцлогтой зохиогдож байгаа. Нэгдүгээрт, бид энэ удаад богино хэмжээний уран сайхны киног шалгаруулна. Хоёрдугаарт, ёслолын арга хэмжээний урилгыг гардсан хүн бүхэн урлагаа, их тайзаа, Янжинлхам бурхнаа хүндэтгэх үүднээс зөвхөн ёслолын хувцастай ирэх ёстой. Канын кино наадмын урилгын ард тодоос тод бичсэн байдаг юм билээ.
Нэгдүгээрт, та энэ урилгыг гардаж авсан бол гэрэл зурагчдад татгалзах ёсгүй. Хоёрдугаарт, зөвхөн ёслолын хувцастай улаан хивсэн дээгүүр алхана гэж бичсэн байдаг юм билээ. Угаасаа кино наадамд нэр дэвшинэ гэдэг бол өөрөө том хүндэтгэл.
Шагнал гардахаас өөрцгүй сайхан хэрэг. Тиймээс заавал шагнал гардсан нь шороо арчсан урт даашинз өмссөн байх албагүй. Бид ийм учраас урлагаа хүндэтгэх үүднээс хувцаслалтад тодорхой хэмжээний шаардлага тавихаар шийдсэн. Үүгээр бид том гортиг татах ёстой. Үүнээс гадна манай байгууллага эрдэм шинжилгээний бага хурлыг уламжлал болгон хавар, намрын улиралд тогтмол зохион байгуулдаг. Улмаар хуралд тавигдсан илтгэлийг товхимол болгон хэвлэж, номын сан, дэлгүүрүүдэд байрлуулдаг. Тиймээс ч бид бусад ТББ-уудаас өвөрмөц онцлогтой. Бид шат дараалалтай байнгын тогтмол үйл ажиллагаа зохион байгуулдаг. Үүнээс гадна өнгөрсөн наадмын шилдгээр шалгарсан “Бодлын хулгайч” киноны уран бүтээлчид АНУ-ын кино наадамд амжилттай оролцоод ирсэн.
Мөн Францын Парис хотноо өнгөрсөн онд нээлтээ хийж байсан “DOZ entertainment”-ийн “Хөх толбот хүмүүс” уран сайхны кино “Вал де Парис” хэмээх кино уран бүтээлчдийн наадмаас тусгай байрын шагнал хүртсэн. МҮКУА-иас “Бодлын хулгайч”, “Хөх толбот хүмүүс” киног тус наадамд дэвшүүлсэн. Харин “Хөх толбот хүмүүс” кино шалгарч цом хүртсэн юм билээ.
-Тухайн үед “Доз” энтертайнментын бүтээл болох “Хөх толбот хүмүүс” уран сайхны киног цом хүртсэн нь худлаа хэмээн шуугиж байсан. Үнэхээр тус наадмаас цом хүртсэн нь худлаа юм уу?
-Миний хувьд тэр мэдээллийг уншаагүй болохоор сайн мэдэхгүй юм. Ямартай ч Францын академийн ерөнхийлөгчтэй би Канын кино наадмын үеэр уулзсан. Улмаар манай кино шалгарсныг албан ёсоор мэдэгдсэн шүү дээ. Цахилгаан шуудан ч ирсэн байсан. Тиймээс “Хөх толбот хүмүүс” кино шалгарсан тухай мэдэгдсэн ч гардах хүн байхгүй байсан учраас элчин сайд тэднийг төлөөлж авсан юм билээ. Энэ дашрамд би “ДОЗ” энтертайнментынханд хандаж хоёр үг хэлмээр байна.
Тэдний уран бүтээл МҮКУА-иар дамжиж тус наадамд нэр дэвшсэн. Гэтэл өөрсдөө үүнд ач холбогдол ч өгөөгүй. Ямар сайндаа л тэдний өмнөөс элчин сайд нь цомыг гардаж байх вэ дээ. За яах вэ, шагнал гардуулах үеэр очиж амжаагүй юм байж гэж бодъё. Гэтэл шагналаа гардсаны дараа өөрсдийнхөө сайнд киногоо нэр дэвшүүлчихсэн юм шиг энд тэнд ярилцлага өгч, гүйгээд л байсан. Дэлхийд данстай МҮКУА-д яагаад баярлалаа гээд гурван үг амнаасаа унагачихаж болоогүй юм, тийм биз дээ. Нөгөө Дооёогийн эхнэр А.Мөнгөнзул “Цогоо ахаа” гээд л худлаа утсаар яриад байсан. Гэтэл шагналаа авсны дараа ядаж МҮКУА-ийн талаар ганц ч үг унагаагүй шүү.
