Улаанбаатар анх удаа гадаадын 1000 зочин хүлээн авна
Улаанбаатар хотын ерөнхий менежер Б.Бадрал Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурлыг Улаанбаатар хотод зохион байгуулахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Удирдлагын зөвлөлийн гишүүдэд танилцуулаа.
Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурал 4 дүгээр сарын 26-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотод болно. Энэхүү хуралд оролцохоор дэлхийн 135 гаруй орны 1000 гаруй төлөөлөгч нийслэл Улаанбаатарт ирэх юм. Үүнээс гадна 10 гаруй орны манлайлагч улстөрчдийг Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн хүндэт зочноор уриад байна. Гадаад харилцааны яамнаас ирүүлсэн урьдчилсан мэдээллээр энэ үеэр нэгдүгээр зэрэглэлийн хамгаалалтаар зорчих Бүгд Найрамдах Нигер улсын Ерөнхийлөгч, Тайландын Вант Улсын Ерөнхий сайд, АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын нэгдүгээр орлогч зэрэг 8 орны төр, засгийн тэргүүн хүрэлцэн ирэх юм. Тиймээс Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулсан Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурлыг зохион байгуулах үндэсний хорооноос зочид төлөөлөгчдийн аюулгүй байдал, хэрэг зөрчлөөс урдчилан сэргийлэх зорилгоор хэд хэдэн томоохон зохицуулалт хийх тухай зөвлөмж, саналыг нийслэлийн удирдлагуудад ирүүлжээ.
Тухайлбал 4 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд архи, согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглох, “Нарантуул”, “Хархорин”, “Да хүрээ”, “Өгөөмөр” зэрэг худалдаа үйлчилгээний томоохон захуудын үйл ажиллагааг түр зогсоох, Энхтайвны өргөн чөлөө, баруун дөрвөн замын уулзвараас зүүн дөрвөн замын уулзвар гэх мэт хотын төвийн замуудад зочид төлөөлөгчдийн цуваа, нийтийн тээврийн үйлчилгээний том оворын автобус, троллейбус тусгай дуут гэрлэн дохиогоор тоноглогдсон, хойшлуулшгүй ажил үүрэг гүйцэтгэж яваагаас бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах, замын хөдөлгөөний ачааллыг бууруулахын тулд бусад замуудад тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор ялган замын хөдөлгөөнд оролцуулах гэх мэт зохицуулалт хийхийг санал болгосон байна.
Дэлхийн хэмжээний томоохон бага хурлыг эх орондоо зохион байгуулж, олон орны өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгчид манай улсад айлчлах энэ үеэр хурлын зохион байгуулалт, зочдын аюулгүй байдал зэрэгт онцгой анхаарал хандуулах нь чухал гэдгийг Удирдлагын зөвлөлийн гишүүд онцоллоо. Нийслэлийн замын цагдаагийн газрын дэд дарга хурандаа С.Отгонбаатар “Улаанбаатар хот өмнө нь дээд тал нь 400 орчим зочин нэгэн зэрэг хүлээн авч байсан. Ер нь нэгдүгээр зэрэглэлийн хамгаалалттай 4 зочин ирэхэд л замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг. Тиймээс ийм зохицуулалт хийсэн нь иргэдэд төдийгүй айлчилж байгаа зочдын аюулгүй байдлыг хангаж байгаа явдал юм. Төрийн тусгай хамгаалалтын хуулиар нэгдүгээр зэрэглэлийн зочдын цуваа явж байх үед замын хөдөлгөөнийг бүрэн зогсоож, зам хөндлөн гарах явган зорчигчийн хөдөлгөөнийг мөн хориглодог” гэлээ.
Нийслэлийн удирдлагууд асуудлыг олон талаас нь хэлэлцээд замын хөдөлгөөнийг тэгш, сондгойгоор хязгаарлаж байгаа үед нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Ажил амьдралаа залгуулж байгаа иргэдээ хохироохгүйн тулд ажлын нэг өдөр буюу 29-ний Даваа гарагт троллейбусаар үнэгүй явуулах гэх мэт зохицуулалт хийх шаардлага гарч байна. Тиймээс энэ асуудлыг судалж, шийдвэрлэх боломжтой эсэхийг нягтлахыг холбогдох албаныханд үүрэг болгосон юм. Удирдлагын зөвлөлийн гишүүд, үндэсний хорооноос ирүүлсэн зөвлөмж болон удирдлагын зөвлөлийн гишүүдийн гаргасан саналуудыг нэгтгэн дахин боловсруулсны дараа Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн VII бага хурлын үеэр хэрэгжүүлэх замын хөдөлгөөний зохицуулалтыг эцэслэн шийдвэрлэхээр тогтлоо.
Хар шороо олборлон ашигласны төлбөрийг тогтооно
Хот тохижилт цэцэрлэгжүүлэлтийн зориулалтаар хар шороон хөрсийг ашиглах тухай асуудлыг Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ танилцууллаа.
Аливаа байгалийн нөөц баялгийг ашигласны төлбөр, хураамжийн хэмжээг орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хуульд заасан хязгаарт багтаан тогтоож, зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн хэрэгцээг хангадаг. Харин нийслэлийн хувьд 1998, 2005 онуудад гарсан тогтоолоор нийслэлд хар шороон хөрс ашигласны төлбөрийг авдаг байсан байна. Гэвч дээрх тогтоолууд нь Нийслэлийн ИТХ-ын 2011 оны тогтоолоор хүчингүй болжээ. Тиймээс нийслэд хот цэцэрлэгжүүлэх зориулалтаар хар шороо олборлон ашигласны төлбөрийг авах эрх зүйн боломжгүй болсон байна.
Хар шороо нь нийслэлийн нутаг дэвсгэрт хязгаарлагдмал нөөцтэй тархсан, нөөцийн хэмжээг нь албан ёсоор тогтоогоогүй, зөвхөн хот цэцэрлэгжүүлэлтийн зориулалтаар жил бүр 5000-8000 шоо метрийг олборлож ирсэн хөрсний үржил шимт ялзмаг бүхий давхарга юм байна. Анх 1198 онд НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор хар шороо ашигласны төлбөрийг 400 төгрөгөөр тогтоож жил бүр хот цэцэрлэгжүүлэлтийн зориулалтаар Нийслэлийн хот тохижилтын газар, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, “Цэцэрлэгжилт” ХХК зэрэг мэргэжлийн эрх бүхий байгууллага, аж ахуйн нэгжид төлбөртэйгээр олборлуулж иржээ.
Одгоогоор нийслэлд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Тахилт, Баруунтуруун, Зүүнтурууны амаас сүүлийн 20 гаруй жил хар шороог олборлож байгаа юм. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар хар шорооны олборлолт хийсэн тохиолдолд газрын хөрсний нөхөн сэргээлтийг технологийн дагуу хийсэн ч хар шороо нь маш удаан хугацаанд бүрэлдэн бий болдог онцлогтой ажээ. 2012 онд хар шороог ашигласны төлбөр тооцож зөвшөөрөл олгох боломжгүй байсны улмаас хууль бусаар олборлож, газрыг нөхөн сэргээлт хийлгүй орхисон зөрчлүүд гарчээ.
Нийслэлийн Засаг даргын Үйлдвэр, экологийн асуудал хариуцсан Т.Бат-Эрдэнэ хар шорооны зах зээлийн ханш байнга өссөөр ирсэн боловч хар шорооны нөөц бүхий газар багасаж байна. Тиймээс хар шороо ашигласны төлбөрийг 1000 төгрөгөөр тогтоох саналтай байгаагаа хэллээ. Цаашид хар шороог олборлох түр зөвшөөрөл олгож, байгалын нөөц ашигласны төлбөрийг тооцох, улмаар газрыг нөхөн сэргээлгэх эрх зүйн орчин үгүйлэгдэж байна гэдгийг тэрээр онцоллоо.
Удирдлагын зөвлөлийн гишүүд энэхүү асуудлыг хэлэлцээд Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд өргөн барьж шийдвэрлүүлэхээр боллоо. Хэрвээ НИТХ-ын Тэргүүлэгчид энэхүү саналыг дэмжвэл нэг шоо метр хар шороо ашигласны төлбөрийн хэмжээ 1000 төгрөг болох юм.
Угсармал орон сууцнуудыг дулаална
Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга бөгөөд Улаанбаатар хотын ерөнхий архитектор Н.Нацагдорж Улаанбаатар хотын угсармал орон сууцыг дулаалах төслийг танилцууллаа.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 1965-2000 онд баригдсан угсармал орон сууцанд нийслэлийн хүн амын 20 хувь нь амьдардаг байна. Угсармал орон сууцнууд олон жил ашиглагдаж, хуучирч муудсанаас дулааны алдагдал ихтэй болжээ. Дулааны алдагдал ихтэй учраас эрчим хүчний хэрэглээ мөн тэр хэрээр ихэсдэг. Тиймээс Улаанбаатар хотын эрчим хүчнийг хэмнэж, зохистой хэрэглээг бий болгохын тулд угсармал орон сууцыг дулаалах, техникийн шинэчлэл хийх шаардалагатай болжээ.
Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас хийсэн судалгаагаар Улаанбаатар хотын 14 хороололд 5, 9, 12 давхар угсармал орон сууцны 1077 барилга байгаа юм байна. 14 хорооллын 45462 айлын угсармал орон сууцыг дулаалснаар нийтдээ 70,3 Гкал цаг буюу 31 хувиар дулаан хэмнэнэ гэж тооцсон байна.
Энэ хэмжээний дулааныг хэмнэснээр 3,4-р хорооллуудын хэмжээний орон сууцны хорооллыг дулаанаар хангах боломж бүрдэх юм. Цаашилбал шинээр дахин төлөвлөлт хийж байгаа гэр хорооллуудад сүндэрлэх орон сууцны хорооллын дулааныг шийдвэрлэхэд энэхүү хэмнэлт маш чухал нөлөө үзүүлэх юм байна. Удирдлагын зөвлөлийн гишүүд энэхүү асуудлыг хэлэлцээд Улаанбаатар хотын угсармал орон сууцны дулаан, техникийн шинэчлэлийн талаар авах арга хэмжээний тухай төслийг НИТХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
URL: http://www.fact.mn/99935.html