-Сүүлийн үед бараг өдөр бүр ямар нэгэн шинэ кино нээлтээ хийдэг болсон байна. Зарим нэгийг нь мөнгөө төлөөд үзсэндээ харамсмаар бүтээл болсон байх юм. Яг үнэнийг хэлэхэд би хамгийн сүүлд “ДОЗ” энтертайнментын бүтээл “Дүүлэн нис” уран сайхны киног үзээд үнэхээр харамсах сэтгэл төрсөн шүү?
-Яах вэ, би нээлтэнд нь очсон л доо. Чиний хэлсэнтэй санал нэг байна. Гэхдээ өнөөдөр Монголын кино урлаг хоёр төрлөөр хөгжиж байна. Нэг нь жинхэнэ урлагийн бүтээл, нөгөө нь касс, мөнгө хөөсөн кино. Тухайлбал, 1993 онд би “Гамлет их говийн Жонон” гэдэг кино хийсэн юм. Тэгээд киногоо нээчихээд зогсч байтал хоёр хүүхэн толины өмнө яриад зогсч байна аа. Нөгөө хоёр чинь “Шал тэнэг кино байна. Хаа байсан нөгөө жонон ч байхгүй, говь нь ч гарахгүй. Шал утгагүй кино байна” гээд яриад зогсч байна.
Энэ киног хийгээд би өрөнд орж байсан юм. Гэтэл дараа нь “Өвчтэй хог ш дээ, хоноод явахгүй” гэдэг киног хийсэн юм. Дарханд очоод буудалд сууж байгаад хоёр хоногийн дотор “Аль нь вэ” гэдэг шог зохиол бичлээ. Миний зохиол бичдэг гэж юу байх вэ. Яагаад үүнийг зориуд яриад байна гэхээр өнгөрсөн наадмын үеэр шилдэг найруулагчийн шагнал гардсан залуу “Эцсийн эцэст кино зохиолч гэж байдаггүй юм байна. Би өөрөө зохиолч болчихлоо” гэсэн юм. Тийм бүдүүлэг, тэнэг мал байхгүй юу. Гэтэл кино урлагийн сургуульд зохиолчийн анги тусдаа байна шүү дээ. Юуны төлөө тусдаа анги танхим гаргаад хүүхдүүдийг мэргэшүүлэхээр сургаж байгаа юм, тийм биз дээ. Тэгээд би Дарханы буудлын нэг өрөөнд сууж байгаад “Аль нь вэ” гэдэг нэг шог зохиол бичсэн юм.
Гэтэл нэг л зүйл дутагдаад болдоггүй. Тэгээд нэг найзаасаа “чи өчигдөр юу яриад байсан бэ” гээд асуусан чинь өнөөх чинь “Аан өвчтэй хог ш дээ, хоноод явахгүй гэдэг онигоо юу” гэдэг юм байна. Ингэж би анх удаа Монголын кино урлагт “Өвчтэй хог ш дээ, хоноод явахгүй” гэдэг нэртэй бүтээл хийж байлаа. Тэгээд Ялалт кино театрт нээлтээ хийгээд тасалбар нь шаглагдаад будаа болгосон. Чи бодоод үз дээ. 1.9 сая төгрөгөө 23 сая болгож байлаа. Гэтэл “Өвчтэй хог ш дээ, хоноод явахгүй” гэдэг кино бол “Гамлет их говийн Жонон”-гийн дэргэд юу ч биш. Мэргэжлийн хүмүүс, сэтгүүлчид үзэх юм бол ичмээр л юм болсон байхгүй юу. Би чамд хэлсэн шүү дээ. Жинхэнэ урлагийн бүтээл гэж нэг өөр, мөнгө хөөсөн нь бас өөр байгаа биз. Тэгэхээр жинхэнэ урлагийн бүтээл бол хүн бүхэнд масст таалагдах албагүй. Хоёрхон үзэгчтэй кино хийсэн ч хүн байна шүү дээ.
-Тэгвэл Монголын кино урлаг касс, мөнгө хөөгөөд байгаа юм биш үү?
-Үүнийг буруутгах аргагүй. Аливаа зүйл хоёр талтай шүү дээ. Өнөөдөр уран бүтээлчдэд дүүрэн шинэ санаа байна. Гэтэл мөнгө нь алга. Зээл аваад, юмаа ломбарданд тавиад кино хийж байгаа залуус ч бий. Дараа нь өрөнд ороод л дуусч байгаа юм, хөөрхий. Тэгэхээр касс хөөсөн 2-3 кино хийж мөнгөтэй болчихоод дараа нь жинхэнэ урлагийн бүтээл хийг л дээ. Угаасаа уран бүтээлч бүхэнд жинхэнэ урлагийн бүтээл хийх хүсэл бий. Гэвч Монголын орчин нөхцөлд энэ санаа нь биеллээ олохгүй байна.
Би олон жил хүсч мөрөөдсөний эцэст ССАЖЯ-тай боллоо. Тусдаа соёлын яамтай болох гэж олон жил мөрөөдөж явлаа. Гэтэл Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаад найман сарын нүүр үзлээ. Юу хийж, бүтээсэн юм бэ. Тэр батаар энэ тэр нь яамтай, яамгүй эх орондоо ирэх л байсан. Гэтэл энэ яам урлагаа яагаад дэмжихгүй байгаа юм бэ. Бидэнд бодлого хэрэггүй, мөнгө хэрэгтэй. ССАЖЯ уран бүтээлчдээ дэмжих хүсэлтэй байгаа юм бол мөнгө өг. 1990-ээд оны эхэн үед А-Я хүртэл хүн бүхэн кино хийсэн биз дээ. Тэгээд нөгөө арьс, үсний ченжүүд чинь киног мөнгөний нүдээр хараад 10-ыг гаргавал 20-ыг олно гээд бодчихсон байсан. Гэтэл юун ашиг олох, хиншүү үнэрттэл шатсан биз дээ. Угаасаа тухайн үед чинь юун кино, картны бараандаа алалцаад, талхныхаа төлөө явж байсан үе шүү дээ. Дээрээс нь ямар ч мэргэжил, авъяас байхгүй. Хоёр дүрс авчихаараа зураглаач, үгээ гацалгүй хэлчихээрээ жүжигчин болоод л явж байсан шүү дээ.
-Сүүлийн үед ажиглагдаж байгаа нэг зүйл бол жүжигчний уран чадварын асуудал байна. Мисс, модель, жүжигчин гэх тодотголтой хүүхнүүд олон болж. Кино урлаг, загварын ертөнцөд зааг ялгаа байхгүй болчихоод байх шиг?
-Энэ нь бас л найруулагч, продюссерийн заль явж байна л даа. Хүнд харуулах нэг царай хэрэгтэй байна, түүнд.
-Тухайлбал, “Татар ажиллагаа” кинонд загвар өмсөгч Э.Одгэрэл ямар хэрэгтэй байсныг яг үнэндээ би ойлгоогүй. Харин ч киног гутаасан шүү дээ?
-Үнэн л дээ. Хавтгай өгзөгтэй мисс охин гарч ирээд жүжиглэнэ гэж ярьдаг болж. Яг үнэндээ би өнөөх хүмүүсийн хэлээд байдаг нэг хувийн авъяас 99 хувийн хөдөлмөрийн үр дүнд амжилтад хүрдэг гэдэгтэй санал нийлдэггүй. Харин ч эсрэгээрээ 99 хувийн авъяасыг хөдөлмөрөөр тордох учиртай. Хэнээс ч сурдаггүй, хэзээ ч алга болдоггүй зүйлийг авъяас гэдэг юм. “Өндөр ээж”-ийн дүрийг бүтээсэн хэчнээн гоё эмэгтэй вэ. Би гоо үзэмжийг нь хэлсэнгүй. Эх хүн тийм л байх ёстой. Авъяас байгаад мянга мисс, фото модель байгаад урагшаа явахгүй. Гэхдээ мисс, моделиудыг кинондоо тоглуулж таван төгрөг олох гэсэн нь найруулагчийн буруу биш л дээ.
-Монголчуудад дэлхийн кино ертөнцөд өрсөлдөхөд орон зай байна уу. Өөрөөр хэлбэл, монгол кинонд өрсөлдөх ямар боломж байна вэ?
-Зохиолын сэдэв, жүжигчид бидэнд байна. Гагцхүү юу дутаж байна гэхээр гадаад харилцаа, маркетинг, менежмент нэмэх нь технологи. Түүнээс биш монгол кино хаана ч гологдохгүй. Дэлхий дээр кино урлаг үүсч, хөгжөөд 118 жил болж байна. Өнөөдөр дэлхий дахинд шинэ санаа, сэдвээр ангаж, цангаж байгаа байхгүй юу. Тиймээс өнөөдөр бид “Ромео Жульетта”, “Гамлет” тоглоод хол явахгүй ээ гэдгийг Канын кино наадамд оролцох үеэрээ мэдэрсэн. Харин тэнд ямар орон зай үгүйлэгдэж байна гэхээр жинхэнэ дорнын уур амьсгал. Дорнын ард түмний ахуй амьдрал, зан заншил, байгаль дэлхийтэйгээ харьцах өвөрмөц шүтэлцээг харуулсан кино хийвэл тэнд орон зай байна. Бидэнд боломж байгаа юм байна гэдгийг тэндээс л харсан юм.
Ж.Өнөржаргал
URL: